Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 225

 

Н.З, М.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Ц.Гансүх, З.Хүрэлсүх, шүүгдэгч М.Г-ийн өмгөөлөгч Б.Тэнгис, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 628 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 230 дугаар магадлалтай, Н.З-, М.Г- нарт холбогдох 201601000026 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1988 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Н-н З,

2. Монгол Улсын иргэн, 1984 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М-ны Г.

1. Н.З- нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаыар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,

2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын гадна талын зогсоол дээр М.Г-т Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг 4,000,000 төгрөгөөр худалдсан,

2016 оны 02 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд БНХАУ-ын Бээжин хотод метамфетамины агууламж бүхий 100.9 грамм “мөс” гэх мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч хадгалан 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн, улмаар тухайн өдөр Баянзүрх дүүргийн “Авто тээвэр шалган нэвтрүүлэх пост” хүртэл хууль бусаар өөрийн биедээ болон чемодантай хувцсан дундаа нуун хадгалж, Г.А-н  жолоодож явсан тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн,

2. М.Г- нь “2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын орчим метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх мансууруулах бодисыг Н.З-аас 4,000,000 төгрөгөөр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, Нарны хорооллын 5-37 тоот гэртээ болон биедээ хууль бусаар хадгалсан,

2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын гадна талын зогсоол дээр *** УНГ дугаартай “Тоёота Харриер” загварын тээврийн хэрэгслийн дотор 0,6 грамм “мөс” гэх мансууруулах бодисыг Э.Б-д өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Н.З-ыг Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн, худалдсан, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэм буруутайд, М.Г-ийг метамфетамины агууламж бүхий “мөс” гэх сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч Н.З-ыг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар 2 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, шүүгдэгч М.Г-ийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ял дээр мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 4 жилийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-, М.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.З-, түүний өмгөөлөгч З.Хүрэлсүх, Ц.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Ц.Гансүх гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. БНХАУ-ын болон Монгол улсын хилээр нэвтрүүлэхэд оногдох ял шийтгэлээс айсан, хамт зорчиж байсан Ананд “хар тамхи хэрэглэсэн, биедээ авч тээвэрлэн БНХАУ-ын хилээр гарвал цаазын ялтай” гэж уурлан гадаад паспортоо урсан тухай ялтны болон н.А-н мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт ялтны гадаад паспортоо урснаас шалтгаалан БНХАУ-ын хил дээр 2 цаг гаран, Монгол улсын хил дээр 1 цаг гаран бүрэн шалгалтад орсон тухай мэдүүлэг, хэрэгт нотлох баримтаар шинжлэн судлуулсан н.А, ялтан Н.З-ын бүх хуудас нь урагдсан 2 ширхэг гадаад паспорт зэрэг дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нотлох баримтуудыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж үзэж байна. Хэрэв дээрх баримтуудыг нягталбал бүх хуудас нь салж урагдсан гадаад паспорттай Монгол улсын 2 иргэнийг БНХАУ-ын хил дээр саатуулж ... тусгайлан шалгаж өргөдөл бичүүлж, нэвтрүүлэх үед метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөлөх бодисыг илрүүлээгүй байна гэж үзэх, эсхүл тэр шалгалтуудаар нууж, улсын хил нэвтрүүлсэн гэж үзэж боломжгүй юм. Учир нь хэрэгт цугларсан Гаалийн улсын байцаагчийн ажил үүргийн хуваарь, хил гааль дээр хэрэглэж байгаа тоног төхөөрөмж, тусгай хэрэгсэл зэргээс тодорхой харагдаж байна. /5 хх-н 98-100/ Мөн дээрх баримтуудыг шүүх тогтоол гаргахдаа үгүйсгэсэн баримтуудыг заагаагүй байна.

  1. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр.

Ялтан 2016 онд гэмт хэрэг үйлдэх үед 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан бөгөөд 2018 онд ял шийтгүүлэх үед 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж байсан. Шүүх тогтоолынхоо үндэслэх хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан ...гэх авч хууль хэрэглэхдээ “2015 оны Эрүүгийн хуульд заасан ...шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэх саналыг хүлээн авах боломжгүй байна” гэж, шүүгдэгчийн болон бага насны хүүхдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн 2002 оны Эрүүгийн хуульд заасан ...шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хоёр жил хүртэлх хугацаагаар хойшлуулж болно” гэсэн заалтыг хэрэглээгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1-д заасан “Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 6.8-д заасан санал, хүсэлт.

1. Н.З-ын метамфетамины агууламж бүхий сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож, өөрийн гэм буруугаа хүлээж хууль бусаар олж авсан, хадгалсан, тээвэрлэсэн үйлдэлд нь гэм буруутайд тооцож 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг хэрэглэж ял хойшлуулах боломжтой байна.

2. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт буруутай байна гэж үзвэл ялтны хувийн байдал болох 2018 оны 02 дугаар 20-ны өдөр төрсөн 1 нас 1 сартай охинтойгоо хоёулаа Солонгос улсад ажиллаж буй эхийнхээ байранд амьдардаг, мөрдөн байцаалтын шатанд 298 хоног хоригдож байсан, мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээн ойлгож чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан 1 нас 1 сартай охиноо асран хамгаалах боломжийг олгох үүднээс хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч З.Хүрэлсүх хэлсэн саналдаа “Ц.Гансүх өмгөөлөгчийн 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийг баримтлан ялыг хөнгөрүүлэх саналыг дэмжиж байна. 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйл, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлүүдэд ял шийтгэлийг хойшлуулах талаар хуульчлагдсан байна. Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчид ашигтай байдлаар 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлсэн. Иймд шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Шүүгдэгч М.Г-ийн өмгөөлөгч Б.Тэнгис хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүх шүүгдэгч Н.З-д ял, шийтгэл оногдуулахдаа хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт гаргасан. Харин шүүгдэгч М.Г-ийн хувьд үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. М.Г- нь худалдаалах зорилгоор сэтгэцэд нөлөөлөх бодисыг 4,000,000 төгрөгөөр Н.З-аас аваад Э.Б-д 300,000 төгрөгөөр зарсан талаар мэдүүлэг байдаг. Дараа нь зүгээр өгсөн талаар мэдүүлдэг боловч биед хийсэн үзлэгээр бэлэн мөнгө гардаг. Анхан шатны шүүх нь шүүгдэгч М.Г-ийг Н.З-аас сэтгэцэд нөлөөлөх бодис худалдаж авсан талаар дүгнэлт хийсэн ч худалдаалах зорилгогүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Н.З-д холбогдох хэргийг шийдвэрлэхэд саад болохгүй тул шүүгдэгч М.Г-ийн хэргийг тусгаарлаж прокурорт буцааж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн гаргасан гомдлыг үндэслэн М.Г-, Н.З- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Н.З- нь 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр БНХАУ-ын нутаг дэвсгэрээс Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын жагсаалтанд орсон метамфетамины агууламж бүхий 21 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, улмаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн,

2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” зочид буудлын гадна талын зогсоол дээр М.Г-т метамфетамины агууламж бүхий 20 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг 4,000,000 төгрөгөөр худалдсан,

2016 оны 02 дугаар сарын 15-наас 19-ний өдрийн хооронд БНХАУ-ын Бээжин хотод метамфетамины агууламж бүхий 100.9 грамм “мөс” гэх сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч хадгалан 2016 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь автозамын шалган нэвтрүүлэх боомтоор хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн, улмаар тухайн өдөр Баянзүрх дүүргийн “Авто тээвэр шалган нэвтрүүлэх пост” хүртэл хууль бусаар өөрийн биедээ болон чемодантай хувцсандаа нуун хадгалж, Г.А-н  жолоодож явсан тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийснээс гадна хэргийг зүйлчлэхдээ холбогдох хуулийн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Н.З-ын үйлдсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Н.З-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжийг хангасан талаар хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Мөн шүүхээс шүүгдэгч Н.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргажээ. 

Түүнчлэн шүүгдэгч Н.З- нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчилж байх үед гэмт хэрэг үйлдсэн боловч түүний үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар зүйлчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Учир нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж хуульчилсан бөгөөд буцаан хэрэглэгдэх шинжийг агуулж буй илүү хөнгөн хууль гэдэг ойлголтод гэмт хэргийн шинж чанарыг тодорхойлж буй диспозицийн багтаамж, ял шийтгэлийн төрөл, агуулгад орж буй өөрчлөлт төдийгүй хууль тогтоогчийн шийдвэрээр хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж байгаа эрүүгийн хуулийн зохицуулалтад хамаарах бусад хэм хэмжээ мөн адил багтдаг болно.

