Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 524

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

           улсын яллагч П.Болормаа,

            шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Д.Дэлгэрцэцэг, /ҮД-0976/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бийн Эд холбогдох 201526012665 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1971 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Төв аймгийн Жаргалант суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, токорчин мэргэжилтэй, ам бүл 1, Сүхбаатар дүүргийн ...тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,

Урьд нь: 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 408 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

  •  2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
  • 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 84 дугаар шийтгэх тогтоолоор 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1,3-д заасныг баримтлан  Хэнтий аймгийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр сүүлийн тогтоолоор оногдуулсан  1 жилийн хорих ялаас 8 сарын хорих ялыг  нэмж эдлэх ялын хугацааг 2 жил 2 сараар тогтоож, 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 27 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
  • 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж эдлэх ялын хугацааг 3 жилээр тогтоож, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан,

- 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 796 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг өршөөж суллагдсан Б овогт Бийн Э /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Э нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ВСВ тавилгын дэлгүүрийн урд талын зам дээр Лексус-470 маркийн ... УНС дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч, иргэн М.Цын цүнх, биет 3.600.000 төгрөгийг хулгайлж, нийт 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гуурын 8 дугаар гудамж “Гибридная” авто засварын газрын үүдэнд Тоёото Приус-30 маркийн ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч, иргэн Л.Сийн биет 430.000 төгрөгийг болон цүнхтэй эд зүйл хулгайлан, нийт 2.430.000 төгрөгийн хохирол учруулсан,

2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны 1 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн С.Цийн Ланд курузер маркын тээврийн хэрэгсэлд нэвтэрч биет 2.228.700 төгрөг болон цүнхтэй эд зүйл хулгайлж нийт 4.682.200 хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн автомашины зогсоол дээр зогсож байсан ... УНҮ улсын дугаартай иргэн Б.Огийн Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч, эд зүйл хулгайлж, 6.790.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны Бор-Үзүүр гэх гэр хороололд байрлах дугуй засварын гадна байсан иргэн Т.Дийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч, гар утас хулгайлж, 800.000 төгрөгийн буюу бусдад нийт 18.352.200 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, үнэлж дүгнэхэд:

шүүгдэгч Б.Э нь хулгайлах гэмт хэргийг  хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Тухайлбал,

 

1/ Шүүгдэгч Б.Э нь 2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр ВСВ тавилгын дэлгүүрийн урд талын зам дээр Лексус-470 маркийн ... УНС дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч, иргэн М.Цын цүнх, биет 3.600.000 төгрөгийг хулгайлж, нийт 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 Хохирогч М.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчим Дундговь аймгаас Улаанбаатар хот руу нөхрийн хамт Лексус-470 маркийн автомашинаар яваад хотод 14 цагийн орчим орж ирсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах BSB электрон үүдэнд зам дээр зогсоод нөхрийнхөө хамт машинаасаа буугаад багаажнаас дүүдээ мах өгөөд буцаад машиндаа суутал урд талын суудлын голд байсан хар өнгийн цүнхтэй бэлэн 3.600.000 төгрөг алга болсон байсан. Тэгээд хүүхдийнхээ гэрт очтол хүүхдүүд цагдаад мэдэгд гэхээр нь тэр оройдоо 21:00-22:00 цагийн орчим өргөдлөө цагдаад өгсөн. ...Цүнхэнд бор өнгийн арьсан түрийвч, цагаан гялгар ууттай 3.600.000 төгрөг байсан. Би Б.Эаас 3600.000 төгрөг хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй..” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 46, 4хх-ийн 9х/

 

Эд зүйлийн үнэлгээ: Хар өнгийн гар цүнх – 50.000 төгрөг, бэлэн мөнгө 3.600.000 төгрөг, нийт 3.650.000 төгрөг /1хх-ийн 47х/

 

Гэрч Н.Бадрахын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 09 цагийн орчим Дундговиос Улаанбаатар хот руу эхнэрийн хамт өөрийн эзэмшлийн Лексус-470 маркийн 0015 УНС улсын дугаартай автомашинаа Улаанбаатар хот руу яваад хотод 14 цагийн орчим орж ирсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах BSB электрон барааны үүдэн зам дээр зогсоод эхнэрийнхээ хамт машинаасаа буугаад багажнаасаа дүүдээ мах авч өгөөд буцаад машиндаа суутал урд талын суудлын голд байсан эхнэрийн барьж явсан хар өнгийн цүнхтэй бэлэн 3.600.000 төгрөг алга болсон байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 54х/

 

Шүүгдэгч Б.Эы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2015 оны 12 дугаар сарын 5-ны өдөр 15-16 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 5-н шарын замын цагдаагийн постны хойд талд зүүн тийш явдаг зам дээрээс бараан өнгийн Лексус маркийн машины урд талын хаалга онгорхой байхаар нь би ороод гялгар хар өнгийн эмэгтэй хүний гар цүнх аваад буцаж зам хөндлөн гараад таксинд суусан. Цүнхэн дотор бэлэн 2.700.000 төгрөг, гоо сайхны эд зүйл байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 85х, 2хх-ийн 177х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

2/ 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Гуурын 8 дугаар гудамж “Гибридная” авто засварын газрын үүдэнд Тоёото Приус-30 маркийн ... УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч, иргэн Л.Сийн биет 430.000 төгрөг,  LV брендийн бор арьсан материалтай, эмэгтэй хүний гар цүнх 1ш, Cosset брендийн бор хүрэн өнгийн арьсан эмэгтэй хүний урт түрийвч 1ш, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банкнуудын виза картууд, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, Сайн ломбардны бичиг, I phone-5s маркийн цагаан өнгийн гар утас 1ш, I phone-3 маркийн хар өнгийн гар утас 1ш, монетан унждаг ээмэг хосоороо, монетон гинж 1ш, эмэгтэй хүний жижиг монетон цагираган ээмэг, ажлын газрын түлхүүрүүд зэрэг эд зүйл хулгайлж, нийт 2.430.000. төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр эгч бид 2 Гибридная гэсэн авто засварын гадна ирээд бид 2 машинаасаа буугаад нөгөө засварчид машины хамрыг нь сөхөөд үзлэгээ эхэлсэн. Тэгээд ойролцоогоор 10-аад минутын дараа засварчид нь машиныг үзэж дуусаад, эгч бид 2 тэндээсээ хөдлөөд 100 айлын барилгын материалын дэлгүүрт очиж гал тогооны тавцангаа янзлуулах гээд түрийвчээ авах гэтэл миний цүнх алга болсон байсан. Тэгээд би шууд 102-т дуудлага өгөөд, бид 2 шууд нөгөө засварын газраа буцаж очоод цүнх алга болсон талаар хэлсэн. Тэгтэл зэсварын газрын хүмүүс надад камерын бичлэг шүүж өгөхөд камерт замын эсрэг талд байрлаж байсан нэг хар өнгийн машинаас нэг хар өнгийн курткатай, куртканыхаа юүдэнгээ толгой дээгүүрээ өмссөн залуу зам хөндлөн гарч ирээд, миний машины ойр орчмоор эргэлдэж байгаад анхаарал сарниулан машины зүүн хойд талын хаалгыг татан онгойлгож миний цүнхийг хулгайлаад буцаж зам гарч байгаа нь бичигдсэн байсан. Мөн цүнх хулгайлах үед замын эсрэг талд зогсож байсан хар өнгийн машин ертөнцийн зүгээр урд зүгт хөдөлсөн. ...Миний сууж явсан машинаас миний LV брендийн бор арьсан материалтай, эмэгтэй хүний гар цүнх алга болсон. Цүнхэн дотор Cosset брендийн бор хүрэн өнгийн арьсан эмэгтэй хүний урт түрийвч, Хаан, Голомт, Худалдаа хөгжлийн банк зэрэг банкнуудын миний эззмшлийн виза картууд, иргэний үнэмлэх, жолооны үнзмлэх, ажлын газрын үнэмлэх, бэлнээр 430.000 тегрөг, Сайн ломбардны бичиг, I phone-5s маркийн цагаан өнгийн гар утас, I phone-3 маркийн хар өнгийн гар утас, монетан унждаг ээмэг хосоороо, монетон гинж, эмэгтэй хүний жижиг монетон цагираган ээмэг, ажлын газрын түлхүүрүүд ойролцоогсор 8 ширхэг түлхүүр зэрэг эд зүйлс байсан хамт алдагдсан байсан. ...Би алдсан өдрөө буюу 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 22 цаг 27 минутаас 22 цаг 46 минут хүртэл 99184864 гэсэн дугаарын утаснаас 9 удаагийн дуудлага ирсэн байсан. Тэгээд бас 22 цаг 47 минутын үед миний 98116004 гэсэн дугаарын утас руу “яаралтай залгаарай” гэсэн мессеж явуулсан байсан. Тэгээд би уг мессежийг уншаад эргүүлээд 99184864 гэсэн дугаар луу залгахад нэг эрэгтэй хүн аваад “би таны цүнхийг олсон хүн байна, би аваачаад өгөх үү, та өөрөө ирээд авах уу” гэж асуусан. Би тэр хүнд “би өөрөө очоод авъя” гэж хэлсэн. Тэгээд тэр залуугаар заалгаад 100 айлын шинэ замын зүүн талд байрлах “Хангай” хотхоны орчим ирсэн. Тэгээд би тэр үед нөхөр Бат-Эрдэнэ, эгч Адъяасүрэнгийн хамт явж байсан. Тэгээд 99184864-ийн эзэн над руу залгаад нэг байр зааж өгөөд “та 7 давхарт гараад ир” гээд байсан. Тэгэхээр нь би “чи өөрөө гараад ир, надад орох боломж байхгүй байна” гэсэн. Тэгтэл удалгүй нэг 40 орчим насны эрэгтэй хүн миний цүнхийг гялгар уутанд хийчихсэн гарч ирсэн. Гарч ирээд тэр залуу “би таны цүнхийг энүүхэн ойрхон гэрийн хажуудах овоолсон шороон дээрээс олсон юм, тань руу зөндөө залгаад утсаа авдаггүй” гэж хэлсэн. Тэгээд би тэр залуугаас “чи миний дугаарыг яаж олж авсан юм бэ” гэж асуухад тэр залуу “таны түрийвчинд байсан ломбардны бичгэн дээрээс таны 98116004 гэсэн дугаарыг олоод залгасан юм” гэж хэлсэн. Тэр залуу бас “би таны цүнхийг олоод доод талынхаа дэлгүүрт ороод нэг гялгар уут авч дотор нь хийгээд гэр лүүгээ авч ороод ээждээ, эхнэртээ үзүүлтэл манай ээж, эхнэр 2 “наад цүнхээ чи заавал хүнийг нь олж өг гэсэн” гэж хэлсэн. Тэгээд миний алдагдсан эд зүйлсээс одоо дутуу нь 2 гар утас, ээмэг, гинж, бэлэн 430.000 төгрөг л байхгүй байсан. Бусад зүйлсээ би эргүүлэн бүрэн бүтэн олж авсан. Би яллагдагч Б.Эаас 2.140.000 төгрөг өгсөнийг хүлээн авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 50-51, 52х, 4хх-ийн 7х/

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 38-40х/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Хар хөх өнгийн өвлийн куртиктэй, куртикнийхээ юүдэнг толгой дээгүүрээ өмссөн, өндөр нуруутай эрэгтэй хүн машины урд очин эргэлдэж байгаад буцан машины байруун талаар явж машины араар тойрон зүүн хойд талын хаалганы хажууд ирж зогсож хаалгыг татан онгойлгоод удалгүй цааш зам дагуу алхаж камераас гарч байна...” гэжээ. /1хх-ийн 42х/

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоол: Сиди /1хх-ийн 44х/

 

Эд зүйлийн үнэлгээ: Эмэгтэй хүний LV загварын гар цүнх – 250.000 төгрөг, түрийвч – 40.000 төгрөг, монетон ээмэг – 120.000 төгрөг, монетон гинж 60.000 төгрөг, I phone-5S гар утас – 900.000 төгрөг, I phone-5G гар утас 450.000 төгрөг, монетон ээмэг – 180.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг /1хх-ийн 53х/

 

Гэрч Л.Адъяасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 сарын 29-ний өдөр төрсөн дүү Сийн хамтаар машинаа засуулахаар гарсан юм. Манай дүү бид 2 жаахан мөнгө муутай байсан учраас манай дүү ээмэг, бөгжөө ТБД андуудын замын эсрэг талд байрлах “Сайн” ломбарданд тавьж мөнгө авсан. Тэгээд Гибридная гэсэн авто засварын гадна ирсэн. ... Засварчин нь машины хамрыг сөхөөд машин үзэж эхэлсэн, би яг хажууд нь зогсож байсан, С харин тэр хүний нөгөө талд нь зогсож байсан. Тэгээд тэр засварын ажилчид машин үзээд бараг 30-аад минутын дараа дууссан. Тэгээд бид 2 машиндаа суугаад 100 айлын барилгын материалын дэлгүүр орохоор явсан юм. С гал тогооныхоо тавилганы тавцанг засуулах гэж явсан юм байна лээ. Тэгээд барилгын материалын дэлгүүрт С орж гарч ирээд цүнхнээсээ юм авах гэтэл Сийн цүнх алга болсон байсан. Тэгээд бид 2 цагдаад дуудлага өгөөд, шууд буцаад нөгөө засварын газартаа ирсэн. Ирээд бид 2 тэр засварын газрын хүмүүстэй хамт камер шүүж үзэхэд нэг хар курткатай, куртканыхаа юүдэнг өмссөн, нилээн өндөр залуу машины ойр орчмоор эргэлдэж байгаад, анхаарал сарниулаад машины зүүн хойд талын хаалгыг татан онгойлгож цүнх хулгайлж байгаа нь бичигдсэн байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 58-59х/

 

            Гэрч Д.Батдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 онд цагаан сарын өмнөхөн өдөр 18 цагийн үед би ажлаа тараад Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо Хангай хотхонд гэж байсан шинэ байраа хүлээж авахаар очсон. Тэгээд Хангай хотхоны ойролцоо явж байхад Трансформаторын хажууд цагаан ууттай уутан дотроос цүнхний оосор цухуйж байсныг харсан. Тэгээд уутыг онгойлгоод хартал дотор нь эмэгтэй хүний цүнх байсан. Тэгээд би гэртээ ороод уг цүнхийг нээгээд үзэхэд бичиг баримтууд байсан. Уг цүнхэн дотор Мобиком, Юнител, Жи-Мобайлын дугааруудын сим картны үүр байсан. Үүр болгон дээр утасны дугаарууд байсан. Тэгээд би уг 3-н дугаар луу залгахад холбогдохгүй байсан. Ганц Жи-Мобайлын дугаар нь холбогдож байсан. Тэгэхээр нь би яаралтай залгаарай гээд мессэж үлдээсэн. Тэгтэл 23 цагийн үед нэг эмэгтэй над руу залгасан. Тэгээд би цүнх олсон талаараа хэлэхэд тэр эмэгтэй цүнхээ очоод авъя гэсэн. Тэгээд удалгүй 2 хүүхэн 1 залуу ирээд би тэр цүнхийг эзэнд нь өгсөн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 61х/,

 

           Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1049 дугаартай дүгнэлтэд:: “...Шинжилгээнд тэнцэх 2б дугаартай 1 ширхэг гарын мөр нь нэгдсэн санд MN005210000801 гэсэн бүртгэлийн дугаараар бүртгэгдсэн Бийн Эы зүүн гарын ядам хурууны хээтэй тохирно...” гэжээ.../1хх-ийн 65х/

 

             Шүүгдэгч Б.Эы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дөлгөөн нуураас хойшоогоо яваад байдаг шинэ зам дагуу байрладаг автозасварын гадаа байсан хар хөх өнгийн Приус-30 машины жолоочийн эсрэг талын урд талын хаалга онгорхой байхаар нь хаалгыг нь онгойлгоод голд нь байсан цүнхийг хулгайлсан. Цүнхийг нээж үзээд Ай Фоне-5 маркийн 2 ширхэг гар утас, бэлэн 400.000 орчим мянган төгрөгийг аваад цүнхийг нь хаясан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 177х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

3/ 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 08 дугаар хорооны 1 дүгээр байрны гадна байрлуулсан иргэн С.Цийн Ланд курузер маркын тээврийн хэрэгсэлд нэвтэрч биет 2.228.700 төгрөг, Reiss брендийн хар өнгийн эмэгтэй хүний цүнх, All Saints брендийн түрийвч 1ш, Самсунг Жи-7 маркийн гар утас 1ш, Ланд Круйзер маркийн автомашины түлхүүр 1ш, компанийн тамга 1ш, Versace  брендийн нарны шил 1ш, харааны шил 1ш зэрэг эд зүйл хулгайлж, нийт 4.682.200 хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч С.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 18 цагийн үед өөрийн ... УБВ улсын дугаартай Ланд Круйзер-200 маркийн автомашинтай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 1 дүгээр байрны 5 дугаар орцны урд талд тавиад машинаасаа эд зүйлсээ буулгах гээд багажаа онгойлгочихоод доош тонгойгоод буцааж босох үед нэг цэнхэр цамцтай эрэгтэй хүн машины хаалгыг хааж байгаа харагдсан. Би тэр хүнийг машинаас юм авчихлаа гэдгийг мэдээд машиныхаа баруун талаар тойрч гүйтэл нөгөө цэнхэр цамцтай залуу Приус-20 маркийн автомашинд суугаад явсан. Тэгээд би араас нь хөөсөн. Тэгтэл нэг машин Приус-20 машины урдуур нь ухарч таараад жаахан удаашраад зогссон. Гүйж очиход тэр машины арын цонх онгорхой байсан. Цонхоор нь цээжээ оруулаад орилтол тэр эрэгтэй май цүнхээ ав гээд надад өгсөн. Тэгэхээр нь би цүнхэн дэх юмнуудаа шалгана гээд нөгөө залуу татаж буулгасан. Тэгээд би цагдаа дуудаад барьж өгсөн. ...эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 15-16х/

 

Эд зүйлийн үнэлгээ: Самсунг Жи-7 маркийн гар утас – 1.300.000 төгрөг, Ланк Круйзер маркийн машины түлхүүр – 30.000 төгрөг, компанийн тамга – 20.000 төгрөг, нарны шил 1.008.500 төгрөг, харааны шил – 95.000 төгрөг, нийт 2.453.500 төгрөг /3хх-ийн 88х/

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Reiss брендийн хар өнгийн эмэгтэй хүний цүнх, All Saints брендийн түрийвч 20.000 төгрөгийн дэвсгэрт 11 ширхэг, 5.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 1.000 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 500 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 2 ширхэг, 50 төгрөгийн дэсвгэрт 1 ширхэг, Versace  брендийн нарны шил 1 ширхэг, ягаан өнгийн хуванцар гэртэй харааны нүдний шил 1 ширхэг, тамга 1 ширхэг, нүүрний тос 1 ширхэг, гарын тос 1 ширхэг, машины түлхүүр 1 ширхэг, 20.000 төгрөгийн дэвсгэрт 100 ширхэг зэргийг хохирогч С.Цд хүлээлгэн өгөв...” гэжээ. /2хх-ийн 11-12х/

 

Шүүгдэгч Б.Эы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед архи уучихсан Сүхбаатар дүүргийн ...тоотод оршин суух хадмынхаараа орчихоод гараад урагшаагаа зам хөндлөн гараад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны 1 дүгээр байрны орчим явж байтал нэг хар өнгийн жийп машин зогсож байсан. Машины эзэн нь багаажнаасаа эд зүйлээ буулгаж байсан. Машин дотор хүн байхгүй, хаалганууд нь түгжээгүй байсан. Тэгэхээр нь би сэмээрхэн очоод машиных нь онгорхой цонхоор гараа оруулаад дотор нь байсан эмэгтэй хүний гар цүнхийг хулгайлаад зам руу зуггаасан. Тэгтэл машины эзэн эмэгтэй намайг харчихсан бололтой араас гүйж ирээд намайг барьж авсан. Тэгээд тэр эмэгтэй цүнхээ надаас эргүүлж аваад цагдаа дуудсан. Тэгээд би цагдаагийн хэлтэс дээр хүргэгдэн ирсэн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 21-22х, 2хх-ийн 177х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

4/ 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” худалдааны төвийн автомашины зогсоолд ... УНҮ улсын дугаартай иргэн Б.Огийн Лексус-570 маркийн тээврийн хэрэгсэлд нэвтэрч, Applemacbook, ipad, galaxy-5 маркийн гар утас, шилжүүлэгч оролтууд, үзэгний хайрцаг, түлхүүр, флаш, цүнх, зэрэг эд зүйл хулгайлж, 6.790.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 12:10 цагт Зайсан руу явах замд ... худалдааны төвийн гадна автомашины зогсоол дээр өөрийн унаж явсан Төрийн тусгай хамгаалалтын ... УНҮ улсын дугаартай хар өнгийн Лексус-570 маркийн автомашинаасаа цүнхтэй эд зүйлээ алдчихсан юм. Гэхдээ би тухайн үедээ мэдээгүй сүүлд машинаа 15:00 цаг өнгөрч байхад бааз дээр тавих гэж байгаад мэдээд цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Айплын макбүүк, ай пад, Галакси-5 маркийн гар утас, шилжүүлэгч оролтууд, үзэгний хайрцаг, түлхүүр, флаш зэргийг цүнхнийхээ хамт алдсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 70-71х/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх-ийн 50-54х/

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 15:50 цагт хар өнгийн Лексус-570 маркийн автомашин нь ертөнцийн зүгээр урагш харсан байдалтай хашлага дээр нь байрлан зогсоод ойролцоогоор 165 см өндөртэй эрэгтэй хүн жолоочийн зүүн урд хаалганаас бууж машины баруун хойд хэсэгт байрлан зогсож байхад нь 15:52:24 цагт урд зүгээс цайвар өнгийн малгайтай, хар бараан өнгийн куртиктэй, цайвар өнгийн өмд пүүзтэй ойролцоогоор 175 см өндөртэй эрэгтэй хүн машины жолоочийн хаалгыг онгойлгоод эд зүйлийг аваад урдаа бариад ертөнцийн зүгээр урагшаа чиглэн алхаад явж байгаа дүрс бичлэгт тусгагджээ...” гэжээ. /2хх-ийн 68х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд: “...Мөнгөлөг саарал өнгийн macbook 1 ширхэг, мөнгөлөг саарал өнгийн ipad 1 ширхэг, Галакси С-5 маркийн гар утас 1 ширхэг, үзэгний арьсан гэр 1 ширхэг дотроо 2 ширхэг үзэгний хамт, шаргал өнгийн арьсан түлхүүрний оосор дотроо 3 ширхэг жижиг түлхүүртэй, эрэгтэй хүний гар цүнх 1 ширхэг зэргийг хохирогч Б.Од хүлээлгэн өгөв...” гэжээ. /2хх-ийн 66х/

 

Эд зүйлийн үнэлгээ: Macbook – 3.650.000 төгрөг, I pad – 2.550.000 төгрөг, Samsung S5 гар утас – 330.000 төгрөг, цүнх – 180.000 төгрөг, шилжүүлэгч – 80.000 төгрөг, нийт 6.790.000 төгрөг /2хх-ийн 72х/

 

Иргэний нэхэмжлэгч А.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 15-16 цагийн орчим болов уу Теди худалдааны төв дээр байж байгаад Боогий гэх залуугаас 1.000.000 төгрөгөөр майкбүүк, айпад зэргийг худалдаж авсан. Надад барьцаанд тавьсан асуудал байхгүй. Би Боогийгоос л авсан. Гэтэл энэ нь цаанаа хулгай хийсэн асуудал болсон юм байна. Дээрх худалдаж авсан эд зүйлсийг цагдаад хураалгасан. Би гэм буруутай этгээдээс 1.000.000 төгрөг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 99х/

 

Гэрч О.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би хувиараа Тэди худалдааны төвд гар утасны худалдаа эрхэлдэг. 2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 16-17 цагийн орчим болов уу, Тэди худалдааны төвийн гадаа байж байхад хуучны танил Э миний утас руу залгаад нөөтбүүк авах уу гэсэн. Би тэгэхэд нь компьюютер авахгүй, авч болох хүнд хэлж өгье гэсэн. Тэгээд Э Уртцагааны тэнд ирчихсэн байна гээд уулзсан. Э ганцаараа ирж уулзсан бөгөөд хэнтэй цуг явж байгааг нь мэдээгүй. Тэгэхэд тэр хар цүнхтэй нөөтбүүк харуулсан бөгөөд би компьютерын талаар сайн мэдэхгүй болохоор хүнд үзүүлж өгье гээд салсан. Тэгээд би Т рүү утасдаад нөөтбүүк байна авах уу гэхэд үзье гэсэн. Тэгэхээр нь түүнтэй цуг Этай холбогдож Уртцагааны тэнд очиход түрүүчийн үзүүлж байсан нөөтбүүкийг гялгар уутанд хийчихсэн үзүүлсэн. Тэгээд Т авъя гээд би Тээс 1.000.000 төгрөг аваад Эд аваачиж өгсөн. Би энэ зарсан эд зүйлийг хулгайнх гэж мэдээгүй, Э ч надад тийм зүйл яриагүй, би ч түүнээс лавлаж асуугаагүй. Миний хувьд мөнгөний хэрэг болоод зарах гээд явж байна гэхээр нь зуучилж хэлж өгсөн болохоос голоос нь ашиг харж мөнгө төгрөг авсан ямар нэгэн асуудал байхгүй. Тийн хувьд ч хулгайн эд зүйл гэж мэдээгүй, 1.000.000 төгрөгөөр худалдаж авсан...” гэсэн мэдүүлэг /3хх-ийн 137-138х/

 

Шүүгдэгч Б.Эы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 16:00 цаг өнгөрч байсан санагдаж байна, би Зайсан руу такси бариад хүнээс мөнгө гуйх санаатай явж байсан юм. Гэтэл Зайсан руу явах замд байдаг нэг том дэлгүүрийн гадаа хар өнгийн Лексус-570 маркийн автомашинаас жолооч нь бууж байхыг хараад таксины жолоочийг түр зогсож бай, бага зэрэг урагшлаад зогсож байгаарай гэж хэлчихээд нөгөө Лексус-570 руу дөхөж очоод жолоочийн талын хаалгыг онгойлгоод арын суудлын голд байсан хөх өнгийн цүнхийг авсан. ...Хулгай хийхийг найзууд хараагүй, Ган-Очир таксинд тасраад унтсан, Бат-Эрдэнэ, Батдэлгэр хараагүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 97-98х, 2хх-ийн 177х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

5/ 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Налайх дүүргийн 2 дугаар хорооны Бор-Үзүүр гэх гэр хороололд байрлах дугуй засварын гадна байсан иргэн Т.Дийн ... УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд нэвтэрч, ipone маркийн гар утас хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Т.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Сайншандаас Улаанбаатар чиглэлд ... УНЭ улсын дугаартай Нinо
маркын машинтай хамт ажилладаг Загдрагчаа гэх хүний хамт 2017 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед гараад Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт орж ирээд миний жолоодож явсан машины арын дугуй хагарсан. Тэгээд Бор-Үзүүр гэх гэр хорооллын зүүн талд засмал замын хажууд байх дугуй засварын гадаа дугуйгаа засуулаад машины баруун талд сууж байхад 17 цагийн үед миний машины зүүн талын хаалга онгойж хаагдсан. Тухайн үед гүйж гараад машиндаа ороод хартал миний машины жолооны хүрдний хянах самбарын өмнөх тавиур дээр байсан миний Ай фоне-6 маркийн гар утас алга болсон байсан. Тэгээд машинаасаа буугаад хартал 300 гарау метр зайтай газар төв зам дээрээс Улаанбаатар чиглэлд нэг мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машинд хар өнгийн урт куртиктэй хүн жолоочийн эсрэг талын урд талд сууж байгаа харагдсан. Тэгээд тэр хавьдаа утсаа хайж байгаад байхгүй болохоор нь цагдаад хандсан. Миний гар утас нь алтан шаргал өнгийн хар өнгийн резинэн гэртэй гэр нь дөрвөн талдаа илүү гарсан, унахаас хамгаалсан, резентэй хавтас утас хоёрын голд миний өөрийн жолооны үнэмлэх байсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 221-222х/

 

Эд зүйлийн үнэлгээ: Ай Фоне-6 маркийн гар утас – 800.000 төгрөг /2хх-ийн 210х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлд: “...Ай Фоне-6 маркийн гар утсыг Т.Дид хүлээлгэн өгөв...” гэжээ. /2хх-ийн 224х/

 

Гэрч О.Амарбаясгалангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр манай найз Гантогтохжав намайг дуудаж хоёулаа Замын-Үүд явж хүн хүргэж өгье гэж хэлсэн. Би 10 цагийн үед гэрээсээ гарч Гантогтохжавын 58-51 УНО улсын дугаартай Приус-20 маркийн машинтай Дэнжийн 1000-аас Батжаргалыг очиж авсан. Тэгсэн Батжаргал Баянхошуунаас хоёр хүн авна гэж хэлсэн. Тэгээд Баянхошууд очсон чинь нас тогтсон 2 ах гарч ирээд хамт явсан. Би тэр хоёр хүнийг танихгүй. Тэгээд бид тав 13 цагийн үед Улаанбаатар хотоос гарсан. ...2016 ны 01 дүгээр сарын 21-ний 17 цагийн үед Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад зам дээр бие засах гээд зогсож бүгд бууж бие зассан. Тэгсэн нөгөө асуудал тарьж байсан ах чинь шууд зам гараад гэр хорооллын наана байсан дугуй засварын тэнд модон жорлон руу чиглээд яваад өгсөн. Бид нар ч энэ хүндрэх гэж байгаа юм байна даа гэж бодсон. Тэгээд удалгүй хурдан хурдан алхаж хүрч ирээд машиндаа суусан. Тэгээд Улаанбаатар хот руу явж байгаад Төв аймгийн замаар яв, ах нь аймагт айлаар орох хэрэг байна гэж хэлээд Төв аймгийн замаар явсан. Тэр үед нөгөө ах чинь кармаанаасаа нэг хар өнгийн гэртэй Ай Поне-6 марркийн гар утас гаргаж ирээд Батжаргалд өгсөн. Тэрийг нь Батжаргал авсан явж байгаад Улаанбаатар хот орж ирээд Гантогтохжав бид хоёрт өгсөн. Би бодохдоо түлшний мөнгө хийгээрэй гэж ойлгосон. Одоо уг гар утас нь надад байна би та нарт өгье, би хулгайн гар утас гэж мэдээгүй тэр ахыг өөрөөсөө өгч байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 225х/

 

Гэрч О.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буцаад хот руу явж байгаад замдаа Багахангай дүүргийн нутаг дээр ирээд буугаад бие засахаар бүгд машинаас буугаад бие зассан. Тэгсэн Э зам дээрээсээ шууд дугуй засварын тийш явган алхаад явсан. Тэгээд удалгүй буцаад ирсэн. Тэгээд за за явья гэж хэлээд машинтайгаа явж байгаад замдаа Төв аймгаар явчих гэхээр явсан тэгээд Төв аймаг дээр нэг зогсоод хот руу орсон тэр үед Э надад нэг хар өнгийн гэртэй шар өнгийн Ай Фоне-6 маркийн гар утас гаргаж өгөхөөр нь би жолооч болон хамт явж байсан залууд нь та хоёр бензины мөнгө хийгээрэй гэж өгөөд буугаад гэр лүүгээ явсан...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 231х/

 

Г.Гантогтохжавын мөрдөн байцаалтын шатанд сэжигтнээр өгсөн: “...Баганхангай дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад Э нь намайг ингээд зам дээр зогсож бай, бие засъя гээд өөрөө замын баруун талд байх гэр хорооллын хажууд байсан дугуй засвар луу явсан. Тэгээд удалгүй хүрч ирээд машинд суугаад Төв аймгийн замд явж байгаа нэг хар өнгийн гэртэй Ай Фоне-6 маркийн шар өнгийн гар утас халааснаасаа гаргаад май гээд хойно сууж явсан Батжаргалд өгсөн. Би өөрөө жолоо барьж байсан болохоор хэн нь авсан талаар мэдээгүй. Хот руу орохдоо бид нарт Батжаргал энэ утсыг зараад бензин хий гэж хэлээд өгсөн. Би тэр утсыг Амарбаясгаланд өгсөн...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 244х/

 

Шүүгдэгч Б.Эы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотоос Гантогтохжавын 58-51 УНО заасан дугаартай Приус-20 маркийн машинтай Батжаргал, Амарбаясгалан, Ган-Очир нарын хамт жолоогоо Гантогтохжав өөрөө жолоодсон. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 17:00 цагийн үед Багахангай дүүрэгт явж байгаад замдаа дугуй засварын гадна зогсож байсан урт цагаан өнгийн ачааны машины жолооч талын хаалганы цонх болон хаалга нь онгорхой байхаар нь жолооч талын хаалгаар онгойлгож орж хянах самбар дээр хар өнгийн резинэн гэртэй гар утасыг авч Батжаргалд өгсөн. Намайг машинд суух үед жолооч нь бололтой нэг залуу хөөе гээд орилох шиг болсон. Би шууд машиндаа суугаад явсан. Батжаргал тэр утсыг үзээд Ай Фоне-6 гэдэг утас байна, хавтасны голд жолооны үнэмлэх байна гэж хэлсэн. Би Батжаргалд өгөхдөө хулгайн утас гэдгийг хэлээгүй...” гэсэн мэдүүлэг /2хх-ийн 247-248х, 3хх-ийн 24х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.Э нь зам болон гудамж талбай, нийтийн зогсоол дээр тавьсан тээврийн хэрэгслээс эд зүйл хулгайлдаг байх бөгөөд тэрбээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч нарын анхаарал сарнисан, суларсан байдлыг далимдуулан /түгжээгүй байгаа/ хаалга онгойлгон эд зүйл, бэлэн мөнгө хулгайлдаг болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гарын мөр илэрсэн тухай шинжээчийн дүгнэлт зэргээс харагдах бөгөөд шүүгдэгч Б.Э нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй улмаар  хулгайн гэмт хэргийн хохирогч нарын хулгайд алдсан гэж мэдүүлсэн эд зүйлүүдийн тоо, шинж чанар, үнэлгээ зэргийг хүлээн зөвшөөрсөн төдийгүй тухайн эд зүйлсээс зарим эд зүйлийг нь хохирогч нарт биетээр буцаан хүлээлгэн өгсөн, бэлэн мөнгөөр төлж барагдуулсан тэмдэглэл, мэдүүлэг хэрэгт авагдсан байна.

 

            Иймд шүүгдэгч Б.Эыг хулгайлах гэмт хэргийг хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Б.Эы хувийн байдлын талаар:

            Иргэний үнэмлэхний лавлагаа /2хх-ийн 191х/

            Гэрч Б.Бурмаагийн мэдүүлэг /3хх-ийн 139-140х/

Б.Э нь урьд:

- 2000 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 408 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

  •  2001 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял,
  • 2002 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 84 дугаар шийтгэх тогтоолоор 127 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1,3-д заасныг баримтлан  Хэнтий аймгийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр сүүлийн тогтоолоор оногдуулсан  1 жилийн хорих ялаас 8 сарын хорих ялыг  нэмж эдлэх ялын хугацааг 2 жил 2 сараар тогтоож, 2002 оны 06 дугаар сарын 06-ны өдөр эдлээгүй үлдсэн 5 сар 27 хоногийн хорих ялыг тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
  • 2003 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхийн 280 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 234 дүгээр зүйлийн 234.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хөнгөнийг хүндэд нь багтааж эдлэх ялын хугацааг 3 жилээр тогтоож, 2006 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан,

- 2009 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн Хан-Уул дүүргийн шүүхийн 160 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2012 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хугацаа дуусаж суллагдсан,

            - 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 796 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг баримтлан 100.000 төгрөгийн эд хөрөнгө хураах нэмэгдэл ял, эдлээгүй үлдсэн 3 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг өршөөж суллагдсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 95х/, шийтгэх тогтоол болон таслан шийдвэрлэх тогтоолуудын хуулбар /1хх-ийн 98-99, 100-101, 102, 105-107, х/, ялтны ажил, зан байдлын тодорхойлолт /1хх-ийн 109х/, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт /1хх-ийн 112х, 115х/, шүүгчийн захирамжийн хуулбар /1хх-ийн 120-121х/ зэрэг баримтуудтай байна.

           

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэргийн улмаас бусдад нийт 18.352.200 төгрөгийн хохирол учруулсан байна. Үүнд,

-хохирогч М.Цд 3.650.000 төгрөгийн хохирол учруулсан ба 3.600.000 төгрөг төлөгдсөн,

-хохирогч Л.Ст 2.430.000 төгрөгийн хохирол учруулснаас 2.140.000 төгрөг бэлнээр, зарим эд зүйлийг биетээр буцаан өгсөн,

- хохирогч С.Цд 4.682.200 төгрөгийн хохирол учруулснаас биет байдлаар буцаан өгсөн,

- хохирогч Б.Од 6.790.000 төгрөгийн хохирол учруулснаас, эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн,

- хохирогч Т.Дид 800.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг буцаан өгсөн,

-иргэн нэхэмжлэгч А.Тд 1.000.000 төгрөгийг тус тус буцааж өгсөн болох нь хохирогч нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /2хх-ийн 15-16х, 4хх-ийн 7х, 9х/, эд зүйл болон хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /2хх-ийн 11-12х, 66х, 224х, 4хх-ийн 19х, 20х, 22х, шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн 1 хуудас баримт/ хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /4хх-ийн 24х, 25х, 26х, 27х, 28х/ зэргээр тогтоогдсон, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөр нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлцгээсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Цагдан хоригдсон хугацааны тухайд:

            Шүүгдэгч Б.Э нь 2016 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 123 хоног, 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 61 хоног, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 256 хоног, 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 10 хоног, нийт 450 хоног цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцов. /1хх-ийн 78-79х, 82-83х, 205х, 208х, 217-218х, 228х, 2хх-ийн 91х, 95х, 180х, 242х, 3хх-ийн 26-27х, 39х, 44х, 144х, 194х, 212-214х, 248х/

 

Шүүгдэгч Б.Эы бусдад төлөх төлбөргүйг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, санаатай гэмт хэргийг хоёроос дээш удаа үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Оногдуулах ял шийтгэлийн тухайд:

            Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, Б.Э нь нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар,  хууль бусаар авсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нологдон тогтоогдсон болно.

 

            Иймд шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал,  дээр дурдсан эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Б.Эд хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Харин шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт шалгагдаж байхдаа нийт 450 хоног цагдан хоригдсон байх бөгөөд түүний үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлд зааснаар хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарагдсан, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар  Б.Эы цагдан хоригдсон нэг хоногийг  хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасаж тооцон, түүнийг ял эдэлсэнд тооцон суллав.

           

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 2 ширхэг СД-ийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.Эы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Бийн Эыг хулгайлах гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Эы эдлэх 1 жил 3 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дах хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Б.Эы цагдан хоригдсон 450 /дөрвөн зуун тавь/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, улмаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял эдэлсэнд тооцож  сулласугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 2 ширхэг СД-г хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Эд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