| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бөлтөшийн Раушан |
| Хэргийн индекс | 153/2023/00725/И |
| Дугаар | 153/ШШ2024/00049 |
| Огноо | 2024-01-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 153/ШШ2024/00049
2024 01 25 153/ШШ2024/00049
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, Жигмэд овогт *******ын *******д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******,
Хариуцагч С.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасан.
1. Б.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 онд С.*******тэй танилцаж улмаар 2019 оны 12 дугаар сарын 13-нд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр охин Д.******* төрсөн. 2020 оны 9 сарын 09-ний өдөр бид хуримаа хийсэн. Хурим хийхийн өмнө болон дараа ч бидний харилцаа хөндий байсан. Улмаар манай нөхөр өөр хүнтэй болж охиндоо анхаарал халамж тавих нь багассан. Бид 2021 оны 1 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, охин Д.*******г миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч С.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид хоёр 2018 онд ажилд ороод нэг нь суманд, нэг нь аймагт ажилладаг байсан. Бид хоёр нэгэнтэйгээ цаашид амьдрахгүйгээс хойш гэрлэлтээ цуцлуулах саналтай байна. Бид хоёр 2020 онд хуримаа хийсэн. Хуримаа хийгээд би өөр сум руу ажлаар 2 сар гаруй сумуудын постуудаар ажиллаж байгаад ирэхэд эхнэр ачаагаа аваад явчихсан байсан гэв.
Нэхэмжлэгчээс: өөрийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тэмдэглэл, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 35/378 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ зэргийг гаргаж өгсөн.
Хариуцагчаас: Хариу тайлбар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
1. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
1.1. С.******* гэр бүлээс гадуур харилцаа үүсгэсэн. Гэр бүлдээ хайр халамж байдаггүй. Бид 2021 оноос эхлэн тусдаа амьдарч байна.
1.2. Насанд хүрээгүй охин Д.*******г өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэв.
2. Хариуцагч нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
2.1. Бид 2021 оноос хойш тусдаа амьдарч байгаа.
2.2. Гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна.
2.3. Хүүхдийн асрамжийн талаар харилцан тохиролцсон, охин Д.*******г эхийнх нь асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлнө гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1. Гэрлэгчид болох Б.*******, хариуцагч С. нар нь гэрлэлтээ 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний улсын бүртгэлд бүртгүүлсэн нь гэрлэсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байх тул зохигчийн хооронд Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэлтийн үндсэн дээрх гэр бүлийн харилцаа үүссэн байна. Энэхүү гэрлэлтээ дуусгавар болгохоор нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С.*******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч С.******* нь гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна.
3.2. Гэрлэгчдийн дундаас 2019 оны 12 дугаарсарын 10-ны өдөр охин Д.******* төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар баримтаар тогтоогдож байна.
3.3. Нэхэмжлэгч Б.******* нь гэрлэлтээ цуцлуулахаар Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан. Эвлэрүүлэн зуучлагчаас Б.******* болон С.******* нартай хамтарсан уулзалт хийсэн боловч гэрлэгчид үр дүнд хүрээгүй, өргөдөл гаргагч эвлэрэх боломжгүй байгаагаа илэрхийлж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан, цаашид ганцаарчилсан болон хамтарсан уулзалт хийхээс татгалзсан тул эвлэрүүлэн зуучлагч маргааныг дуусгавар болгожээ.
4. Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагын тухайд,
4.1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д энэ хуулийн 13-т зааснаас бусад тохиолдолд гэрлэгчдийн харилцан тохиролцсон буюу тэдний хэн нэгний, эсхүл иргэний эрх зүйн эрхийн бүрэн чадамжгүй гэж тооцогдсон эхнэр, нөхрийн асран хамгаалагчийн нэхэмжлэлийн дагуу гэрлэлт цуцлах асуудлыг шүүх шийдвэрлэнэ. Гэрлэлт цуцлах асуудлаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах боломжгүйгээс бусад тохиолдолд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсаны дараа шүүх иргэний хэрэг үүсгэнэ. гэжээ. Шүүхээс гэрлэгчдэд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэг авахыг санал болгосон, гэрлэгчид хоёулаа гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад нөхөр С.******* нь өөр эмэгтэйтэй харилцаатай болсон талаар тайлбараа гаргасан тул гэрлэгчдийн саналыг харгалзан эвлэрүүлэн зуучлагчид хэргийг шилжүүлэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд хариуцагч С.******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэрлэгчдийн эвлэрэх боломжгүй, 2021 оноос хойш тусдаа амьдарсан, нөхөр С.*******гийн өөр хүнтэй харилцаа үүсгэсэн тайлбарыг тус тус үндэслэн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж дүгнэлээ.
