Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/900

 

М.Ө-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гансувд,

хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа,

шүүгдэгч М.Ө, түүний өмгөөлөгч Ц.Энхбаяр,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Дарьсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1448 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Баярмаагийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцэлд үндэслэн шүүгдэгч М.Ө-д холбогдох 2009 00000 1136 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-ийн Ө, 1992 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн ... дүгээр хороо, ... чөлөө, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УУ00000000/;

            М.Ө нь үргэлжилсэн үйлдлээр:

1. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ж” ХХК-аас 2020 оны 8 дугаар сарын 14-ний өдөр шилжүүлсэн 500.000 юанийг өөрийн Хаан банкны 50ХХХХХХХХ тоот дансаар авч 1 юанийг 415 төгрөгөөр сольж өгөхөөр харилцан тохиролцсон боловч 80.500.000 төгрөгийн шилжүүлгийг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 124.455.000 төгрөгийг,

2. Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хас” банкны салбараас иргэн Х.М нь 2020 оны 8 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлсэн 23.480.800 төгрөгийг өөрийн “Хас” банкны 50ХХХХХХХХ тоот дансаар авч тухайн өдрийн рублийн ханшаар ОХУ руу шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон боловч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23.480.800 төгрөгийг,

3. Баянзүрх дүүргийн нутаг 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Г.Г нь Япон Улс руу гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 25-ны өдрөөс 8 дугаар сарын 22-ны өдрийн хооронд шилжүүлсэн 27.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч тухайн өдрийн ханшаар сольж өгөхөөр харилцан тохиролцсон боловч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 27.000.000 төгрөгийг,

4. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Б.Б нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 8 дугаар сарын 12-ны өдрийн хооронд шилжүүлсэн 135.237.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч 36.759.000 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 98.478.000 төгрөгийг,

5. Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны төвийн гаднаас иргэн Д.О нь Япон Улс руу мөнгөн гуйвуулга хийлгэхээр интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 7 дугаар сарын 24-ний өдрийн хооронд шилжүүлсэн 38.135.000 төгрөгийг өөрийн “Хас” банкны 50ХХХХХХХХ тоот дансаар авч хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 38.135.000 төгрөгийг,

6. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараас иргэн Б.Ш нь 2020 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Монгол төгрөгөөр солиулахаар шилжүүлсэн 10.000 еврог иргэн Б-ын нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны 43ХХХХХХХ тоот дансаар авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 33.691.500 төгрөгийг,

7. Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрээсээ иргэн Н.Б нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар 26.200.000 төгрөг шилжүүлснийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 26.200.000 төгрөгийг,

8. Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 32 дугаар тойрог, Авто худалдааны төвийн зогсоолоос иргэн Н.Э нь интернэт банк ашиглан 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 129.000.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ, Г.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 50ХХХХХХХХ тоот дансаар тус тус авч, хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 129.000.000 төгрөгийн,

9. Сүхбаатар дүүргийн ... дүгээр хороо, “С” оффисын ... тоот ажлын өрөөнөөсөө иргэн П.П нь интернэт банк ашиглан 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс 08 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 456.656.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, 373.568.695 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 83.087.305 төгрөгийг,

10. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс иргэн Т.Г нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.400.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, 20.365.098 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 23.034.902 төгрөгийг,

11. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “С” оффисын ... тоот ажлын өрөөнөөсөө иргэн Б.Б нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрөөс 8 дугаар сарын 14-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 119.262.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, 100.031.793 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 19.230.207 төгрөгийг,

12. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Б.М-т нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 05-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 43.162,500 төгрөгийг төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, 8.510.230 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 34.652.270 төгрөгийг,

13. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн С.А нь интернэт банк ашиглан 2020 оны 8 дугаар зарын 04-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 118.737.500 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, 5.722.500 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 113.015.000 төгрөгийг,

14. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Б.Д нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 514.254.360 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, 509.321.388 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 4.932.972 төгрөгийг,

15. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Р.Д нь интернэт банк ашиглан 2020 оны 8 цугаар сарын 11-ний өдөр Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 52.800.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, 44.929.885 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 7.870.115 төгрөгийг,

16. Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “С” оффисын ажлын өрөөнөөсөө иргэн Г.Б нь интернэт банк ашиглан 2020 оны 7 дугаар зарын 24-ний өдрөөс 8 дугаар сарын 11-ний өдрийн хооронд Монгол төгрөгийг иенээр солиулахаар шилжүүлсэн 197.900.000 төгрөгийг өөрийн “Хаан” банкны 59ХХХХХХХХ тоот дансаар авч, 154.397.010 төгрөгтэй дүйцэх иений гуйвуулгыг хийж, үлдэгдэл төгрөгийг өгөхгүй хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 43.502.990 төгрөгийг тус тус шилжүүлэн авч бусдад нийт 829.766.061 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газар: М.Ө-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

“...1. Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч М.Ө-д холбогдох хэрэгт “Итгэлт найдвар од аудит” ХХК-ыг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, “С” ХХК-д борлуулалтын менежер ажилтай нэр бүхий 25 иргэний санхүүгийн баримтад аудитын дүгнэлт гаргуулахаар томилсон байна. 2021 оны 12 сарын 07-ны өдрийн 2/21 тоот дүгнэлтээр “С” ХХК-ийн 4 менежер өр авлагагүй, 13 менежер нь М.Ө-д 231.804.835 төгрөгийн өглөгтэй, 8 менежер нь М.Ө-аас 557.908.341 төгрөгийн авлагатай байна гэж дүгнэжээ. Прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх 25 иргэнээс П.П, Т.Г, Б.Б, Б.М, С.А, Б.Д, Р.Д, Г.Б нарыг хохирогчоор тогтоосон байх ба бусад хохирогч болох Д.Д, Х.М, Г.Г, Б.Б, Д.О, Б.Ш Н.Б, Н.Э нарт учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгээгүй байна.

2. Аудитын дүгнэлтээр Ү.И, Н.О, Т.Г, Э.О, Б.М, Д.Э, Б.М, Ө.Б, С.Н, Ө.Т, А.Т, А.Т нарын нэр бүхий 13 борлуулалтын менежер нь яллагдагч М.Ө-д 231.804.835 /хоёр зуун гучин нэгэн сая найман зуун дөрвөн мянга найман зуун гучин тав/ төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон байх тул дээрх мөнгөний эх үүсвэрийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд мөн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар нэр бүхий иргэдийг иргэний хариуцагчаар тогтоох эсэх асуудлыг нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө-аас “Миний бие хохирогч нараас авсан мөнгөнөөс буцаан шилжүүлэх, интернэт банкаар дамжуулан ханшийн зөрүүний ашиг болгож мөнгө шилжүүлдэг байсан ба “Хаан” банкны картын төвөөс дансны хуулга баримтыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй” гэж мэдүүлж байна. Мөн шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.А, Г.Б нар ханшийн зөрүүний ашиг авч байсан талаар тус тус мэдүүлжээ. Хэрэгт авагдсан баримтыг судалж, шүүгдэгч М.Ө-ын ХААН банкны 59ХХХХХХХХ дугаартай харилцах дансны хуулганаас үзэхэд “PURCHASE CASHOUT EPOS FOR BANKING” гэх агуулгатай өндөр дүн бүхий зарлагын гүйлгээнүүд хийгдсэн байх ба дээрх гүйлгээг хэний ямар данс руу шилжүүлсэн талаар харьцсан дансны мэдээлэл харагдахгүй байна. Эдгээр гүйлгээ нь интернэт банкаар хийсэн гүйлгээ бөгөөд харьцсан дансны мэдээллийг зөвхөн ХААН банкны картын төвөөс холбогдох баримтыг гаргаж ирүүлснээр тогтоох ба үүнийг тогтоосноор хохирогч нарт учруулсан хохирлын хэмжээ өөрчлөгдөх боломжтой талаар шинжээч Б.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн байна.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн мөнгөн тэмдэгтүүдийг ямар зорилгоор хураан авч шүүхэд ирүүлсэн болох нь тодорхойгүй ба шүүгдэгч М.Ө-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзвэл гадаад мөнгөн дэвсгэртийг төгрөгт шилжүүлэн тусгай дансанд байршуулан баримтыг хэрэгт хавсарган ирүүлэх нь зүйтэй. ...” гэж дүгнэж, хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт буцааж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Е0ХХХХХХ дугаартай М.Ө-ын 1 ширхэг, Е0ХХХХХХ, Е2ХХХХХХ дугаартай Ц.Г-ийн 2 ширхэг гадаад паспорт, 88ХХХХ дугаартай Ц.Г-ийн хадгаламжийн дэвтэр болон мөнгөн дэвсгэртүүдийг хэргийн хамт буцаан хүргүүлж, шүүгдэгч М.Ө-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баярмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Хэрэгт "Итгэлт найдвар од аудит” ХХК-ийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулж, "С” ХХК-д борлуулалтын менежер ажилтай нэр бүхий 25 иргэний санхүүгийн баримтад аудитын дүгнэлт гаргуулахаар томилсон. Хохирогч Д.Д, Х.М, Г.Г, Б.Б, Д.О, Б.Ш, Н.Б, Н.Э нар нь тус компанийн ажилтнууд биш бөгөөд тэднээс М.Ө-ын данс руу шилжүүлж залилуулсан мөнгөн дүн тодорхой тул аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Яллах дүгнэлтэд тодорхой дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд дотоод итгэлээр үнэлнэ" гэсэн заалтыг зөрчсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно.” гэж хуульчилсан. Аудитын дүгнэлтээр Ү.И, Н.О, Т.Г, Э.О, Б.М, Д.Э, Б.М, Ө.Б, С.Н, О.Т, А.Т, А.Т нарын нэр бүхий 12 борлуулалтын менежер нь яллагдагч М.Ө-д 231.804.835 төгрөгийн өглөгтэй болох нь тогтоогдсон боловч тэднийг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцвал зохих этгээд гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. "С” ХХК-ийн борлуулалтын менежерүүд нь М.Ө-тай тодорхой цаг хугацаанд харилцаж валютын арилжаа хийдэг байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, зарим тохиолдолд мөнгөө шилжүүлэхгүйгээр Япон улс руу гуйвуулга хийх талаар хүсэлт тавьж мөнгөн гуйвуулга хийлгүүлдэг талаар ч М.Ө нь шүүх хуралдааны явцад мэдүүлсэн, "Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай дүгнэлтэд “...