Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 528

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Чойжилсүрэн, 

Улсын яллагч Д.Ууганцэцэг,

Шүүгдэгч Г.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн У овогт Гын Эөд холбогдох 1708015320244 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр  сарын 22-ны өдөр Завхан амйгийн Цэцэн-Уул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, У овогт Гын Э /РД:.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

- Хохирогч З.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ажлаасаа чөлөө аваад Улаанбаатар хотод 21 цагийн орчимд ирсэн. Улаанбаатарт найз Шын гэрт очиход тэнд түүний найз Төрөө байсан. Тэгээд тэнд 0,5 литрийн Улаанбаатар архинаас 2 шилийг авч бид 3 хувааж уусан. ...”Өнө цаг” зочид буудал дээр 23 цаг өнгөрч байхад очоод зочид буудал руу орсон чинь 4 эрэгтэй хүн авахгүй гэхээр нь буцаад гарсан. Би нөгөө хэдээс арай хойно хоцроод гараад ирэхэд Улаанаа Ш нар нь “Өнө цаг” зочид буудлын гадна байсан 2 залуутай маргалдаад зогсож байсан шиг санагдаж байна. Би нилээд согтсон байсан болохоор ухаан санаа орж гараад явсан. Би яг юунаас болж маргалдсанаа ч санахгүй байна. ...Би болохгүй боль гээд болиулах санаатай хэлж байсан шиг санагдаж байна. Тэгээд нэг мэдсэн чинь намайг нэг нь унагаагаад өшиглөөд байхаар нь би гараараа нүүрээ хаагаад хамгаалсан чинь нэг залуу нь миний нүүр рүү өшиглөсөн. Мөн миний дээрээс өшиглөөд байсан. ...Би бодохдоо хар гуталтай бүдүүн залуу нь намайг зрдсон байх гэж санаж байна. Яагаад гэхээр би нүүрээ гараараа хаагаад газар хэвтэж байхдаа хэсэгхэн хугацаанд ухаан ороход шар гуталтай бүдүүн залуу нь миний гарны доогуур өшиглөөд миний нүүр, хамар руу өшиглөсөн. ...Тэр залуугийн нөгөө хэд нь намайг өшиглөж зодсон эсэхийг би хэлж мэдэхгүй байна. ...Манай найз нарын хэлж байгаагаар би тэр бүдүүн залуутай нь нөгөө хүмүүсээс салаад хажуу талд нь байх грашийн үүдэнд зодолдож байсан гэсэн. ...Уг бүдүүн залуу нь ч өөрөө хэлэхдээ би өөртэй чинь зодолдсон байна лээ гээд уучлалт гуйсан. ...надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Уг Э гэх залуу нь миний эмчилгээнд гарсан зардал болох 1,500,000 төгрөгийг гаргаж өгсөн тул гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй. ...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-10 х/,

 

- Шүүгдэгч Г.Эийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би халамцуу байдалтай “Өнө цаг” караоке руу орсон чинь зүс таних Сэргэлэнтэй таарсан юм. Сэргэлэн нь 2 хүний хамт явж байсан. ...Бид нар багцаагаар  нэг хүний 5-6 пиво уусан. Би өмнө нь уучихсан байсан болохоор нэлээн согтсон байсан. Тэгээд бид нар уг караокегоос гарч ирээд уг хүмүүстэй маргалдсан юм шиг байна лээ. ...Миний ухаан орж гараад байсан. Би нэг мэдэхэд нэг залуутай нь зууралдаад байж байсан. Би грашийн хажууд тэр залууг цохиж авч байснаа санаж байна. ...Би хийсэн хэргээ бүрэн санахгүй байгаа ч гэсэн уг хүнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. ... гэм буруутай үйлдэлдээ маргахгүй, хохиролд 1,500,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг  /хх-ийн 93-94 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

- Гэрч М.Мөнхтөрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Нэг мэдсэн чинь “Өнө цаг” зочид буудлын гадаа Ш болон С нар нь хүмүүстэй маргалдчихсан зогсож байсан. ...Би бодохдоо согтуу хүмүүс маргалдаад хэрэггүй байх, зодоон болох байх гэж санаад замын эсрэг тал руу цагдаа дуудахаар явсан. ...Цагдаа дуудаад ирсэн чинь С буудлын хажуу талын граш руу ордог налуу доошоо уруудсан замтай хэсгээс гарч ирж байсан. Харахад зодуулсан байдалтай нүүрээ дарчихсан, цус гарчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,

  

- Гэрч Д.Рэнцэнмядагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр ...”Өнө цаг” караоке буудлын гадаа ирээд С Ш нар орсон. ...би араас нь орсон чинь С ах тэр газраас гарч байгаа бололтой хэдэн хүмүүстэй маргалдаж байсан. С ах руу нөгөө гарч байсан хүмүүсийн бүдүүн залуу болох Э нь чи муу яах юм бэ гээд дайраад байсан. ...Тэгээд би С ах, Ш ах нарыг аваад уг газраас гарсан. Бид нарын араас тэр бүдүүн залуутай хамт явж байсан 3 залуу гарч ирээд “За эр хүн шиг учраа олчихьё” гэж хэлээд Сыг дагуулаад уг хашаанаас гараад хажуу талын грашийн тйишээ явсан. ...Би грашийн доошоо уруудсан хэсэг рүү очиход С ах ганцаараа газарт хэвтэж байсан. Тухайн үед С ах зодуулсан байдалтай толгойгоо хоёр гараараа дарчихсан хэвтэж байсан. Тэгэхэрээ нь би явъя гэхэд жаахан байж байгаад босьё гэхээр нь хэсэг байж байгаад гарч ирсэн. ...С ахыг тэр бүдүүн залуу болох Э гэх хүн нь дагуулж яваад зодсон байсан. Би яг зодож байхыг нь хараагүй. Гэхдээ тэр залуу эр хүн шиг учраа олчихьё гээд дагуулаад явсан юм. ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/,

 

- Гэрч С.Нямхүүгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр би өөрийн найз Дэнзэн, Сэргэлэн нарын хамт ...”Өнө цөг” нэртэй караокед орж суусан юм. ...караокены шатаар буух гэж байхад хэдэн залуу зөрөөд орж ирж байсан ба Этэй нэг залуу нь мөрөөрөө шүргэлцээд гарсан юм. Тэгээд нэг нэгнээ аятайхан яв, чи яахаараа намайг мөрлөдөг юм бэ гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. ...Бид нар тэр залуучуудыг та нар найзыгаа аваад яваач гэхэд өөдөөс та нар өөрсдөө яваач, ална тална гээд бид нар маргалдаж эхэлсэн. ...Бид нарыг маргалдаж байхад Э нөгөө С гэх залуугийн хамт алга болчихсон байсан. Би эхлээд хаашаа явсныг нь анзаараагүй. ...уг хашаанаас гараад зам дагаад алхсан чинь хажуу талын грашны доошоо уруудсан хаалганы тэнд Э С нар зодолдож байсан. Намайг очиход С газар суучихсан Э гараараа нүүр рүү нь цохиж байгаа харагдахаар нь би очиж салгасан. ...Маргаан анх Э Стай мөрөөрөө шүргэлцэж гарснаас болсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,

 

- Гэрч С.Сэргэлэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ямарч байсан Э тэр залуучуудтай маргалдаад л тэр залуучууд бид нартай маргалдсан. Юунаас болж маргалдсан талаар би мэдэхгүй. Сүүлд нь намайг сонсоход согтуу хүмүүс нэг нэгнийгээ зүгээр яв, та нар аятайхан бай гэх мэтээр л хэрэлдээд байсан санагдаж байна. ...Тэр залуу Этэй хамт хашаанаас гарч яваад зодолдсон байсан. Э тэр залууг зодсон. Бусад хүмүүс зодоонд оролцоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,

 

- Шинжээчийн 11802 тоот дүгнэлт

1.З.Сын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн гайморын хөндийн шингэн хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, баруун чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн гуя, баруун өвдөг, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй /хх 33 х/,

 

Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.

- Г.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 41 х/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 48 х/,

- Г.Эийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 96 х/,

 

Гурав:Хохирлын баримтууд.

- Хохирлын баримтууд /хх 77-82 х/,

- Хохирлын мөнгө хүлээн авсан баримт /хх 83 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Г.Эийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө цаг” караоке-н орчимд хоорондоо мөрөөрөө шүргэлцсэнээс болж маргалдан улмаар З.Сын толгой, нүүрэн тус газар гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч З.Сын “... намайг нэг нь унагаагаад өшиглөөд байхаар нь би гараараа нүүрээ хаагаад хамгаалсан чинь нэг залуу нь миний нүүр рүү өшиглөсөн. Мөн миний дээрээс өшиглөөд байсан. ...Би бодохдоо хар гуталтай бүдүүн залуу нь намайг зодсон байх гэж санаж байна. Яагаад гэхээр би нүүрээ гараараа хаагаад газар хэвтэж байхдаа хэсэгхэн хугацаанд ухаан ороход шар гуталтай бүдүүн залуу нь миний гарны доогуур өшиглөөд миний нүүр, хамар руу өшиглөсөн. ...Манай найз нарын хэлж байгаагаар би тэр бүдүүн залуутай нь нөгөө хүмүүсээс салаад хажуу талд нь байх грашийн үүдэнд зодолдож байсан гэсэн. ...Уг бүдүүн залуу нь ч өөрөө хэлэхдээ би өөртэй чинь зодолдсон байна лээ гээд уучлалт гуйсан. ...  ” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 9-10 х/,

