Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/911

 

 

 

 

 

 

      2022             9              15                                       2022/ДШМ/911                     

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч М.Алдар, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

хохирогч Б.М,

шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Т.Даваажав,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Мөнхбаатар даргалж, шүүгч Г.Ганбаатар, Г.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/961 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Бд холбогдох эрүүгийн 2108 00550 0556 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            О овгийн Дын Б, ..... оны ... дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт .................... дүүргийн ... дүгээр хороо, ...................... дугаар гудамжны ..... тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:........................./;

            Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 11 дүгээр гудамжны 02 тоот хашаанд салсан нөхөр Б.Мтай маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгаар хутгалж, цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд бага хэмжээний цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хүнд санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, зэвсэг хэрэглэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэж зүйлчилж ирүүлснээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Даваанямын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Д.Бгийн насанд хүрээгүй хүүхдүүдийн асран хамгаалах, харгалзан дэмжих асуудлыг шийдвэрлэхийг харьяалах Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Б давж заалдах гомдолдоо: “...Даваанямын Б миний бие 34 настай, өсвөр насны 2 хүүхэдтэйгээ өрх толгойлон амьдардаг. 2021 оны 3 дугаар сарын 6-ны өдөр найз Дын төрсөн өдрийн урилгаар найз Х гэрээс ирж аваад караокед очиж тэмдэглэж байтал миний 15 жил амьдарсан 2 хүүхдийн эцэг Б.М нь 2 бэр дүүтэйгээ хамт ирсэн. Бид караокеноос гарч найз Хы гэрт очиход салсан нөхөр Б.М нилээд согтсон тул гэнэт над руу дайрч, хэл амаар доромжилж, дарамтлаад байхаар нь би цаг ч орой болсон тул баярын уур амьсгалыг муутгахгүй гэсэндээ явахаар гарсан. Гэтэл Б.М миний араас гарч ирээд миний суусан эхнэрт 2 хүүхдийн асуудлаар ярьж, уулзах хэрэггүй шүү гэж дайраад цээжний тус газарт цохиж, түлхэж унагахаар нь би “цагдаа дуудна” гэтэл гэнэт “гялгар юм гаргаж ирээд, амиа хорлолоо” гээд цээж рүүгээ далайхад нь би гараас нь булааж аваад хутга болохыг мэдэж, гэр доторх хүмүүсийг дуудахад Х, Д нар гарч ирсэн. Эдгээр гэрчээр мэдүүлсэн Д, Х нар нь тухайн хэрэг болоод дууссаны дараа буюу Мын гараас хутгыг нь булаан авсан үйл явцыг мэдүүлж, миний гарт хутга байсныг л нотолдог байтал намайг Мыг хутгалж хүнд гэмтэл учруулсан гэм буруутай гэж өндөр ял оноож, өсвөр насны 2 хүүхдийг минь хараа хяналт, асран хамгаалагчгүй үлдээж, анги дэвших, шилжилтийн үед нь сэтгэлзүйн дарамтад оруулж байгаад хяналт тавьж, надад оноосон ялыг хорихоос өөр хэлбэрээр оноож өгч тусална уу. Хүний төрсөн өдөрт очиж гэмт хэрэгтэн болсондоо маш их харамсаж байна.” гэжээ.

            Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч Т.Даваажав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн ба мөрдөн байцаалтад өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүйгээр оролцож байгаад шүүхийн шатанд өмгөөлөгч сонгон авч шүүх хуралдаанд оролцсон юм. Д.Б нь анхан шатны шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй боловч одоо хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж байгаа.

            Энэ гэмт хэргийн хохирогч Б.М нь шүүгдэгч Д.Бд гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтээр цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй талаар дүгнэж хохирогчид учирсан хор уршиг арилсан болно. Мөн Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Миний үйлчлүүлэгч Д.Б нь 11-15 насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эх бөгөөд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, энэ гэмт хэргийн хохирол, хор уршиг арилсан байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.

            Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хуучин өмгөөлөгч нь хэргээ битгий хүлээгээрэй гэж хэлээд уг агуулгыг гомдолд дурдсан. Би адилхан өмгөөлөгч тул өмгөөлөгчийг буруутгахгүй. Уг агуулгаар хэргийг цагаатгуулах байр суурьтай болгож чадна гэж миний үйлчлүүлэгчид хэлсэн байсан.” гэв.

Хохирогч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Бд оногдуулсан ялыг багасгаж өгөөч гэж хүсэн байна. 2 хүүхдийг маань Д.Бгээс өөр харж, хандах хүнгүй. 2 хүүхэд над дээр ирэхгүй гэдэг. Надад ямар нэгэн гомдол, санал, нэхэмжилсэн зүйл байхгүй.” гэв.

Прокурор Г.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмгөөлөгчийн шүүх хуралдааны явцад гаргасан хүсэлт болон хохирогчийн гаргасан мэдүүлэг зэргээр эдгээр хүмүүс нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа болон эрүүгийн хариуцлагын асуудлын талаар гомдол гаргасан гэж ойлгож байна. Улсын яллагчийн зүгээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тал дээр тусгайлан гаргах санал байхгүй бөгөөд хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэж байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 3 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 11 дүгээр гудамжны 02 тоот хашаанд салсан нөхөр Б.Мтай маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хутгалж, цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд бага хэмжээний цус хуралт бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Мын “...2021 оны 3 дугаар сарын 6-аас 7-нд шилжих шөнө ...Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 11-2 тоотод ...миний салсан эхнэр Б нь ...гал тогооны шүүгээнээс жижиг бор шаргал өнгийн хутга аваад “танай эхнэр О-Энийг ална” гээд өвлийн сууцнаас гарч явах үед би ардаас нь гарч явсан. ...Тэгээд Бгийн баруун гарт байсан хутгыг булааж авах ...гэсэн чинь миний зүүн талын суга хэсэгт хутгаар нэг удаа дүрсэн. ...Д гэрч ирэхэд нь “Б ахыг нь хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгээд удаагүй Х нь гэрээсээ гарч ирсэн. ...Би Бг зодож цохисон асуудал гаргаагүй. ...Би өөрийгөө хутгаар гэмтээсэн асуудал байхгүй...” /хх 26-27/,

гэрч Х.Дын “...2021 оны 3 дугаар сарын 6-наас 7-нд шилжих шөнө 01 цагийн үед Б, М нар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Төмөр замын 11-02 тоот Хы гэрээс маргалдаад гарахаар нь би М, Б нарын араас, харин миний араас Х гарахад М хашааны хаалганы үүдний дотор талд Б, Мын урдаас харсан байдалтай М надад “Д аа ахыг нь хутгалчихлаа шүү дээ” гээд элгээ зүүн гараараа дараад зогсож байсан. Тэгэхээр нь би Б рүү харсан чинь баруун гарт нь бор шар иштэй жижиг хутга байхаар нь авах гэхэд надад хутгыг өгөөгүй. Тэгээд би Бгийн хутгыг авах гэж оролдох үед миний гарын чигчий хуруу хутганд зүсэгдсэн. ...Мөнзулын ахын гарт хутга байхгүй байсан. ...би хутгыг нь булааж авах гэж Бгийн цээж хэсгийг гараараа маажсан. Мөн Б бид хоёр ноцолдож газар унах үед уг гэмтэл үүссэн...” /хх 37-42/,

гэрч Б.Хы “...Б, М нар нь өмнөх амьдралаа ярьж маргалдаад манай гэрээс гарсан. Тэгээд М, Б нарын хойноос нь Д гарахаар нь би хойноос нь гэрээсээ гарахад хашааны дотор талд явган хүн орж гардаг хаалганы хажууд Б нь наад талдаа М цаад талд нь урд урдаасаа харсан байдалтай зогсож байсан. Тэгээд М нь Дт хандаад “ахыг нь Б хутгалчихлаа шүү дээ” гэж хэлж байгаа нь надад сонсогдсон. Тэгээд Д нь Бг “та яаж байгаа юм бэ, хутгаа өг” гээд булаацалдах үед би Мын цээж хэсэгт дарж үзэхэд нойтон болсон байсан. ...Бгийн гарт байсан хутга манай гэрийн шүүгээнд байсан жижиг бор шар өнгийн хутга байсан. ...хохирогч Б.М нь амиа хорлох зүйл тэр өдөр яриагүй...” /хх 51, 2 хх 69/,