4.2. Хариуцагч С.******* нь насанд хүрээгүй охин Д.*******г эх Б.*******гийн асрамжид үлдээхийг зөвшөөрсөн. Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 55 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолт, Ховд аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 177 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодорхойлолтоор насанд хүрээгүй охин Д.******* нь эх Б.*******гийн асрамжид эрүүл саруул өсөн бойжиж байгааг тодорхойлжээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болохоор заасныг үндэслэн мөн хүүхэд эхийнхээ асрамжид байгаа болон хүүхдийн амьдарч буй орчныг өөрчлөх нь сөрөг үр дагавартай байж болзошгүй нөхцөл байдлыг охин Д.*******г эх Б.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэв. Насанд хүрээгүй хүүхэд Д.******* нь 7 нас хүрээгүйгээс Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар түүний саналыг асуух боломжгүй байх тул хүүхдийн эхийнх нь асрамжид эрүүл өсөж байгаа байдлыг асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ харгалзан үзэв.
4.3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба насанд хүрээгүй охин Д.*******г эх Б.*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэсэн нь хариуцагч С.гийн хувьд түүний эцэг байх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
5. Хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын тухайд
Гэр бүлийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт Гэрлэгчид бие биеэ, эцэг, эх нь хүүхдээ, хүүхэд нь эцэг, эхээ, төрөл, садангийн хүмүүс бие биеэ энэ хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж тус тус заажээ. Хуулийн дээрх заалтын дагуу эцэг С.*******, эх Б.******* нар нь охин Д.*******г тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд хүүхэд эх Б.*******гийн асрамжид үлдсэн нь эцэг С.*******гийн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөхгүй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно, 40.1.1 дэх хэсэгт 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2 дахь хэсэгт 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр гэж тус тус заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу охин Д.*******г 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 16 нас/суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.*******гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх эрх зүйн үндэслэлтэй. Эцэг С.*******гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг эх Б.******* нь Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасны дагуу гагцхүү охин Д.*******гийн хэрэгцээнд зарцуулах үүрэгтэй.
Тэтгэлгийг охин Д.*******гийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасны дагуу эцэг С.******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Б.*******гоос шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.
6. Б.*******, С.******* нар нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, эцэг, эхийн үүргээ биелүүлэх, хүүхдэдээ уулзах эрхээ эдлэхэд нь аль аль нь саад учруулахгүй байхыг Б.*******, С.******* нарт тайлбарлах нь зүйтэй байна.
7. Зохигч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдав.
8. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Гэрлэлтээ цуцлуулсан хүмүүс эвлэрснээ хамтран илэрхийлж өргөдөл гаргасан бөгөөд өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээнэ. гэж зааснаар шүүхээс Б.*******, С.******* нарын гэрлэлтийг цуцалсан ч Б.*******, С.******* нар нь дахин эвлэрч, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг тайлбарлав.
9. Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар ******* овогт *******ийн *******, Жигмэд овогт *******ын ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрсөн охин Д.*******г эх Б.*******гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан охин Д.*******г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй тохиолдолд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг С.*******гээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасныг баримтлан эцэг С.*******гээс гаргуулсан хүүхдийн тэтгэлгийг гагцхүү охин Д.*******гийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.*******д даалгасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг баримтлан тэтгэлэг охин Д.*******гийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдвол эцэг С.******* нь түүнийг зориулалтаар нь зарцуулахыг эх Б.*******гоос шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхгүй бол эцэг С.******* нь эцгийн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, хүүхдүүддээ уулзах, тэдний эрх ашгийг хамгаалах, хуульд заасан эрхээ эдлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.*******д даалгасугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч Б.*******, С.******* нар эвлэрснээ хамтран илэрхийлж, өөр хүнтэй гэрлээгүй бол гэрлэлтийг сэргээлгэх эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар Нэхэмжлэгч Б.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогыг хэвээр үлдээж, хариуцагч С.*******гээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН