Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2024/03706

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 19 өдөр Дугаар 183/ШШ2024/03706 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Отгонбаяр даргалж, шүүгч Б.Гончигсумлаа, Г.Төрболд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Д.Э

 

Хариуцагч: К.С холбогдох

 

Гэм хорын хохиролд 3 969 465 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э*******, иргэдийн төлөөлөгч А.М*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ...Манай охин ******* ******* сургуулийн 8-1 ангид суралцаж байх хугацаандаа буюу 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр сургуулийн биеийн тамирын хичээл дээр бөмбөгтэй дасгалын үеэр Б******* гэх эрэгтэй хүүхдэд хананд хавсран мөргүүлсний улмаас эгэмний яс нь хугарсан. И эмнэлэгт үзүүлэхэд тус эмнэлгийн гэмтэл согогийн эмч Э******* яс нь хугарч зөрсөн байдалтай эдгэж байна яаралтай хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн учир 2022 оны 4 дүгээр сард тусгай метал эгэмний ясанд хадах ажилбар хийлгэсэн. Энэхүү мэс ажилбарын эмчилгээний зардал болох 5,166,260 төгрөгийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, хариуцагчаас гаргуулж авсан. Үүний дараагаар 2023 оны 12 сард И эмнэлэгт дахин хагалгаанд орж эгэмний ясанд суурилуулсан бэхэлгээний металлыг авахуулсан. Эгэмний ясанд суулгасан тусгай металл авахуулах хагалгааны болон хэвтэн эмчлүүлсэний зардал нь 2,541,165 төгрөг, эмнэлгийн тусламж үйлчилгээнд 550,050 төгрөг болсон. Мөн О.******* нь Е б ******* сургуульд орохыг маш их хүсэж орсон боловч 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Е б ******* сургуулийн орчимд байхдаа гэмтэл аваад зогсохгүй сургуулиасаа үндэслэлгүйгээр хөөгдсөн байдаг. Энэ үйл явдал нь өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлсөн. О.******* хоолоо олигтой идэхгүй, хүнтэй барагтай юм ярихгүй байсаар нилээн хугацааг өнгөрүүлсэн тул сэтгэл санааны хохиролд 500,000 төгрөг, эмчилгээний зардалд 3,469,465 төгрөг, нийт 3,969,465 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* нь шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох сэтгэл санааны хохиролд 500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэжээ

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, дараах хариу тайлбар гаргасан. Үүнд: Нэхэмжлэгчийн охин ******* манай сургуулийн 8-1 дүгээр ангид суралцаж байх үедээ 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр биеийн тамирын хичээл дээр бөмбөгтэй дасгалын үеэр өөрийн ангийн хүү Б*******тэй мөргөлдөж эгэмний ясаа хугалсан. Тухайн үед хичээл орж байсан багш болон хичээлийн хэрэглэгдэхүүн, хичээл орж байсан заалны шаардлага хангахгүй байдлаас болж тухайн нөхцөл байдал үүсээгүй боловч хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан тул манай сургуулийн энэхүү үйлдэл нь талуудын хэн аль нь буруугүй гэнэтийн осол боловч манай сургууль энэхүү нэхэмжлэлийн гэм хорын хохирлын төлбөрт шаардсан 5,166,260 төгрөгийг нэхэмжлэгч Б.О*******т, Д.Э нарт төлсөн. 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж гарч энэхүү асуудлыг шийдвэрлэж дуусгавар болгосон. Магадгүй тухайн үеийн болсон үйл явдаг сургуулийн болон биеийн тамирын хичээл орж байсан багшийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж *******ын биед гэмтэл учирсан бол сургууль хариуцлага хүлээх боломжтой. Гэвч сургууль болон биеийн тамирын багш, мөргөлдсөн Б******* хүүгийн буруутай үйлдэл огтхон ч байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, мөн өмнө энэ асуудлаар гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүхийн иргэдийн төлөөлөгч А.М******* нь шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ: сургуулийн буруутай үйлдэл гэж бодож байна гэжээ.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, энгийн эмийн жор, О.*******ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай тэмдэглэл, эмийн төлбөр, эмчилгээний зардал бүхий баримтууд, О.*******ийн цээжний рентгэн зураг, И медикал центерийн төлбөрийн баримтууд, хоолны талон, 2022.06.27-ны өдрийн итгэмжлэл, 2024.06.06-ны өдрийн итгэмжлэл /1хх 2-29, 75 тал/

 

Хариуцагчаас 2023.11.20-ны өдрийн итгэмжлэл, Е б сургуулийн хуулийн этгээдийн гэрчилгээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, 2022.09.13-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл, Г.Ө депозит дансны дэлгэрэнгүй хуулга,/1хх 40-41, 47-50 тал/

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн ******* е б биеийн тамирын заалны бичлэгт үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан /1хх 62-66, 80-84 тал/, О.*******ийн тухайн эмнэлэгт хагалгаанд орж, хэвтэн эмчлүүлж байсан талаарх бүхий л баримтыг Интермэд эмнэлгээс нотлох баримтаар гаргуулан авсан. /1хх 105 - 2хх 1 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Э нь хариуцагч Е б сургуульд холбогдуулан эмчилгээний зардалд 3,469,465 төгрөг, сэтгэл санааны хохиролд 500,000 төгрөг, гэм хорын хохиролд нийт 3,969,465 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.А******* нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох сэтгэл санааны хохиролд 500,000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзжээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/0 дугаар захирамжийн дагуу О.*******д эмчилгээний төлбөрт 4,666,065 төгрөгийг төлсөн, О.*******ийн биед гэмтэл учирсанд сургууль буруугүй тул дахин эмчилгээний төлбөрт мөнгөн төлөх боломжгүй гэж татгалздаг.

 

3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. 2022.03.30-ны өдөр О.******* нь И эмнэлэгт 28080 дугаар өвчний түүх нээлгэж, хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргаж, 2022.03.31-ний өдөр Эгэм ясны хугарлыг ялтас шургаар бэхлэх мэс засал эмчилгээ хийлгэж, 5 хоног хэвтэн эмчлүүлээд 2022.04.04-ний өдөр эмнэлгээс гарсан. /1хх 190-2хх 1 тал/

 

3.2. 2022.09.01-ний өдрийн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 183/ШШ2022/0 дугаар шүүгчийн захирамжаар Д.Э, Б.О*******т нарын нэхэмжлэлтэй Е б ******* сургуульд холбогдох гэм хорын хохиролд 4,666,260 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон. /1хх 47-48 тал/

 

3.3. 2022.09.13-ны өдөр Е б сургууль Б.Эын данс руу 4,711,065 төгрөгийг ЕВ ******* ЕБС *******ийн хохиролын төлбөр, УТХу гэх гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. /1хх 49 тал/

 

3.4. 2022.12.20-ны өдөр О.******* нь И эмнэлэгт 28080 дугаар өвчний түүх нээлгэж, хэвтэн эмчлүүлэх хүсэлт гаргаж, Ясны хугарал бэхэлсэн метал бэхэлгээ авах мэс засал, эмчилгээ хийлгэж, 2022.12.22-ны өдөр эмнэлгээс гарсан. /1хх 106-162 тал/

 

3.5. 2022.12.22-ны өдрийн Эмнэлгээс гарах, шилжих үеийн дүгнэлт II -ийн гарах үеийн зөвлөгөө хэсэгт: Цаашид бүрэн ачаалал эрт өгөхгүй байх, Дэглэм, Боолт, Хүйтэн жин 20 минутын тушр өдөр 4-8 удаа, хяналт, шарх орчим улайх, хавдах, шархнаас шүүс гарах, эмнэлэгээс гарсан үетэй харьцуулахад өвдөлт нэмэгдэх, үед заавал давтан үзүүлэх, Давтан гэмтэхээс сэргийлэх, 4-6 долоо хоногийн дараагаар давтах Хray зураг авхуулах, Гэрээр уух эмийн эмчилгээ Антибиотик эмчилгээ, Ходоод хамгаалах, Мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ, Өвдөлт намдаах, Бодисын солилцоо дэмжих эмчилгээ хийлгэхийг зөвлөсөн байна. /1хх 163 тал/

3.6. 2022.12.20-2022.12.22-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн төлбөр 2,541,165 төгрөг, /1 хх 7 тал/,

2022.12.20-ны өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээ 550,050 төгрөг /1хх 27 тал/,

2022.12.22-ны өдөр Эм тариа 212,450 төгрөг, /1хх 20 тал/,

2022.12.22-ны өдөр Эм тариа 22,400 төгрөг, /1хх 21 тал/,

2022.12.24-ний өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээ 25,000 төгрөг, /1хх 15, 24 тал/,

2022.12.27-ны өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээ 25,000 төгрөг, /1хх 11, 23 тал/

2022.12.30-ны өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээ 25,000 төгрөг, /1хх 14 тал/

2023.02.03-ны өдөр Эмчийн үзлэгийн төлбөр 20,000 төгрөг, /1 хх 16 тал/ нийт 3,421,065 төгрөгийг эмчилгээ, эм тарианы төлбөрт зарцуулсан.

 

Нэхэмжлэгч Д.Эын охин О.******* нь Е б сургуулийн 8-1 дүгээр ангид суралцдаг бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр биеийн тамирын хичээл дээр /гандбол/ бөмбөгтэй дасгалын үеэр өөрийн ангийн хүү Б*******тэй хананд хавсран мөргүүлсний улмаас эгэмний ясаа хугалсан, хагалгаа хийлгэж, хэвтэн эмчлүүлсэн тухайд талууд маргаангүй болно.

 

Зохигчид О.*******ийн эгэмний яс хугарсанд сургууль буруутай эсэхэд маргаантай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

 

Тухай үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Е б тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Б сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна гэж заасан байх ба Е б сургууль нь сурагчийг суралцаж байх хугацаанд аюулгүй байдлыг нь хангасан, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх орчин бүрдүүлэх үүрэгтэй байх тул биеийн тамирын хичээлийн үед О.*******ийн эрүүл мэндэд гэм хор учирсантай холбоотой хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

5. Иргэний хуулийн 506 дугаар зүйлийн 506.1-д Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө. 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасан.

 

Бусдын эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй этгээд нь эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан мэс засал, эмчилгээ, үйлчилгээ, эм, эмнэлгийг хэрэгслэл, асарч сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй байх тул баримтаар нотлогдож буй 2022.12.20-2022.12.22-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлсэн эмнэлгийн төлбөр 2,541,165 төгрөг, хагалгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ 550,050 төгрөг, Эм тариа 212,450 төгрөг, 2022.12.22-ны өдөр Эм тариа 22,400 төгрөг, 2022.12.24-ний өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээ 25,000 төгрөг, 2022.12.27-ны өдөр Эмнэлгийн тусламж үйлчилгээ 25,000 төгрөг, нийт 3,376,015 төгрөгийг хохирогчид төлөх үүрэгтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1-д заасныг баримтлан, хариуцагч Е б сургуулиас 3,376,015 төгрөгийг гаргуулж, үлдэх 93,450 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

6. Иргэдийн төлөөлөгчөөр томилогдсон А.М******* нь сургуулийн буруутай үйлдэл гэж бодож байна гэх дүгнэлтийг гаргасныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн хангасан үнийн дүнгийн хэмжээнд ногдох хэмжээгээр хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

                                             

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 506 дугаар зүйлийн 506.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Е б ******* сургуулиас 3,376,015 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д Э/РД:/-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 93,450 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 86,111 /70,462+15,650/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Е б ******* сургуулиас 68,966 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Эд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

                                         

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОТГОНБАЯР

 

ШҮҮГЧИД Б.ГОНЧИГСУМЛАА

 

Г.ТӨРБОЛД