| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2024/0182/З |
| Дугаар | 128/ШШ2024/0353 |
| Огноо | 2024-04-22 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2024/0353
2024 04 22 128/ШШ2024/0353
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А*******” ХХК /РД:5*******/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б*******,
Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Б******* нарын хооронд “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцалсан” шийдвэрт холбогдох маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б******* /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 70 дугаар шийдвэрийн “А*******” ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон.
Хоёр:Хэргийн үйл баримт, процессын талаар:
2.1.Нэхэмжлэгч “А*******” компани нь 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Х******* аймгийн Булган, Үенч сумын нутаг дэвсгэр О*******-1 нэртэй газарт 4030 гектар талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж эхэлсэн.
2.2.Уг тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр хуульд заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлт гаргасны дагуу сунгаж шийдвэрлэсэн байна.
2.3.Мөн нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах хүсэлтийн хамт 10 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх гэсэн боловч хариуцагчаас “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөр төлөх хуульд заасан хугацаа болоогүй гэж дурдаад төлбөрийг хойшлуул” гэх хариу өгчээ.
2.4.Үүний дараагаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас маргаан бүхий 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” тушаалыг гаргасан.
2.5.Нэхэмжлэгч компани нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын даргад 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/002 дугаар албан бичгээр гомдол гаргасан бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газраас 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3/5201 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “... тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр цуцалсан” гэх хариуг өгчээ.
2.6.Нэхэмжлэгч компани нь маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь хэсгийг үндэслэлээ болгон тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Гурав.Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлдээ:
“Манай компани нь Х******* аймгийн Булган, Үенч сумын нутаг дэвсгэр О*******-1 нэртэй газарт орших 4030 гектар талбай бүхий 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр анх олгосон ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Энэ хугацаанд манай компаниас тус тусгай зөвшөөрлийн талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах болон мөн хуулийн 35 дугаар зүйлд заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчийн нийтлэг үүргийг биелүүлж ирсэн ба Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг хуулийн хугацаанд гаргаж шийдвэрлүүлж ирсэн.
Дээрх тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацааг сунгуулах өргөдлийг бүрдэл хангуулан тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө 10 дахь жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх гэсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газраас тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх хуульд заасан хугацаа болоогүй тул тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөх асуудлыг хойшлуул гэсэн ба сунгуулах өргөдлийг хүлээн авч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг сунгаж шийдвэрлэсэн. Манай компанийн ажилтан тусгай зөвшөөрөл сунгуулсны дараа тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг төлөхдөө Ашигт малтмал, газрын тосны газрын мэргэжилтнээс лавлаж төлбөрийг дүнг мэдсэний үндсэн дээр Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө", 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж заасны дагуу 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 8,770,000 /найман сая долоон зуун далан мянга/ төгрөгийг төлж, төлбөр төлсөн баримтыг Ашигт малтмал, газрын тосны газарт хүргүүлж, тусгай зөвшөөрлийн хавсралт мөн төлбөр төлсөн баримтыг 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр бүртгүүлсэн. Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлсөн гэж итгэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэн явуулж байсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс тусгай зөвшөөрлийг цуцалж шийдвэрлэсэн байна. Ийнхүү шийдвэрлэхдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана", 56.3-т "Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ", 56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ", Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т "Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална", 4.2.3-т "хуульд заасан төрийн болон албаны нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх", 4.2.5-д "зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх", 4.2.6-д "бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах", 4.2.8-д "Хууль ёсны итгэлийг хамгаалах” /Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно/, 26 дугаар зүйлийн 26.1-д "Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно", 26.2- т "Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ", 27 дугаар зүйлийн 27.1-д "Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно" гэж заасныг зөрчсөн байна.
