Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 159/ШШ2024/0022

 

 

 

                              

 

 

                                                                                              

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 159/2023/0065/3

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Одбаатар даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Спирт бал бурам” ХХК

Хариуцагч: Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар, Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газар

            Нэхэмжлэлийн шаардлага: “... Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчдын “Спирт бал бурам” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн /хоёр мэдүүлэг/, 2022 оны 12 дугаар сарын 28, 2023 оны 03 дугаар сарын 22, 2023 оны 04 дүгээр сарын 11, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдийн 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг тоног төхөөрөмжөөс эд анги буюу “8434.90.00” БТКУС код болгож өөрчилсөн” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчдын хянан шийдвэрлэсэн 6 дараах 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг доорх зөв ангиллааар өөрчилж, бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гаалийн мэдүүлэгт дараах нэмэлт өөрчлөлт оруулж зөв ангиллаар бүртгэхийг даалгах, Үүнд:

            -2022.12.21-ний өдрийн 04-2131007-22-I30715R мэдүүлгийн кодыг 8419.89.00

            -2022.12.21-ний өдрийн 04-2131007-22-I30714R мэдүүлгийн кодыг 8434.20.00

            -2022.12.28-ны өдрийн 04-2131007-22-I30736R мэдүүлгийн кодыг 8414.30.00

            -2023.03.22-ны өдрийн 04-2131007-23-I30205R мэдүүлгийн кодыг 8434.20.00

            -2023.04.11-ний өдрийн 04-2131007-23I-30285R мэдүүлгийн кодыг 8434.20.00

   -2023.05.24-ний өдрийн 12-2161001-23-I30184R мэдүүлгийн кодыг 8434.20.00 гэж, Ногдуулсан төлсөн гаалийн албан татварыг 297,755,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул, хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******,*******, хариуцагч Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Учрал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК нь Унгар улсын “Агрометал Кластер” ХХК-тай сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж Худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний дагуу үйлдвэрийн тоног төхөөрөмжийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 6 удаагийн ачилтаар тоног төхөөрөмжүүдийг Монгол улсын хилээр нэвтрүүлэхдээ 8434.90.00 БТКУС кодоор гаалийн мэдүүлгийг мэдүүлж, гаалийн татварт 297,755,515 төгрөгийг төлжээ.

Нэхэмжлэгчээс Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хууль /2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр болсон/, Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолын дагуу дээрх 6 удаагийн гаалийн ачилтаар нэвтрүүлсэн тоног төхөөрөмжүүд нь гаалийн албан татварын хөнгөлөлтөд хамаарах буюу 8434.20.00 БТКУС кодоор мэдүүлэх байсан тул 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг зөв ангиллааар өөрчилж, бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гаалийн мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт оруулж зөв ангиллаар бүртгэхийг даалгаж, гаалийн албан татвар 297,755,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож өгнө үү гэж маргажээ.

Дээрх үндэслэлээр “Спирт бал бурам” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын дэд даргад 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, Гаалийн ерөнхий газрын даргад 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр тус тус гомдол гаргасан байх бөгөөд гомдлыг хүлээн авах боломжгүй талаар тус тус хариуг хүргүүлжээ.

Иймд “Спирт бал бурам” ХХК-иас шүүхэд хандан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Манай компани Унгар улсын “Агрометал Кластер” ХХК-тай 2021 оны 12 дугаар сарын 21, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрүүдэд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ байгуулж хамтран ажилласан. Үйлдвэрлэгчийн хүчин чадал, үйлдвэрийн овор хэмжээ, хийц, олон улсын ачаа тээврийн онцлог, гэрээний нөхцөл журмаас хамаарч үйлдвэрлэгчээс үйлдвэрийг нэг ачилтаар, иж бүрдлээр нь нийлүүлэх боломжгүй байсан тул хэсэгчлэн нийлүүлж улсын хилээр оруулж ирсэн. Дор дурдсан 7 удаагийн ачилт, гаалийн мэдүүлгээр бид үйлдвэрээ хүлээн авсан. Үүнд:

