Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 521

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,

нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Отгонсүрэн,

шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708005560217 дугаар хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1969 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “...” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух,

урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 55 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3-т зааснаар 5 жил 01 хоногийн хорих ял,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 168/А дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 216 дугаар зүйлийн 216.1, 223 дугаар зүйлийн 223.1-д тус тус зааснаар 5 жил 07 сарын хугацаагаар хорих ялаар,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 280 цагийн албадан ажил хийлгэх ял,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 1035 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар 4 сар 5 хоногийн хугацаагаар баривчлах ял тус тус шийтгүүлсэн, Д овогт Мгийн Б /РД:.../.

Яллагдагч М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны автобусны шинэ эцсийн буудал орчимд байрлах “Бумбатын хүүхдүүд” нэртэй хүнсний дэлгүүрийн гаднаас ... ДУА улсын дугаартай УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Б.Зын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэргийг хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд дахин мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахиж хэрэг хийхгүй” гэв.

Эрүүгийн 1708005560217 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:

Хохирогч Б.Зын: “...Би 2017 оны 7 дугаар сарын 08-ны орой 20 цагийн орчимд хөдөө ажлаар явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах гэр рүүгээ харих замдаа Баруун салааны эцэст байрлах “Бумбатын хүүхдүүд” нэртэй хүнсний дэлгүүрийн гадна талд өөрийн эзэмшлийн ... ДУА улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашинаа унтраагаад хаалгыг нь түгжилгүй, түлхүүрээ авч явалгүй орхиж буусан. Би дэлгүүр орж хүнсний зүйл авчихаад 5-10 минут орчим болоод гараад иртэл машин байхгүй алга болчихоор нь гэрт байсан найз Ц ирээд тоглоод машин аваад явчихлаа гэж бодоод Ц руу залгаад “миний машиныг аваад ир” гэж хэлсэн. Би Цаас “чи миний машиныг авч яваагүй юм уу” гэтэл “би юу боллоо гэж чиний машиныг авч явахав” гэж хэлсэн. Тэгээд яах учраа олохгүй зогсож байтал миний машин Баруун салааны автобус баазын орчмоос гэрэл тусгаад гараад ирсэн. Зогсоох гэж орилтол зогсохгүй яваад өгсөн. Ц бид хоёр машинтай араас нь хөөсөн. Тэгтэл хэсэг зуур явж байгаад өгсүүр зам дээр машинаа хүч алдуулаад унтраачихсан. Нөгөө машин авсан хүнийг барьж цагдаад өгсөн... Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-16-17/,

Гэрч Б.Батцэрэнгийн: “...2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед “Ачит-10”-аас Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбатын хүүхдүүд” гэх хүнсний дэлгүүрийн гаднаас ... ДУА улсын дугаартай фургон автомашин алдагдсан гэх дуудлагын дагуу шуурхай эрэн сурвалжлан Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Баянхошууны 35 дугаар үзүүрт тухайн алдагдсан гэх тээврийн хэрэгслийг түр саатуулан зогсоосон. Уг тээврийн хэрэгслийг Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, ... тоотод түр оршин суух М овогтой Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ авч зугатаасан үйлдлийг таслан зогсоож хүлээлгэн өгсөн” гэх мэдүүлэг /хх-24/,

Гэрч М.Цын: “...Баруун салаа руу явах замдаа автобусны шинэ эцсийн буудал дээр байдаг дэлгүүр дээр З машинтайгаа зогсоод дэлгүүр орохоор нь би өөрийнхөө машинтайгаа дэлгүүр дээр зогсолгүй шууд цаашаа Зын гэр рүү явчихсан. Гэтэл удаагүй З над руу залгаад “машин аваад ирээч” гэж хэлэхээр нь би гайхаад “би аваагүй” гэж хэлээд өөрийнхөө машинтай тухайн дэлгүүр дээр нь эргээд иртэл Зын машин байхгүй байсан. Ингээд би хоёр “дэлгүүрийн камер шүүлгэе” гээд юм яриад зогсож байтал гэнэт хойноос Зын машин гудамжаас гараад ирэхээр нь бид хоёр миний машинтай урдуур нь орж зогсоох гэтэл зогсохгүй цаашаа зугатаагаад явсан. Араас нь машинтайгаа хөөсөн боловч зогсохгүй байсан. Тухайн хүн өгсүүр зам дээр хүч алдаад Зын машиныг унтраачихсан. Ингээд тухайн залууг цагдаад барьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-25/,

М.Бы яллагдагчаар өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 08-ны өдөр ажлаасаа гараад гэр рүүгээ харих гэж явж байгаад Гурвалжингийн гүүрний “Тэхийн зогсоол”-ын автобусны буудал дээр зүс таних Б, У нартай тааралдаад 1 шил 0.75 граммын архи авч хувааж уучихаад Саппорогийн автобусны буудал дээрээс салсан. Би Саппорогийн автсбусны буудал дээрээс автобусанд суусан. Миний ухаан санаа орж гараад байсан. ...нэг мэдсэн чинь фургон автомашин уначихсан зам дээр явж байсан. Гэнэт миний хажуугаар нэг машин шахаж орж ирээд намайг зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-110-111/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-9/, Б.Зын өргөдөл /хх-10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-14/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-27/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-28/, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-29/, “...” ХХК-ийн тодорхойлолт /хх-31/, эд зүйлийн үнэлгээ /хх-37/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-39/, шүүгдэгчийн иргэний лавлагаа /хх-53-54/, Асап сангийн лавлагаа /хх-55-59/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-60/, гэрч Б.Золзаяагийн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Н.Батжаргалын мэдүүлэг /хх-22-23/, гэрч Ж.Бадрахзулын мэдүүлэг /хх-26/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.

Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч М.Бы гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тогтоогдсон гэж үзсэн болно.

Шүүгдэгч М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 08-ны орой 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны автобусны шинэ эцсийн буудал орчимд байрлах “Бумбатын хүүхдүүд” нэртэй хүнсний дэлгүүрийн гаднаас ... ДУА улсын дугаартай УАЗ-2206 маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч Б.Зын зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Зын “...миний машин Баруун салааны автобус баазын орчимоос гэрэл тусгаад гараад ирсэн. Тэгэхээр нь би зогсоох гэж орилтол зогсохгүй хажуугаар яваад өгсөн. Ц бид хоёр машинтай араас нь хөөсөн. ...өгсүүр зам дээр машинаа хүч алдуулаад унтраачихсан. ...машин авсан хүнийг барьж цагдаад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-16-17/, гэрч М.Цын “...гэнэт хойноос Зын машин гудамжаас гараад ирэхээр нь бид хоёр миний машинтай урдуур нь орж зогсоох гэтэл зогсохгүй цаашаа зугатаагаад явсан. ...араас нь машинтайгаа хөөсөн боловч зогсохгүй байсан. ...тухайн залууг цагдаад барьж өгсөн” гэх мэдүүлэг /хх-25/, шүүгдэгч М.Бы “...Нэг мэдсэн чинь фургон автомашин уначихсан зам дээр явж байсан. Гэнэт миний хажуугаар нэг машин шахаж орж ирээд намайг зогсоосон...” гэх мэдүүлэг /хх-110-111/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Хохирогч Б.З “Ямар нэгэн гомдол санал байхгүй...” /хх-113/ гэж мэдүүлснийг үндэслэн шүүгдэгч М.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг /цалин хөлс, бусад орлого олох боломж/ харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Б урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Мгийн Быг автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар М.Б 450000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Б урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                ДАРГАЛАГЧ                                   Л.БААТАР