Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0796

 

Х.Э-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Х.Э нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, Х.Э-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрээр: Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Х.Э-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 13-т Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар У.А-г томилсон хэсэг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын У.А-г Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Х.Э-ийг өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 9.214.219 төгрөг олгохоос урьд олгосон бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 2.592.633 төгрөгийг хасч, үлдэх 6.621.586 /зургаан сая зургаан зуун хорин нэгэн мянга таван зуун наян зургаа/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдлоо гаргасан эсэх, гомдлыг нь хянан шийдвэрлэсэн эсэх талаарх бичгийн нотлох баримт хэргийн материалд байхгүй. Гэтэл шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны A/14, А/25 дугаар эрх зүйн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийг шүүх хууль зөрчин хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...” хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг тус тус зөрчжээ. Хариуцагчийн зүгээс гуравдагч этгээд У.А-г шүүх хуралд биечлэн оролцуулах талаар хүсэлт гаргасаар байтал түүнийг шүүх хуралд орж эрх ашгаа хамгаалах боломжоор хангаагүй, гомдол гаргах эрхийг тайлбарлаагүй, хэргийн оролцогчдын биеийн байцаалтыг аваагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн. Ийнхүү шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй тул уг хэргийг бүхэлд нь хянаж шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Х.Э нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” А/10 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтад Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар У.А томилсон хэсэг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 дугаар тушаалын У.А Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгох, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Маргаан бүхий Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын нийт албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд 2 дугаар хавсралтаар орон тоо, чиг үүргийн хуваарийн дагуу албан хаагчдыг томилохдоо нэхэмжлэгч Х.Э-ийг томилоогүй, түүний урьд эрхэлж байсан  Хөгжлийн бодлогын хэлтсийн даргын албан тушаалын нэрийг өөрчлөн Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан тушаалд У.Амарзаяаг томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. Тодруулбал,

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтийн даргын /хуучнаар/ ажлын байр, албан тушаалын чиг үүрэг нь маргаан бүхий акт гарах үед өөрчлөгдөөгүй байсан, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан  Хөрөнгө оруулалт, хөгжлийн  бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд ажлын үндсэн зорилт, шалгуур үзүүлэлт, ажлын байранд тавигдах шаардлага зарим нэг үзүүлэлтээр нэмэгдсэн ч өмнөх агуулга нь хэвээр хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгч Х.Э-ийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй талаар шүүх зөв дүгнэсэн, энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

Харин хариуцагчаас гаргасан “шүүх урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хууль зөрчин хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх гомдлыг хянаж үзвэл гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзнэ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотойгоор гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын тухайд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг дахин хэрэглэх боломжтой гэж үзэхгүй.

Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдааныг явуулсан, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “хэргийн оролцогчдын биеийн байцаалтыг аваагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд “гуравдагч этгээдийг шүүх хуралд оролцуулж эрх ашгаа хамгаалах боломжоор хангаагүй, гомдол гаргах эрхийг тайлбарлаагүй” гэсэн үндэслэлээр хариуцагчийн гаргасан гомдолд тус шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                      

                                                        ШҮҮГЧ                         Б.ТУНГАЛАГСАЙХАН  

                                                       ШҮҮГЧ                           Э.ЗОРИГТБААТАР                           

                                                       ШҮҮГЧ                            О.НОМУУЛИН