Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/03697

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр                      Дугаар 183/ШШ2024/03697                         Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ховд аймаг, ** сум, ** байр, ** тоотод оршин суух О******* овогт Г*******ын Д******* (*******)-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дүгээр хороо, **, ** байр, ** тоотод оршин суух В******* овогт Д*******ийн Л******* (РД:*******)-нд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Д******* (зайнаас),

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Д.Л*******тэй 2005 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд охин Д.М******* төрсөн. 2010 онд бид БНСУ руу суралцахаар хамт явсан бөгөөд би тухайн ондоо Монгол Улсдаа буцаж ирж, үүнээс хойш бид харилцаа холбоо тасарч, уулзалдаагүй тусдаа 14 жил амьдарсан. Одоо би Ховд аймагт эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг учир цаашид хариуцагчтай хамтран амьдрах боломжгүй. Иймд гэрлэлтийг цуцалж, охиныг эхийнх нь асрамжид үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэв.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, гэрлэлт цуцлах болсон шалтгаанаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Д.Л*******, Г.Д******* нар нь 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Д.Л*******гийн хувьд Солонгос Улсад ажиллаж амьдарч байгаа. Гэрлэгчид дундаасаа 1 хүүхэдтэй. Хүүхэд нь Г.Д*******ын асрамжид байж байгаад 2019 оноос хойш Д.Л*******гийн ээжтэй хамт амьдарч байгаа. Гэрлэгчид хоорондоо ярилцаад хүүхдийнхээ асрамжийг тохиролцсон. Хүүхэд Ерөнхий боловсролын сургуульд сурах болон цаашдаа их дээд сургуульд сурах сургалтын төлбөр, тэтгэлгийн асуудлыг нэхэмжлэхгүйгээр өөрөө цаашдаа хариуцаад явъя гэж хоорондоо ярилцаж тохиролцсон байгаа. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэв.

 

3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Д.Л*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, охин Д.М*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, Д.Л*******гээс Ц.Над олгосон итгэмжлэл, Д.М******* нь эрүүл бойжиж байгаа тухай “А**” ӨЭМТ-ийн эмчийн тодорхойлолтыг нэг бүрчлэн шинжлэн судлаад (Хавтаст хэргийн 2-11 дэх тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Д.Л*******тэй 2005 онд танилцаж, 2007 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Хамтран амьдрах хугацаанд охин Д.М******* төрсөн. Бид 2010 оноос хойш харилцаа холбоо тасарч, уулзалдаагүй тусдаа 14 жил амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй, би тусдаа гэр бүлтэй болчихсон гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, бид 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэх тайлбарыг гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Г.Д*******, хариуцагч Д.Л******* нар нь 2005 онд танилцаж, 2007 оны 12 дугаар сарын 14-ний өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр охин Д*******ын М******* төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгч болон хариуцагч нарын зүгээс 2010 оноос хойш тусдаа амьдарч байгаа гэж тайлбарлаж байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

6.Мөн гэрлэгчид нь 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Д.М*******ыг эхийнх нь асрамжид үлдээх талаар маргаангүй тухай тайлбарыг гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.6 дахь хэсэгт “... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу эх Д.Л******* нь эцэг Г.Д*******ыг хүүхэдтэй нь уулзуулах нөхцөлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

8.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар О******* овогт Г*******ын Д*******, В******* овогт Д*******ийн Л******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2008 оны 03 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Д*******ын М*******ыг эх Д.Л*******гийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар Г.Д*******, Д.Л******* нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

4.Зохигч талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Г.Д*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Л*******гээс 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД