| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лидагийн Одбаатар |
| Хэргийн индекс | 159/2024/0017/З |
| Дугаар | 159/ШШ2024/0025 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 159/ШШ2024/0025
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн 2023 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр дүгнэлттэй, аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч *******д холбогдох “... *******д холбогдох 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0661047 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас гаргасан тайлбарыг хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч ******* шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагч ******* би 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар сумын 7-2-201 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Цэдэндаш овогтой Баярмаа нь эзэмшил газрын хэмжээнээс хэтрүүлж хашаа барьсан байшин хашааг худалдан авсан болно. Энэ нь кадастрын зураг, газрын даамлын гэрээ дүгнэсэн актаар нотлогдож байх тул эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсгийн 10.1-д “хуульд заасныг зөрчиж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар ашигласан” гэх зөрчил үйлдсэн гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан. Хэргийн материалд нотлох баримт болох кадастрын зургийг санамсаргүй байдлаар хавсаргаагүй байна. Иймд зөрчил шалгаж шийдвэрлэсэн эрх бүхий албан тушаалтан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдээгүй, шийтгэл оногдуулах нөхцөл байдлыг тогтоож торгосон нь хууль зүйн үндэслэлтэй байх тул “Эрх бүхий байгууллагын шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр гаргасан 04 дугаартай прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалан нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг хянаад, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Газар, геодези, зураг зүйн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0661047 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.
Хариуцагч прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй, 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу *******д холбогдох 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0661047 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Баясгалангийн гаргасан “... *******д холбогдох 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 0661047 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Л.ОДБААТАР