Манай компани нь ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн геологи, хайгуулын үйл ажиллагааны зардалд нийтдээ 1,181,756,100 төгрөг зарцуулсан ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үүргээ биелүүлэхгүй байх, төлбөр төлөхөөс зайлсхийх ямар нэгэн зорилгыг агуулаагүй болно. Ашигт малтмал, газрын тосны газар нь эрхэм зорилго, зорилтоо "төрөөс геологи, уул уурхай, газрын тосны салбарын хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, хөрөнгө оруулагч, хэрэглэгчдэд хөнгөн шуурхай, шударга үйлчилгээ үзүүлэх, тус салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэх замаар үндэсний эдийн засгийн хөгжилд ашигт малтмал, газрын тосны салбарын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэхэд оршино" гэж тодорхойлон тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагааг дэмжин туслах үүрэгтэйгээр хуульд заасан үйл ажиллагааг хэрэгжүүлдэг гэж манай компаниас ойлгож ирсэн ба тусгай зөвшөөрөл эзэмшигчийн буруутай үйлдлээс шалтгаалсан гэхээсээ илүүтэйгээр тухайн үеийн тусгай зөвшөөрлийн төлбөр хариуцсан мэргэжилтний буруутай үйлдлээс шалтгаалж олон жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулсан, хөрөнгө, санхүү зарцуулсан тусгай зөвшөөрөл маань цуцлагдсанд гомдолтой байна. Манай компани нь өөрийн эзэмшлийн ашигт малтмалын хайгуулын XV-0******* тоот тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүр илүү төлөлттэйгөөр төлж ашигт малтмалын лиценз орлогын төсөвт бүрдүүлж байсан ба илүү төлөлттэй асуудлын талаар буцаан авах асуудлыг хөндөж байгаагүй болно. Мөн төрийн захиргааны байгууллагын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг буруу тооцсон үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдал нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1-д "Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно", 47 дугаар зүйлийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" гэж заасан захиргааны актын илт хууль бус шинжийг агуулж байна.
Улмаар "А*******" ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2023/02 тоот албан бичгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 70 дугааp шийдвэрийн "А*******" ХХК-д холбогдох хэсгийг эс зөвшөөрч, урьдчилан шийдвэрлүүлэх журмаар гомдол гаргасан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 3/5201 тоот албан бичгээр "... Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 70 дугаар шийдвэрээр цуцалсан байна" гэсэн хариуг өгч гомдлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай" 70 дугаар шийдвэрийн "А*******" ХХК-д холбогдох хэсгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтын дагуу илт хууль бус болохыг тогтоож, манай компанийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээж өгнө үү” гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий захиргааны актын үндэслэлд хамаарах тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй буюу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д зааснаар төлөөгүй гэж үзэж цуцалсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, хэлэлцүүлгийн явц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өгсөн тайлбараар маргаан бүхий захиргааны актыг гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс гагцхүү нэхэмжлэгчид сэргээх эрх байхгүй зөрчигдсөн эрх, ашиг байхгүй, өөрөөр хэлбэл урт нэртэй хуулиар болон улсын тусгай хамгаалалтын газар, улсын хилийн заагтай давхцалтай гэх нөхцөл байдлыг тодруулж хэлж байна. Энэ талаарх хуулийн зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хууль болон Улсын Дээд Шүүхийн 2022 оны 13 дугаар тогтоолоор баталсан Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр 9.1.13-т заалтыг албан ёсны тайлбар хэсэгт нарийвчлан зохицуулсан байдаг. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс тайлбарлаж байгаа шиг нэхэмжлэгч компани нь хуульд заасны дагуу өргөдөл гомдлоо гаргаж, холбогдох төрийн захиргааны байгууллагаар шийдвэрлүүлэхэд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн статусаа маргаан бүхий захиргааны актын улмаас алдсан. Маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгосноор нэхэмжлэгч компани нь тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах гэхээс илүүтэйгээр нөхөх олговрын асуудлыг төрийн захиргааны байгууллагад тавих эрх байгаа гэдгийг шүүх анхаарч үзнэ үү.
