| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0519/Э |
| Дугаар | 523 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 523
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Б.Дашдондов,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг,
улсын яллагч Р.Энх-Оюун,
иргэдийн төлөөлөгч Б.Энхцэцэг,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ш, түүний өмгөөлөгч Ч.Өнөржаргал,
шинжээч Ц.Ганболд,
гэрч Вьетнам Улсын иргэн Van Tuаn /Ван Туан/, орчуулагч Г.Дөлгөөн,
шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-н Гт холбогдох эрүүгийн 201726011172 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 27 настай, эрэгтэй бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны ... тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Д-н Г /РД:.../
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт Р.Б, Я.Ш нар нь маргалдан харилцан заамдалцсан байхад нь Я.Шын толгойн тус газарт нь данхраадны холбоос төмрөөр цохиж, хүнийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр би тухайн үед Оюутолгойгоос ирсэн байсан. Өмнө нь манай дүү миний машиныг унаж байгаад мөргүүлсэн учраас машинаа найзынхаа ажилладаг Вьетнам засварын газар янзлуулсан. Тэгээд би Оюутолгойгоос ирээд “машиныг маань өнгөлөөд өгчих” гэхэд талийгаач найз маань “жаахан ажил ихтэй байна, маргааш хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд хойшлуулсаар байгаад 2 дахь өдөр машины дугаар явахгүй учраас өнгөлж өгье гэхээр нь очтол бороо орсон. Ван Туан Ланд-80 загварын машин янзалж байсан бөгөөд “миний машиныг өнгөлөөд өгөөч” гэхэд “энэ машиныг орой өгөх гэж байгаа юм, түр хүлээчих” гэж хэлсэн. Тэгээд хүлээх зуураа би машиныхаа тэнхлэгийг тохируулчихаад буцаж ирсэн. Тэгтэл Ш “өнөөдөр ажил багатай байна, пиво уух уу” гэхээр нь “тэгье” гээд хамтдаа пиво уусан. Энэ үед урд гараашны Б гэх хүүхэн орж ирсэн бөгөөд бид инээлдээд пиво уугаад сууж байтал Б гэдэг залуу нэг мэдэхэд хажууд ирээд Шыг боогоод, босгоод аваад явсан. Тэгээд “би ахаа та болиоч” гэж хэлээд тэднийг салгах гэтэл намайг “чи цаашаа байж бай...” гээд боогоод 2 удаа цохисон. Гэрч нар мэдүүлэгтээ мөргөсөн гэж хэлсэн нь худал. Энэ асуудал гараашид байсан 3 машины дунд өрнөсөн. Бг намайг цохиход би хойшоо Ланд-80 загварын машиныг түшээд боссон. Тэгээд хартал Б Шыг Приус-20 загварын машины жолоочийн эсрэг талын кирлан дээр шахаад боогоод байсан. Тэгээд эргэн тойрноо хартал Б гэх эмэгтэй сууж байгаад гарсан. Харин Чинбат, Б, Ван Туан нар машин дотроо биднийг харах боломжтой, бүх машины хаалга онгорхой байсан. Би хэн нэгнийг туслах болов уу гээд хартал машин дотроос ямар ч хүн харагдахгүй байсан. Би цочролд орсон. Тэгээд доошоо хартал нэг мод, пивоны сав, төмөр байхаар нь би төмрийг аваад Бг араас нь түүний бөгсөн тус газар цохиж тэднийг салгасан. Тэгээд Б эргэж хараад намайг боож байтал цаана нь түс гэх чанга чимээ гараад Ш газар унасан. Тэр маш том гарааш байсан. Ш тэр гараашийг цуурайттал машин мөргөж унасан. Б нь Шыг боогоод машины урд салхины шил мөргүүлж байсан ” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би талийгаачийн төрсөн ах нь бөгөөд талийгаачийн оршуулгын зардалд 5.326.000 төгрөгийн зардал гарснаас Гаас 4.400.000 төгрөг авсан. Нэмээд өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг болон сэтгэл санааны хохиролд 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Би өвөө болон хавдар өвчтэй ээжтэйгээ хамт амьдардаг. Талийгаач биднээс тусдаа байр түрээслэн амьдардаг байсан ба дүүгээ өнгөрсөнөөс хойш би ээж, өвөө нарыгаа асарч ажил хийх боломжгүй болсон. Манай өвөө 80 нас гарсан хүн байдаг. Сэтгэл санааны хохиролд 6.000.000 төгрөг нэхэмжилж байна. Намайг ажилдаа явсан үеэр ээж, өвөө нар маань гал түлж байгаад байшингийнхаа таазыг шатаасан байсан. Хохирол төлбөрт нийт 8.926.987 төгрөг нэхэмжилж байна” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Van Taun /Ван Таун/-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “....2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр болсон асуудлыг санаж байна. Гыг урьд харж байсан. Талийгаачийн найз. Манай ажил дээр гараашид эхлээд талийгаач, Г нар 2-уулаа пиво ууж байхад нэг найз охин нь нэмэгдээд 3-уулаа пиво уусан. Бусад хүмүүс пиво уугаагүй. Тухайн өдөр Шинбаяр, Г нарын хооронд ямар нэгэн маргаан болоогүй, зүгээр пиво уугаад сууж байсан. Би Бг танина. Миний ажилладаг гараашийн эзний хүргэн юм. Б гараашид сард 4-5 удаа согтуу байдалтай ирдэг. Би тухайн үед хүмүүсийг сууж байсан газраас 30 метрийн зайд ажлаа хийж байсан учраас тэднийг юунаас болж маргалдсан нарийн учрыг сонсож чадаагүй, мэдэж чадаагүй. Б гараашид орж ирээд юм ярилцаад байсан. Г, талийгаач нарыг юм ярьж байхад ирсэн. Бусад хүмүүс бүгд ажлын байран дээрээ ажлаа хийж байсан. Б нь амь хохирогч Ш, Гын цамцны захаас атгаад өргөж босгоод байгаа харагдсан гэж мэдүүлсэн мэдүүлгээ мэдэж байгаа. Гурван Монгол хүн хоорондоо юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна. Нэг харахад Г төмөр барьсан байсан. Б талийгаач болон Г нарыг заамдсан үйлдлийг харсан. ...Энэ үйл явдал богино хугацаанд болсон тул Гыг аль гартаа төмөр барьсаныг мэдэхгүй байна. Нэг харахад барилцаж байсан. Нэг харахад талийгаач газар унасан байсан ба анхны тусламж үзүүлсэн боловч ямар ч шийдэлд хүрч чадаагүй. Амь хохирогч Шыг найз Г нь төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Талийгаач нь цохиулсаны дараа тархи нь хавдаад томорсон байсан. Тэнд байсан бүх хүмүүс анхны тусламж үзүүлсэн. Б, амь хохирогч Ш нар зодолдоогүй, барьцалдсан байсан. Г гартаа барьсан зүйлээрээ Бг цохих гэтэл Б бултаад Шын толгойд цохисон. Тухайн үед Ш, Б нар цамцнаасаа зууралдсан байсан ба Бг “гар тавь” гэж хэлэхэд гараа тавихгүй байсан. Тэд хоорондоо маргалдаж байсан. Талийгаачийг машин мөргүүлсэн асуудалгүй ба заамдалцсан байсан. Г талийгаачийн толгойн зүүн хэсэгт цохисон. Талийгаач нь цохиулсаны дараа өөрөө Приус-20 маркийн машин дээр унаад, газар унасан” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Шинжээч Ц.Ганболдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Амь хохирогчид задлан шинжилгээ хийхэд түүнийг үхэлд хүргэсэн гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт ир ирмэгтэй буюу галт зэвсгээс бусад хатуу биетээр гэмтэл үүсгэгдэхийг хэлнэ. Амь хохирогчид учирсан гэмтэл нь машин мөргөж унаснаас үүсэх боломжгүй. Амь хохирогчийн нүдний зовхины гэмтэл нь түүний дух зулайд цохигдсоноос болж цус хуралт үүссэн. Тэрнээс биш тусдаа үүсгэгдсэн гэмтэл биш. Харин амь хохирогчийн чихний ар хэсгийн хөхрөлт, сэртэн хавьд цус хуралт нь дүгнэлтэд тусгагдаагүй байна. Духан зулайтайгаа хавсарч цөмрөхөд 2 нүдний зовхинд гэмтэл үүссэн. Духнаас баруун зулай руу явсан цөмрөл үүссэн байсан. Дүгнэлтэд талийгаачийн зүүн чихний ард, хүзүүний баруун дээд хэсгийг хамарсан 8х4 см гэмтэл тусгагдалгүй орхигдсон байна, энэ гэмтэл зургаас харахад хуучин байх тул гэмтлийн зэрэг тогтоогдохооргүй байна. Мөн талийгаачийн зүүн бугалганд гадна хэсэгт 8х0,3 см улаан хүрэн өнгийн цус хуралтууд нь жижиг талбайд үүссэн байх тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Дух болон баруун зулайг хамарсан, үргэлжилсэн хугарал нь өөрийн өндрөөс унахад уг гэмтэл үүсэхгүй. Талийгаачид учирсан гэмтэл нь хязгаарлагдмал бөгөөд цөмөрсөн хугарал байсан. Хагалгаанд ороод гавлын ясны хугарсан хэсгүүдийг харахад титэм заадас салсан байсан. Харин өндрөөс унахад үүсэх боломжтой. ...Гэмтлийн эмнэлэгт компьютерын шинжилгээ хийгээд тархины гэмтлийг оношлоод мэс засал, эмийн эмчилгээ хийсэн байсан. Талийгаачийн тархины хаванг буулгаж дийлээгүй, хагалгаанд ороход талийгаачийн тархи нь хавагнаад түрж гарсан байсан. Оношлогоо хийгээд, мэс засал хийгээд дараа нь эмийн эмчилгээ хийж байхад нь талийгаач нас барсан. Түүний амь нас аврагдах боломжгүй. Уг гэмтэл гараар цохиход үүсэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/
Мөн хавтаст хэргээс:
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-8х/
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-22х/
Д.Гын өгсөн тайлбар: “...Би уг ахыг биеэр хүчирч дийлэхгүй байсан учир найзыгаа салгах гээд газар байсан машины сэв гаргадаг данхраадны холбоос төмөр байхаар нь аваад баруун гартаа бариад нөгөө ахын араас нь ар нуруу луу цохих гэхэд нөгөө ах бултаад эрчиндээ найз Шын толгой руу төмрөөрөө 1 удаа цохьсон” гэсэн /1хх-ийн 16х/
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол: “...55см урттай, 3,4 диаметртэй, 0,4 см зузаантай төмөр хоолой” /1хх-ийн 41х/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Талийгаач Ш нь миний төрсөн дүү. Би эцэг эхээс хоёулаа юм. 2017 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байгаад орой 20 цагийн орчим талийгаач Шын түрээслэн ажиллуулдаг байсан Вьетнам засварын газарт очсон. Тэгэхэд талийгаач Ш машинаа засаад ажлаа хийгээд байж байсан. Би талийгаачийн түрээслэн ажиллуулдаг байсан засварын газар хамт ажилладаг юм. Тэгээд цалингаа авах гэж очиход намайг маргааш буюу 20-ны өдөр ир гэж хэлсэн. Тэгээд талийгаач Штай ойр зуурын юм ярьж байгаад гэр лүүгээ явсан. Тэгээд 20-ны өдөр бороотой байсан тул би талийгаачийн ажил дээр очоогүй гэртээ байж байхад орой 18 цаг 50 минутын орчим талийгаачийн эхнэр Х ... гэх өөрийн дугаараас над руу залгаад та Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр хүрээд ир, өвөө, ээжид юм яриад хэрэггүй, та зүгээр хүрээд ир гэхээр нь би гэрээсээ гараад Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очсон. Тэгээд би Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр очиход эмнэлэг дээр баз хүргэн М, Б, Х 3 байж байсан ба би юу болсон талаар асуухад Х надад Шыг Г төмрөөр толгой руу нь цохьсон. Ш одоо сэхээнд байгаа гэж хэлсэн. Талийгаач Ш намайг эмнэлэг дээр ирэхэд ухаангүй байсан. Би тухайн үед юу болсон талаар сайн мэдэхгүй байсан ямар ч байсан талийгаачийг ажил дээрээ байхад түүний найз Г толгой руу нь төмрөөр цохьсон л гэж хэлсэн. Тэгээд намайг Гэмтэл согог судлалын үндэсний төв дээр байж байхад тэнд байсан 2-3 эмч нар ирээд та Шын ар гэрийн хүн үү гэж асуухаар нь тийм гэж хэлэхэд эмч нар Шын биеийн байдал маш муу байгаа, одоо тархины хагалгаанд орох шаардлагатай тул та гарын үсэг зурах хэрэгтэй байна гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд гарын үсэг зурсан, хагалгаанд Ш орой 20 цагийн орчим орсон. Тэгээд хагалгаа нилээн удсан ба хэдэн цагт дууссанг нь мэдэхгүй байна. Тэгээд хагалгаа дуусахад эмч нар юм яриагүй, дахиж биеийн байдлыг нь тогтворжуулж байгаад дахин тархины хагалгаа хийх шаардлагатай байна, ер нь биеийн байдал нь муу байна гэж хэлсэн. Тэгээд Шыг хагалгаанаас гаргаад буцаж сэхээнд оруулж хэвтүүлсэн ба бид нар сахиж хоносон. Маргааш нь буюу 21-ний өдөр талийгаач ухаан ороогүй чигээрээ байсаар 22-ны өдөр болсон. Тэгээд 22-ны өдөр мөн адил л ухаангүй сэхээндээ хэвтэж байгаад үдээс хойшдоо цагийг нь мэдэхгүй гадаа хүлээгээд сууж байхад эмч дуудаад Ш өнгөрчихлөө гэж хэлсэн...”
“...Миний хувьд маш их гомдолтой байна. Авто засварын газар тухайн өдөр Г очиж пиво уугаагүй бол Б согтуу очиж хэрүүл маргаан гаргаагүй бол миний дүү өнөөдөр эрүүл саруул байх байсан. Би энэ хоёр хүнээс дүүгийн амь насыг нэхэмжилнэ. Дүүгийн маань амь насыг хохироосон хүнд хуулийн дагуу шалгаж хатуу хариуцлага хүлээлгэхийг хүсэж байна. Талийгаач дүү Я.Шын оршуулгын зардалд нийт 4.883.877 төгрөгийн зардал гарсан .Энэ зардал мөнгийг буруутай этгээдүүдээс нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24-28, 2хх-ийн 29-30х/
Гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр би засварын газар дээрээ 11-12 цагийн хооронд очсон. Намайг очиход Ш, Баагий, М, Чинбаа нар ажлаа хийж байсан. Тэгээд би ажлаа хийж байтал Г гэх залуу засварын газар өөрийн машинтай ирээд өдөр 14 цагийн үед ирээд Штай хамт уулзаад яваад өгсөн ба буцаад 15-16 цагийн хооронд ирсэн. Тэр үед засварын газарт Ш зүүн урд буланд машин засаад хажууд Г хамт байсан. Наана нь би, М, Баагий, Чинбаа /бүтэн нэрийг нь мэдэхгүй гэх/ бид нар машин засаад байж байсан. Цаана байсан Г, Ш хоёр ямар ч байсан 2,5 литрийн пиво задлаад ууж байсан, пивийг хэн хэзээ авсаныг би анзаараагүй. Тэр пивоноос Чинбаа ах, Баагий, М, бид нар нэг нэг аяга уугаад ажлаа үргэлжлүүлж хийсэн. Тэгээд тэр пиво дуусахад Ш, Г хоёр гараад дахиад 2,5 литрийн пиво авсан бөгөөд тэр үед урд талын гражид ажилладаг хүүхэн /нэрийг нь мэдэхгүй гэх/ орж ирээд Г Ш дээр очсон. Тэгээд удалгүй гаднаас Б гэх манай завсарын түрээслүүлэгчийн хүргэн гэх залуу согтуу ганцаараа орж ирээд миний засаж байсан машин дээр ирээд хаалгыг нь саваад намайг буугаад ир гээд татаад байсан. Мыг бас ажил хийлгүүлэхгүй нааш цааш нь татаж чангаагаад байсан. Тэгээд Б хойш яваад Ш, Г нөгөө хүүхэн гурав дээр очсон. Миний засаж байсан машины арын хаалга онгорхой байсан учир Ш, Г нөгөө хүүхэн, Бгийн байгаа газар нэвт харагдаж байсан. Тэр Б гэх залуу тэд нар дээр очоод Шын сууж байсан сандлыг хөлөөрөө өшиглөхөд Ш газар унаад босч байсан, би яг яаж унасныг хараагүй. Тэгээд миний харснаар тэр Б гэх залуу Гыг толгойгоороо 1 удаа мөргөөд заамдаад байсан. Тэр үед Ш нь Бг тайвшруулах маягтай тэврээд зогсож байсан. Тэр үед Б нь Шыг заамдаад хажууд байх машины руу шахаад гараараа 1 удаа гэдэс рүү нь цохиж байгаа харагдсан. Тухайн үед би ажил хийж байсан бөгөөд нэг боолт чангалчихаад очиж салгая гэж бодоод байж байтал тэд нарын хажуу байгаа газар “түг” гэх чимээ гарахаар нь би гайхаад хартал Баагий “хөөе яана аа” гэх шиг болоод бид нар засаж байсан машинаас үсрээд буусан. Тэр үед М “Шыг цохичихлоо ш дээ” гээд Шын байгаа газарт нь гүйгээд очсон ба би, Чинбаа ах, Баагий бид 3 очсон. Миний харснаар Ш тэнд газар унаж байгаа харагдсан ба намайг очиход Ш дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан. Харин нөгөө Г, Б нар хоорондоо бие биеийгээ заамдчихсан зогсож байсан. Харин нөгөө хүүхэн харагдахгүй байсан. Г баруун гартаа машины сэв гаргадаг цулгай турба шиг төмөр барьчихсан байсан ба удалгүй нөгөө төмрөө газар хаясан. Тухайн үед Баагий надад хандаж “чи яваад Бгийн хадам ээжийг дууд” гэхээр нь би засварын газраас гараад хажуугийн гэр лүү ороод түрээслүүлэгч эгч буюу Бгийн хадам ээжийг дуудаад эргээд засвар луу ороход нөгөө Б нь байхгүй явчихсан байсан. Тэгээд нөгөө урд гражийн эмэгтэй түргэн тусламж дуудаад, Г цагдаад дуудлага өгсөн. ... Би яг цохиулахыг нь хараагүй. Би эхлээд хэн нь хаана нь цохьсоныг мэдээгүй ба дараа нь харахад Шын духны баруун талд хавдсан ба Г баруун гартаа нөгөө турба шиг цулгай төмөр барьчихсан зогсож байсан. ...Намайг харахад Г тэр Б нь Шыг заамдаж машин руу шахаад зогсож байсан газрын хажууханд зогсож байсан. Би бодохдоо Б гэх залуу Шыг заамдаад зогсож байхад нь Г тэр Бг араас нь цохих гэж байгаад Шыг цохьчихсон юм болов уу гэж бодож байна. Баагий хэлэхдээ Г баруун гартаа барьсан турба мэт цулгай төмрөөр Шыг заамдаад зогсож байсан Бгийн араас нь цохих гэхэд Б бултахад тэр төмөр эрчиндээ Шын толгой руу цохьсон гэж хэлсэн. Би бол яг цохихийг нь хараагүй. ...Намайг Ш дээр очиход Ш ухаангүй ухаан алдчихсан огт хөдлөхгүй байсан. Биеийн энд тэндээс цус гарсан зүйл байхгүй байсан. Харин бид нар машинаас Шыг жоохон холдуулаад үнэртэй ус үнэртүүлж байхад Шын толгой буюу зулай хэсэг хавдаад овоож байгаа нь нүдэнд харагдаж байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-46х/
Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 12 цагийн үед би ажил дээрээ ирсэн. Намайг ирэхэд ажил дээр талийгаач Ш, Баагий, Чинбаа ах гурав ажлаа хийгээд байж байсан. Намайг ирсний дараахан Б ирсэн. Тэгээд 14 цагийн үед талийгаач Шын найз Г гэх залуу машинаа өнгөлүүлнэ гээд хүрээд ирсэн. Тэгээд хэсэг байж байснаа Г гэртээ харьчихаад ирье гээд яваад 15 цагийн үед ирээд пиво уумаар байна гээд талийгаач Шт хэлж байхыг нь би сонссон юм. Тэр үед талийгаач Ш Гт хандаж “андаа жоохон байж байгаад больё, ажилтай байна” гэж хэлж байсан. Удалгүй Г засварын газраас гарч явсан бөгөөд удалгүй буцаад засварын газарт орж ирсэн. Харин орж ирэхдээ 2,5 литрийн Боргио нэртэй пиво аваад ороод ирсэн бөгөөд талийгаач Ш, Г хоёр хувааж ууж байсан. Тэгээд Г уг пивийг өөрөө аягалж байсан бөгөөд тэр 2 пивийг засварын мухар буюу зүүн урд талдаа буюу цонхны орчим сууж ууж байсан ба тэр 2 ойр зуурын ажил төрөл яриад инээж хөөрөөд сууж байсан. Г эхлээд Баагийд, тэгээд надад, тэгээд Б гэх дарааллаар жижиг аягаар аягалж өгсөн ба тухайн аягалж өгсөн пивийг надаас бусад нь бүгд нэг нэг ууцгаасан. Тухайн үед би эмчилгээ хийлгүүлсэн байсан тул уугаагүй. Тэгээд тэр пивийг тэр 2 уусан бөгөөд бусад нь өөр өөрсдийн ажлаа хийж байсан. Пиво дуусахад талийгаач Ш, Г 2 засвараас гарч яваа харагдсан удалгүй 2-улаа буцаад ороод ирсэн. Орж ирэхдээ дахин 2,5 литрийн Нийслэл нэртэй пиво авч ирээд түүнийгээ анх ууж байсан газраа уугаад сууж байсан. Тэгтэл 17 цагийн үед урд талын гражийн эмэгтэй /нэрийг нь мэдэхгүй гэх/ орж ирээд Г, талийгаач Штай юм яриад суусан. Тэгтэл удалгүй засварын эзний хүргэн гэх Б орж ирээд миний засаж байсан машин дээр ирээд намайг машины хаалгаар хавчаад машин дотор байсан Бат-Эрдэнийг татаж чангаагаад байсан. Б засварын газар орж ирэхдээ архи үнэртүүлчихсэн байсан. Тэгснээ Б талийгаач Ш, Г, урд талын гражийн эмэгтэй нарын сууж байгаа газар очоод Шын сууж байсан сандлыг нь өшиглөхөд Ш сууж байсан сандал дээрээсээ газар луу гараараа тулж унасан. Тэгээд талийгаач Ш босоод Б ах та яаж байна гээд тэврээд авсан ба тэгтэл Б гэх залуу нь онгироод агсам тавих гээд байсан чинь Г нөгөө Б гэх залуу дээр очоод Шыг тэвэрсэн зогсож байсныг салгах гэж байсан ба тэгэхэд Б гэх залуу Гын нүүр лүү 1 удаа мөргөөд, цээж рүү нь түлхээд байх шиг харагдсан. Тухайн үед би машин засаж байсан ба “түг” гэх чимээ гарахаар нь би шууд чимээ гарсан зүг буюу нөгөө хэдийн байгаа газар луу харахад засварын голд хар өнгийн Тоёота приус машины зүүн урд хаалгыг талийгаач Ш нуруу хэсгээрээ налаад унаж байсан. Харин Б Г 2 бие биеийгээ заамдаад зогсож байсан ба Г Бтэй заамдалцсан байхдаа баруун гартаа цулгай 20-н турбо шиг төмөр барьчихсан зогсож байсан. Тэгэхээр би талийгаач Шыг цохьчихлоо ш дээ гээд ганцаараа талийгаач Ш дээр очсон. Намайг очиход тэрээр машины урд хаалгыг налж унаад дээш харсан байдалтай, ухаангүй хэвтэж байсан. Миний араас Б, Баагий 2 ирсэн. Тэгээд талийгаач Шыг машинаас холдуулаад үнэртэй ус үнэртүүлээд түргэн, цагдаа дуудсан. Тэр үед Шын толгой буюу зулай хэсэг хавдаад овоож байгаа нь нүдэнд харагдаж байсан. Өөр ил харагдах гэмтэл байгаагүй. Тэр үед цаана Г, Б нар маргалдаад байж байсан бөгөөд гэнэт ухаан орсон юм шиг 2-улаа хүрч ирээд Б нь “чи хүн алчихлаа” гээд Г луу орилоод байсан. Харин Г болохоор талийгаачийн хажууд “андаа сэргээчээ” гээд орилоод байж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49-53х/
Гэрч Н.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орой гэртээ унтаж байхад 18 цагийн үед манай гражийн түрээслэгчтэй хамт Б гэдэг залуу орж намайг сэрээгээд Бямбаа ах ирээд доор бужигнуулаад байна гэхээр нь би араас нь гарахад шат руу бууж байхдаа “Ганаа хүн алчихлаа” гэсэн. Би яваад ороход манай гражийг түрээслэж ажиллуулдаг Ш гэдэг залуу ухаан алдаад ертөнцийн зүгээр урьд зүгт толгой нь харсан байдалтай уначихсан, хажууд нь хар өнгийн хувцастай залуу “би найзыгаа алчихлаа” гээд уйлаад хамарны доод хэсэгт байхаар нь яасан юм гээд асуухад нэг төмөр заагаад “би энэ төмрөөр найзыгаа цохьчихлоо” гэсэн. Тэр Ганаа гэх залуугийн баруун гар талд 50-60 см урттай бөөрөнхий төмөр байсан, би тэр төмрийг газраас аваад хана түшүүлж тавьсан. Намайг гражид ороход талийгаач газар унасан байсан ба толгойны духны хэсэгт товойж хавдсан байдалтай цээжин хэсгээр ямар нэгэн шарх гэмтэл, ил харагдах зулгаралт байгаагүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57х/
Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-3 тоотод байх авто засварын газрын Ш гэх залуу найзтайгаа халамцуу орж ирж танилцаад пиво уух санал тавьсаныг би зөвшөөрч тэр залуу дэлгүүр яваад би граж руу орсон. Тэр гражид намайг ороход 3 монгол залуу, 1 гадаад буюу эрэгтэй Вьетнам улсын иргэн байсан. Тэдгээр хүмүүс бүдээрээ машин засварлаад байж байсан. Би дээрх хүмүүстэй мэндэлсэн. Талийгаач Ш ажлынхаа цэнхэр өнгийн комбинзон хувцастай, найз гэх залуу /Ганаа/ хар өнгийн цамцтай залуу, доогуураа цэнхэр өнгийн жинсэн өмдтөй байсан. Тэр хоёр гаднаас хүрэн савтай том пиво авч ирээд гражийн дотор ертөнцийн зүгээр урд зүгт замаскны саван дээр суугаад хуванцар аягаар хар цамцтай Ганаа гэдэг залуу аягалж талийгаач Шт хийж өгсөн. Дараа нь надад хийж өгөхөөр нь би уусан. Хар өнгийн цамцтай залуу нь Оюутолгойд ажилладаг өнөөдөр ирээд найзтай пиво ууж байна гэж байсан. Нөгөө пивийг задлаад надад 2 удаа аягаар хийж өгснийг нь уусан ба нөгөө хоёр залуу тус бүр 1 аягыг уусан. Тэгээд сууж байтал гаднаас манай гражийн түрээслүүлэгч Бямбаа ганцаараа орж ирээд шууд хүрч ирээд талийгаач Шыг хүзүүдээд хоёулаа юм ярья гээд хойш гражийн гол хэсэгт байсан хар өнгийн Приус машины хажууд очсон. Тэгтэл хар өнгийн цамцтай залуу /Ганаа/ араас нь очоод Б гэх манай гражийн түрээслүүлэгч залуугийн гараас бариад та яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө Бямбаа нь хар цамцтай залууг цаашаа байж бай гээд гараараа цээж руу нь түлхээд холдуулсан. Энэ үед миний утас дугараад гарч ярьж байхад граж дотроос хэн нэг нь Шинээг цохичихлоо гэхээр нь эргээд харахад талийгаач Ш толгой нь урьд зүг руу харсан байдалтай дээш хараад хар машины дэргэд газар унасан байсан. Харин Б гэх залуу хар цамцтай залуутай заамдалцаад зогсож байсан ба хар цамцтай залуугийн баруун гарт 50-60 орчим см урттай төмөр барьчихсан байсан. Харин хажууд нь нөгөө цэнхэр өнгийн комбинзонтой эрэгтэй ухаан алдаад уначихсан, машин засаж байсан 2 эрэгтэй дэргэд нь ирчихсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-61х/
Гэрч Ван Туаны /Van Tuan/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны бороотой сэрүүн өдөр манай урд талд засварын газар ажиллуулдаг монгол эмэгтэйтээ орж ирээд юм асууж байх үед гаднаас талийгаач Шын найз Г 12 цагийн үед хамт орж ирсэн. Г талийгаач Ш нар уг эмэгтэйг энд суучих юм ярилцъя гэж суулгаад пиво ууцгаасан. Ертөнцийн зүгээр хойд талд нь талийгаач Я.Ш, ертөнцийн зүгээр зүүн талдаа гаднаас орж ирсэн эмэгтэй, ертөнцийн зүгээр урд талдаа Г сууж байсан. Би Б, М, Чинболд бид нар өөрсдийнхөө ажлаа хийгээд машинаа засварлаж байсан. Гэтэл гаднаас Б гэдэг залуу согтуу орж ирээд ... талийгаач Ш болон түүний найз Г, засварын газрын эмэгтэй гурав дээр яваад очсон юм. Б тэдэн дээр очиход Г “чи хэн юм бэ” гээд маргаан болж Б амь хохирогч Я.Ш, Г хоёрын цамцны энгэрээс атгаж өргөөд босгож байгаа харагдсан. Г Бг “чи гараа тавь, ална шүү” гэж хэлсэн. Б гараа тавиагүй зууралдаад явсан. Энэ үед Г зууралдаж байхдаа газраас төмөр авсан. Тэд нар зууралдаад хар Приус машин орчим 1 метр зайтай очоод маргалдсан. Б тэр хоёрын цамцнаас зууралдаад барьсан чигээрээ байсан. Бгийн ертөнцийн зүгээр урьд хэсэгт буюу түүний баруун гар талд Г, харин эсрэг талд буюу хойд зүгт талийгаач Ш байрлаж байсан. Г баруун гартаа барьсан байсан төмрөөрөө Бямбааг цохих гэж байгаад Б хойш гэдийхэд түүний урдуур найз Шыг төмрөөрөө толгойн тус газар нь цохиод Ш ямар ч мэдрэлгүй, тэнцвэргүй болоод Б тавихад 1-2 алхаад машины хөмсөг мөргөөд газар унасан. Б Гыг тавихгүй заамдаад бариад байсан. Би машинаасаа буугаад шууд гүйж очоод Шт цээжинд нь хиймэл амьсгал дарж хийсэн. ...Амь хохирогч Я.Шыг найз Г нь трубо төмрөөр цохиж гэмтэл учруулсан юм. Амь хохирогчийн тархи толгойноос цус гараагүй. Духны баруун хэсэгт овойж хавдсаар том болсон юм. ...Амь хохирогч Шыг Б зодож цохисоныг би хараагүй. Б харин амь хохирогч Я.Ш, Г хоёрын цамцнаас гараар бариад зогсож байсан. Тэнд хэн нэг нь ухаан алдах хэмжээний боолгуулсон, багалзуурдсан зүйл болоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 63-64х/
Гэрч Б.Хгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б талийгаач нөхөр Ш хоёр бие биеийгээ заамдаад тэгснээ сайндаад бие биеийгээ тэвэрчихсэн зогсож байхад нь Г Шыг өмөөрөөд Бг цулгай турба шиг төмрөөр цохих гэж байхад нь Б түүнийг хараад хажуу тийш бултахад тэр эрчиндээ Шын толгойн дух хэсэгт цохьсон ба яг энэ үйл явдлыг нь Вьетнам улсын иргэн Баагий харсан гэж ах хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 65-68х/
Гэрч Р.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 сарын 20-ны өдөр жижүүрийн шуурхай бүрэлдэхүүнд жижүүрийн мөрдөн байцаагчаар үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр 17 цаг 56 минутанд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-3 тоот авто засварын газар төмрөөр хүн цохиуллаа гэж дуудлагын дагуу шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтан-Одын хамтаар очсон. Биднийг очиход уг тоотод Вьетнам засварын газар ажиллуулдаг граж байсан ба уг гражийн голд хар өнгийн Тоёота приус маркийн машины хажууд нэг залуу хэвтсэн ухаангүй байдалтай газар унасан байсан. Хажууд нь тус газар ажилладаг гэх хоёр эрэгтэй суучихсан толгой дээр нь жин тавьж байсан. Тухайн үед түргэн тусламж ирээгүй байсан ба хэргийн газарт байсан гэрчүүдээс юу болсон талаар нь асуухад Бямбаа гэх залуу орж ирээд ухаангүй хэвтэж байх залуу, түүний найз Ганаа хоёрыг заамдаж авсан. Тэр Г нь турба шиг төмөр авч Бг цохих гэсэн чинь нөгөө залуу нь бултаад цаана нь байсан найзыгаа оносон гэж ярьж байсан. Уг залуу төмрөөр цохиулаад арын хар өнгийн Приус машиныг налж доош унаад ухаангүй болсон гэсэн. Түргэн тусламжийн автомашин ирж хохирогчийг авч гэмтлийн эмнэлэг рүү явсны дараагаар хэргийн газрын үзлэгийг хийж цохьсон гэх турба шиг төмрийг уг гражийн эзэн Баяраа гэх настай эмэгтэй нь анх цохиулсан гэх газраас авч холдуулан үүдний хананы хажууд тавьсан байсныг үзлэгээр бэхжүүлэн хураан асван. Уг Баяраа гэх хүнээс ямар учраас холдуулсан болохыг нь асуухад уг төмрөөр дахин хүн цохьчихож магадгүй гэж бодоод холдуулсан гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1248 дүгнэлтэд: “...1/Талийгаачид дух, баруун зулайн цөмөрсөн хугарал, духны дэлбэнгийн няцралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны зулгаралт тогтоогдлоо. 2/Толгойн гэмтлийн улмаас тархи хавагнаж үхэлд хүргэсэн. 3/Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлж зөв оношлон мэс засал болон эмийн эмчилгээг зохих ёсоор хийжээ. 4/Амь насыг аврах боломж бага байжээ. 5/Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. 6/Цус нь 1 дүгээр бүлэг байна...” гэжээ. /1хх-ийн 71-74х/
Шинжээч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Тухайн гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Амь хохирогч Я.Шын биед хийсэн задлан шинжилгээгээр түүний хоолойны орчим ямар нэгэн зулгаралт шарх сорви байгаагүй. Мөн нас барах үед үзлэг хийсэн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн цогцосны үзлэгт энэ талаар тусгагдаагүй байсан. ....Дотор эрхтнүүдэд ямар нэгэн амьсгал бүтэлтийн улмаас үүсэн шинж тэмдгүүд илрээгүй байсан. ...Толгойд үүссэн тархины гэмтэл явганаас унах, юм мөргөх үед үүсэх боломжгүй, яагаад гэвэл тархинд үүссэн гэмтэл том хэмжээтэй, цөмөрсөн хугаралаас гадна заадас нь салсан байсан. Энэ гэмтэл нь өндрөөс унах аль эсхүл хүчтэй цохих хүч үйлчилсний улмаас үүснэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76, 77х/
Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цогцосны гадна үзлэгээр ямар нэгэн зулгаралт, боолтын ул мөр үүсээгүй байсан. Зүүн нүдний дээд зовхи, гадна булан, баруун нүдний дээд зовхи, гадна буланд, духны баруун дээд хэсэгт 3,5х1,5см, зүүн чихний ард, хүзүүний баруун дээд хэсгийг хамарсан 8х4 см, мөн баруун шанаа хэсэгт хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79х/
Амь хохирогч Я.Шын өвчний түүх /1хх-ийн 97-110х/
Шүүх сэтгэц эмгэг судлалын №717 тоот дүгнэлтэд: “...1/Д.Г нь сэтгэцийн өвчингүй байна. 2/Д.Г үйлдэгдсэн гэмт хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 3/Д.Г эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна...” гэжээ. /1хх-ийн 94-95х/
Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 8238 дугаартай дүгнэлт:
Д.Гын биед гэмтэл тогтоогдсонгүй. /1хх-ийн 84х/,
Д.Гын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /2хх-ийн 48х/
Гэрч Б.Хгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 142-143х/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл: /1хх-ийн 150-152х/
Хохирол нэхэмжилсэн хүсэлт, баримтууд /1-р хх-ийн 31-37х/
Хохиролын тооцоо хийсэн баримт /1-р хх-ийн 38-39х/
Яллагдагч Р.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Шт өөрийн машины түлхүүрээ өгөх гээд дуудахад Ш хариу хэлэхгүй болохоор нь би түүний цамцны захнаас татаж босгоод гражийн үүд хэсэг рүү чиглээд явсан. Тэр үед түүний найз Г хүрч ирээд “тавь пизда минь” гэхээр нь би түүнийг “ чи цаашаа байж бай” гээд нэг гараараа түүний цээж рүү нь түлхээд цааш алхаад Ш бид хоёр юм ярьж байхад араас хүн ирэх шиг болохоор би хажуу тийш болоход Г төмрөөр миний урд байсан Шыг цохиод газар унагасан. Би түүнийг ямар санаа зорилгоор төмөр авч ийм үйлдэл хийснийг ойлгохгүй байна. Амь хохирогч Ш Г хоёр хоорондоо найзууд тухайн үед маргалдаагүй. Намайг харахад эргэж харахад Гын гарт нь 1 метр орчим турба байхаар нь түүнийг гарыг түлхээд байж байхад гражид байсан хүмүүс ирж бид хоёрыг холдуулсан. Тэнд ажиллаж байсан хүмүүсээс хэн нэгэн “хүн алчихлаа ш дээ” гэж орилж байхаар нь хартал Ш дээшээ хараад уначихсан ухаангүй мэт болсон, ямар нэгэн газраас нь цус гараагүй байсан. ...Би амь хохирогч Шыг өшиглөж унагаасан зүйл байхгүй түүний цамцны захнаас татаж босгосон. Шыг зодож цохиогүй. Гыг мөргөж цохьсон зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 189-193х/
Яллагдагч Р.Бгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, схем зураг: /1хх-ийн 193-204х/
Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 15 цаг өнгөрч байхад багын найз Шын ажиллуулдаг авто засварын газарт өөрийнхөө Приус-20 маркийн 17-62 УНП дугаарын машинаа өнгөлүүлэхээр очсон. Тэднийх ажил ихтэй байсан болохоор найз Штай уулзаад гарч яваад өөрийнхөө машины тэнхлэг тохиргоог хийлгэчихээд 17 цагийн үед найз Шын ажил дээр очсон. Тэгээд бид хоёр юм ярьж байгаад манай найз Ш хоёулаа ганц пиво ууя гэж хэлээд Чинбаа гэдэг ахыг явуулаад гаднаас Боргио нэртэй том савтай пиво авахуулж ирээд тэрийг нь тэнд байсан Вьетнам улсын иргэн Баагий гэх эрэгтэй, Чинбаа гэдэг настай ах, Б, Шын баз хүргэн бид нар бүгдээрээ хувааж ууж дуусгасан. Талийгаач Ш дахин пиво ууя гээд хэн нэгнийг нь явуулж Сэнгүр нэртэй том савтай пиво авчирсан. Тэгээд тэр пивыг задлаад Ш нэг аягыг уучихаад байж байхад гаднаас урд талын гражид ажилладаг гэх хүүхэн орж ирээд Ш болон бусад хүмүүстэй юм ярьж байсан. Би Шт уг пивоноос хийж өгсний дараа нөгөө хүүхэн нэг аягыг хийж өгөх гэж байхад гаднаас бараан өнгийн хувцастай махлагдуу өндөр, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй биднээс арай ахимаг насны залуу ганцаараа орж ирээд талийгаачийг сууж байсан газраас ажлын хувцасны захнаас нь боогоод Шыг багалзуурдаж босгочихоод аваад явахаар нь би араас нь салгах гэж очоод тэр хоёрын дундуур орж салгахад намайг баруун гараараа цахилгаантай цамц байсны захаар боож баруун гараараа шанаа руу гараараа цохиход би хойш алхаж дугуйнд тээглээд унах шахсан. Би хөл дээрээ тогтоод харахад Б талийгаачийг дахин барьж аваад цамцны захаар боож талийгаачийн өөрийнх машинд шахаад ухаан алдаж байсан. Би зогсож байсан газарт доош харахад данхраадны холбоос төмөр байхаар нь газраас аваад Бгийн бөгс орчим нэг удаа цохиод Б талийгаачийг тавиад эргэж хараад намайг ална гэгээд цамцны захаас бариад боосон. Энэ үед миний амьсгал боогдсон ба талийгаач Ш өөрийгөө хянах чадваргүй машины өнцгийг мөргөж тас хийх чимээ гараад газар унасан. Энэ үед урьд гражийн хүүхэн “хүн алчихлаа” гэж орилоход Б намайг тавиад гараад гүйсэн. ...Би найзыгаа цохино гэж бодож цохиогүй. Би Б гэдэг хүнийг найзыг минь алах байх гэж сэргийлж, тийм үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-152х/
Д.Гын хувийн байдлын талаар:
- Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 38х/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд: Д.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй гэжээ. /1хх-ийн 159х/
- Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хорооны тодорхойлолтод: Д.Г нь тус хорооны Алтай 3 дугаар гудамжны 351 тоот хаягт ээж, дүүгийн хамт ам бүл 3 амьдардаг гэжээ.
- Оюутолгой ХХК-ийн Д.Гын амжилттай ажилласан талаархи батламжийн хуулбар /1хх-ийн 161х/
- Сагсанбөмбөгийн 2 дугаар байр эзэлж байсан тухай өргөмжлөлийн хуулбар /1хх-ийн 162х/
- Ганхөлөг ХХК-ийн чадамжийг тодорхойлох гэрчилгээ /1хх-ийн 163х/
- Ирээдүй цогцолбор сургуулийн диплом /1хх-ийн 164х/
- Д.Гын Оюутолгой ХХК-ийн ажлын үнэмлэхний хуулбар /1хх-ийн 165х/
- Барилга ХК-ийн тодорхойлолтод: Д.Г нь тус компанид бетон арматурчинаар 1.350.000 төгрөгийн цалинтай ажилладаг болохыг тодорхойлжээ. /1хх-ийн 166х/
- Барилга ХК-ийн хөлсөөр ажиллах гэрээний хуулбар /1хх-ийн 167-169х/
- Д.Гын Хаан банк ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний хуулбар /1хх-ийн 170-174х/
- Гэрч Ө.Гэрэлчимэгийн /Д.Гын найз охин гэх/ мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г зан байдлын хувьд ухаантай, буурь суурьтай, зорилготой, хүнд тусархуу, хүнтэй муудалцаж байгааг нь харж байгаагүй, нийтэч, нөхөрсөг зантай хүн. Манай найз залуу гэртээ л байдаг. Архи хэрэглэдэггүй. ...Манай найз залуу 2015, 2016 онуудад байгууллагын сагсан бөмбөгийн тэмцээнд ороод 2 дугаар байр эзэлж, шагнал авч байсан. 2016 оны зун байгууллагын шилдэг ажилчин гэдэг шагнал авсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 182х/, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн 5 хуудас баримт, хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгөөс гаргаж өгсөн 3 хуудас баримт зэрэг болно.
Шүүхийн дүгнэлтийн талаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б овогт Д-н Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Д.Гын үйлдэл нь хүнийг алах гэмт хэргийн шинжгүй болох нь хэргийн үйл баримт, гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөл, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэрээр үгүйсгэгдэж байна гэж дүгнэлээ. Учир нь,
Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг ба санаатай үйлдэл хийсний улмаас хүний амь нас хохирсон байх бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулдаг.
Шууд бус санаатай бусдыг алсан гэдэг нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн байдаг.
Харин гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийг хөнгөмсгөөр найдсан, хайхрамжгүй хандсан гэж хоёр ангилдаг бөгөөд хайхрамжгүй хандах нь гэмт этгээд үйлдэл буюу эс үйлдлээсээ учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй, ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсанд оршдог.
Тус хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Р.Бгийн буруутай, увайгүй хүн болгон руу үсчсэн дайрсан үйлдлийг таслан зогсоох, түүнээс өөрийгөө болон найзыгаа өмөөрч салгах зорилгоор труба төмөр авч Р.Бг цохих үед Р.Б нь бултаж улмаар уг төмөр нь түүний найз болох Я.Шын толгойн тус газар цохьж амь насыг нь хохирооход хүргэсэн байна. Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгч Д.Гыг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Г нь хор уршгийг субъектив шинжийн хувьд мэдээгүй, ухамсарлаагүй боловч объектив талаас нь дүгнэхэд мэдэх ёстой, мэдэх боломжтой, уг үйлдлээс гарах үр дагаварт хайрамжгүй хандсан гэж шүүх дүгнэлээ. Учир нь,
Шүүгдэгч Д.Г нь болгоомжгүйгээр хүний амь насыг хохироосон болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тодруулбал,
шүүгдэгч Д.Г нь 2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... тоотод үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын газарт Р.Б гэгчийн зүй бус үйлдлээс болж уурлан өөрийгөө болон найз Я.Шыгаа өмөөрч, Р.Бгийн заамдалтаас найзыгаа салгах зорилгоор труба төмөр авч цохихдоо өөрийн найз Я.Шыг цохиж амь насыг болгоомжгүйгээр хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Шыг Г төмрөөр толгой руу нь цохьсон гэсэн. Миний хувьд маш их гомдолтой байна. Авто засварын газар тухайн өдөр Г очиж пиво уугаагүй бол, Б согтуу очиж хэрүүл маргаан гаргаагүй бол миний дүү өнөөдөр эрүүл саруул байх байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 24-28, 2хх-ийн 29-30х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Гэрч Б.Бат-Эрдэний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдөр Г, Ш хоёр 2,5 литрийн пиво задлаад ууж байсан, тэр пиво дуусахад Ш, Г хоёр гараад дахиад 2,5 литрийн пиво авсан, ...удалгүй гаднаас Б гэх манай завсарын түрээслүүлэгчийн хүргэн гэх залуу согтуу ганцаараа орж ирээд намайг болон Мыг бас ажил хийлгүүлэхгүй нааш цааш нь татаж чангаагаад байсан. Тэгээд Б хойш яваад Ш, Г дээр очоод Шын сууж байсан сандлыг хөлөөрөө өшиглөхөд Ш газар унаад босч байсан. Тэгээд миний харснаар тэр Б гэх залуу Гыг толгойгоороо 1 удаа мөргөөд заамдаад байсан. Тэр үед Ш нь Бг тайвшруулах маягтай тэврээд зогсож байсан. Тэр үед Б нь Шыг заамдаад хажууд байх машины руу шахаад гараараа 1 удаа гэдэс рүү нь цохиж байгаа харагдсан. Тухайн үед би ажил хийж байсан бөгөөд нэг боолт чангалчихаад очиж салгая гэж бодоод байж байтал тэд нарын хажуу байгаа газар “түг” гэх чимээ гарахаар нь би гайхаад хартал Баагий “хөөе яана аа” гэх шиг болоод бид нар засаж байсан машинаас үсрээд буусан. Тэр үед М “Шыг цохичихлоо ш дээ” гээд Шын байгаа газарт нь гүйгээд очсон. Миний харснаар Ш тэнд газар унаж байгаа харагдсан ба намайг очиход Ш дээшээ харсан байдалтай газар хэвтэж байсан.Г баруун гартаа машины сэв гаргадаг цулгай турба шиг төмөр барьчихсан. Баагий хэлэхдээ Г баруун гартаа барьсан турба мэт цулгай төмрөөр Шыг заамдаад зогсож байсан Бгийн араас нь цохих гэхэд Б бултахад тэр төмөр эрчиндээ Шын толгой руу цохьсон гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 43-46х/
Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...талийгаач Ш, Г хоёр пиво хувааж уугаад ойр зуурын ажил төрөл яриад инээж хөөрөөд сууж байсан. ...Тэгтэл засварын эзний хүргэн гэх Б орж ирээд намайг машины хаалгаар хавчаад машин дотор байсан Бат-Эрдэнийг татаж чангаагаад байсан. Б нь Шын сууж байсан сандлыг нь өшиглөхөд Ш сууж байсан сандал дээрээсээ газар луу гараараа тулж унасан. Тэгээд талийгаач Ш босоод Б ах та яаж байна гээд тэврээд авсан ба тэгтэл Б гэх залуу нь онгироод агсам тавих гээд байсан чинь Г нөгөө Б гэх залуу дээр очоод Шыг тэвэрсэн зогсож байсныг салгах гэж байсан ба тэгэхэд Б гэх залуу Гын нүүр лүү 1 удаа мөргөөд, цээж рүү нь түлхээд байх шиг харагдсан. Тухайн үед би машин засаж байсан ба “түг” гэх чимээ гарахаар нь би шууд чимээ гарсан зүг буюу нөгөө хэдийн байгаа газар луу харахад засварын голд хар өнгийн Тоёота приус машины зүүн урд хаалгыг талийгаач Ш нуруу хэсгээрээ налаад унаж байсан. Харин Б Г 2 бие биеийгээ заамдаад зогсож байсан ба Г Бтэй заамдалцсан байхдаа баруун гартаа цулгай 20-н турбо шиг төмөр барьчихсан зогсож байсан. ...Б нь “чи хүн алчихлаа” гээд Г луу орилоод байсан. Харин Г болохоор талийгаачийн хажууд “андаа сэргээчээ” гээд орилоод байж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 49-53х/
Гэрч Н.Баяраагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн орой гэртээ унтаж байхад 18 цагийн үед манай гражийн түрээслэгчтэй хамт Б гэдэг залуу орж намайг сэрээгээд Бямбаа ах ирээд доор бужигнуулаад байна гэхээр нь би араас нь гарахад шат руу бууж байхдаа “Ганаа хүн алчихлаа” гэсэн. Би яваад ороход манай гражийг түрээслэж ажиллуулдаг Ш гэдэг залуу ухаан алдаад ертөнцийн зүгээр урьд зүгт толгой нь харсан байдалтай уначихсан, хажууд нь хар өнгийн хувцастай залуу “би найзыгаа алчихлаа” гээд уйлаад хамарны доод хэсэгт байхаар нь яасан юм гээд асуухад нэг төмөр заагаад “би энэ төмрөөр найзыгаа цохьчихлоо” гэсэн.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 56-57х/
Гэрч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...намайг ороход 3 монгол залуу, 1 гадаад буюу эрэгтэй Вьетнам улсын иргэн байсан. Тэдгээр хүмүүс бүгдээрээ машин засварлаад байж байсан. ...хуванцар аягаар хар цамцтай Ганаа гэдэг залуу аягалж талийгаач Шт хийж өгсөн. Дараа нь надад хийж өгөхөөр нь би уусан. ... Тэгээд сууж байтал гаднаас манай гражийн түрээслүүлэгч Бямбаа ганцаараа орж ирээд шууд хүрч ирээд талийгаач Шыг хүзүүдээд хоёулаа юм ярья гээд хойш гражийн гол хэсэгт байсан хар өнгийн Приус машины хажууд очсон. Тэгтэл хар өнгийн цамцтай залуу /Ганаа/ араас нь очоод Б гэх манай гражийн түрээслүүлэгч залуугийн гараас бариад та яагаад байгаа юм бэ гэхэд нөгөө Бямбаа нь хар цамцтай залууг цаашаа байж бай гээд гараараа цээж руу нь түлхээд холдуулсан. Энэ үед миний утас дуугараад гарч ярьж байхад граж дотроос хэн нэг нь Шинээг цохичихлоо гэхээр нь эргээд харахад талийгаач Ш толгой нь урьд зүг руу харсан байдалтай дээш хараад хар машины дэргэд газар унасан байсан. Харин Б гэх залуу хар цамцтай залуутай заамдалцаад зогсож байсан ба хар цамцтай залуугийн баруун гарт 50-60 орчим см урттай төмөр барьчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 60-61х/
Гэрч Р.Баясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 сарын 20-ны өдөр 17 цаг 56 минутанд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хамбын 1-3 тоот авто засварын газар төмрөөр хүн цохиуллаа гэж дуудлагын дагуу шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч М.Алтан-Одын хамтаар очсон. Биднийг очиход уг тоотод Вьетнам засварын газар ажиллуулдаг граж байсан ба уг гражийн голд хар өнгийн Тоёота приус маркийн машины хажууд нэг залуу хэвтсэн ухаангүй байдалтай газар унасан байсан. Хажууд нь тус газар ажилладаг гэх хоёр эрэгтэй суучихсан толгой дээр нь жин тавьж байсан. Тухайн үед түргэн тусламж ирээгүй байсан ба хэргийн газарт байсан гэрчүүдээс юу болсон талаар нь асуухад Бямбаа гэх залуу орж ирээд ухаангүй хэвтэж байх залуу, түүний найз Ганаа хоёрыг заамдаж авсан. Тэр Г нь турба шиг төмөр авч Бг цохих гэсэн чинь нөгөө залуу нь бултаад цаана нь байсан найзыгаа оносон гэж ярьж байсан. Уг залуу төмрөөр цохиулаад арын хар өнгийн Приус машиныг налж доош унаад ухаангүй болсон гэсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 69х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1248 дүгнэлтэд: “...1/Талийгаачид дух, баруун зулайн цөмөрсөн хугарал, духны дэлбэнгийн няцралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны зулгаралт тогтоогдлоо. 2/Толгойн гэмтлийн улмаас тархи хавагнаж үхэлд хүргэсэн. 3/Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлж зөв оношлон мэс засал болон эмийн эмчилгээг зохих ёсоор хийжээ. 4/Амь насыг аврах боломж бага байжээ. 5/Шинжилгээгээр үхэлд хүргэх өвчин үгүй байна. 6/Цус нь 1 дүгээр бүлэг байна...” гэжээ. /1хх-ийн 71-74х/
Шинжээч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Мохоо зүйлийн үйлчлэл гэдэгт ир ирмэгтэй буюу галт зэвсгээс бусад хатуу биетээр гэмтэл үүсгэгдэхийг хэлнэ. Тухайн гэмтэл нь шууд үхэлд хүргэнэ. Амь хохирогч Я.Шын биед хийсэн задлан шинжилгээгээр түүний хоолойны орчим ямар нэгэн зулгаралт шарх сорви байгаагүй. Мөн нас барах үед үзлэг хийсэн шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн цогцосны үзлэгт энэ талаар тусгагдаагүй байсан. ....Дотор эрхтнүүдэд ямар нэгэн амьсгал бүтэлтийн улмаас үүсэн шинж тэмдгүүд илрээгүй байсан. ...Толгойд үүссэн тархины гэмтэл явганаас унах, юм мөргөх үед үүсэх боломжгүй, яагаад гэвэл тархинд үүссэн гэмтэл том хэмжээтэй, цөмөрсөн хугаралаас гадна заадас нь салсан байсан. Энэ гэмтэл нь өндрөөс унах аль эсхүл хүчтэй цохих хүч үйлчилсний улмаас үүснэ.
Амь хохирогчид учирсан гэмтэл нь машин мөргөж унаснаас үүсэх боломжгүй. Амь хохирогчийн нүдний зовхины гэмтэл нь түүний дух зулайд цохигдсоноос болж цус хуралт үүссэн. Тэрнээс биш тусдаа үүсгэгдсэн гэмтэл биш. Харин амь хохирогчийн чихний ар хэсгийн хөхрөлт, сэртэн хавьд цус хуралт нь дүгнэлтэд тусгагдаагүй байна. Духан зулайтайгаа хавсарч цөмрөхөд 2 нүдний зовхинд гэмтэл үүснэ. Духнаас баруун зулайруу явсан цөмрөл үүссэн байсан. Дүгнэлтэд талийгаачийн зүүн чихний ард, хүзүүний баруун дээд хэсгийг хамарсан 8х4 см гэмтэл тусгагдалгүй орхигдсон байна, энэ гэмтэл зургаас харахад хуучин байх тул гэмтлийн зэрэг тогтоогдохооргүй байна. Мөн талийгаачийн зүүн бугалганд гадна хэсэгт 8х0,3 см улаан хүрэн өнгийн цус хуралт нь жижиг талбайд үүссэн байх тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Дух болон баруун зулайг хамарсан, үргэлжилсэн хугарал нь өөрийн өндрөөс унахад уг гэмтэл үүсэхгүй. Талийгаачид учирсан гэмтэл нь хязгаарлагдмал бөгөөд цөмөрсөн хугарал байсан. Хагалгаанд ороод гавлын ясны хугарсан хэсгүүдийг харахад титэм заадас салсан байсан. Харин өндрөөс унахад үүсэх боломжтой. ...Гэмтлийн эмнэлэгт компьютерын шинжилгээ хийгээд тархины гэмтлийг оношлоод мэс засал, эмийн эмчилгээ хийсэн байсан. Талийгаачийн тархины хаванг буулгаж дийлээгүй, хагалгаанд ороход талийгаачийн тархи нь хавагнаад түрж гарсан байсан. Оношлогоо хийгээд, мэс засал хийгээд дараа нь эмийн эмчилгээ хийж байхад нь талийгаач нас барсан. Түүний амь нас аврагдах боломжгүй. Уг гэмтэл гараар цохиход үүсэхгүй” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл, 1хх-ийн 75-76, 77х/
Шинжээч Ш.Цэцэгмаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Цогцосны гадна үзлэгээр ямар нэгэн зулгаралт, боолтын ул мөр үүсээгүй байсан. Зүүн нүдний дээд зовхи, гадна булан, баруун нүдний дээд зовхи, гадна буланд, духны баруун дээд хэсэгт 3,5х1,5см, зүүн чихний ард, хүзүүний баруун дээд хэсгийг хамарсан 8х4 см, мөн баруун шанаа хэсэгт хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 79х/
Амь хохирогч Я.Шын өвчний түүх /1хх-ийн 97-110х/
Д.Гын гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл: /2хх-ийн 48х/
Гэрч Б.Хгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 142-143х/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 3-8х/
Цогцсонд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-22х/
Яллагдагч Р.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би Шт өөрийн машины түлхүүрээ өгөх гээд дуудахад Ш хариу хэлэхгүй болохоор нь би түүний цамцны захнаас татаж босгоод гражийн үүд хэсэг рүү чиглээд явсан. Тэр үед түүний найз Г хүрч ирээд “тавь пизда минь” гэхээр нь би түүнийг “ чи цаашаа байж бай” гээд нэг гараараа түүний цээж рүү нь түлхээд цааш алхаад Ш бид хоёр юм ярьж байхад араас хүн ирэх шиг болохоор би хажуу тийш болоход Г төмрөөр миний урд байсан Шыг цохиод газар унагасан. Би түүнийг ямар санаа зорилгоор төмөр авч ийм үйлдэл хийснийг ойлгохгүй байна. Амь хохирогч Ш Г хоёр хоорондоо найзууд тухайн үед маргалдаагүй.” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 189-193х/
Шүүгдэгч Д.Гын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гаднаас бараан өнгийн хувцастай махлагдуу өндөр, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй биднээс арай ахимаг насны залуу ганцаараа орж ирээд талийгаачийг сууж байсан газраас ажлын хувцасны захнаас нь боогоод Шыг багалзуурдаж босгочихоод аваад явахаар нь би араас нь салгах гэж очоод тэр хоёрын дундуур орж салгахад намайг баруун гараараа цахилгаантай цамц байсны захаар боож баруун гараараа шанаа руу гараараа цохиход би хойш алхаж дугуйнд тээглээд унах шахсан. Би хөл дээрээ тогтоод харахад Б талийгаачийг дахин барьж аваад цамцны захаар боож талийгаачийн өөрийнх машинд шахаад ухаан алдаж байсан. Би зогсож байсан газарт доош харахад данхраадны холбоос төмөр байхаар нь газраас аваад Бгийн бөгс орчим нэг удаа цохиод Б талийгаачийг тавиад эргэж хараад намайг ална гэгээд цамцны захаас бариад боосон. Энэ үед миний амьсгал боогдсон ба талийгаач Ш өөрийгөө хянах чадваргүй машины өнцгийг мөргөж тас хийх чимээ гараад газар унасан. Энэ үед урьд гражийн хүүхэн “хүн алчихлаа” гэж орилоход Б намайг тавиад гараад гүйсэн. ...Би найзыгаа цохино гэж бодож цохиогүй. Би Б гэдэг хүнийг найзыг минь алах байх гэж сэргийлж, тийм үйлдэл хийсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 151-152х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Б овогт Д-н Гыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан санал хүсэлтийн тухайд:
Шүүгдэгч Д.Г, түүний өмгөөлөгч Б.Тэнгис нь дараах асуудлуудыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ. Үүнд:
-Д.Г нь “би тухайн үед цочролд орсон байсан” гэж,
- мөн өмгөөлөгчийн зүгээс “цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-20х/-д шинжээчээр Д.Дашзэвэг, Д.Энхбаярын хэн нь орсон болох нь тодорхойгүй, ийм хоёр хүний нэр бичигдэж гарсан үсэг зурагдсан зөрчлийг арилгах,
-Ван Туаны мөрдөн байцаалтад өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн зөрүүг арилгах,
-Тухайн хэргийг гарахад гол үүрэг гүйцэтгэсэн Бг дахин нарийвчлан шалгаж нягтлах,
-цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан зарим шарх гэмтэл нь задлан шинжилгээ хийсэн дүгнэлтэд тусгагдаагүй, шинжээч эмч Ц.Ганболд нь энэ талаар эргэлзээтэй байдлаар хариулж байх тул дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах зэрэг асуудлыг шалгуулахаар хэргийг прокурорт буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасаныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь,
1. Тус хэрэгт цугларсан нотлох баримтууд буюу баримт сэлт, мэдээллээс үзэхэд шүүгдэгч өөрийн үйлдэл, үйл ажиллагаагаа удирдах, хяналт тавих чадвар, боломж нь алдагдаж, сэтгэл санааны гүн цочролд орсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна. Тодруулбал, шүүгдэгч нь өөрийн найз /амь хохирогч/ Я.Штай хамт пиво уугаад сууж байхад Б гэгч согтуугаар орж ирэн Я.Ш, Д.Г нар луу дайрч, аль алиныг нь заамдсан, хэл амаар доромжилсон үйлдэл гаргахад нь Д.Г өөрийгөө болон найз Я.Шыг өмөөрч Р.Б гэгчтэй маргалдаж улмаар найзыгаа түүнээс салгах, хамгаалах зорилгоор труба төмөр авч /Д.Г нь өөр цохьчихоор зүйл олдоогүй гэсэн мэдүүлэг өгсөн/ цохьсон гэж мэдүүлснээс гадна гэрч нарын “Р.Б нь Я.Ш, Д.Г нарыг заамдсан, харилцан барьцалдаж авсан, гэхдээ зодож цохьсон зүйлгүй” гэсэн мэдүүлэг зэргээс үзвэл шүүгдэгч Д.Гыг цочролд оруулах хэмжээний асуудал болсон эсэх нь тогтоогдоогүй буюу Д.Г нь өөрийн үйлдлийн шинж чанарыг бүрэн дүүрэн ухамсарлах, удирдан жолоодох, өөртөө хяналт тавих чадвар их хэмжээгээр суларсан нөхцөл байдал тогтоогдоогүй тул Д.Гыг хүчтэй цочрон давчидсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхээргүй байна.
2. Амь хохирогч Я.Шинбаярын цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 19-20х/-д уг ажиллагаанд оролцсон оролцогчдын гарын үсэг зурах хэсэгт тодруулбал, шинжээч гэсний ард а/а Д.Дашзэвэг /1хх-ийн 19х/, Д.Энхбаяр гэж /1хх-ийн 20х/ нэр бичигдсэн байх боловч гарын үсгийн тайлалаас харвал нэг хүний гарын үсэг зурагдсан байдалтай байх тул өөр өөр шинжээч уг ажиллагаанд оролцсон гэж үзэх үндэслэлгүйгээс гадна цогцосны үзлэгийг шинжээч эмч С.Цэцэгмаа хийсэн байх тул шинжээчээр хэн гэх хүн оролцсон болохыг тогтоолгохоор хэргийг буцаах шаардлагагүй, ач холбогдолгүй гэж үзсэн болно.
3. Вьетнам улсын иргэн Van Tuаn /Ван Туан/-ыг мөрдөн байцаалтын шатанд гэрчээр байцаахдаа түүнд орчуулагч томилж, оролцуулалгүй байцаалт авсан /1хх-ийн 63-64х/ байх бөгөөд тэрбээр шүүхийн хэлэлцүүлэгт “би монгол хэлээр уншиж, бичиж чадахгүй, харин монгол хэлээр муухан ярина” гэж мэдүүлсэн болно.
Иймд Вьетнам улсын иргэн Van Tuаn /Ван Туан/-аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчиж авсан мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үнэлэх боломжгүй байна.
Харин түүнд шүүхийн шатнаас орчуулагч томилж, орчуулагчаар Б.Дөлгөөн гэх хүнийг оролцуулан мэдүүлэг авсан тул уг мэдүүлгийг үнэлсэн тул Вьетнам улсын иргэн Van Tuаn /Ван Туан/-ны мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг зөрүүг арилгах шаардлагагүй болно.
4. 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 34 дугаартай Прокурорын тогтоолоор Р.Бд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /2хх-ийн 23-24х/ Учир нь,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд: “...толгойд мэс заслын шархтай, толгойдоо хаван хавдар ихтэй,зүүн нүдний дээд зовхи, гадна булан, баруун нүдний дээд зовхи гадна булан, духны баруун дээд хэсэгт 3,5х1,5 см хөхөлбөр ягаан өнгийн цус хуралттай” гэж /1хх-ийн 19х/, задлан шинжилгээ хийсэн 1248 дугаартай дүгнэлтэд “талийгаачид дух, баруун зулайн цөмөрсөн хугарал, духны дэлбэнгийн няцралт, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, духны зулгаралт гэмтэл тогтоогдсон, уг толгойн гэмтлийн улмаас тархи хавагнаж үхэлд хүргэсэн талаар дурдсан/1хх-ийн 71-74х/, мөн шинжээч эмч Ц.Ганболдын “толгойд үүссэн тархины гэмтэл явганаас унах, юм мөргөх үед үүсэх боломжгүй, яагаад гэвэл тархинд үүссэн гэмтэл том хэмжээтэй, цөмөрсөн хугаралаас гадна заадас нь салсан байсан. Энэ гэмтэл нь өндрөөс унах аль эсхүл хүчтэй цохих хүч үйлчилсний улмаас үүснэ...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 75-76, 77х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг баримтууд болон гэрч Б.Б, Б.М, А.Б нар нь “...Г баруун гартаа барьсан турба мэт цулгай төмөр барьсан байсан ба уг төмрөөр Шыг заамдаад зогсож байсан Бгийн араас нь цохих гэхэд Б бултахад тэр төмөр эрчиндээ Шын толгой руу цохьсон” талаар тус тус мэдүүлцгээсэн тул Р.Бгийн үйлдлээс болж Я.Шын биед үхэлд хүргэх хэмжээний гэмтэл учирсан нь тогтоогдоогүй байна.
5. Шинжээчийн 1248 дугаартай дүгнэлт, шинжээч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үнэлэхгүй байх, нотлох баримтаас хасах үндэслэлгүй байна. Учир нь,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан хохирогчийн үхэлд хүргэсэн шарх гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд бүрэн тусгагдсан, Я.Шын өвчний түүхэнд амь хохирогчийн толгойд учирсан гэмтлийн улмаас хагалгаанд орсон, гэмтлийн улмаас тархи их хэмжээний хаван хавдартай, уг хаван хавдрыг буулгах эмчилгээ хийсэн ч үр дүнд хүрэлгүй нас барсан талаар тэмдэглэгдсэн, шинжээч эмч Ц.Ганболд нь дээрх баримт болон цогцост задлан шинжилгээ хийж тус дүгнэлтийг гаргасан талаараа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, дээрх баримтуудад тусгагдсан үхэлд хүргэсэн шалтгаан нь ижил буюу хоорондоо агуулгын хувьд ноцтой зөрүүгүй тул нотлох баримтаар үнэлэхгүй байх хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлд тусгагдсан “Зүүн нүдний дээд зовхи, гадна булан, баруун нүдний дээд зовхи, гадна буланд, духны баруун дээд хэсэгт 3,5х1,5см, зүүн чихний ард, хүзүүний баруун дээд хэсгийг хамарсан 8х4 см, мөн баруун шанаа хэсэгт хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай” гэж тэмдэглэгдэж, шинжээч эмч С.Цэцэгмаа энэ талаар мөн мэдүүлсэн нь Ц.Ганболд шинжээчийн дүгнэлтэд тусгагдаагүй талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн асуултад шинжээч эмч Ц.Ганболд нь “амь хохирогчийн нүдний зовхины гэмтэл нь дух, зулайтайгаа хавсарч цөмрөхөд 2 нүдний зовхинд гэмтэл үүссэн. Духнаас баруун зулайруу явсан цөмрөл үүссэн байсан. Дүгнэлтэд талийгаачийн зүүн чихний ард, хүзүүний баруун дээд хэсгийг хамарсан 8х4 см гэмтэл тусгагдалгүй орхигдсон байна, энэ гэмтэл зургаас харахад хуучин байх тул гэмтлийн зэрэг тогтоогдохооргүй байна. Мөн талийгаачийн зүүн бугалганд гадна хэсэгт 8х0,3 см улаан хүрэн өнгийн цус хуралттай гэсэн нь жижиг талбайд үүссэн байх тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэсэн тайлбар, мэдүүлгийг өгсөн байх тул уг асуудлыг дахин тодруулахаар дахин шинжээч томилох шаардлагагүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэсэг:
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хохирогчийн төлөөлөгч Я.Шгийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээч нарын мэдүүлгүүдээр шүүгдэгч Д.Г нь Я.Шын амь насыг болгоомжгүй хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байх тул Д.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэсэн болно.
Д.Гын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн төлөөлөгч Я.Шд хохирлоос тодорхой хэмжээгээр /4.400.000 төгрөг/ төлсөн, үлдэгдэл хохиролыг төлөхөө илэрхийлсэн, нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тухайн үйлдэгдсэн хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч Д.Гын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Гт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Иймээс шүүгдэгч Д.Гансүхаатарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч Д.Г нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 159х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ш нь оршуулгын зардал 5.326.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2.000.000 төгрөг, сэтгэл санааны хохирол 6000.000 төгрөг, нийт 13.326.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч Д.Г нь оршуулгын зардалд 4.400.000 төгрөг төлсөн байх бөгөөд Я.Ш нь зөрүү мөнгө болох 8.926.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүхээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 2.000.0000 төгрөгийг шүүгдэгч Д.Гаас 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж Я.Шд төлүүлэх, бусад зардлаа /оршуулгын зардлын зөрүү, сэтгэл санааны хохирол/ нотлох баримтаа зохих ёсоор бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн болно.
Учир нь, Я.Шгийн амь хохирогчийн оршуулгын зардал болон эмчилгээний төлбөрт зарцуулсан мөнгө гэж 5.326.000 төгрөг нэхэмжилсэн боловч хэрэгт 4.220.517 төгрөгийн баримт гаргаж өгсөн /1хх-ийн 32-37, 2хх-ийн 66х/ байх ба шүүгдэгчээс 4.400.000 төлөгдсөн байна.
Харин гэм буруутай этгээдийн хууль бус үйлдлийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Ш нь өөрийн хууль ёсны эрхийг хамгаалуулахаар өмгөөлөгчтэй хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсны дагуу өмгөөллийн хөлсийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд үүнийг нотолсон баримт хэрэгт авагдсан /2хх-96-100х/ тул Д.Гын хувийн байдал, түүний орлого олох боломж зэрэг нөхцөл байдлыг харгалзан Я.Шгийн өмгөөлөгчийн хөлс болох 2.000.000 төгрөгийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Д.Г нь 2017 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 61 /жаран нэг/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцов. /1 хх-ийн 232, 235, 238, 241, 2хх-ийн 63х/
Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 55 см урттай, 3,4 дм-тэй, 0,4 см зузаантай төмөр хоолойг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 зүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Б овогт Д-н Гт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчлөн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Б овогт Д-н Гыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Гыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Гт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 61 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 55 см урттай, 3,4 дм-тэй, 0,4 см зузаантай төмөр хоолойг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Д.Гын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Гаас 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Я.Шд олгож, Я.Ш нь бусад зардлаа нотлох баримтуудаа хууль ёсны дагуу бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Д.Гыг энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ялтан Д.Гт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.ГАНБААТАР
Б.ДАШДОНДОВ