 

Шүүгдэгч Г.Эийн “... Миний ухаан орж гараад байсан. Би нэг мэдэхэд нэг залуутай нь зууралдаад байж байсан. Би гражийн хажууд тэр залууг цохиж авч байснаа санаж байна. ...Би хийсэн хэргээ бүрэн санахгүй байгаа ч гэсэн уг хүнийг зодсоноо хүлээн зөвшөөрч байна. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 93-94 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Гэрч М.Мөнхтөрийн “... С буудлын хажуу талын граж руу ордог налуу доошоо уруудсан замтай хэсгээс гарч ирж байсан. Харахад зодуулсан байдалтай нүүрээ дарчихсан, цус гарчихсан байдалтай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 15-16 х/,

  

Гэрч Д.Рэнцэнмядагийн “... Би гражийн доошоо уруудсан хэсэг рүү очиход С ах ганцаараа газарт хэвтэж байсан. Тухайн үед С ах зодуулсан байдалтай толгойгоо хоёр гараараа дарчихсан хэвтэж байсан. Тэгэхээр нь би явъя гэхэд жаахан байж байгаад босьё гэхээр нь хэсэг байж байгаад гарч ирсэн. ...С ахыг тэр бүдүүн залуу болох Э гэх хүн нь дагуулж яваад зодсон байсан. Би яг зодож байхыг нь хараагүй. Гэхдээ тэр залуу эр хүн шиг учраа олчихьё гээд дагуулаад явсан юм. ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/,

 

Гэрч С.Нямхүүгийн “... Этэй нэг залуу нь мөрөөрөө шүргэлцээд гарсан юм. Тэгээд нэг нэгнээ аятайхан яв, чи яахаараа намайг мөрлөдөг юм бэ гээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. ...Бид нарыг маргалдаж байхад Э нөгөө С гэх залуугийн хамт алга болчихсон байсан. Би эхлээд хаашаа явсныг нь анзаараагүй. ...уг хашаанаас гараад зам дагаад алхсан чинь хажуу талын гражны доошоо уруудсан хаалганы тэнд Э С нар зодолдож байсан. Намайг очиход С газар суучихсан Э гараараа нүүр рүү нь цохиж байгаа харагдахаар нь би очиж салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 х/,

 

Гэрч С.Сэргэлэнгийн “... Тэр залуу Этэй хамт хашаанаас гарч яваад зодолдсон байсан. Э тэр залууг зодсон. Бусад хүмүүс зодоонд оролцоогүй. ...” гэх мэдүүлэг /хх 27-28 х/,

 

Шинжээчийн 11802 тоот дүгнэлт

1.З.Сын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн дотор хана, зүүн нүдний ухархайн дотор, доод хананы хугарал, зүүн гайморын хөндийн шингэн хуралдалт, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний доод зовхи, баруун чих, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, язарсан шарх, баруун, зүүн гуя, баруун өвдөг, нурууны цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх 33 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

 

Хохирлын талаар:

Хавтаст хэргийн 77-82 дугаар хуудсанд авагдсан зарлагын баримтуудаар хохирогчоос 1,765,500 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон.

Шүүгдэгчийн зүгээс хохирлын төлбөрт 1,500,000 төгрөг төлсөн, хохирогч, гомдолгүй, өөр нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хавтаст хэргийн 83, 182 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн бичгээр гаргасан баримт, хэргийн материал танилцуулсан баримтуудаар тогтоогдож байгаа тул шүүгдэгчийг бусдын эрүүл мэндэд учруулсан хохирлын төлбөрөө төлсөн гэж үзэх үндэслэлтэй.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрийг бүрэн төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэснийг эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамааруулж, хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй, хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг, хохирлоо сайн дураар төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 500 нэгжтэй тэнцэх 500,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.У овогт Гын Эийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

    3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г.Эөд үүрэг  болгосугай.

 

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Эөд танилцуулсугай.

 

     5.Г.Эийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 1,500,000 төгрөг төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Эөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