Тусгай зөвшөөрлийн талбайд 1,181,756.100 төгрөгийн үйл ажиллагаа явуулсан болох хариуцагч байгууллагад буй хайгуулын ажлын зардлаас харагдана. Үүгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим яригдана. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч компани хайгуулын үйл ажиллагаа явуулсан бөгөөд мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүснэ гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс харж байгаа. Нөхөх олговорыг дүйцүүлэн олгох замаар энэ асуудлыг шийдвэрлэх эрх нь холбогдох төрийн захиргааны байгууллагуудад байгаа. Тэгэхээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэв.
3.3.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:
1.Х******* аймгийн Булган, Үенч сумын нутаг дэвсгэрт "О*******-1" нэртэй газарт байрших 4030 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаар тусгай зөвшөөрлийг 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдөр анх олгосон ба Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 280 дугаар шийдвэрээр 3 жилийн хугацаагаар сунгасан байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө" гэж, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө" гэж, 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна" гэж, 34.7-д "Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заасан ба тусгай зөвшөөрөл эзэмшигч нь 9 дахь жилийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөхөөр байна.
Гэтэл “А*******” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4- д" Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно" гэж заасны дагуу тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байх тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 70 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.
2.Мөн энэхүү зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэсэн ч үйл ажиллагаа явуулах хууль эрх зүйн боломжгүй учир нь тусгай зөвшөөрлийн талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэж, 4.3-д "Энэ хуулийн 4.1-д заасан газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно” гэж заасны дагуу Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 289 дүгээр батлагдсан "Монгол Улсын нутаг дэвсгэр дэх гол, мөрний урсац бүрэлдэх эхийн зааг"-тай 12.5 га, Улсын хилийн зурвастай бүхэлдээ давхцалтай. Мөн Монгол Улсын Их Хурлын 2019 оны "Зарим газар нутгийг улсын тусгай авах тухай" 41 дүгээр тогтоолын "Говийн их дархан цаазат газрын "Б" хэсгийн 1222.43 га тус тус давхцалтай байгаа тул Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Ашигт малтмал, эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа хязгаарлах, хориглох тусгай хэрэгцээний газарт хамаарч байна. Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно гэж, 1-д “газар хагалах, ухах, тэсэлгээ хийх, ашигт малтмал хайх, олборлох, геологийн судалгаа хийх, металл хайгч, химийн хорт болон тэсрэх бодис авч явах, ашиглах, элс хайрга чулуу авах, мод, зэгс, шагшуурга бэлтгэх хязгаарлалтын бүсээс бусад газарт зам тавих зэргээр байгалийн төлөв өөрчлөх” гэж заасан тул дархан цаазат газарт ашигт малтмал хайхыг хориглосон байх тул үйл ажиллагаа явуулах боломжгүй болно.
3.Ашигт малтмалын хайгуулын ХВ-0******* дугаар тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн 8 дахь жилийн төлбөрийг 2014 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 10.860.000 /Арван сая найман зуун жаран мянган төгрөг, 9 дэх жилийн төлбөрийг 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 8.766.000 /Найман сая долоон зуун жаран зургаан мянга төгрөг, 10 дахь жилийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 8.770.000 /Найман сая долоон зуун далан мянга төгрөг/ тус тус АМ төсөв болон лицензийн орлогын дансанд улсын төсөвт төвлөрсөн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 70 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэстэй ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй болно.
Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн "Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 70 дугаар шийдвэрийн “А*******” ХХК-нд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.3.14-т "нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох" гэж заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан дүгнэлтдээ:
“2023 оны тушаалтай нэхэмжлэгч “А*******” ХХК нь 2024 онд маргаж байгаа ч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбай нь Улсын хилийн зурвастай бүхэлдээ давхцалтай учраас энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах ямар ч боломж байхгүй. Нөхөх олговрын асуудлыг төрийн захиргааны байгууллага шийдвэрлэдэг асуудал биш Засгийн газар шийдвэрлэх асуудал. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэг.Маргааны зүйл, эрх зүйн харилцааны төрөл:
1.1.Энэ хэргийн маргаанд “захиргааны актыг илт хууль бус” гэх үйл баримт хэлэлцэгдсэн болно.
Хоёр.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын талаар:
2.1.Нэхэмжлэгч “А*******” ХХК нь 2007 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн *******Х дугаартай /шинэчилсэн дугаар нь XV-0*******/ ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үндсэн дээр “Х******* аймгийн Булган, Үенч сумдыг хамарсан Олон булаг-1 нэртэй газар орших 4034 га талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулах эрх авсан байна. /Хх-ийн 14-19 дэх тал/
2.2.Энэхүү XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл сунгасан байжээ.
2.3.Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 70 дугаар шийдвэрээр “А*******” ХХК-ийн эзэмших XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалж шийдвэрлэжээ. /ХХ-ийн 31 дэх тал/
2.4.Нэхэмжлэгч нь уг төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн, төлбөр төлсөн баримтаа тус байгууллагад хүргүүлсэн байсан гэж тайлбарлан, Голомт банкны төлбөрийн баримтыг хуулбар хувиар шүүхэд гаргаж ирүүлсэн ба үүнийг нэхэмжлэгчээс энэ баримтыг эх хувиар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлчихсэн тул нотлох баримтын шаардлага хангасан байдлаар гаргаж өгч чадахгүй гэсэн болно. /ХХ-ийг 20 дахь тал/
2.5.Харин нэхэмжлэгчээс уг төлбөрийг төлсөн болохоо нотлох зорилгоор хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэдээллийн санд шүүхийн үзлэг хийлгэх хүсэлт гаргасан.
2.6.Уг хүсэлтийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 208 дугаартай өрөөний Уул уурхайн кадастрын бүртгэлийн систем буюу компьютерт хийсэн шүүхийн үзлэгээр нэхэмжлэгч “А*******” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг төлсөн бүртгэл хийгдсэн байна.
2.7.Ийнхүү “А*******” ХХК нь 2016 онд ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байхад хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь уг тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан болох нь тогтоогдлоо.
2.8.Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь “ тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх ёстой” гэж, “... тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй” гэж маргаж байгаа үйл баримтууд шүүхэд тогтоогдож байна.
Гурав.Маргаан бүхий актыг хянасан, шүүхээс хууль хэрэглэсэн үндэслэлийн тухайд:
3.2.Хуулийн энэ заалтын дагуу “А*******” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг төлсөн бол “уг төлсөн баримт”-аа тус байгууллагад ирүүлэх ёстой байсан боловч нэхэмжлэгч болон хариуцагч нь уг баримтыг ирүүлсэн, эсхүл ирүүлээгүй талаар нотлох баримтаар нотолж чадахгүй байна.
3.3.Иймд анхан шатны шүүх нь нотлох баримтгүй байгаа энэхүү үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжгүй байна.
3.4.Харин шүүхийн явуулсан үзлэгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд “А*******” ХХК нь 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдөр тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг төлсөн бүртгэл хийгдсэн байгаа тул тус байгууллага нь нэхэмжлэгчийг уг төлбөрийг төлсөн болохыг мэдсэн гэдэг нь нотлогдлоо.
3.5.Уул уурхайн кадастрын бүртгэлийн системд “А*******” ХХК нь ашигт малтмалын хайгуулын XV-0******* дугаар тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн гэдгийг хэзээ, хэрхэн бүртгэсэн нь шүүх үүнийг нөхөн тогтоох боломжгүй учраас энэ нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн байна.
3.6.Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гээд 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэжээ.
3.7.Мөн зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж, 56.3-т “Энэ хуулийн 56.2-т заасан мэдэгдэлд заасан үндэслэлийг зөвшөөрөхгүй бол тусгай зөвшөөрөл эзэмшигч түүнийгээ нотлох баримт бичгийг төрийн захиргааны байгууллагад ирүүлнэ” гэж, 56.4-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж тус тус заасан байна.
3.8.Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж, 26.2-т “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж заажээ.
3.9.Хуулийн эдгээр заалтын дагуу Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн гэж үзсэн бол тус компанид чиглэж, сонсох ажиллагаа явуулах буюу нэхэмжлэгч “А*******” ХХК-ийг тайлбар, санал гаргах боломж олгох ёстой.
3.10.Хуулийн энэ заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас эрх нь хөндөгдөх этгээдийг оролцуулсан сонсох ажиллагаа явуулахыг шаардсан бөгөөд хариуцагч нь хуульд заасан энэ шаардлагыг биелүүлсэн бол тус компанийн эзэмших тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжтой байсан.
3.11.Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасан бөгөөд тус компани нь төлбөр төлсөн баримтаа ирүүлээгүй байсан бол сонсох ажиллагаа явуулснаар уг баримтыг гаргаж өгөх, улмаар хугацаандаа төлөөгүй бол алданги тооцох журмаар төлөөлөх зэрэг хуулиар олгосон боломжийг эдлүүлэх ёстой байхад хариуцагч нь хууль зөрчиж уг ажиллагааг явуулаагүй болох нь нотлогдож байна.
3.12.Ийнхүү Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хууль зөрчиж, сонсох ажиллагаа явуулаагүй, “А*******” ХХК-ийг хуульд заасан хугацааны дотор тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлсөн талаар нотлох боломж олгоогүй, тус компанийг тайлбар нотлох баримт гаргах эрхийг хангаагүй, үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийг цуцалсан болох нь нотлогдож, маргаж буй акт нь хууль бус болох нь тогтоогдож байна.
3.13.Гэвч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “маргаан бүхий захиргааны актыг хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах”-аар шаардсан бус, харин “захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох”-оор шаардлага гаргасан учраас шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэх үүрэгтэй.
3.14.Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гээд, мөн зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж заасан байна.
3.15.Хуулийн энэ заалтын “эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” гэдэг нь Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжоор иргэн, хуулийн этгээдийн аливаа эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж эерэг болон сөрөг үйлчлэлтэй, хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, эсхүл татгалзсан зэрэг зохицуулалт бүхий захиргааны акт гаргах эрхийг тухайн захиргааны байгууллага, албан тушаалтанд олгоогүй байх гэсэн хууль зүйн ойлголт юм.
3.16.Энгийнээр хэлбэл, аливаа байгууллага, албан тушаалтан нь эрхэлж буй ажил, албан тушаал, чиг үүргийн хүрээндээ тодорхой этгээд рүү чиглэж, эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах, эсхүл үйлдэл, үйл ажиллагаа явуулах эрх олгоогүй бол “эрхэд халдах хууль зүйн үндэслэл байгаагүй” буюу хууль тогтоомжоор эрх олгоогүй гэж үзнэ.
3.17.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ” гээд, мөн зүйлийн 11.1.14-т “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагаанд нэгдсэн хяналт тавих” гэж, 11.1.15-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл …, цуцлах, шилжүүлэх, … ажиллагааг олон нийтийн хяналтын дор явуулах нөхцөлийг бүрдүүлэх” гэж, 11.1.20-д “… болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах” гэж, мөн зүйлийн 11.2-т “Төрийн захиргааны байгууллагын геологийн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.1 – 11.1.7, уул уурхайн асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.8-11.1.12, кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ зүйлийн 11.1.13 – 11.1.26-д заасан асуудлыг эрхэлнэ” гэж заасан байна.