            -2022.12.21-ний өдрийн 04-2131007-22-I30715R мэдүүлгийн кодыг 8419.89.00

            -2022.12.21-ний өдрийн 04-2131007-22-I30714R мэдүүлгийн кодыг 8434.20.00

            -2022.12.28-ны өдрийн 04-2131007-22-I30736R мэдүүлгийн кодыг 8414.30.00

            -2023.03.22-ны өдрийн 04-2131007-23-I30205R мэдүүлгийн кодыг 8434.20.00

            -2023.04.11-ний өдрийн 04-2131007-23I-30285R мэдүүлгийн кодыг 8434.20.00

            -2023.05.24-ний өдрийн 12-2161001-23-I30184R мэдүүлгийн кодыг 8434.20.00

            -2023.10.19-ний өдрийн 12-2161001-23-I30184R мэдүүлгээр пиззаны бяслаг боловсруулах төхөөрөмж /зөв БТКУС кодоор хийгдсэн тул маргаангүй/ Эдгээр 7 мэдүүлгээс эхний 6 гаалийн бүрдүүлэлт хийх үед Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн үнэлгээний байцаагч нэг автомашин дээр ачигдан ирсэн тоног төхөөрөмжүүд иж бүрэн үйлдвэр биш байгаа тул эд анги гэсэн ангиллаар гаалийн мэдүүлгийг хянан БТКУС 8434.90.00 кодоор мэдүүлэх шийдвэрийг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2-т заасны дагуу гаалийн улсын байцаагч гаргасан.

            Харин бидний үзэж байгаагаар эдгээр тоног төхөөрөмж нь БТКУС 8434.90.00 код бүхий эд анги биш харин шинэ үйлдвэр, түүний тоног төхөөрөмж юм. Шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмж учир өөр кодоор мэдүүлж манай компани гаалийн албан татварын хөнгөлөлтөнд хамрагдах байв. Дэлгэрүүлбэл, Монгол Улсын их хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгыг дэмжин “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын их хурлын 2022 оны 36 дугаар тогтоолыг баталж, таван жилийн хугацаанд 1.7 их наяд төгрөгийн санхүүжилтийг төсөвлөсөн байдаг. Хүнсний үйлдвэрлэлийн бүтээмж, чадавхийг нэмэгдүүлэх, хүнсний салбарын тогтвортой хөгжлийг хангах, экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, чанар, хүртээмжийг сайжруулах нь энэхүү санаачилгын зорилго билээ. Энэхүү зорилгын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох шинэчлэлүүд хийгдэж байгаагийн нэг нь аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвар, НӨАТ, гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулиудын хэрэгжилт юм.

            Тодруулбал, Гаалийн албан татвараас хөнгөлөх тухай хууль 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр батлагдаж, 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн. Хуулийн 1 дүгээр зүйлд “Хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжийг импортын барааны гаалийн албан татвараас 100 хувь хөнгөлсүгэй” гэж заасан. Манай компанийн худалдан авсан сүү, бяслаг боловсруулах зориулалттай үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд нь энэ хуулийн зохицуулалт, зорилготой яв цав нийцэж, хуулийн үйлчлэлд бүрэн хамаарч байгаа бөгөөд эдгээр нь талуудын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээ, ачаа тус бүрийг дагалдан ирсэн гарал үүслийн гэрчилгээ, тоног төхөөрөмжийн шинж байдал, зориулалт зэргээр хангалттай нотлогддог.

            Мөн хуулийн 2 дугаар зүйлд “Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан тоног төхөөрөмжийн жагсаалтыг “Барааг тодорхойлох,  кодлох уялдуулсан систем БТКУС ангиллын дагуу Монгол Улсын засгийн газар батална.” гэж заасны дагуу Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 107 дугаар тогтоолоор “Импортын барааны гаалийн албан татвараас хөнгөлөх хунс, аж ахуйн гараптай түүхий эд боловсруулах зориулалттай, тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх шинэ тоног төхөөөрөмжийн жагсаалтыг баталсан. Энэхүү жагсаалтаар татварын хөнгөлөлтөд хамаарах тоног төхөөрөмжийн нэрсийн жагсаалт БТКУС кодыг тогтоосон байдаг.

Жагсаалтын 1 дэх /сүү, сүүн бүтээгдэхүүний хэсгийн 4, 10, 13, 19-т заасан тоног төхөөрөмж нь манай компанийн худалдан авсан, гаалийн албан татварын хөнгөлөлтөд хамаарах тоног төхөөрөмж юм.

            Манай компанийн 2022 оны 12 дугаар сарын 21, 2022 оны 12 дугаар сарын 28, 2023 оны 03 дугаар сарын 22, 2023 оны 04 дүгээр сарын 11, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдэд тус тус гаалийн бүрдүүлэлт хийн оруулж ирсэн тоног төхөөрөмжүүд нь дээрх хуулийн үйлчлэлд хамаарч, гаалийн татвараас хөнгөлөгдөх барааны жагсаалтад хамаарагдаж байгааг тухай бүр гаалийн үнэлгээний байцаагчид тайлбарлаж байсан боловч тус тусдаа хэсэгчилж орж ирж байгаа тоног төхөөрөмжийг үйлдвэрийн тоног төхөөрөмж гэж үзэхгүй, эд анги гэж буртгэ шийдвэрлээд байсан тул мэдүүлсэн. Учир нь бид тоног төхөөрөмжөө тухай бүрд нь хүлээн авч угсарч, аливаа доголдол, асуудал гарах үед гадаад бэлтгэн нийлүүлэгч рүү тухай бүр мэдэгдэх шаардлагатай байсан. Тоног төхөөрөмж нь 7 ачилтаар бүрэн дуусч, иж бүрэн үйлдвэр болох байсан ба бид 7 дахь ачилт ирэх хугацааг 8 дугаар сард гэж тооцсон буюу 8 сард гаалийн байгууллагад үзүүлэх хэмжээний шинэ, бүрэн хэмжээний үйлдвэртэй болно гэж үзээд 8 дугаар сардаа Гаалийн ерөнхий газарт энэхүү мэдүүлгүүдийг зөв ангиллаар БТКУС кодыг залруулж, гаалийн хөнгөлөлтөд хамааруулж өгөх хүсэлтийг гаргасан юм. Гаалийн ерөнхий газар нь 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 02-2.1/2875 дугаар албан бичгээр хүсэлтийг хангахаас татгалзсан хариу өгсөн. Мөн Гаалийн ерөнхий газрын даргад гомдол гаргахад Гаалийн ерөнхий газрын дарга 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/3664 дүгээр албан бичгээр мөн гомдлыг хангахгүй гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий боловч өмнөх Б ачилтын дараах хамгийн суулийн 7 дахь ачилтын тоног төхөөрөмж бидний төлөвлөсөн хугацаанаас хоцорч 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр орж ирсэн. Ийнхүү орж ирснээр бүрэн хэмжээний шинэ үйлдвэрийн тоног төхөөрөмж болсон тул тэдгээрийг 12-2161001-23-I30184R мэдүүлгээр, хөнгөлөлтөд хамаарах зөв БТКУС кодоор гаалийн байгууллага бүртгэсэн тул бид 7 дахь ачилтын мэдүүлэгтэй маргаагүй билээ.

            Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийг дагаж мөрдөх хугацаанд импортоор оруулсан гаалийн албан татвараас хөнгөлөгдөх тоног төхөөрөмжид тухайн онд ногдуулан төлсөн гаалийн албан татварыг дараагийн төсвийн жилийн эхний улиралд татвар төлөгчид буцаан олгоно” гэж заасан. Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн үзэл санаа нь хөдөө аж ахуйн гаралтай эд боловсруулах зориулалттай тухайн үйлдвэрий үндсэн хөрөнгөд бүртгэгдэх шинэ тоног төхөөрөмжид хөнгөлөлт үзүүлэх зорилготой бөгөөд манай компанийн хувьд хэдийгээр ачилт салангид тусдаа ирсэн ч эцсийн дүндээ хуулийн зорилгод бүрнээ нийцэж байгаа юм. Гэтэл гаалийн бай:ууллага эд анги, сэлбэг хэрэгслийн хэмжээнд авч үзэж хөнгөлөлтөд хамаарахгүй кодоор бүртгэж авснаас бид үндэслэлгүй татвар улсад төлөөд байна. Бид дээрх Б гаалийн мэдүүлгээр нийт 297.755.515 төгрөгийн гаалийн татвар төлсөн бөгөөд хуульд заасан нөхцөл журмын дагуу буцаан авах эрхтэй байна.” гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “... Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-д “Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно.” Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” гэж тус тус заасан байхад хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, өөрчилж бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй, хууль бус болохыг тогтоож, гаалийн мэдүүлэгт нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна.

Өөрөөр хэлбэл сүү боловсруулах үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмж, эд ангийн гаалийн бүрдүүлэлтийг хийхээр мэдүүлэгч “Спирт бал бурам” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04-20131007-22-I30715R, 04-20131007-22-I30714R, 04-20131007-22-I30736R, 04-20131007-22-I30205R, 04-20131007-22-I30285R, 04-20131007-22-I30184R дугаартай гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийжээ. Мөн мэдүүлэгчийн эрх, үүргийг Гаалийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь хэсэгт “барааг бодитой мэдүүлэх зорилгоор бараагаа мэдүүлэхээс өмнө үзэх, хэмжих” гэж хуульчилсан. Мэдүүлэгч буюу аж, ахуй нэгжийн хууль ёсны төлөөлөгч барааг биечлэн үзээд 8434.20.00 ангиллын кодоор мэдүүлэх бараа /тоног төхөөрөмж/ биш, эд анги гэж үзээд 8434.90.00 ангиллын кодоор мэдүүлсэн байдаг. Тухайн үед мэдүүлэгч “Спирт бал бурам” ХХК-нд нэг иж бүрдэл бараа байна. Бүх барааг ирж дууссаны дараагаар нэг мэдүүлгээр барааг гаалийн байгууллагад мэдүүлж болох талаар асуухад “шаардлагагүй дор бүр нь эд ангиар мэдүүлж татвар төлж бүрдүүлэлт хийж хүлээн авах”-ыг хүссэн учраас мэдүүлэгч барааг эд ангиар мэдүүлж татвар төлөн гаалийн бүрдүүлэлтийг хийсэн байна. Мэдүүлэгчийн гаальд мэдүүлсэн 8434.90.00 ангиллын кодыг бичиг баримтын гаалийн улсын байцаагч хэвээр нь баталгаажуулсан.

Гаалийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д “иж бүрдэл бүхий тоног төхөөрөмж, машин техникийг тээвэрлэлтийн боломжоос шалтгаалан эд анги, бүрдэл хэсгээр нь салгаж тээвэрлэсэн тохиолдолд нэг ачилтад хамруулж” болно гэж заасан байдаг. Гаалийн ерөнхий газрын даргын 2016 оны А/82 тоот тушаалаар батлагдсан “Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгийг нөхөн бичих заавар”-ын 1.20 дахь хэсэгт “барааг гаалийн хууль тогтоомж, журамд заасан хугацааг баримтлан, угсрах, иж бүрдэл болгох ажлыг гаалийн хяналтын бүсэд, барааг эзэмшигчийн мэдлийн байр агуулахад гүйцэтгэхийг зөвшөөрнө”, мөн хуулийн 56.1 дэх хэсэгт “нэг ачилт гэж үзэн барааг нэг мэдүүлгээр бүрдүүлэлт хийж болно” гэж заасны дагуу тухайн аж ахуйн нэгж болон мэдүүлэгч нь барааг иж бүрдэл болгон гаальд мэдүүлэх эрхтэй байсан.

“Спирт бал бурам” ХХК нь нэхэмжлэлд үнэлгээний гаалийн улсын байцаагчийг ангиллын кодыг өөрчилсөн гэжээ. Энэ нь огт үндэслэлгүй байгаа нь дараах баримтаар нотлогдож байна. Бичиг баримтын гаалийн улсын байцаагч нь үнэлгээ болон барааны кодыг өөрчлөх тохиолдолд Гаалийн мэдээллийн нэгдсэн систем болох Кайс программд засварт буцаасан түүх заавал хадгалагдан үлддэг. Кайс системийг шүүн үзэхэд үнэлгээний гаалийн улсын байцаагчаас БТКУС кодтой холбоотой асуудлаар засварт буцаасан түүх огт харагдахгүй байна. Иймд “Спирт бал бурам” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Кодын өөрчлөлт яриад байгаа юм. Кодыг Гаалийн тухай хуулиараа ганц хүн сонгож, өөрчилж болдог. Энэ нь зөвхөн мэдүүлэгч өөрөө. Хэн ч сонгох эрхгүй. Хэн нэгэн тэрийг сонго гэсэн зөвлөгөө өгөх эрх байхгүй. Гаалийн тухай хууль маань жижигхэн ч гэсэн тухайн аж ахуй нэгжүүдийг хамгаалаад байж байдаг. Миний судалснаар “Спирт бал бурам” ХХК нь 2002 оноос хойш гаалийн байгууллагатай харьцаж эхэлсэн. Тэгэхээр Гаалийн тухай хуулийг маш их судалсан. Гаалийн байгууллагатай маш сайн мэдэх хүмүүс гэж би ойлгож байна. Та ямар нэгэн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах боломжтой, эсхүл татвараа төлөх боломжгүй, ямар нэгэн үйлдвэрийг хөхүүлэн дэмжих зорилгоор, гаалийн байгууллагад өөр горим сонгох эрх нь өөрт нь байгаа. Ямар горим бэ гэхээр гаалийн баталгаат агуулахын горим, гаалийн баталгаат үйлдвэрийн газар зэргээс сонгож болно. Эд нар нь ямар учиртай гэхээр “барилга бариад тэр хүн татвараа төлөх боломжгүй бол тэр бүсийг гаалийн хяналтын бүс гэж тогтооно. Тогтоосны дараа бүх орж байгаа бараануудыг хяналтандаа аваад, барилга дууссаны дараа бага багаар төлөх боломжийг нээж өгдөг”. Гаалийн баталгаат бүс гэж байгаа. 700 горим нь конвенцоор тогтоосон. Олон боломжууд хуулинд байдаг. 2002 оноос хойш судалчихсан байх ёстой.

