Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 104/шш2024/00493

 

 

2024 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 104/ШШ2024/00493

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа би,

 

Нэхэмжлэгч: *******, *******, *******, ******* хаягт байрлах ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******, 6 дугаар хороонд байрлах ******* ХХК-д холбогдох 

 

Бараа материалын үлдэгдэл төлбөр 7,981,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ******* ХХК нь үйл ажиллагаа явуулдаг фэйсбүүк нэрээрээ буюу ******* нэрээр манай компаниас хар труба 50*3,5 барааг нэгж үнэ нь 18,600 төгрөгөөр тооцож нийт 456 метрийг 8,481,600 төгрөгөөр худалдан авсан. Тухайн үед талууд ямар нэгэн гэрээ байгуулаагүй бөгөөд худалдан авагч нь бараа төлбөрийг хүлээн авсны дараа буюу цагаан сараас өмнө төлж барагдуулахаар тохиролцсон. Талууд харилцан тохиролцсоны дагуу барааны төлбөр төлөх хугацаа болоход хариуцагч нь барааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй ба компанийн зүгээс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч одоо болтол төлөөгүй байна.Иймд нийт 8,481,600 төгрөгөөс үйлчилгээний төлбөр болох 500,000 төгрөгийг хасаж үлдэх 7,981,600 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* ХХК, түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Х. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ХХК-ийн нэхэмжилсэн 7,981,600 төгрөгийг төлөхөөр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн үр дагаварыг ойлголоо.. гэжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* ХХК-иас бараа материалын үлдэгдэл төлбөр 7,981,6000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 7,981,600 төгрөгийг төлж барагдуулахыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагы хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142,656 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 71,328 төгрөгийг улсын төсвөөс, 71,328 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Зохигч төлөөлөгч өмгөөлөгч нь уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, захирамжид давж заалдах хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгөв.

 

Хариуцагч ******* ХХК нь шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг тайлбарлах нь зүйтэй. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК-д холбогдох Бараа материалын үлдэгдэл төлбөр 7,981,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,656 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 71,328 төгрөгийг улсын төсвөөс, 71,328 төгрөгийг хариуцагч ******* ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч ******* ХХК нь сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.УРАНЗАЯА