Менежерүүд нь иен давхардуулж авах, мөнгийг нь төлөхгүй байх, төгрөгийг нь хийхгүйгээр иен шилжүүлэх, иений тооцоолсон мөнгөнөөс илүү, дутуу хийх зэрэг зөрчил түгээмэл байлаа. ...” гэж дурдсан байгаа зэргээс дүгнэхэд тэднийг гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ө нь “Би хохирогч нараас авсан мөнгөнөөс буцаан шилжүүлэх интернэт банкаар дамжуулан ханшийн зөрүүний ашиг болгож мөнгө шилжүүлдэг байсан ба “Хаан” банкны картын төвөөс дансны хуулга баримтыг гаргуулахаар удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй гэж мэдүүлж байна, мөн шүүх хуралдаанд оролцсон хохирогч С.А, Г.Б нар ханшийн зөрүүний ашиг авч байсан талаар тус тус мэдүүлсэн гэжээ. Иргэн хүн өөрийн данснаас хийгдсэн гүйлгээг хянах эрх нээлттэй ба тус мэдээллийг хэдийд ч ямар ч банкнаас гаргуулах авах боломжтой юм. Хохирогч С.А, Г.Б нар болон "С” ХХК-ийн бусад менежерүүд нь М.Ө-тай валютын арилжаа хийж ханшийн зөрүүнээс ашиг авдаг байсан болох нь хэрэгт авагдсан тэдний мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд тэд шүүх хуралдаанд залилуулсан мөнгөнөөс буцааж авсан талаар мэдүүлээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эд мөрийн баримтад гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл, уналга, зэвсэг, хэрэгсэл, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө, үнэ бүхий зүйл, бусад эд зүйлс, гэмт хэргийн ул мөр үлдсэн, агуулсан түүнчлэн гэмт хэрэг, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтоох, эсхүл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл хөнгөрүүлэхэд ач холбогдол бүхий бичмэл болон цахим баримт, бусад эд зүйлийг тооцно” гэж, 21.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хураан авсан үндэсний болон гадаад валютыг тусгай дансанд байршуулна”, 5 дахь хэсэгт “Гэмт хэргийн ул мөр агуулсан эд мөрийн баримтаар хураагдсан үндэсний болон гадаад валют нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт хамаарахгүй” гэж тус тус хуульчилсан бөгөөд хураан авсан эд зүйлийг мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө гэж үзэж, тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон байхад тусгай дансанд байршуулах хууль зүйн үндэслэлгүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Хавтаст хэргийн материал, хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хүлээн авах, хадгалах, шилжүүлэх, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгох, улсын орлого болгох болон энэ зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.4-т заасан ажиллагааны журмыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурор хамтран батална...” гэж хуульчилсан бөгөөд Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 246, А/80 дугаартай захирамж, тушаалаар батлагдсан Эрүүгийн хэрэгт хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хураан авах, бэхжүүлэх, хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх, шийдвэрлэх журмын 12.2 дугаар хэсэгт “Эрүүгийн болон зөрчлийн хэрэгт хураан авсан хөрөнгө, орлого, барьцааны мөнгө, эд мөрийн баримт, эд зүйлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад хүлээн авах, хадгалах, хамгаалах, шилжүүлэх ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан заавар, журмаар зохицуулна”, 12.3 дугаар хэсэгт “Мөрдөгч болон прокурор, шүүгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.12 дугаар зүйлийн 1-д заасан ажиллагааг явуулахдаа хохирол, төлбөртэй холбогдох хөрөнгө орлогоос бусад хуульд заасан арга журмын дагуу олж авсан, эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, тухайн этгээдийн гэм буруутай эсэхийг тогтооход зайлшгүй хэрэгтэй мэдээлэл агуулсан, бодит байдлаар нь дахин сэргээх боломжгүй, нотлох баримтад үнэлэгдэх эд мөрийн баримтыг эрүүгийн болон зөрчлийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл биет байдлаар нь хадгалах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.4, 16.14, 16.15 дугаар зүйл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.14, 4.15 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг эрх бүхий байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэхэд хүндрэл учруулахгүй байхаар журмын хэрэгжилтийг хангаж ажиллана” гэж заасны дагуу биет байдлаар хадгалах зохицуулалттай байна.

Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1448 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичив. ...” гэжээ.

Прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч нар нь тус компанийн ажилтнууд биш бөгөөд тэднээс М.Ө-ын данс руу шилжүүлж залилуулсан мөнгөн дүн тодорхой тул аудитын дүгнэлт гаргуулах шаардлагагүй. Бэлэн мөнгө шилжүүлсэн мөнгөн дүн нь банкны хуулгаар тодорхой харагдаж байгаа. Хэргийн 6 дугаар хавтаст банкны хуулга байгаа. ...Залилж байгаа үйлдэл нь эд хөрөнгө аваагүй. Бэлэн мөнгийг дансаар шилжүүлж авч залилсан үйлдэл байгаа. Мөнгөн дүн тодорхой байна гэж үзсэн. ...Хохирогч С.А, Г.Б нар болон "С” ХХК-ийн бусад менежерүүд нь М.Ө-тай валютын арилжаа хийж ханшийн зөрүүнээс ашиг авдаг байсан болох нь хэрэгт авагдсан тэдний мэдүүлгээр тогтоогдсон бөгөөд тэд шүүх хуралдаанд залилуулсан мөнгөнөөс буцааж авсан талаар мэдүүлээгүй. ...Хураан авсан эд зүйлийг мөрдөгч хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, гэмт үйлдлийн замаар олсон мөнгө гэж үзэж, тогтоолоор эд мөрийн баримтаар тооцсон байхад тусгай дансанд байршуулах хууль зүйн үндэслэлгүй. ... Иймд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1448 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Хохирогч Н.Э-ийн өмгөөлөгч Ц.Туяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Хохирогч Н.Э Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, 32 дугаар тойрог, Авто худалдааны төвд автомашины ченж хийдэг. 2019 оноос хойш М.Ө-д нийтдээ 1.117.000.000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний хуулга хэргийн 2 дугаар хавтасны 143-148 талд байгаа. "Итгэлт найдвар од аудит” ХХК-ийн дүгнэлтэд Б-д 172.502.000 төгрөг төлөх үндэслэлтэй гэж гарсан. Энэ мөнгөний 129.000.000 төгрөг нь Н.Э-ийн мөнгө байдаг. М.Ө-д холбогдох хэрэг нь 2022 оны 3 дугаар сард шүүхэд ирсэн. Хохирлыг барагдуулаагүй байгаа тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх саналтай байна. ...” гэв.

Шүүгдэгч М.Ө тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх зүйлгүй. ...” гэв.

Шүүгдэгч М.Ө-ын өмгөөлөгч Ц.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн гэж үзсэн. Шүүгчийн захирамжид дурдсан ажиллагаанууд хийгдэх боломжтой. Аудитын компаниас холбогдох ажиллагааг хий гэсэн боловч шалгаж байгаа эрх бүхий байгууллагын албан тушаалтнуудаас энэ асуудлыг шийдвэрлэж өгөөгүй. Интернэт банкны гүйлгээний хуулгыг Хаан банкны картын төвөөс дансны хуулга баримтыг гаргуулахаар хүсэлт гаргаж байсан боловч хүлээж аваагүй. “Цагдаагийн байгууллагаар дамжуулж авна уу” гэдэг асуудлыг Хаан банкнаас ирүүлсэн. М.Ө очоод авчихдаг асуудал биш. Аудитын дүгнэлт гаргасан шинжээчээр дамжуулж хүсэлт гаргасан боловч гараагүй. Интернэт банкны хуулга гаргаж ирснээр шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөх боломжтой. Мөн хэргийн зүйлчлэлд нөлөөлөх байсан. М.Ө-ын авсан гэх мөнгөн дүн ихсэх, багасах нөхцөл байдал нь картын гүйлгээний гарсан хуулгаар тодорхойлогдох боломжтой. Прокурорын зүгээс ямар хууль зүйн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү буцаалгах нь ойлгомжгүй байна. 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь заалт хүчингүй болсон. 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдөр прокурор эсэргүүцэл бичсэн байдаг ба эсэргүүцэл гарах үед хуулийн өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчилж байсан. Иймд прокурорын эсэргүүцлийг хэлэлцэх хууль зүйн хувьд боломжгүй гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн шийдвэр, ажиллагааг бүхэлд нь хянав.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас М.Ө-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 16 хохирогчид нийт 829.766.061 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хүлээн авч 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүгчийн 1448 дугаартай захирамжаар нэр бүхий хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулах ажиллагааг хийж гүйцэтгэх, шүүгдэгч нь нэр бүхий этгээдүүдээс авлагатай байх тул мөнгөний эх үүсвэрийг шалгаж, гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг хариуцвал зохих этгээд мөн эсэх асуудлыг шалган тогтоох, хэрэгт ач холбогдол бүхий баримтуудыг холбогдох байгууллагаас гаргуулж хохирлын хэмжээг тогтоох, эд мөрийн баримтаар хураагдсан мөнгийг тусгай дансанд байршуулан ирүүлэх ажиллагааг хийсний дараа хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Хэргийн 1 дүгээр хавтасны 184, 215-219, 2 дугаар хавтасны 29-31, 110, 141-183, 191, 232-241, 3 дугаар хавтасны 29-30, 67-69, 117-118, 151-162, 192, 209-212, 222-224, 6 дугаар хавтасны 55-123, 134-143, 149-153 дугаар талуудад шүүгдэгч М.Ө болон хохирогчдын дансны хуулга, лавлагаа авагджээ.

Эдгээр дансны хуулганд шүүгдэгч М.Ө-ын данс руу шилжүүлсэн гэх мөнгөн дүн тодорхой байх бөгөөд энэ талаар прокурор яллах дүгнэлтдээ тодорхой дурдсан байх тул энэ талаар шинжээч томилж, санхүүгийн шинжилгээ хийх шаардлагагүй байна.

Түүнчлэн, “S” ХХК-ийн менежерүүд нь М.Ө-тай харилцаж Япон улс руу гуйвуулга хийх талаар хүсэлт тавьж мөнгөн гуйвуулга хийлгүүлдэг, валютын арилжаа хийдэг байсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд “Итгэл найдвар од аудит” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2/21 дугаартай аудитын дүгнэлтээр “S” ХХК-д менежер ажилтай 13 хүн нь шүүгдэгч М.Ө-д 231.804.835 төгрөгийн өглөгтэй нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан мөнгийг тусгай дансанд байршуулахгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл биет байдлаар хадгалах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлд заасанд нийцсэн талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Харин, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцсон шинжээч Б.Оюунчимэг “...Ар, өвөргүй хуулга дээр картын гүйлгээний данс, гүйлгээний утга байдаггүй. ...М.Ө өөрөө ярихдаа “Би картын гүйлгээгээр мөнгийг буцааж өгсөн” гэдэг. Тэрийг нотлох ямар ч нотлох баримт байхгүй. Цаг, минуттай гүйлгээ байдаг. Гэхдээ хэн гэдэг хүний дансанд орсон нь байдаггүй. Тэгэхээр Хаан банкны гүйлгээгээр гаргаж ирэх ёстой. ...М.Ө хохирсон бол тооцоонд оруулъя гэж авлагаасаа тооцуулсан. П, Н, А гурав тэгэж тооцуулсан. Хэрвээ картын гүйлгээ гарч ирэх юм бол М.Ө-ын өгөх өглөг буурах боломж байгаа. ...” /6хх 126-128/ гэж мэдүүлсэн байх бөгөөд шинжээчийн мэдүүлсэнчлэн Хаан банкаас холбогдох баримтуудыг ирүүлж, хохирлын хэмжээг тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь эрүүгийн хэргийг мөрдөн шалгах чиг үүрэгт хамаарч байна.

Энэ нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхөөс гадна шүүгдэгчийн эрх зүйн байдалд нөлөө үзүүлэхээр ач холбогдолтой, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцэх тул энэхүү ажиллагааг зайлшгүй явуулсны эцэст хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.

Иймд, дээр дурдсан үндэслэлээр прокурор Г.Баярмаагийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийн 1, 2, 4 дэх заалтуудыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ЗШ/1448 дугаартай захирамжийг хэвээр үлдээв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/1448 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, прокурор Г.Баярмаагийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 35 дугаартай эсэргүүцлийг хэсэгчлэн хангасугай.
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.АРИУНХИШИГ

ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