Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 183/ШШ2024/03696

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 18 өдөр                    Дугаар 183/ШШ2024/03696                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, **, ** байр, ** тоотод оршин суух С******* овогт Л*******ийн Д******* (РД:*******)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** гудамж, ** байр, ** тоотод оршин суух Ө******* овогт С*******ийн Г******* (РД:*******)-нд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Д*******,

Хариуцагч С.Г*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ: С.Г******* бид 2012 онд танилцаж, 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Г.У*******, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин Г.Т нар төрсөн. Манай нөхөр архи, согтууруулах ундаа их хэрэглэдэг. Гэр бүл, үр хүүхдээ бодож болих байх гэж итгэж байсан ч уух нь ихэссэн. Үүнээс болж таарамжгүй харилцаа үүссэн. Архи, согтууруулах ундаа хэрэглэдэг хүнтэй хамт 3 охиноо байлгамааргүй байна. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Том охин маань 18 насанд хүрсэн. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн хувьд одоо амьдарч байгаа орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээнээс нөхөр нэрээ хасаж, охидуудын нэрийг бүртгүүлэх, нөхөрт Приус 30 маркийн автомашиныг үлдээхээр харилцан тохиролцсон гэв.

 

2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, гэрлэлт цуцлах болсон шалтгаанаа дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Би архины хамааралтай. Энэ хүн ийм шийдвэр гаргаад нэхэмжлэл гаргачихсан учраас надад ямар нэгэн тайлбар байхгүй. Тийм учраас хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, Ерөнхий боловсролын 15 дугаар сургуулийн 1 дүгээр ангид Г.У******* нь суралцдаг тухай тус сургуулийн тодорхойлолт, Г.У*******, Г.Т нар нь эрүүл бойжиж байгаа тухай “Э**” ӨЭМТ-ийн эмчийн тодорхойлолт, Л.Д*******ий иргэний үнэмлэх болон байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Г.У*******, Г.Т нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Г.Т нь Нийслэлийн 28 дугаар цэцэрлэгийн “дунд-г” бүлэгт суралцдаг тухай тус цэцэрлэгийн тодорхойлолт, Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн тэмдэглэл зэргийг нэг бүрчлэн шинжлэн судлаад (Хавтаст хэргийн 3-14 дэх тал)

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: С.Г*******той 2012 онд танилцаж, 2016 онд гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Г.У*******, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр охин Г.Т нар төрсөн. Манай нөхөр архи, согтууруулах ундаа их хэрэглэдэг. Гэр бүл, үр хүүхдээ бодож болих байх гэж итгэж байсан ч уух нь ихэссэн. Үүнээс болж таарамжгүй харилцаа үүссэн. Архи, согтууруулах ундаа хэрэглэдэг хүнтэй хамт 3 охиноо байлгамааргүй байна. Тийм учраас гэрлэлтээ цуцлуулж, 3 хүүхдээ өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тайлбарлав.

 

3.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, би архины хамааралтай бөгөөд эхнэр нэгэнт ингэж шийдсэн болд хуульд зааснаар гэрлэлтээ цуцлуулж, хүүхдүүдээ эхийнх нь асрамжид үлдээх саналтай байгаа гэх тайлбарыг гаргасан.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

4.1.Нэхэмжлэгч Л.Д*******, хариуцагч С.Г******* нар нь 2012 онд танилцаж, 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр иргэний бүртгэлийн байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн, гэрлэгчдийг хамтран амьдрах хугацаанд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр охин Г*******ын У*******, 2020 он 10 дугаар сарын 16-ны охин Г.Т нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

 

5.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч нь архи, согтууруулах ундааны зүйл их хэрэглэдэг, хэрэглэхээ болихгүй байгаа нь хамт амьдрахад хүндрэлтэй байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй, хариуцагч нь би архины хамааралтай, эхнэрийнхээ шийдвэрийг зөвшөөрч байна гэж тайлбарлаж байх тул гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

 

6.Мөн гэрлэгчид нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Г.У*******, 2020 он 10 дугаар сарын 16-ны охин Г.Т нарыг эхийнх нь асрамжид үлдээх талаар маргаангүй тухай тайлбарыг гаргасан тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүүхдүүдийг эхийнх нь асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26.6 дахь хэсэгт “... эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглоно” гэж заасны дагуу эх Л.Д******* нь эцэг С.Г*******ыг хүүхдүүдтэй нь уулзуулах нөхцөлөөр хангаж, эцэг нь үр хүүхдээсээ тусдаа амьдарч байгаа хэдий ч хуульд зааснаар үр хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэйг тайлбарлах нь зүйтэй.

 

8.Гэрлэгчид нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, ** дугаар хороо, ** гудамж, ** байр, ** тоот орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс С.Г*******ыг хасаж, охин Г.У*******, Г.Т нарын нэрийг бүртгэх, Приус-30 маркийн автомашиныг нөхөр С.Г*******од үлдээхээр харилцан тохиролцсон нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасанд нийцсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ө******* овогт С*******ийн Г*******, С******* овогт Л*******ийн Д******* нарын гэрлэлтийг цуцласугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Г*******ын У*******, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин Г*******ын Т нарыг эх Л.Д*******ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар С.Г*******, Л.Д******* нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.

 

4.Зохигч талууд гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдсугай.

 

5.Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 38 дугаар зүйлийн 38.3 дахь хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Л.Д******* нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Д*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Г*******оос 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтээ сэргээж болохыг дурдсугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.



 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ТӨРБОЛД