гэрч Х.О-Энийн “...шөнийн 02-03 цагийн үед Б нь өөрийн гар утаснаас залгаад хэл амаар доромжлоод байсан. ...Б гэх эмэгтэй утсаар яриад “гарч ирж нөхрөө ав” гээд залгаад байхаар нь өөрийн гэрээс гарч байрны баруун урд талд Б, Хаа нар зогсож байсан. Тэгээд би “М хаана байна” гэх үед Б “би мэдэхгүй байна замын хажууд байгаа биз” гээд над руу Б гэх эмэгтэй нь “миний хоёр хүүхдийг өнчрүүлдэг хэн бэ, янхан авгай минь миний хүүхдийн нулимсыг үзвэл сайнаа үзэхгүй” гээд байсан. ...би гарт байсан хутгыг нь хараад айгаад ...гэрт лүүгээ гүйгээд орсон. ...Хаа нь Бг “найздаа хутгаа өгчих, хутга хэрэггүй болно” гээд хоорондоо ярьж байхыг сонссон...” /хх 58-59/,

гэрч Н.Мийн “...шөнийн 03 цагийн үед манай төрсөн ах М архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирсэн. Тэгээд гэрт орж ирээд “гэрлээ асаа” гээд дуугараад байхаар нь босоод ирсэн чинь “салсан эхнэр Б хутгалчихлаа, цээжнээс халуун оргиод байна” гэхээр куртикний цахилгааныг нь тайлаад цамцыг нь сөхөж үзэхэд цээжний зүүн талаас нь цус их хэмжээгээр гарсан байсан. ...Намайг харахад ухаан санаа эрүүл, юу болсон талаараа мэдэж байсан. ...Б.М ах такси бариад ганцаараа ирсэн...” /хх 70-71/,

шинжээч Г.Энхбаатарын “...хохирогчийн зүүн хэсгийн суганы урд шугамаар 6-7 дугаар хавирганы орчимд цээжний хөндий рүү нэвтэрсэн шархны байрлал, зургийг харахад уг шарх нь бага зэрэг босоо, ташуу байрлалтай байх тул хохирогч өөрөө зүүн гартаа хутга барьсан үедээ уг гэмтлийг учруулах боломж муутай...” /хх 109-110/,

хохирогч Б.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Өмнөх шүүх хуралдаанд оногдуулсан ялыг багасгах байх гэж бодоод “өөрөө өөрийгөө хутгалсан” гэж тайлбар гаргасан...” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 2218 дугаартай “...Б.Мын биед цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, цээжний хөндийд бага хэмжээний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 104/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 4-9/,

хохирогч Б.Мын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 30-32/, зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн прокуророос шүүгдэгч Д.Бг хүний эрүүл мэндэд хүнд санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, тухайн зүйлд зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байгаа хэдий ч түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Мын “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн санал, хүсэлт /2 хх 161/, 11-15 насны насанд хүрээгүй 2 хүүхэдтэй /хх 154-155/ зэрэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил 6 сарын хорих ял болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Хэдийгээр шүүгдэгч Д.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэм буруу дээрээ маргадаг ч түүний өмгөөлөгч Т.Даваажав нь “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргаж, Д.Б нь уг давж заалдах гомдолтой танилцаж, гарын үсгээ зурсан байх тул түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэн дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/961 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 51 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/961 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бд 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй. ...” гэж,

- 4 дэх заалтад “...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 5 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар тогтоосугай. ...” гэснийг “...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх хорих ялыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай. ...” гэж тус тус өөрчлөлт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Т.Даваажав нарын ял хөнгөрүүлэхээр гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авсныг дурдсугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бгийн цагдан хоригдсон 51 /тавин нэг/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

                                 ДАРГАЛАГЧ,

                                 ШҮҮГЧ                                                      Л.ДАРЬСҮРЭН

                   

                                 ШҮҮГЧ                                                      М.АЛДАР

                                

                                 ШҮҮГЧ                                                      Б.БАТЗОРИГ