Үйлдвэр гэдгийг гэрээ байгуулахдаа л мэдэж байсан. Тэр үед хууль хэрэгжээгүй байсан. Би юу гэж хэлэх гээд байна гэхээр хэн нэгэн хуулийг мэдэж байж дараа нь ямар нэгэн хууль гэнэт үйлчлээд ирэхээр хүрч ирээд татвараа авъя гэдэг систем рүү шилжчихвий гэж айж байна. Нэг жишээ хэлэхэд 25 хүнээс дээш автобус татваргүй. Хэрвээ тэр хүмүүс тоног төхөөрөмж гэж баахан автобусны тоног төхөөрөмж нийлүүлж орж ирчихээд бид нар энийг автобус болгочихсон учир татвараа авъя гэж гаалийн байгууллагад нэхэмжлэл гаргах боломжтой. Юу хэлэх гээд байна гэхээр тэр үедээ ямар нэгэн асуудал болсон бол горимоо сонгох эрх нь байсан. Гаалийн улсын байцаагч тайлбарлахдаа маргаан гарсан нэг ч зүйл байхгүй. Энэ нь гаалийн системд нотлогдож байгаа. Ямар нэгэн буцаалт системд заавал бичигддэг. 2023 оны 12 сард эхэлсэн маргаан. Тэр үед нь манай Сэлэнгэ аймгийн Гаалийн байцаагч нь “Спирт бал бурам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбар авсан. Энэ нь хавтаст хэрэгт байгаа. Гаалийн улсын байцаагчаас нэг ч асуулт асуугаагүй. “Спирт бал бурам” ХХК-ийн гааль хариуцсан мэргэжилтэн тоног төхөөрөмжөөрөө хийчих, бид нар өөрсдөө татвараа төлнө гэж хэлсэн байгаа юм. Шүүх дээр нотлох баримтгүй хамаагүй ярьж болохгүй байх. Улс хоорондын шуудан илгээмжийн Гаалийн газарт гарсан мэдүүлгээс харахад шал өөр код буюу 73072900 хийчихсэн. Хэрвээ энэ үедээ маргаан гаргасан бол системд байх ёстой. Гаалийн улсын байцаагч өөрийнхөө хийсэн ажилд хариуцлагаа хүлээхэд бэлэн. Тийм учраас “Спирт бал бурам” ХХК-ийн нэхэмжлэлийг хангах боломжгүй байна.” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Р.Мөнхзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хариуцагчийг анх тодорхойлсноороо Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар гэж үзэж байгаа. Тухайн гаргасан акттай нь холбоотойгоор татсан байгаа учраас хариуцагч нь үндэслэлтэй гэж үзэж байна. 7 дахь мэдүүлгийг хэн бүртгэж авсан гэхээр Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газар өөрсдөө бүртгэж авсан. Бид нар энэ талаар нэхэмжлэл дээр дурдсан. Хариуцагч талаас ямар нэгэн байдлаар няцаасан зүйл гаргаагүй. Байцаагч нарыг алдаа гаргасанд биш бүртгэл хийгдсэн байна гэдгийг тайлбарлаад байгаа юм. Дагалдах бичиг баримтын хүрээнд хангалттай тайлбарласан. Мэтгэлцээний явцад бичиг баримт дээр байгаагүй ба байдаггүй гэж мэтгэлцэж байсан. Сая баримт шинжлэн судлах явцад кодыг ялгачихсан учир цаанаас нь  тоног төхөөрөмж гэсэн код ирсэн юм байна. Харин ирсэн кодын дагуу явах албагүй тэгж тоног төхөөрөмж гэсэн кодыг няцааж болохуйц өөр код ашиглах хангалттай хууль зүйн үндэслэл тодорхой харагдсангүй гэж үзэж байна. Үнэхээр үндэслэл бүхий байхын бол солих л ёстой. 7 дахь ачилтыг юу гэж үзэж байна гэхээр мэдээж Гаалийн байгууллагад эргэлзээ байсан. Өмнөх ачилт нь буруу гэж үзвэл магадгүй эдгээр хүмүүст хариуцлага ч яригдах болохоор боломжит нөхцлөөр шалгаад эд анги гэж бүртгэсэн байгаа юм. Гэхдээ 6 дахь ачилт 7 дахь ачилт ирэхэд цогц үйлдвэр болж байгаа нь илэрхий болсон учраас хамгийн сүүлийн бүртгэлийг тоног төхөөрөмжөөр бүртгэсэн нь зөв юм байна гэж шийдсэн ч байж магадгүй. Эхний хэдийг үзэхээр эд анги байна гэж үзсэн ч сүүлдээ тоног төхөөрөмжийн шинжтэй болоод ирчихэж байгаа юм.

Ямар асуудал дээр маргаангүй байна гэхээр тоног төхөөрөмж нь өөрөө 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулийн зорилгод нийцсэн. Тэрнээс улбаалж гарсан Монгол улсын Засгийн газрын 2023 оны 03 дугаар сарын 22-ны тогтоол байгаа. Энэ тогтоолуудын хүрээнд хамаарах тоног төхөөрөмж байсан юм байна гэдэг нь маргаангүй болчихоод байна. Гаалийн албан татварын хөнгөлөлтийн 1 дүгээр зүйлд түүхий эд боловсруулах зориулалттай гэж байгаа. Зориулалттай гэдэг нь хэзээ бүрдэж байгаа вэ гэхээр магадгүй 6, 7 дахь ачилтаас илэрхий болсон байх. Гаалийн байгууллагад мэдээж буруу байгаа. Хяналт шалгалт дутуу хэрэгжүүлсэн. Бид нарын 20-30 жилийн хөдөлмөрийг няцаагаагүй. Гаалийн байгууллагад ч тэр манайд ч тэр алдаа байж болно. Тэгэхдээ энэ бүхэн та нар гаалийн хөнгөлөлт эдлэх боломжгүй болчихлоо гэх том дүгнэлтэд хүрэх нөхцөл болох уу. Гаалийн байгууллага Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийг хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 246 дугаар зүйл, 249 дүгээр зүйл зэрэг хуулийн заалтууд байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага хангаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

          1.Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын “Спирт бал бурам” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн /хоёр мэдүүлэг/, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн, 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн, 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн, 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрүүдийн 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг тоног төхөөрөмжөөс эд анги буюу 8434.90.00 БТКУС код болгож өөрчилсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

          2.Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарын хянан шийдвэрлэсэн дараах 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг доорх зөв ангиллаар өөрчилж, бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гаалийн мэдүүлэгт дараах нэмэлт өөрчлөлт оруулж зөв ангиллаар бүртгэхийг даалгах. Үүнд:

а/2022.12.21-ний өдрийн 04-2131007-22-I30715R мэдүүлгийн кодыг 8419.89.00 гэж

б/2022.12.21-ний өдрийн 04-2131007-22-I30714R мэдүүлгийн кодыг 8434.20.00 гэж

в/2022.12.28-ны өдрийн 04-2131007-22-I30736R мэдүүлгийн кодыг 8414.30.00 гэж

г/2023.03.22-ны өдрийн 04-2131007-23-I30205R мэдүүлгийн кодыг 8434.20.00 гэж

д/2023.04.11-ний өдрийн 04-2131007-23-I30285R мэдүүлгийн кодыг 8434.20.00 гэж

е/2023.05.24-ний өдрийн 12-2161001-23-I30184R мэдүүлгийн кодыг 8434.20.00 гэж

          3.Ногдуулан төлсөн гаалийн албан татвар 297,755,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

          Нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК нь дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж урьдчилан шийдвэрлүүлэх журмаар 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Гаалийн ерөнхий газрын дэд даргад, 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Гаалийн ерөнхий газрын даргад тус тус гомдол гаргасан боловч гомдлыг хүлээн авах боломжгүй талаар хариу хүргүүлжээ.

          Нэхэмжлэгч нь дээрх барааг 6 удаагийн ачилтаар гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт:

          1.“Сав хөргөлтийн” хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04-2131007-22-I30715R дугаартай мэдүүлгээр барааны кодыг 8434.90.00 гэж,

          2.“Сав, бяслаг шахах” хэсгийг 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 04-2131007-22-I30714R дугаартай мэдүүлгээр барааны кодыг 8434.90.00 гэж,

          3.“Бяслаг шахагч, сүүний төхөөрөмжийн эд анги”-ийг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04-2131007-22-I30736R дугаартай мэдүүлгээр барааны кодыг 8434.90.00 гэж,

          4.“Бяслаг шахагч, сүүний төхөөрөмжийн эд анги”-ийг  2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 04-2131007-23-I30205R дугаартай мэдүүлгээр барааны кодыг 8434.90.00 гэж,

          5.“Бяслаг шахагч, сүүний төхөөрөмжийн эд анги”-ийг 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 04-2131007-23-I30285R дугаартай мэдүүлгээр барааны кодыг 8434.90.00 гэж,

          6.“Модуль, удирдлагын” хэсгийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 12-2161001-23-I30184R дугаартай мэдүүлгээр барааны кодыг 8434.90.00 гэж тус тус гаалийн байгууллагад мэдүүлжээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан журмаар цуглуулсан нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагчийн шүүхэд болон хуралдааны явцад гаргасан тайлбар, холбогдох байгууллагад шүүхээс хийсэн үзлэг зэрэг нотлох баримтуудыг үнэлээд нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК нь Унгар улсын “Агрометал Кластер” ХХК-тай сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийн тоног төхөөрөмж Худалдах, худалдан авах гэрээг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байгуулж, 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хооронд 6 удаагийн ачилтаар  Монгол улсын хилээр нэвтрүүлж гаалийн татварт 297,755,515 төгрөгийг төлсөн үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна[1].

          Мөн нэхэмжлэгч нь дээрх барааг гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт мэдүүлэхдээ 6 ачилтийг бүгдийг нь 8434.20.00 буюу тоног төхөөрөмж гэх ангиллаар мэдүүлээгүй бөгөөд 8434.90.00 буюу эд анги гэх ангиллаар мэдүүлсэн болох нь хэрэгт нэхэмжлэгчээс гаргаж өгсөн гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлгүүд[2], шүүхээс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын “Кайс” программд үзлэг хийсэн тэмдэглэл холбогдох баримтууд[3], гэрч Р.Оюуны “ ... учир нь Оросын холбооны улсаас орж ирэхдээ сүүний тоног төхөөрөмжийн кодоор орж ирсэн гэтэл бодит байдал сүүний тоног төхөөрөмжийн эд анги гэсэн кодоор мэдүүлсэн ... тухайн эд анги бүрэн тоног төхөөрөмж биш эд ангиуд байсан ... мөн иж бүрэн тоног төхөөрөмж болгож мэдүүлэхэд дараагийн эд ангиуд нь дутуу удаж байж ирэх тухай мэдээд удирдлагаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу эд анги гэж гаалийн бүрдүүлэлт хийсэн ... би шууд эд анги гэж мэдүүллээ шүү гэж хэлээгүй, олон хоног лавлаж асуусаны дараа гаальд мэдүүлсэн ... 400 /татвар төлөх горим/ горимыг сонгож хийсэн[4]” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

          Гаалийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7-д “гаалийн мэдүүлэг гэж мэдүүлэгчийн сонгосон гаалийн бүрдүүлэлтийн горимын дагуу шаардагдах мэдээлэл агуулсан бичиг баримтыг” хэлнэ, 3.1.12-т “гаалийн бүрдүүлэлт гэж гаалийн хилээр нэвтрүүлэх барааг гаалийн байгууллагад мэдүүлсэн үеэс гаалийн бичиг баримтыг, шаардлагатай тохиолдолд барааг шалгах, ногдуулсан татварыг төлсөний дараа барааг олгох, эсхүл гаалийн хилээр гаргахыг зөвшөөрөх хүртэлх цогц үйл ажиллагааг” хэлнэ, 57 дугаар зүйлийн 57.1-д “мэдүүлэгч дараах эрх эдэлнэ” 57.1.1-д “гаалийн бүрдүүлэлтийн горим сонгох, өөрчлөх”, 73 дугаар зүйлийн 73.1-д “гаалийн бүрдүүлэлтийн горимыг мэдүүлэгч сонгоно” гэж зааснаар мэдүүлэгч буюу “Спирт бал бурам” ХХК нь дээрх барааг гаалийн хилээр нэвтрүүлэхдээ гаалийн бүрдүүлэлтийн татвар төлөх буюу 400 горимыг сонгож, 8434.90.00 кодоор мэдүүлсэн байна.

            Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Нэг илгээгчээс нэг хүлээн авагчид илгээх тус тусдаа .... нэг ачилт гэж үзэж, барааны гаалийн нэг мэдүүлгээр бүрдүүлэлт хийж болно”, 56 дугаар зүйлийн 56.2-т “Иж бүрдэл бүхий тоног төхөөрөмж, машин, техникийг тээвэрлэлтийн боломжоос шалтгаалан эд анги, бүрдэл хэсгээр нь салгаж тээвэрлэсэн тохиолдолд нэг ачилтад хамааруулж болно” гэж зааснаар нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК тээвэрлэлтийн нөхцлөөс шалтгаалж цувуулж оруулж ирсэн үйлдвэрийн тоног төхөөрөмжөө нэг ачилт гэж үзэж, барааг гаалийн нэг мэдүүлгээр иж бүрдэл болгон мэдүүлэх эрх нь хуулиар нээлттэй байсан бөгөөд тэгж мэдүүлэх боломжоо ашиглаагүй байна.

            Мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.2-т “мэдүүлэгч дараахь үүрэг хүлээнэ”, 57.2.1-д “гаалийн мэдүүлгийн дагуу өгсөн мэдээллийн үнэн зөвийг хариуцаж, гаалийн болон бусад татвар, хураамжийг төлөх ...” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь гаальд мэдүүлсэн мэдүүлгийн үнэн зөвийг хариуцах үүрэгтэй байна.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчид дээрх 6 мэдүүлгийн ангиллыг тоног төхөөрөмжөөс эд анги буюу 8434.90.00 БТКУС /барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем/ код болгон өөрчилсөн болон 8434.90.00 кодоор мэдүүлэх шийдвэрийг гаргасан талаар дурджээ.

            Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “мэдүүлэгч нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны ангиллын кодыг уялдуулсан системийн дагуу тодорхойлж мэдүүлнэ” гэж зааснаар БТКУС кодыг мэдүүлэгч буюу “Спирт бал бурам” ХХК мэдүүлэгтээ тодорхойлох бөгөөд шүүхийн зүгээс Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газарт “КАЙС” программд хийсэн үзлэгээр “Спирт бал бурам” ХХК-ийн 6 гаалийн мэдүүлгийн БТКУС кодыг өөрчилсөн болох нь нотлогдоогүй болно.

            Гаалийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т “гаалийн байгууллага, албан тушаалтан өөрийн санаачилгаар, эсхүл бусад этгээдийн хүсэлт, даалгавраар гаалийн мэдүүлэг бичих буюу түүнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж зааснаар гаалийн улсын байцаагч нар нэхэмжлэгчийн гаальд мэдүүлсэн БТКУС кодыг өөрчлөх боломжгүй байна.

            Гаалийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.2-т “гаалийн мэдүүлэг, барааны дагалдах бичиг баримтад дурдсан мэдээлэл үнэн зөв бодитой, хоорондоо тохирч байгаа эсэх”-ийг шалгана, 246 дугаар зүйлийн 246.1-д “гаалийн байгууллага, албан тушаалтан нь барааны гаалийн мэдүүлгийг хүлээн авсаны дараа түүний үнэн зөвийг тогтоох зорилгоор бараа, тээврийн хэрэгсэлд шалгалт хийнэ” гэж зааснаар гаалийн улсын байцаагч нар мэдүүлэгт дурдсан бараа үнэн зөв эсэхийг Гаалийн тухай хуульд заасны дагуу шалгасан байх бөгөөд нэхэмжлэгч “Спирт бал бурам” ХХК-ийн 8434.90.00 кодоор буюу эд анги гэж мэдүүлсэн, нэг ачилтаар бус цуварч орж ирсэн барааг тухайн цаг мөчид үйлдвэрийн тоног төхөөрөмж, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр болохыг мэдэх  боломжгүй юм.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь

            1.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 22 дугаар зүйл, Гаалийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3, 20 дугаар зүйлийн 20.3, 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1.1, 246 дугаар зүйлийн 246.1-т заасныг тус тус баримтлан “Спирт бал бурам” ХХК-ийн “... Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчдын “Спирт бал бурам” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн /хоёр мэдүүлэг/, 2022 оны 12 дугаар сарын 28, 2023 оны 03 дугаар сарын 22, 2023 оны 04 дүгээр сарын 11, 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрүүдийн 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг тоног төхөөрөмжөөс эд анги буюу “8434.90.00” БТКУС код болгож өөрчилсөн” шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагчдын хянан шийдвэрлэсэн 6 дараах 6 гаалийн мэдүүлгийн ангиллыг доорх зөв ангиллааар өөрчилж, бүртгэхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гаалийн мэдүүлэгт дараах нэмэлт өөрчлөлт оруулж зөв ангиллаар бүртгэхийг даалгах, Үүнд:

            -2022.12.21-ний өдрийн 04-2131007-22-I30715R мэдүүлгийн кодыг 8419.89.00

            -2022.12.21-ний өдрийн 04-2131007-22-I30714R мэдүүлгийн кодыг 8434.20.00

            -2022.12.28-ны өдрийн 04-2131007-22-I30736R мэдүүлгийн кодыг 8414.30.00

            -2023.03.22-ны өдрийн 04-2131007-23-I30205R мэдүүлгийн кодыг 8434.20.00

            -2023.04.11-ний өдрийн 04-2131007-23I-30285R мэдүүлгийн кодыг 8434.20.00

-2023.05.24-ний өдрийн 12-2161001-23-I30184R мэдүүлгийн кодыг 8434.20.00 гэж, Ногдуулан төлсөн гаалийн албан татварын 297,755,515 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсэгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Л.ОДБААТАР

 

 

 

 

 

 

 

 

[1] Нэгдүгээр хавтаст хэргийн 32-122 дугаар тал

[2] Нэгдүгээр хавтаст хэргийн 16-21 дүгээр тал

[3] Хоёрдугаар хавтаст хэргийн 123-152 дугаар тал

[4] Хоёрдугаар хавтаст хэргийн 119-121 дүгээр тал