Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/00971

 

Ц.Чинзоригийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02858 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1028 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Ц.Чинзоригийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор 39.046.673 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Чинзориг, хариуцагч байгууллагын төлөөлөгч С.Отгонсүрэн, Б.Аззаяа, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2014 оны Б/142 тоот тушаалаар ажлаас халагдсан бөгөөд уг асуудлыг шүүх шийдсэн. Шүүхийн шийдвэрээр намайг өмнөх ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт 12.510.997 төгрөг олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр тооцохыг ажил олгогчид даалгасан. Уг шийдвэрийг давж заалдах, хяналтын шатны шүүх хэвээр нь үлдээсэн юм. Ажил олгогч талын буруугаар миний бие 2014.10.15-ны өдрөөс 2015.01.12-ны өдөр хүртэл буюу нэг жил, 14 сар, 28 хоног, ажилгүй, цалингүй байсан. 2015.02.12-ны өдрөөс 2016.01.12-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгох асуудал ямар нэгэн шийдэлгүй үлдсэн. Хариуцагчид уг асуудлыг тавьсан боловч тодорхой хариу өгөхгүй өдий хүрлээ. Бодит байдалд Монгол улсын Хөгжлийн банкны буруугаар би 2014.10.15-ны өдөр ажлаас халагдаж хохирсноос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойших хугацааны цалингаар мөн хохирч байна. Иймд  2015.02.11-ний өдрөөс 2016.01.12-ны өдөр хүртэл хугацааны цалин болох 39.046.673  төгрөгийг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг ажил олгогчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэрүүдийг Монгол улсын Хөгжлийн банк бүрэн биелүүлж, тус банкны гүйцэтгэх захирлын 2016.01.12-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар Ц.Чинзоригийг Санхүүгийн эрсдэлийн хэлтсийн ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, шүүхийн шийдвэрт заагдсан ажилгүй байсан хугацааны

олговор 12.510.997 төгрөг  бүрэн олгосон. Эдгээрээс гадна, нэхэмжлэлд дурдсаны дагуу анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2015.02.11-ний өдрөөс Ц.Чинзоригийг ажилд эгүүлэн томилсон 2016.01.12-ны өдрийг хүртэлх хоногийн дундаж цалинг тооцон үзсэн. Монгол Улсын Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005.05.05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтад заасан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу Ц.Чинзоригийн сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсний нэг сарын дундаж цалин 3.466.363,67 төгрөг, 1 өдрийн дундаж цалин 163.507,72 төгрөг байх тул энэ хугацааны цалин 39.046.673,24 төгрөг бус 37.606.775,6 төгрөг болно.Иймд хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02858 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол Улсын Хөгжлийн банкнаас 38.822.926 төгрөг гаргуулж Ц.Чинзоригт олгож, нэхэмжлэлээс 224.838 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид  даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т заасныг баримтлан Ц.Чинзориг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 352.065 төгрөг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1028 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч нь энэ асуудлаар 3 шатны шүүхээр шийдвэрлүүлж байсан тул ажилгүй байсан хугацааны олговор буюу урьд гаргаж шийдвэрлүүлсэн хэрэг дэх нэхэмжлэлийн шаардлага дахин нэмж нэхэмжлэх нь үндэслэлгүй. Мөн анхан шатны шүүхийн 2015.02.11-ний өдрийн 1126 дугаар шийдвэрийн дагуу 12.510.997 төгрөг гаргуулсан байхад дахин энэ хэргийг шийдвэрлэж давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс, тодорхойлох журам”-ыг баримтлалгүйгээр хоол, унааны мөнгийг оруулан тооцсон нийгмийн даатгалын дэвтэр дээрх бичилтийг үндэслэн хариуцагчаас 38.822.926 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг буруу гэж үзэж байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Чинзориг нь Монгол Улсын Хөгжлийн банкинд холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа “...2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт  39.046.673 төгрөг гаргуулах, энэ хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах...” шаардлага тавьсан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлээс 38.822.926 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 224.838 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон байна.

Монгол Улсын Хөгжлийн банк шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...асуудлыг өмнө нь 3 шатны шүүх шийдвэрлэснээс гадна  шүүхийн шийдвэрийн дагуу 12.510.997 төгрөг төлсөн байхад 38.822.926 төгрөг нэмж гаргуулсан нь буруу...” гэсэн агуулгатай үндэслэл заажээ. 

Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. 

Ц.Чинзоригийг Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн удирдлагын газрын Санхүүгийн эрсдэлийн хэлтсийн ахлах мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос 12.510.997 төгрөг гаргуулах тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 1126 дугаар шийдвэр, 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр гарсан бөгөөд үүнийг Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 623 дугаар магадлал, Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 560 дугаар тогтоолоор /хх 5-25/ хэвээр үлдээсэн, эдгээр шийдвэрийн дагуу хариуцагч нэхэмжлэгчид 12.510.997 төгрөг төлж, ажилтныг хуучин ажилд нь эгүүлэн авах Б-05 дугаар тушаалыг 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан талаар зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзнэ. 

Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн 2015 оны 1126 дугаар шийдвэр гарснаас хойшхи буюу 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжилсэн бөгөөд энэ нэхэмжлэлийг шүүх өмнө нь шийдвэрлэж байсан баримт хэрэгт байхгүй тул “...асуудлыг өмнө 3 шатны шүүх шийдвэрлэсэн...” гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна. 

Ц.Чинзориг нь 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговор 12.510.997 төгрөгийг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1126 дугаар шийдвэрээр авсан нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилд орох хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорыг ажил олгогчоос шаардахад саад болохгүй. Иймд хоёр шатны шүүх хариуцагчаас нийт  38.822.926 төгрөг гаргуулж Ц.Чинзоригт олгосон нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчөөгүй байна. 

Шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд ажилтны цалинг тодорхойлж хариуцагчийн төлөх төлбөрийн хэмжээг 38.822.926 төгрөгөөр тогтоосныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ. Шүүх зохигчдод хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан танилцуулж, зохигчдын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцнэ. /хх32/   

Хоёр шатны шүүх Ц.Чинзоригийн нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул Монгол Улсын Хөгжлийн банкны гомдлыг хангахгүй орхив.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 101/ШШ2016/02858 дугаар шийдвэр,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 1028 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Хариуцагч байгууллага хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 352.065 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                         ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