Харин шүүгдэгч Н.З-ын М.Г-т метамфетамины агууламж бүхий 20 грамм “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг 4,000,000 төгрөгөөр худалдсан үйлдэл нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байхад түүний гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4,000,000 төгрөгийг хураан авч улсын орлого болгоогүй байх тул шийтгэх тогтоол, магадлалд хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх талаарх нэмэлт заалт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Г-ийн холбогдсон хэргийн хувьд үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэр хэмжээ болон хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоогоогүй, нотлох баримтыг зөв үнэлээгүй, түүний эзэмшлийн тээврийн хэрэгслээс хурааж авсан сэтгэцэд нөлөөлөх бодисын нэр төрөл, тун хэмжээ, эдгээр нь хэнд хэрхэн хамааралтай талаар бодитой дүгнэлт хийлгүй, түүнд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч М.Г-ийн эргэлзээтэй мэдүүлгийн үнэн зөв эсэхийг магадлах, аль мэдүүлэг нь үнэн болохыг хэргийн нөхцөл байдалд тулгаарлан зөв дүгнэх, түүнээс хураан авсан мансууруулах бодисын гарал, олж авсан эх үүсвэрийн талаар зайлшгүй шаардлагатай шалгалтыг гүйцэд хийлгүйгээр хэргийг шүүхэд ирүүлж, анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.

Эрүүгийн эрх зүй дэх өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээхгүй байх зарчим нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуулийн баталгаагаар давхар хамгаалагдсан хүний үндсэн эрх байдаг. Гэхдээ энэхүү эрхийг эдлэх, хэрэгжүүлэх хэмжээ хязгаар, агуулга нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах, эсхүл худал мэдүүлэг өгөх зэрэг үйлдлийг зөвтгөнө гэсэн ойлголт биш болно. Өөрөөр хэлбэл, дээрх эрхийг эдлэхийг хүссэн тохиолдлыг “мэдүүлэг өгөхгүй байх” эсхүл “дуугүй байх” эрх гэж үзэж заавал хангах ёстой бөгөөд харин мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн бол мэдүүлэг нь үнэн зөв байхыг шаардах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бодит үнэнийг тогтоох зорилгод нийцэх ба санаатай саад учруулж байгаа үйлдэл нь үүний эсрэг шинжтэй болохыг анхаарч мөрдөн байцаалтын ажиллагааг явуулах ёстой.

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисын хууль бус эргэлттэй холбоотой аливаа гэмт хэргийн талаар нотолбол зохих зүйлд мансууруулах бодисын хэмжээ, нэгж хэрэглээний дундаж тун, нийт хэдэн удаагийн хэрэглээний тун байж болох, мөн хүний амь насанд аюултайгаар нөлөөлж болох хэмжээг тодорхойлохоос гадна тэдгээр бодисын “хар зах зээл дээрх” хууль бус эргэлтэд хэрэглэгдэж байгаа үнийг тогтоох асуудал хамаарна.

Үүний тулд үндэсний наркологийн хүрээлэн болон холбогдох бусад байгууллагын мэргэжилтнүүдийн тусгай мэдлэгийн хүрээнд тухайн мансууруулах бодисын шинж чанар, хэмжээ, хор уршгийн байдлыг тодруулах, түүнчлэн Нэгдсэн үндэстний байгууллагын Хар тамхи болон гэмт хэрэгтэй тэмцэх газрын зүгээс зөвлөмж болгон гаргадаг олон улсын хар тамхины хууль бус наймаанд хэрэглэгдэж буй жишиг үнийн мэдээлэл, үүний дотор хөрш орнууд, бүс нутаг болон манай улсад хэрэглэгдэж байгаа жижиглэн болон бөөний үнийн мэдээлэл зэрэгт тулгуурлан мансууруулах бодисын үнийн талаар мэдээлэл баримт цуглуулж, бэхжүүлэх шаардлагатай.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд М.Г-оос хурааж авсан 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалт”-ад орсон “Дельта-9 тетрагидроканнабинол” 17.2 грамм, “мөс” гэх нэршилтэй мансууруулах бодисыг хэрхэн олж авсан, бусдад худалдсан, түгээсэн байж болох эсэх асуудлыг сайтар шалгаж тогтоох, хууль зүйн зөв дүгнэлт хийх нь хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой.