3.18.Эдгээр заалтын дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эрхлэх асуудлын хүрээнд тусгай зөвшөөрлийн төлбөр төлүүлэх, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6, 34.7-д заасны дагуу алданги төлүүлэх, хугацаандаа төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлах эрхийг олгосон тул “тусгай зөвшөөрлийн төлбөртэй холбоотой, тусгай зөвшөөрөл эзэмшигч рүү чиглэж, хуульд үндэслэж шийдвэр гаргах эрхийг олгосон буюу уг тохиолдол бий болсон бол эрхэд нь халдах эрх зүйн үндэслэлийг хуулиар олгосон байна.
3.19.Харин хууль бус үндэслэлээр, тухайлбал, тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөн байхад “төлөөгүй” гэх үндэслэлээр цуцалсан бол “хууль бус захиргааны акт”-ад хамааруулах болохоос “илт хууль бус захиргааны акт”-ад хамаарах үндэслэл болохгүй.
3.20.Иймд нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн шаардсан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 70 дугаар шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр “илт хууль бус” гэж шүүхээс тооцох хууль зүйн үндэслэл байхгүй байна.
3.21.Энэхүү хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг хангах үндэслэл байхгүй байгаа боловч нэхэмжлэгч нь “тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн” гэж үзэх үндэслэл тогтоогдсон, үүнийг хэзээ хэрхэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст бүртгүүлсэн талаар нотлох баримт байхгүй байгаа нь шүүх уг нөхцөл байдлыг захиргааны байгууллага өөрөө тодруулах, нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн XV-0******* дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс хойш тус компанийн эрхийг хэрхэн сэргээх асуудал нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс давсан буюу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн бүрэн эрхэд хамаарч байгаа зэрэг байдлыг харгалзан маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 70 дугаар шийдвэрийг тус албан тушаалтнаас шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
3.22.Шүүх маргаан бүхий актыг түдгэлзүүлэх хугацаа 6 сар хүртэл байхаар хуулиар тогтоосон учир энэхүү шүүхийн тогтоосон 3 сарын хугацаанд хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хэргийн нөхцөл байдлыг тодруулаагүй, шинээр акт гаргаагүй бол Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 70 дугаар шийдвэр хүчингүй болох ба үүний үр дагавар нь уг актыг хууль бус гэж хүчингүй болгосонтой адил биш боловч нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдсэн гэж ойлговол зохино.
3.23.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн маргаж буй “уг тусгай зөвшөөрлийн талбай нь урт нэртэй хуулиар болон улсын тусгай хамгаалалтын газар, улсын хилийн заагтай давхцалтай тул тусгай зөвшөөрлийг сэргээх үндэслэл байхгүй” гэх үндэслэл нь одоо хянагдаж буй маргаан бүхий захиргааны актын үндэслэл биш, нэхэмжлэгч энэ талаар маргаагүй тул шүүх эдгээр үйл баримтад дүгнэлт өгөхгүй ба хариуцагчид уг асуудлыг шийдвэрлэх эрх нь нээлттэй, түүний чиг үүрэгт хамаарах асуудал болно.
Дөрөв.Анхан шатны шүүхэд нотлох баримт цуглуулсан, үнэлсэн талаар:
4.1.Шүүх нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн буюу маргаан бүхий актын үндэслэл болсон нотлох баримтад дүгнэлт хийж, маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн ба нотлох баримтыг үнэлэх нь хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дотоод итгэл, эрх хэмжээнд хамаарах болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэг, 106.3.11 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.14, 11.1.15, 11.1.20, 11.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.4, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.2, 56.3, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.6 дэх хэсэг, заалтуудыг баримтлан маргаан бүхий захиргааны актад холбогдох хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай, асуудал нь шүүхийн шинжлэн судлах хүрээнээс хэтэрсэн гэж үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 70 дугаар шийдвэрийг тус Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шинээр акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дах хэсгийг баримтлан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас 3 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй бол тус даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийг цуцлах тухай” 70 дугаар шийдвэр хүчингүй болохыг тогтоосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-т заасныг баримтлан, нэхэмжлэгч “А*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тэмдэглэсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