Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/899

 

Н.Б-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гансувд,

шүүгдэгч Н.Б,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/645 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Б-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн түүнд холбогдох 2209 00000 0754 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Ш овгийн Н-ийн Б, 1977 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дугаар хороо, ... дугаар гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УУ00000000/;

Н.Б нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... төвийн уулзвар орчимд иргэн Г.А-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд шарх, баруун гуянд цус хуралт, доод уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ш овогт Н-ийн Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Г.А-ийн 1.300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, дахин нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Прокурор 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасны дагуу сольж өгөхийг хүсэж байна. Учир нь би бага насны хоёр хүүхэдтэй, тэднийг минь харах хүнгүй тул гомдлыг хүлээн авна уу. ...” гэв.

Прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хуралдаанд прокуророос 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргаагүй, 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хянав.

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ... төвийн уулзвар орчимд иргэн Г.А-тэй маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнд шарх, баруун гуянд цус хуралт, доод уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.А-ийн: “...Миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн урд талаар цагаан өнгийн жижиг оврын тээврийн хэрэгсэл шахаад орсон. Уг эмэгтэй нь шууд машинаасаа бууж ирээд намайг үсдээд зодож эхэлсэн. ...Намайг өшиглөөд байсан. ...Миний биед уг тээврийн хэрэгслийн зорчигчийн суудалд сууж явсан намхавтар биетэй эмэгтэй хүн гэмтэл учруулсан. ...” /хх 19/,

гэрч С.Т-ийн: “...Н.Б нь уг хүнийг “Хөөе чи болиоч” гээд гарыг нь цааш түлхэж байгаа харагдсан. Тэгэхэд тэр эмэгтэй болиод машин тойрч очоод машины ард суудал дээр явж байсан Н.Б-ын талаар очоод шууд хаалга онгойлгоод үсдэж чирээд, буулгаад цохисон. ...Тэгээд уг газраас хөдлөөд явж байснаа дахиад зогсоход уг эмэгтэй дахин хүрч ирээд Н.Б-д “Чи намайг ийм болгосон байна” гээд чихээ харуулж байсан. Тэр үед чихний нь ойролцоо цус гарч байсан. ...” /хх 10/,

гэрч Г.С-ын: “...Г.А-ийн үснээс зулгаагаад татаж байхад би очиж салгасан. Тэгэхэд Г.А-ийн нүүрэнд жижиг шалбарсан зүйлүүд байсан ба чихнээс нь цус гарч байсан. ...” /хх 12/,

шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна. Олон нийтийн газар миний насан дээр байгаа хүн тухайн үед тэвчээд өнгөрөх байсан байна гэж бодсон. Хамгийн том харамсал төрүүлсэн бөгөөд сургамж болсон. ...” /хх 82/ гэсэн мэдүүлгүүд,

хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнд шарх, баруун гуянд цус хуралт, доод уруул, баруун гарын дунд хуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 5114 дугаартай дүгнэлт /хх 37-38/,

гэрэл  зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх 30-32/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Хохирогч Г.А-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгч Н.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Н.Б “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэснийг 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өөрчилж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, эсхүл өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлэх эрх хэмжээ олгогдсон буюу шүүгдэгчид оногдуулсан ялыг хүндрүүлэх эрхгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зорчих эрхийг хязгаарлах ял нь хүний халдашгүй чөлөөтэй байх, Монгол Улсын Үндсэн хуульд заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчин явах эрх, эрх чөлөөг хязгаарладаг онцлогтой тул нийтэд тустай ажил хийлгэх ялтай харьцуулбал хүнд төрлийн ялд тооцогддог бөгөөд шүүгдэгч Н.Б-ын нийтэд тустай ажил хийлгэх ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солихоор гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн боломжгүй байна.

Харин, түүний хувийн байдал буюу түүний асрамж, хамгаалалтад 3-18 насны гурван хүүхэд байдаг нөхцөл байдал, гэмт хэрэг хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ буюу гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүх хуралдааныг завсарлуулж, хохирогчид учирсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг өөрчилж, 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/645 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

2 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ыг 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр ялаар шийтгэсүгэй.” гэж,

5 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 төгрөгөөр торгох ялыг хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.” гэж тус тус өөрчилж,

тогтоох хэсэгт “Шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг анхааруулсугай” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

  1. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ДАРЬСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                           Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