Мансууруулах бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн үйлдлийн хэв шинж, арга болон тухайн төрлийн гэмт хэргийн онцлог шинжээс хамаарч худалдаалах гэдэгт нь дан ганц төлбөртэйгөөр худалдаж буй хэлбэрээр хязгаарлагдахгүй бөгөөд хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр бусдад шилжүүлж байгаа /худалдах, бэлэглэх, солилцох, эсхүл үүргийн гүйцэтгэлд тооцох, өрөнд өгөх гэх мэт/ аливаа хэлбэр, түүнчлэн мансууруулах бодисыг тодорхой хүний биед нь тарих гэх мэт бүхий л арга хэрэгслээр түгээж байгаа үйлдлийг багтааж буй ойлголт бөгөөд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисыг шилжүүлж байгаа хэлбэрээс үл хамааран уг үйлдлийн үр дүнд өөр хэн нэгэн хүн мансууруулах бодисыг бодитойгоор эзэмшсэнээр худалдаалсан гэмт хэрэг төгс үйлдсэнд тооцогддог.

Түүнчлэн хэдийгээр мансууруулах бодисын хэмжээ их байгаа үйл баримт нь дангаараа мансууруулах бодисыг бусдад худалдаалах зорилгыг тогтоох хангалттай үндэслэл болохгүй хэдий ч үүн дээр тухайн мансууруулах бодисын үнийн талаарх мэдээлэл, мөн жижиглэнгээр борлуулж, түгээх зориулалт бүхий сав баглаа боодол, жин хэмжүүр гэх мэт онцлог эд зүйлсээс гадна, тухайн хүний амьжиргааны эх үүсвэр, зан үйлийн байдал, хэргийн бусад нөхцөл байдлуудын талаарх нотлох баримт зэргийг нэгтгэн дүгнэж, цогц байдлаар үнэлснээр мансууруулах бодисыг худалдаалах сэдэлт, санаа зорилгыг тодорхойлох, хэргийн зүйлчлэлийн талаар зөв дүгнэлт хийх боломж бүрддэгийг анхаарах нь зүйтэй.     

Мансууруулах бодисыг хууль бусаар олж авах гэдэг нь тухайн бодисыг худалдан авах, гүйцэтгэсэн ажил болон үзүүлсэн тусламж үйлчилгээний хариу төлбөрийн хэлбэрээр авах, өр төлбөрт тооцож авах, өөр бараа, эд зүйлээр сольж авах, зээлж авах, бэлгэнд авах зэргээр хариу төлбөртэй эсхүл хариу төлбөргүйгээр өөрийн мэдэлд шилжүүлэн авч байгаа аливаа идэвхтэй үйлдлийг багтаадаг ойлголт юм.

Дээр дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгэсний дараагаар М.Г-ийн үйлдэл, гэм буруу, хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг зөв тодорхойлж, мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл бодисын хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийн нийгэмд үзүүлж буй аюул, хор уршиг, үр дагаврыг харгалзан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж  үзлээ.

Иймд шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн “...шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ...мөрдөн байцаалтын шатнаас гэм буруугаа хүлээж, чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг харгалзан 1 нас 1 сартай охиноо асран хамгаалах боломжийг олгох үүднээс хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Н.З-аас гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 4,000,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулах тухай нэмэлт заалтыг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, мөн шүүгдэгч М.Г-т холбогдох хэргийн талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн гаргасан шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан, прокурорт буцаах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 628 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 230 дугаар магадлалын шүүгдэгч М.Г-т холбогдох бүх заалтыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг тусгаарлан хэргийг прокурорт буцаасугай.

2. Мөн шийтгэх тогтоол, магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.З-аас гэмт хэрэг үйлдэж олсон 4,000,000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Н.З-ын өмгөөлөгч Ц.Гансүхийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН