Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/910

 

 

 

 

 

      2022             9              15                                       2022/ДШМ/910                     

 

О.Н-Ээд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Оюунбат,

яллагдагч О.Н-Ээ, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/2071 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор М.Оюунбатын бичсэн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг үндэслэн О.Н-Ээд холбогдох эрүүгийн 2206 00000 1332 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б овгийн Оийн Н-Ээ, .... оны ... дугаар сарын ....-ны өдөр .................... аймгийн ................... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт .................. дүүргийн .... дугаар хороо, ... дүгээр байрны ... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:................/;

            Яллагдагч О.Н-Ээ нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп виллаж” хотхоны 201 дүгээр байрны 157 тоотод байрлах гэртээ иргэн Г.Чтэй “автомашины лизингийн төлбөрийг төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц зэвсэг болох ахуйн хэрэглээнд ашиглагддаг, эвхэгддэг хутга буюу тонгоргоор хохирогч Г.Чийн цээжний зүүн талд нэг удаа хутгалж, цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Н-Эийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            1. Хэрэг учрал болох үед хохирогчоор тогтоогдсон Г.Ч согтуу байсан гэх ба согтуурлын зэргийг шалгасан эсэхийг тодруулж дуудлагаар очсон цагдаагийн албан хаагч нарыг гэрчээр асуух,

            2. Хохирогч Г.Ч нь О.Нандинцэцэг намайг хутгалж гэмтээгээгүй гэх тул хохирогчид учирсан гэмтэл нь өөрийгөө хутгалж гэмтэл учруулж болох эсэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.5 дахь заалтад зааснаар туршилт хийх,

            3. Хохирогч Г.Ч нь шүүгдэгч О.Нандинцэцэгийг гэмт хэрэгт холбогдуулаад байгаа эсэхийг мөрдөн шалгах ажиллагаагаар шалган хохирогч, яллагдагч нарын хувийн байдлыг тодруулах ажиллагааг хийх,

            4. Шүүхийн хэлэлцүүлэгт гэмтэл учруулсан гэх хутганы асуудлыг нягтлан шалгаж шаардлагатай гэж үзвэл ул мөр илэрсэн хутганд шинжээчийн дүгнэлт гаргуулах зэрэг ажиллагааг хийлгэхээр О.Н-Ээд холбогдох хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол яллагдагч О.Н-Ээд бага насны 2 хүүхэдтэй хамт амьдардаг нөхцөл байдлыг харгалзан урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

            Прокурор М.Оюунбат бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч О.Н-Ээд холбогдох эрүүгийн 2206 00000 1332 дугаартай хэргийг хүлээн авч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг явуулахдаа хуульд заасан урьдчилсан хэлэлцүүлгийн хэмжээ хязгаарыг зөрчсөн. Тодруулбал:

            1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт “шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан байтал шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсэгт дурдсан 4 асуудал нь мөрдөн байцаалтын тодорхой ажиллагаа байх бөгөөд эдгээр 4 ажиллагааг гүйцэтгэх болсон шалтгааныг шүүх хэрхэн дүгнэж байгааг тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчжээ.

            2. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу бүрдүүлж цуглуулсан эсэх, энэ нь хууль зүйн хувьд хүчин төгөлдөр эсэхийг шүүх дүгнэхээс бус яллагдагчийн гэм буруутай эсэх талаар яллах болон өмгөөлөх талаас аливаа мэтгэлцээн явагдаагүй, хууль зүйн дүгнэлтийг аль ч талаас илэрхийлээгүй байхад шүүх нотлох баримтын агуулгад дүгнэлт хийж, хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаасан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасныг ноцтой зөрчсөн гэж үзнэ.

            Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийлгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.

            Яллагдагч О.Н-Ээ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би уг хэргийг үйлдээгүй тул үнэн, зөв шийдвэрлэж өгөөч.” гэв.

            Яллагдагч О.Н-Эийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ хүрээнд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлтийг өмгөөлөгчийн зүгээс шүүхэд гаргасан. Уг хүсэлтээр мөрдөн байцаалтын үйл ажиллагаа бүрэн гүйцэт явагдаагүй, хэргийг үнэн зөв бодитой тогтоогоогүй бөгөөд хохирогч хэрэг гарах үед өндөр согтолтой байсан. Хохирогч эмнэлэг рүү ухаангүй очсон тул тухайн үед мэдүүлэг авах боломжгүй байсан. Хохирогчоос нэг л удаа мэдүүлэг авсан ба уг мэдүүлэгт “О.Н-Ээ намайг хутгалсан” гэж мэдүүлсэн. Хэргийн бодит байдлыг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэт хийгээгүй. Хэрэгт эд мөрийн баримтаар 2 хутга хураагдсан бөгөөд хохирогч өөрийн заасан цагаан иштэй тонгоргон хутгаар хутгалсан гэдэг боловч уг хутганд цусны толбо зэрэг ул мөр илрээгүй. Харин өөрийгөө хутгалсан байж болзошгүй шар иштэй хутганаас цустай төстэй зүйл илэрсэн боловч хүний эсхүл малын цус болохыг тогтоох боломжгүй гэсэн хариу гарсан. Уг хэрэгт эргэлзээтэй асуудал их байдаг. Хохирогчийн согтуудаа болж өнгөрсөн явдлын талаар мэдүүлсэн ганц удаагийн мэдүүлгээр О.Н-Эийг уг гэмт хэрэгт шийтгэх нь хэтэрхий өрөөсгөл бөгөөд хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийн шаардлага хангаагүй мөрдөн байцаалтын ажиллагаагаар яллах нөхцөл байдал үүссэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлага хангасан нотлох баримт хэрэг авагдах ёстой. Хохирогч нь О.Н-Ээтэй 20 гаруй хоног хамтран амьдарсан. Унтахаасаа өмнө О.Н-Ээ болон хохирогч нар архи хувааж ууж, шөнийн 03 цаг болж байхад хохирогч “би гарлаа” гэж гарсны дараа цагдаа дуудаж, үүрийн 07 цагт цагдаагийн газраас буцаж ирсэн. Уг үйл явдал нэг шөнийн дотор болсон атал улсын яллагч урд өдөр нь гэж бүтэн 1 хоногийн дараа болсон мэт тайлбарласан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас хохирогч хэр зэргийн согтолттой байсан эсэх, хэдэн цагт ирж, явсан зэрэг талаар тодруулах шаардлагатай. Уг асуудлыг шалгасан баримт хэрэгт авагдаагүй. Мөн хураагдсан 2 хутганы аль хутгаар нь хэрэг үүссэн байх боломжтой, өөрийгөө хутгалсан байх боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт байх ёстой. Гэтэл 6-9 насны хүүхэдтэй өрх толгойлсон эхийг согтуу байсан хүний нэг удаагийн мэдүүлгээр шийдвэл амьдралд маш хүнд нөхцөл байдал үүснэ. Иймд мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэт хийж, хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоолгох шаардлагатай.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурор М.Оюунбатын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад О.Н-Ээд холбогдох эрүүгийн хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй байна гэж үзэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас О.Н-Эийг 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Олимп виллаж” хотхоны 201 дүгээр байрны 157 тоотод байрлах гэртээ иргэн Г.Чтэй “автомашины лизингийн төлбөрийг төлсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар бусдын амь бие, эрүүл мэндэд хохирол учруулж болохуйц зэвсэг болох ахуйн хэрэглээнд ашиглагддаг, эвхэгддэг хутга буюу тонгоргоор хохирогч Г.Чийн цээжний зүүн талд нэг удаа хутгалж, цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндий рүү нэвтэрч, үнхэлцэг хальс, зүрхний оройд хатгагдаж, зүсэгдсэн шарх, үнхэлцгийн хөндийд цус хуралдалт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Анхан шатны шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр талуудыг оролцуулан дээр дурдсан нөхцөл байдлыг хангалттай нотолж, тогтоосон эсэхийг тодруулах үүднээс оролцогч нараас асуулт асууж, захирамжид дурдсан эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг шалгахгүйгээр хэрэгт авагдсан баримтуудад үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт өгөхөд учир дутагдалтай, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд шалгавал зохих ажиллагааг тус бүр тодорхой заасан байх тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд прокурор М.Оюунбатын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/2071 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн тодорхойлох нь хэсэгт хохирогч “Г.Ч”-ийг “С.Чулуунхүү” гэж буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байгааг цаашид анхаарвал зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 2022/ШЗ/2071 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор М.Оюунбатын бичсэн 2022 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 21 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Л.ДАРЬСҮРЭН                           

 

                        ШҮҮГЧ                                                                   М.АЛДАР

 

 

                        ШҮҮГЧ                                                                  Б.БАТЗОРИГ