Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/03698

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр                      Дугаар 183/ШШ2024/03698                          Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, **, ** гудамж, ** дүгээр байр, ** тоот хаягт оршин суух Б******* овогт А*******ийн Э******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** дүгээр байр, ** тоот хаягт оршин суух Б******* овогт Х*******ийн Х******* (РД:*******)-нд холбогдох

 

Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөг, алданги 2,500,000 төгрөг, нийт 7,500,000 төгрөг гаруулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Х.Х*******тай 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн L******* маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Х.Х******* урьдчилгаа 45,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй.

1.2.Гэрээний 3.5-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 173 хоногийн алданги 4,325,000 төгрөг болох бөгөөд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учир 2,500,000 төгрөгийн алдангийг гэрээний үлдэгдэл төлбөрийн хамт гаргуулахаар шаардаж байна гэжээ.

 

2.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, эрх, үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр түүний дугаар утсаар холбогдож шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болно.

 

3.Нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, А.Э**ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, хариуцагч Х.Х*******тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээний эх хувийг нотлох баримтаар гаргаж өгснийг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Х.Х*******тай 20** оны 07 дугаар сарын 31-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн L******* маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Х.Х******* урьдчилгаа 45,000,000 төгрөгийг төлж, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 20** оны 10 дугаар сарын 01-ний өдөр төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Гэрээний 3.5-д хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр заасны дагуу 20** оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 20** оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх 173 хоногийн алданги 4,325,000 төгрөг болох бөгөөд алданги нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй учир 2,500,000 төгрөгийн алдангийг гэрээний үлдэгдэл төлбөрийн хамт гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагчид нэхэмжлэлийн хувийг 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гардуулж, эрх, үүргийг тайлбарлаж, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй буюу хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй эсэх талаарх баримт, хүсэлтийг шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэг зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд 20** оны 07 дугаар сарын 31-ний өдөр “Худалдах, худалдан авах гэрээ” байгуулагдсан. (хавтаст хэргийн 5-6 дахь тал)

 

4.2.Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь улсын бүртгэлийн дугаартай, L******* маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр худалдах, хариуцагч нь автомашины урьдчилгаа 45,000,000 төгрөгийг 20** оны 07 дугаар сарын 30-ны өдөр, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 20** оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлөх үүргийг харилцан хүлээсэн. (хавтаст хэргийн 5 дахь тал)

 

5.Зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч буюу нэхэмжлэгч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хийг худалдан авагч буюу хариуцагчид хүлээлгэн өгөх, худалдан авагч нь түүний үнийг төлөх үүрэгтэй.

 

7. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Х.Х******* урьдчилгаа 45,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 5,000,000 төгрөгийг төлөөгүй гэж дурдсан ба хариуцагч нь уг үйл баримтыг няцаасан тайлбар, түүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж мэтгэлцээгүй болно.

 

8.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагч Х.Х*******ыг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох буюу Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас автомашины үлдэгдэл төлбөр болох 5,000,000 төгрөгийг шаардах эрхтэй гэж үзлээ.

 

9.Талуудын хооронд байгуулагдсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.5-д “Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө” гэж заасан байх бөгөөд уг заалт нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж заасанд нийцжээ.

 

10.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар үлдэгдэл төлбөрийг төлөөгүй хугацааны алдангийг хариуцагчаас шаардах эрхтэй бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 173 хоногийн алдангийг шаардах эрхтэй бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “…Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж зааснаар алдангийн хэмжээ 2,500,000 (5,000,000₮*50%=2,500,000₮) төгрөгөөс хэтэрч болохгүй юм.

 

11.2023 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх 173 хоногийн алданги 4,325,000 (5,000,000₮*0.5%*173хоног=4,325,000₮) төгрөг болж байх ба нэхэмжлэгч нь алдангид 2,500,000 төгрөг гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байна.

 

12.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчаас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно…” гэж зааснаар нэхэмжлэгчийн зүгээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 135,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Х*******аас 7,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Э*******д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 135,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Х*******аас 134,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А.Э*******д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД