Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 445

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийж, “Хүчит чулуут” ХХК-ийн “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/2014 С-ДБ-Б 2014-40 дугаар гэрээний дагуу санхүүжилт олгохыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгах” шаардлага бүхий Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бат-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Түмэнжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Гэрэлтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ""Хера Холдинг" ХХК болон "Хүчит чулуут" ХХК нь Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын цэвэр усны ф100-З00мм-ийн 3216 м шугамын барилга угсралтын ажлыг 1,009,000,000 төгрөгөөр, 2014.04.01-нээс 201.4.10.01-ний хугацаанд гүйцэтгэж ашиглалтад оруулахаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 06/2014 С-ДБ-Б 2014-40 тоот гэрээг байгуулсан юм.

Дээрх гэрээний дагуу цэвэр усны барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх хугацаа газар чөлөөлөх асуудлаас шалтгаалж саатсан бөгөөд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 06/2014 С-ДБ-Б 2014-40 тоот гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж талуудын хооронд 2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр 06/2014 С-ДБ-Б 2014-40-1 тоот гэрээг байгуулсан. 06/2014 С-ДБ-Б 2014-40 тоот гэрээнд дараах байдлаар нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. Үүнд:

1.Үндсэн  гэрээнд заасан ажлын нэрийг "Сонгинохайрхан дүүргийн  5,6   дугаар хороо-Ханын материал орчмын гэр хорооллын цэвэр усны ф100/300  мм-ийн 1812 м шугамын барилга угсралтын ажил" болгон өөрчлөв.

2.Захиалагч болон Санхүүжүүлэгч   нь   барилгын   ажлыг   гүйцэтгэхэд    үүссэн хүндэтгэн үзэх шалтгаануудыг харгалзан үзсэний үндсэн дээр барилгын ажлыг ашиглалтад оруулах хугацааг 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр  хүртэл сунгасан.                    

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн техникийн зөвлөлийн хурлаар уг гэрээт ажлыг үргэлжлүүлэн хийх тухай хэлэлцээд санал нэгтэйгээр гэрээний дагуу уг ажлыг гүйцэтгүүлж, санхүүжилтийг олгохоор шийдвэрлэсний дагуу бид цэвэр усны болон дулааны 5 хос шугамын ажлыг 100% хийж гүйцэтгээд улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болж, энэ талаар Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт албан ёсоор мэдэгдсэн.

Манай компанийн санхүүжилтийг олгох шийдвэр гаргахгүй, 7 сарын турш асар ихээр хохироож байгаа тул Хөгжлийн банкны захирал Н.Мөнхбатад 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 29/1 тоот албан бичгээр, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяад 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 29/9 тоот албан бичгээр, Нийслэлийн засаг дарга С.Бат-Үүл-д 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 11/2 тоот албан бичгээр гэрээний дагуу санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хандсан боловч одоог хүртэл бидэнд хариу ирүүлэлгүй эс үйлдэхүй гаргаж байна. 

Иймд 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/2034 С-ДБ-Б 2014-40 тоот гэрээний дагуу санхүүжилт олгохыг "Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар"-т даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “"Хүчит чулуу" ХХК нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт холбогдуулж "2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 06/2014 С-ДБ-Б 2014-40 тоот гэрээний дагуу санхүүжилтийг олгохыг даалгах" шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр гаргасан байна.

Манай газар нь улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажилладаг орон нутгийн өмчит аж ахуйт тооцоот үйлдвэрийн газар.

Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн, засагласан шийдвэр гаргадаг байгууллага биш бөгөөд түүний албан тушаалтанууд нь амаар буюу бичгээр захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог хэм хэмжээ тогтоосон шийдвэр, захиргааны акт гаргадаггүй болно.                

"Хүчит чулуу" ХХК-ийн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэлд дурдсан ажлын гэрээг Хера холдинг ХХК, Хүчит чулуут ХХК-ийн түншлэл нар байгуулсан.

Дээрх нэхэмжлэл нь ЗХХШТХ-ийн 32 дугаар зүйлийн 32.2.3 /нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл/-д заасан шаардлагыг хангаагүй байна.

Тухайлбал гэрээнд заасан ажлын тоо хэмжээний дагуу тухайн ажлыг хэдэн хувьтай гүйцэтгэсэн эсэх, мөн тухайн гэрээний дагуу санхүүжилтийн хэдэн хувийг авсан болон үлдэх хэдэн хувийн санхүүжилт олгохийг даалгуулах зэрэг нь тодорхой бус байна.

Мөн нэхэмжлэлд дурдсан ажлын гэрээг Нэхэмжлэгч нь дангаар байгуулаагүй ба тэр тухайгаа нэхэмжлэлдээ дурдаагүй байна. Манай газарт ирүүлсэн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хера пропертийз ХХК, Хүчит чулуут ХХК нарын байгуулсан гэрээнээс тодорхой харагдана.

Энэхүү түншлэлийн гэрээний дагуу ЗХХШТХ-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 /нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан/-д заасан төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан болох нь тодорхой харагдана.

Иймд ЗХХШТХ-ийн 74.3-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч “Хүчит чулуут” ХХК-ийн “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газартай байгуулсан 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/2014 С-ДБ-Б 2014-40 дүгээр гэрээний дагуу санхүүжилт олгохыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

“Хүчит чулуут” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, хэрэгт цугларсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбарыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд маргааны харилцаанд хамаарал бүхий хуулийн зохицуулалтыг тайлбарлан хэрэглэж “Хүчит чулуут” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

Нэг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нэхэмжлэгч хариуцагчаа буруу тодорхойлсон” гэх тайлбарын талаар.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын агуулгаас үзвэл цэвэр усны шугамын барилга угсралтын ажлын гэрээг дүгнэхгүй байгаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүйг тогтоож, цэвэр усны шугамын барилга угсралтын ажлын гэрээний гүйцэтгэлийг дүгнэж, холбогдох санхүүжилт олгох шийдвэр гаргахыг даалгах шаардлага байна.  

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “захиргааны байгууллага” гэж нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, ... орон нутгийн бүх байгууллага ... зэрэг нийтийн эрх зүйн субьект болох байгууллагыг”, 3.1.4-т “захиргааны акт” гэж нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг  зохицуулахаар захиргааны байгууллага, албан тушаалтнаас амаар буюу бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон эрх зүйн үр дагавар шууд бий болгодог нэг удаагийн захирамжилсан үйл ажиллагааг”, 3.1.7-д “нэхэмжлэл” гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус актын улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд хандаж гаргасан өргөдлийг” гэж тус тус заасны дагуу “Хүчит чулуут” ХХК нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэхээргүй байна.

Учир нь, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь аж ахуйн тооцоотой Нийслэлийн өмчит үйлдвэрийн газар бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 49 дүгээр тогтоолоор улс, нийслэлийн төсөв, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжаар барилга, байгууламж шинээр барих, өргөтгөх, шинэчлэх засварлах, хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээг төлөвлөх, зураг төсөл боловсруулах, гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэнд гүйцэтгэлийн хяналт тавих, чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байна.

Монгол Улсын Засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2-н “в” хэсэгт ”тухайн орон нутгийн өмчийн хуулийн этгээд байгуулах, өөрчлөх, татан буулгах санал  боловсруулж Хурал, түүний Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлэх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах” гэж заасны дагуу Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Нийслэлийн Засаг даргад шууд харъяалагдах газар болно.

Мөн Гэр хороолол дахин төлөвлөлтийн төслийн удирдах хорооны 2014 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаар тогтоолоор  “ажил гүйцэтгэх эрх олгогдсон аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэл хүргүүлж, батлагдсан загварын дагуу ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар /Л.Нарантуяа/-д даалгасугай” гэсний дагуу нэхэмжлэлийн шаардлага болох гэрээг дүгнэх субъект нь Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “жинхэнэ хариуцагч нийслэлийн Засаг дарга” гэх мэтгэлцээн үндэслэлгүй юм. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “”Хүчит чулуут” ХХК нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд” гэх тайлбарын талаар.

Нийслэлийн Засаг даргын  2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/534 дүгээр  захирамжаар “Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын Цэвэр усны ф100-300 мм-ийн 3216 метр шугамын барилга угсралтын ажилд” “Хера холдинг ХХК болон “Хүчит чулуут” ХХК-ийн түншлэлийг шалгаруулжээ. Ажил гүйцэтгэх гэрээг гүйцэтгэгчийг төлөөлж “Хера пропертийз” ХХК болон “Хүчит чулуут” ХХК-ийн түншлэл, захиалагчийг төлөөлж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар байгуулсан байна.

Шүүхээс “Хера пропертийз” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж буй эсэх талаар зохих лавлагааг албан бичгээр авсан бөгөөд “Хера пропертийз” ХХК-ийн 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 01/16, 2016 оны 05 дугаар сарын 23-ны 2/195 дугаар албан бичгээр түүний эрх ашиг хөндөгдөөгүй талаар тодруулга ирүүлсэн болно. 

Түүнчлэн, 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Хера пропертийз” ХХК болон “Хүчит чулуут” ХХК нарын байгуулсан “Түншлэлийн гэрээ”-ний 1.2-т “Барилга угсралтын ажлын “Цэвэр усны шугамын ажлын угсралтын ажил”-ыг гүйцэтгэхтэй холбогдсон эрх зүйн харилцаанд “Хүчит чулуут” ХХК нь гүйцэтгэгчийг төлөөлөх эрхтэйгээр оролцоно”, 4.3-т “Гүйцэтгэлийг “Хүчит чулуут” ХХК бие даан хийж, захиалагчаас .... өөрийн дансанд авах” гэжээ.

Иймд “Хүчит чулуут” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд байна.

Гурав. Маргааны үйл баримт болон нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар.

Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10.“инженерийн дэд бүтэц” гэж эрчим хүч, цэвэр, бохир усны болон зам, замын байгууламж, тээвэр, харилцаа холбооны шугам сүлжээ, барилга байгууламжийг” хэлнэ гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 118 дугаар  тогтоолоор Улаанбаатар хотын гэр хороололд баригдах инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний ажлын хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 5, 6-р хороо-Ханын материал орчмын гэр хорооллын Цэвэр усны ф100-300 мм-ийн 3216 метр шугамын барилга угсралтын ажил хийхээр болсон байна.  “Хера пропертийз” ХХК болон “Хүчит чулуут” ХХК-ийн түншлэл болон захиалагчийг төлөөлж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр “Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын Цэвэр усны ф100-300 мм-ийн 3216 метр шугамын барилга угсралтын ажил гүйцэтгэх” 06/2014 С-ДБ-Б 2014-40 дугаар гэрээг  байгуулсан байна. Харин Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 263 дугаар тогтоолоор ажлын хэмжээнд өөрчлөлт орсон тул  2015 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гэрээнд нэмэлт өөрчлөлт  оруулжээ. Уг нэмэлт өөрчлөлтөөр цэвэр усны шугамын уртыг 1812м болгон багасгасан байна.

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 2015 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Техникийн зөвлөлийн хурлаар Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо, Ханын материал орчмын гэр хорооллын цэвэр усны ф100/300мм-ийн 1812 м барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэн хийх тухай асуудал хэлэлцсэн байх бөгөөд “гэрээний ажлын тоо хэмжээний дагуу хийгдэх ажлыг хийлгэх зүйтэй, цэвэр усны шугамыг санхүүжүүлэх нь зөв гэж” шийдвэрлэж тэмдэглэл  үйлдэгдсэн байна.

Улмаар “Хүчит чулуут” ХХК нь барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэж зохих захиргааны байгууллагуудын төлөөлөлтэй хамтарч “Гадна дулаан, цэвэр усан хангамжийн системийг угсарсан, сорилтоор шалгасан акт” үйлдэж байсан нь хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтаар нотлогдож байна. Тодруулбал, 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрүүдийн хооронд үйлдэгдсэн 12 ширхэг актууд. Мөн гэрээний дагуу цэвэр усны шугам тавих барилга угсралтын зохих ажил хийгдсэн болохыг хариуцагч үгүйсгээгүй болно. 

Дээрх гэрээний зүйл заалт ёсоор  цэвэр усны барилга угсралтын ажилд захиалагч нь хяналт тавьж, баталгаажуулах, комисст хүлээлгэн өгөх, санхүүжилт олгох шийдвэр гаргаж санхүүжүүлэгчид хүргүүлэх үүрэг хүлээсэн байна. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д “хот, тосгоны батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон барилгажилтын төслийг үндэслэн газар олгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” гэж заасны дагуу Нийслэлийн Засаг даргын харъяа газар болох Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар нь Улаанбаатар хотод баригдах гэр хорооллын инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний барилга угсралтын ажил зохион байгуулах, гэрээ хийх, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих үүрэгтэй байна.

Түүнчлэн, цэвэр усны шугамын барилга угсралтын ажлын эхний ээлжийг 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр дүгнэж  зохих санхүүжилт олгохыг  зөвшөөрсөн атлаа 2015 оны гүйцэтгэлээр гэрээг дүгнэхээс татгалзаж байгаа нь захиргаа эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэхээр байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас нэгтгэн дүгнэвэл захиргааны байгууллагын эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Монгол Улсын Засаг захиргаа  нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 “в” дэх хэсэг, Хот байгуулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10, 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасныг баримтлан  “Хүчит чулуут” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, 2014 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 06/2014 С-ДБ-Б 2014-40 дугаар гэрээгээр хийсэн цэвэр усны шугамын барилга угсралтын ажлын гүйцэтгэлийг дүгнэхгүй байгаа Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, гэрээгээр гүйцэтгэсэн цэвэр усны шугамын барилга угсралтын ажлыг дүгнэж, зохих санхүүжилт олгох шийдвэр гаргахыг Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болж, мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              С.ТӨМӨРБАТ