Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0967

 

2023 12 12

128/ШШ2023/0967

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Л.Батбаатар би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: М НҮТББ,

            Хариуцагч: Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга,

            Хариуцагч: Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга,

            Гуравдагч этгээд: А ХХК хоорондын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням, хариуцагчийн төлөөлөгч Д.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

            1.1. Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн    тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах,

            1.2. Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зургийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлага дэмжсэн болно.

 

            Хоёр. Маргааны үйл баримт, процессын талаар:

            2.1. Нийслэлийн Засаг даргын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн     дугаар захирамжийн[1][1] хавсралт хэсгийн 36 дахь хэсэгт гуравдагч этгээд А ХХК-д Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Парисын гудамж, нэгж талбарын    нэгж талбарын дугаар бүхий газрыг орон сууц, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн.

2020 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар эзэмшигч А ХХК-тай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх    [2][2] дугаар гэрээ-г байгуулж, газар эзэмших эрхийг     дугаар гэрчилгээг олгожээ[3][3].

А ХХК-иас өөрийн эзэмшлийн газар зориулалтын дагуу ашиглахаар 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн     дугаар Архитектор төлөвлөлтийн даалгаврыг[4][4] Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.   аар батлуулан, 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 24 давхар бүхий үйлчилгээтэй орон сууцын загвар зургийг барилгын зураг төслийн М ХХК-аар үйлдүүлж, Хот байгуулалт, хөгжлийн газрын даргаар батлуулсан байна.

2.4. Дээрх зураг төслийн дагуу 24 давхар тансаг зэрэглэлийн орон сууцны барилгын ажил явуулах гэж байгаатай холбогдуулан хөрш залгаа газрын эзэмшигч буюу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн    дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд нэгж талбарын     дугаар бүхий газрыг эзэмшиж буй нэхэмжлэгч М шашны байгууллагатай 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хамтран ажиллах гэрээ[5][5]-г байгуулан, ...барилгын суурийн ажил эхлүүлэхийн өмнө М-ийн нэг бүр нь 20 м.кв талбайтай 17 ширхэг тоосгон гараашийг буулгуулж, барилгын ажил дууссаны дараа өөрийн зардлаар стандартад нийцүүлэн шинээр гарааш барьж өгөхөөр... харилцан тохиролцсоноор М-ийн зүгээс А ХХК-ийг орон сууцны барилгын ажил гүйцэтгэхийг энэхүү гэрээгээр зөвшөөрсөн байна.

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ...дугаар албан бичгээр 24 давхар үйлчилгээтэй, орон сууцны барилга барих хүсэлтийг[6][6] холбогдох баримтыг хамт уламжилсныг Барилга, хот байгуулалтын яамны Барилга, Барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар хүлээн авч, хянан үзээд 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр    дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ-г олгосон тул А ХХК 24 давхар бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын угсралтын ажил эхлүүлжээ.

Харин барилгын ажлын явцад М-ийн зүгээс А ХХК-ийн баригдаж байгаа орон сууцны зориулалттай барилгын суурь нь газрын хэвлийгээр манай эзэмшлийн газар руу нэвтэрч орсон, хамтран ажиллах гэрээнд хоёр барилгын хана хоорондын зай 1.5 м байх шаардлагыг зөрчсөн хэмээн маргаж, К ХХК-иар өөрийн эзэмшлийн газар руу гуравдагч этгээдийн барьж буй барилга нь 16,34 м.кв талбайгаар нэвтэрсэн гэх дүгнэлт[7][7]-ийг гаргуулжээ.

            2.6. М-ийн зүгээс үүссэн нөхцөл байдлын талаар 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн    тоот албан бичгээр[8][8] Нийслэлийн Засаг даргад,    тоот албан бичгээр[9][9] Барилга хот, байгуулалтын сайдад тус тус хандан гомдол гаргасан бөгөөд гаргасан.

Гэвч дээрх эрх бүхий албан тушаалтнууд гомдлын хариуг хуульд заасан хугацааны дотор ирээгүй тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга, Барилга, барилгын материал үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргад тус тус холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс ...А ХХК-ийн баригдаж байгаа Үйлчилгээтэй, орон сууцны барилга баригдсан тохиолдолд үүсэх сүүдэрлэлтийн улмаас М-ийн барилгын өрөө тасалгаануудад нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа барилгын норм, дүрэм хангаж байгаа... талаар үндэслэлээ нэмж тодорхойлон маргасан болно.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлийн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай төвийн ертөнцийн зүгээр зүүн талд "А" ХХК нь 24 давхар үйлчилгээтэй орон сууцны барилгын ажил эхлүүлсэн. Тус компани хүсэлт тавьсны үндсэн дээр, шинээр баригдаж байгаа барилгатай зэрэгцээ байрлах авто гарааш барилгыг түр буулган шинээр барьж өгөх, шинэ барилгын хана манай гараашны хананаас 1,5 м зайтай байх нөхцөлтэйгөөр авто гараашны барилгыг буулган барилгын ажлыг эхлүүлсэн. Гэвч тус компани хоорондын байгуулсан гэрээнд 2 барилгын хана хоорондын зай 1,5 м байх гэх шаардлагыг зөрчиж газрын хилтэй ойртуулан барилгын ажлыг эхлүүлээд байна. Энэ талаар нь гомдол гаргаж талууд мэргэжлийн байгууллагыг томилж дүгнэлт гаргуулахад "К" ХХК-ийн дүгнэлтээр хана ойртоод зогсохгүй барилгын SXY суурь хэсгээр манай эзэмшлийн газар руу нийт 16,34 м.кв талбайгаар нэвтэрч барилга баригдаж байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Ийнхүү бидний эрх ашиг зөрчигдөж байх тул урьдчилан шийдвэрлэх журмаар 2022 оны 10 дугаар сарын 11-ны өдөр дээд шатны албан тушаалтнууд болох Барилга, хот байгуулалтын сайд Б.М болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.С нарт гомдол гаргасан. Уг гомдолд хуульд заасан хугацаанд хариу өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Эх загвар зураг болон барилгын ажлын зөвшөөрөл хууль зөрчсөн талаар:

..."А" ХХК-ийн 24 давхар үйлчилгээний орон сууцны барилгын эх загвар зураг манай "И" төвийн авто гараашны барилгаас 0,9м зайтай төлөвлөгдсөн байхад баталж, барилгын ажлын зөвшөөрлийг олгосон нь "Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт/31-01-10/" баримт бичгийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Арван - долоо ба түүнээс дээш давхар барилгыг өндөр барилга" гэж тодорхойлсон байх ба "Орон сууцны барилгын өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээ, орон сууцны барилга, автомашины гарааш, ил зогсоолын хоорондын зай хэмжээ" гэсэн 4 дүгээр хавсралтын дагуу 51 м-ээс дээш өндөр барилга хоорондын зай хэмжээг өндөр барилгыг төлөвлөх нормын дагуу тусад нь тооцож төлөвлөх"-өөр зохицуулсан байна.

"Өндөр барилгын төлөвлөлтийн норм дүрэм" /31-17-10/-т барилга хоорондын зайн зохицуулалт тусгагдаагүй байдаг. Иймд "Өндөр барилгын төлөвлөлтийн норм дүрэм" /31-17-10/ баримт бичгийн 3.1-д "Хот байгуулалт, зориулалт, хэв шинжийн талаар өндөр барилгын шаардлагуудыг "хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэм"/30-01-04/... болон энэхүү норм ба дүрмийг баримтлан мөрдвөл зохино гэсний дагуу Хот тосгоны төлөвлөлт, барилгажилт норм, дүрэм /30-01-04/-ийн заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 1 дэх хэсэгт гал тэсвэршилтийн I, II зэрэгтэй барилга хоорондын гал тусгаарлах хамгаалалтын зай нь 6 м байхаар тусгасан.

Мөн "Өндөр барилгын төлөвлөлтийн норм дүрэм" /БНбД 31-17-10/-ийн 14.2 Ямар нэгэн онцгой, чухал объектоос өндөр барилга хүртэлх зай нь нэгээс нөгөөд гал дамжих боломжгүйгээр барахгүй аль нэг нь нурахад үүсэх гал түймрээс ч хол байхаар төлөвлөнө гэснийг тус тус зөрчиж байна.

Хууль зөрчиж эх загвар зураг баталж, барилгын ажлын зөвшөөрөл өгсөн талаар:

Хууль зөрчсөн эх загвар зургийг баталж барилгын ажлын зөвшөөрөл олгосон үйлдэл нь Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол", 12 дугаар зүйлийн 12.1.1-д Барилгын зураг төсөл дараахь шаардлагыг хангасан байна: Эрх бүхий байгууллагаас олгосон газрын зөвшөөрөл, зургийн даалгавар, норм, нормативын баримт бичиг, стандарт, технологийн даалгавар, тоног төхөөрөмжийн паспорт, техникийн нөхцөл, инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулагдсан байх, 12.1.2-т эрчим хүч, усан хангамж, ариутгах татуурга, харилцаа холбооны систем нь хэмнэлт, үр ашигтай байхаар төлөвлөгдсөн, сэргээгдэх эрчим хүч, байгалийн гэрэлтүүлэг ашиглах боломжийг хязгаарлахгүй байх гэж тус тус заасныг зөрчиж олгосон.

...Мөн "А" ХХК-ын 24 давхар үйлчилгээний орон сууцны барилга нь "И төв"-ийн эзэмшил газарт нэвтрүүлж барилга баригдахаар төлөвлөж холбогдох зураг төсөл батлагдсан байхад нь "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх" зөвшөөрөл олгосон манай байгууллагын газар эзэмшигчийн эрхийг ноцтой зөрчиж, Барилгын тухай хуулийн 7.1.Эрх бүхий байгууллага барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо доор дурдсан асуудлыг харгалзан үзнэ: 7.1.1.барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан үүсэх иргэн, хуулийн этгээдийн өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол" гэж заасныг зөрчсөн... гэжээ. 

3.2. Хариуцагч Хот байгуулалт, хөгжлийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: Тус газраас "А" ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн     дугаартай захирамжаар Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэрт, Парисын гудамж, Э зочид буудлын урд талд орон сууцны зориулалтаар олгосон 1495м2 газрыг үндэслэн 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн     дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, загвар зургийг баталж өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад "А" ХХК-ийн 24 давхар үйлчилгээний орон сууцны барилгын загвар зургийг батлахдаа М-ийн эзэмшил газарт нэвтрүүлсэн нь манай байгууллагын газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж, барилгыг өөрийн эзэмшил газарт барьж байгуулах, төлөвлөх Барилгын тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэг нь үндэслэлгүй.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасны дагуу дээрх газрууд нь газрын кадастрын мэдээллийн санд хоорондоо ямар нэгэн байдлаар давхцал үүсээгүй, мөн "А" ХХК-ийн гаргасан хүсэлт нь баримт бичгийн бүрдлийг хангасан тул норм дүрмийг хангуулан архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгож, загвар зургийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр баталсан байна.

Тус газраас баталсан шийдвэр нь Газрын тухай хууль, Хот байгуулалтын тухай хууль тогтоомж, дүрэм журамд үндэслэж гарсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

3.3. Хариуцагч Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд гаргасан тайлбартаа: Засгийн газрын 2021 оны 213 дугаар тогтоолоор батлагдсан "Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм"-ийн 3 дугаар зүйлийн 3.2-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн ...тоот албан бичгээр "А" ХХК-ийн хүсэлтийг шийдвэрлэж өгөхийг хүссэн. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан нийтийн болон гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэх хүрээнд тус яам нь барилгын ажлын гүйцэтгэгч байгууллага болон "М"-тэй хамтарсан уулзалт хийсэн бөгөөд 2 байгууллага зөвшилцөлд хүрч байгаагаа илэрхийлсэн. Үүний дагуу тус яам нь Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, 28.4-т заасан бүрдлийг дараах байдлаар шалгаж, мөн хуулийн 28.5-д "Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно" гэж заасны дагуу барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг олгосон. Үүнд: 1) Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн     дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орон сууц, үйлчилгээний зориулалтаар 1495 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, дээрх шийдвэрийг үндэслэн 2022 оны     дугаартай "Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ыг олгож, улмаар үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилга байгууламжийн загвар зургийг 2020 онд баталсан байсан. /БТХ-ийн 28.2.1/

Түүнчлэн техникийн нөхцөлүүдийг дараах байгууллагуудаас олгосон байна. Үүнд:

         "Эрчим хүч, түлшний бодлогын хэрэгжилтийн газрын даргын 2020.06.29-ний өдрийн   дугаартай техникийн нөхцөл /хүчинтэй хугацаа 2 жил/;

         Ус сувгийн удирдах газрын 2020.06.10-ны өдрийн 378 тоот протоколыг үндэслэн олгосон    техникийн нөхцөл /хүчинтэй хугацаа 2 жил/;

         "  У" ТӨХК-ийн 2022.06.15-ны өдрийн 15/02797/22 дугаар техникийн нөхцөл /хүчинтэй хугацаа 1 жил/;

         "Мэдээлэл холбооны сүлжээ" ХХК-ийн 2021.09.21-ний өдрийн ...дугаартай техникийн нөхцөл /хүчинтэй хугацаа 1 жил/.

Барилгын зураг төсөл зохиогч "М" ХХК нь 24 давхар үйлчилгээтэй орон сууц бүхий ... зургийн шифртэй барилгын ажлын зураг төслийг 2021 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн     дугаартайгаар батлуулсан, барилга угсралтын ажил гүйцэтгэгч байгууллага "Д" ХХК нь ... дугаартай БА-5.1 заалттай тусгай зөвшөөрлийг 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр авсан байсан, "Х" ХХК, "Д" ХХК-ийн хооронд байгуулсан гэнэтийн ослын даатгалд /...ажилтныг даатгуулсан, барилгын зураг төсөл зохиогч байгууллага "М" ХХК нь ... дугаартай 3Т-5.1 заалттай тусгай зөвшөөрлийг 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр авч, Барилга угсралтын гүйцэтгэгч байгууллага "Д" ХХК нь ... дугаартай БА-5.1 заалттай тусгай зөвшөөрлийг 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр тус тус авсан байна. Мөн талбайн зохион байгуулалтын зургийг гүйцэтгэгч байгууллага "Д" ХХК баталж, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд баригдах "А" ХХК- ийн үйлчилгээтэй орон сууцны барилгын талбайн зохион байгуулалт М1:250 хэмжээтэйгээр ирүүлсэн. Харин Барилгын тухай хуулийн 28.6 дахь хэсэгт уг хуулийн 28.2, 28.3, 28.4-т заасан буюу дээр дурдсанаас бусад баримт бичгийг шаардахыг хориглох талаар заасан тул ирүүлсэн баримт бичгийн бүрдлийг үндэслэн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг олгосон нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэжээ.

3.4.Гуравдагч этгээд А ХХК нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Барилга хот байгуулалтын яамнаас барилгын баригдах барилгын үйл ажиллагаанаас шалтгаалан бусдын өмчлөл, эзэмшил, ашиглалтад байгаа газар, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой эрх, ашиг сонирхол хөндөгдөх байдал байгаа эсэхийг тодруулахын зэрэгцээ боломжтой бол хөрш зэргэлдээ газар эзэмшигч М-тэй албан ёсоор тохиролцвол ажил эхэлсний дараа гарах элдэв маргаанаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтойг зөвлөсөн.

Хэдийгээр Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д эрх бүхий байгууллага зөвшөөрөл олгохдоо гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг зөвхөн харгалзан үзэх л ёстойгоос биш заавал гэрээ, хэлцэл байгуулсан байхыг шаардахгүй зохицуулалттай.

Гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт бүхий төслийн хүрээнд ажил эхэлснээс хойш маргаан үүсгэхийг хүсээгүй тул төрийн эрх бүхий байгууллага зөвшөөрөл өгөхөөс өмнө тус шашны байгууллагаас "урьдчилан зөвшөөрөл авах шахуу байдлаар ажиллаж түүний гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүдтэй олон удаагийн уулзалт зохиол байгуулсан бөгөөд төслийн хүрээнд баригдах гэж буй барилгын төлөвлөлт, холбогдох бичиг баримтуудыг танилцуулж харилцан зөвшилцөлд хүрч 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр "Хамтран ажиллах гэрээ" байгуулсан. 

Барилгын суурийн ажлыг гүйцэтгэх явцад тодорхой хэмжээгээр газар доогуур суурийн бетон М-ийн эзэмшил газрын хэвлийгээр нэвтэрсэн, шинээр баригдах гарааш, барилга хоорондын зай гэрээнд заасан хэмжээг зөрчсөн гэх асуудлууд яригдсан ба А ХХК-ийн зүгээс:

1.Газрын хэвлийгээр суурь бага хэмжээгээр орсон нь тус шашны байгууллагын эрх, ашиг сонирхлыг зөрчих, эсвэл газар эзэмших эрхийг хязгаарласан зүйл огтоос байхгүй. Энэ суурийн дээр шашны байгууллагын гарааш дахин баригдана, гараашны суурь газрын хэвлий рүү орохгүй тул ямар ч асуудал үүсэхгүй талаар,

2.Шинээр баригдах манай барилга болон манай зүгээс шашны байгууллагад шинэчлэн барьж өгөх гараашны зай хол, ойр гэх асуудлыг маргаангүйгээр шийдвэрлэх боломж хангалттай олон бий талаар, тус тус учирлан тайлбарлаж, олон удаа уулзалт хийсэн боловч тус байгууллагын шинэ удирдлага 700 сая төгрөг өгвөл маргахгүй гэсэн нөхцөл тавьсан учраас асуудлыг эвийн журмаар шийдвэрлэхэд хүндрэл үүссэн болно.

Үүсээд буй нөхцөл байдал нь хариуцагч нарын зөвшөөрөл олгосон үйл ажиллагаанд огт хамааралгүй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ, Газрын тухай хууль, Иргэний хуулийн дагуу иргэний хэргийн шүүхээр шийдвэрлэгдэх асуудал буюу нэхэмжлэлийн агуулгаас харахад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бүрэн боломжтой. А ХХК нь барилгын ажил эхлүүлэхдээ Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, норм, дүрмийн дагуу холбогдох зөвшөөрлүүдийг төрийн эрх бүхий байгууллагуудаас авсан, эрх бүхий байгууллага хууль зөрчсөн асуудал огт гаргаагүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4.2.Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д зааснаар захиргааны акт ... хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн болох нь тогтоогдвол түүнийг шүүх хүчингүй болгохоор хуульчилж өгсөн, харин энэ тохиолдолд хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан маргаан бүхий актууд нь хуулийн ноцтой зөрчилгүй байхаас гадна нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

4.3.Тодруулбал, хэрэгт авагдсан баримтаас үзвэл А ХХК-д .... давхар бүхий үйлчилгээтэй, орон сууцны барилгын ажлын зураг үйлдүүлэн, эрх бүхий байгууллагаар батлуулан, холбогдох угсралтын ажлын зөвшөөрлийн авахдаа барилгын төслийн өмнөх судалгаа хийх, техникийн нөхцөл боловсруулах, зураг төсөл зохиох, магадлал хийхэд БНбД 31-17-10 норм ба дүрмийг мөрдөж ажилласан гэж үзэхээр байна.

4.4.Хэдийгээр нэхэмжлэгчээс ...барилгыг нэхэмжлэгчийн газар дээр байсан гараашаас 6 метрийн зайд байхаар төлөвлөх ёстой атал барилга хоорондын зай, хэмжээ алдагдсан... гэх үндэслэлээр маргах боловч А ХХК-ийн зүгээс хөрш зэргэлдээ газар эзэмшигч М-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж болох барилга, байгууламжийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу барьж байгуулж буйтай холбогдуулан Иргэний хуулийн 134 дүгээр зүйлийн 134.2-т Хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгч буюу эзэмшигч нь хуулиар тогтоосон эрх, үүргээ хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд нөгөө талынхаа эрхийг харилцан хүндэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хөрш газар эзэмшигч М-ийн удирдлагуудтай уулзалдаж, дээрх асуудлаар тодорхой нөхцөлд харилцан тохиролцож, зөвшөөрүүлсний үндсэн дээр барилгын ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авсан болох нь үйл баримтаар тогтоогдож байна.

4.5.Үүнээс үзвэл хариуцагч Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар гуравдагч этгээд А ХХК-д 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн    тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг олгохдоо Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасны дагуу барилгын ажлын зөвшөөрөл олгохдоо мөн зүйлийн 7.1.2-т иргэн, хуулийн этгээдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллахтай холбогдон үүсэх эрх, ашиг сонирхол-ыг харгалзан үзэхээс гадна Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасан баримт бичгийн бүрдүүлбэрийг[10][10] бүрэн хангуулан авч шийдвэрлэсэн гэж шүүх үзлээ.

4.6.Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.43-д "эх загвар зураг /эскиз/" гэж инженер хайгуулын судалгаанд үндэслэн боловсруулсан барилга байгууламжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, тохижилт, гудамжны дэлгээсүүд, орчны барилгуудтай уялдсан байдал, эзлэхүүн төлөвлөлт, бүтээц, инженерийн хангамжийн ерөнхий шийдэл, эрүүл ахуй, галын аюулгүй байдал, нарны тусгал, барилгын давхрын байгуулалт, огтлол, нүүр тал /фасад/, архитектур, өнгөний шийдэл, үзүүлэлтийг тодорхойлсон баримт бичгийг гэж томьёолсон ба мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-12.1.8-д заасан Барилгын зураг төслийг барилгын загвар зургийн бүрдлийн ерөнхий шаардлагыг[11][11] харгалзан үзсэний үндсэн дээр Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу ...хот байгуулалтын салбарын норматив, эрх зүйн бусад актын төсөл болон тэдгээрийг боловсруулах, өөрчлөх тухай санал оруулах эрх, үүргийнхээ хүрээнд барилгын зураг төслийг батлахаар байна.

4.7.М ХХК-ийн боловсруулсан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын газрын дарга С.С, Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх газрын мэргэжилтэн хянан баталгаажуулсан ЕГ-ШИФР:МА-05/2021 дугаар ажлын зураг, Хот байгуулалт хөгжлийн газрын Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн Геодези, зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Жын тэг тэнхлэгт акт болон тоон мэдээллийг хот байгуулалтын мэдээллийн санд хүлээн авсан тухай акт[12][12], 2020 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн     дугаар Архитектур төлөвлөлтийн даалгавар[13][13], Онцгой байдлын ерөнхий газрын 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Барилгын зураг төсөлд хяналт хийсэн тухай 78 тоот дүгнэлт[14][14], Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 01-03-047/219 дугаартай Барилгын зураг төсөлд хяналт хийсэн талаар дүгнэлт[15][15], техникийн нөхцөлүүд[16][16], 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн №5/2020 дугаар Өндөр барилга, газар хөдлөлтийн урьдчилсан арга хэмжээ, тооцооны мэргэжлийн зөвлөл-ийн хурлын тэмдэглэл зэргээс үзвэл Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зургийг баталсан захиргааны үйл ажиллагаа хууль ёсны дагуу явагджээ.

4.8.Хэдийгээр нэхэмжлэгчээс А ХХК 24 давхар бүхий үйлчилгээтэй орон сууцны барилга баригдсан тохиолдолд манай барилгын өрөө тасалгаануудад нарны шууд тусгалын тасралтгүй үргэлжлэх хугацаа хангалтгүй ... гэж маргах боловч энэ тухай шүүхээс шаардсан албан бичгийн дагуу зураг төслийн зохиогч, эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй М ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн №12/10/2023 дугаар албан бичгээр ирүүлсэн дүгнэлт хэсэгтээ ...2 дугаар сарын 22-ны өдөр ... гэж алдаатай бичсэн байх боловч график аргаар буюу компьютерын программ хангамжийн тусламжтайгаар зураглал боловсруулан 3 сарын 22 өдөр 10:00-13:00 нарны тусгалын шууд тусах тусгалын үргэлжлэх хугацаа 3 цаг байна. 9 сарын 22 өдөр 10:00-12:50 цаг хүртэл нарны туяа шууд тусах тусгалын үргэлжлэх хугацаа 2 цаг 50 минут байгаагаар Орон сууц, олон нийтийн барилга, сууцны барилгажилтын бүсийн нарны тусгалын (ээвэрлэлтийн) хангамж БНбД 23-04-07 норм дүрмийн шаардлагыг хангаж байна...[17][17] гэснийг үндэслэлтэй гэж үзсэн болно.

4.9. Иймд хариуцагч Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зургийг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх дүгнэв.

4.10.Эцэст нь А ХХК 24 давхар бүхий үйлчилгээтэй орон сууцны барилгын суурь ажлын гүйцэтгэлийн явцад нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн харилцан тохиролцож байгуулсан гэрээнд зааснаас 1.5 метр илүү нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэвлийгээр нэвтэрч суурийн ажлыг хийсэн гэх асуудлаар талууд иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэхээр маргаж байгаа тул шүүхээс энэ талаар дээрх дүгнэлтээс илүү дэлгэрэнгүй дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Барилгын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 12 дугаар зүйлийн 12.1.1, 28 дугаар зүйлийн 28.2, Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1-д заасныг тус тус баримтлан Барилга хот байгуулалтын яамны Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн    тоот Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах, /хуучнаар/ Улаанбаатар хотын Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын баталсан 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А ХХК-ийн үйлчилгээтэй орон сууцны эх загвар зургийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Л.БАТБААТАР