Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2024/00043

 

 

 

 

 

2024 01 25 153/ШШ2024/00043

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, *******т багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******йн хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч С.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. миний бие ******* оны 12 дугаар сарын 13-нд Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой гэх газар Гунаажавын *******ийн 5 дахь хүү болон мэндэлсэн. 1971 оны 09 сард Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд элсэн орж ******* онд 10 жилийн 8-р ангийг төгссөн.

******* оны 08 сард Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжпийн сургуульд 2 жил суралцаж Уулын тракторын жолоочоор суралцаж төгсөөд 1981 онд Хөвсгөл аймгаас цэргийн албанд татагдсан. Улаанбаатар хотын ардын армийн 182-р ангид 3 жилийн хугацаатай цэргийн алба хаасан. 1984 оны 07 сарын 20-нд Ховд аймгийн авто засварын газарт түр ажилчнаар орж 08 сар ажилласан. 1985 оны 05 сарын 03-нд Колонков хайгуулын бригадад орж ажилласан. 1986 онд тус байгууллагын гүн өрмийн бригадад ажилчнаар ажиллаж 1988 оны 08 сарын 20-оос Тээврийн яамны харьяа авто сургуульд суралцаж жолоочийн мэргэшил эзэмшиж 1989 оны 03 дугаар сарын 21-нд тус байгууллагад жолооч ажилчнаар ажиллаж байгаад 1990 оны 12 сард ажлаас чөлөөлөгдсөн.

Миний бие тэтгэвэрт гарах гэсэн боловч 1984 оны 07 дугаар сарын 20-ны авто засварын тушаал шийдвэр болон 1990 оны 12 сарын Усны аж ахуйн барилга угсралтын конторын ажпаас чөлөөлсөн тушаал тус архиваас олдоогүй. Иймд С. намайг 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1990 оны 12 сарын 20-ны дуустал Ховд аймгийн авто засварын газар, Ховд аймгийн усны аж ахуйн барилга угсралтын конторт ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагч С. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ******* оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн. ******* онд Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Хөвсгөл аймгийн ойн ТМС-д суралцаж байгаад Хөвсгөл аймгаас 1981 цэргийн албанд татагдсан. 1984 Ардын армийн 184 дүгээр ангиас халагдаж ирсэн. Ховд аймгийн авто засварын газарт нүүрс дамжуулагчаар 8 сар ажиллаад 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Усны аж ахуйн удирдах газарт ажилчнаар орсон. Усны аж ахуйн удирдах газарт 1990 оны 12 дугаар сар хүртэл ажилласан. Авто засварын газарт орсон тушаал байхгүй. Халагдсан тушаал байгаа. Усны аж ахуйн удирдах газарт орсон тушаал байгаа. Ажлаас халагдсан тушаал архиваас олдохгүй байгаа тул хэрэгт авагдсан тушаалыг үндэслэн 1984 оны 07 сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 сарын 30-ны өдөр хүртэл Ховд аймгийн Авто засварын газарт нүүрс дамжуулагч, 1985 оны 05 сарын 13-ны өдрөөс 1989 оны 03 сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын хайгуулын бригадад ажилчин, 1989 оны 03 сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт жолооч, ажилчингаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагч С.аас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, төрсний бүртгэлийн лавлагаа, С.*******йн 1987 онд авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зураг, 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нээлгэсэн 132545 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Тээврийн яамны харъяа авто сургуулийн 12/18 дугаартай 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 804878 дугаартай үнэмлэхийн хуулбар, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 284790 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2005 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б., А., Л. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1105 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Авто засварын газрын даргын 1985 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай түр ажилчдыг ажлаас чөлөөлж зарим ажилчдын ажлын байрыг өөрчлөх тухай тушаал, Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай ажилчин авах тухай тушаал, Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай ажилчин авах тухай тушаал, Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 153/ШШ2023/0 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.

4. Шүүхээс: Гэрч Л., Х. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 153/ШШ2017/00606 дугаартай Х.д холбогдох хэргийн шийдвэрийн хуулбар, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 24 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.*******йн ХААТР 1, 7, 21 маягтын хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газраас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай ажилчин авах тухай тушаалын хуулбар зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч С. нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2. Хүсэлт гаргагч С.ын 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Авто засварын газарт нүүрс дамжуулагч, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын хайгуулын бригадад ажилчин, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт ажилчин /жолооч/-аар ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журмыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргаас 1985 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон 132545 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

- Усны аж ахуйн удирдах газрын даргын 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 109 дүгээр тушаалаар 1985 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс усны аж ахуйг удирдах газар болон төв хайгуулын бригадад ажилчнаар авч ажиллуулав,

- Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 125 дугаар тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс Улаанбаатар хотод авто жолооны курсэд суралцах болсон тул ажлаас чөлөөлөв,

-Захирлын 1988 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 76 дугаар тушаалаар 1988 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс авто сургуульд элсүүлэн авч суралцуулав,

-Захирлын 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 16 дугаартай тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс Ховд аймгийн Хөдөө аж ахуйг удирдах газрын мэдэлд шилжүүлэв,

-Усны аж ахуйн конторын даргын 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тушаалаар 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс шинээр жолоочийн мэргэжил эзэмшсэн тул үйлдвэрлэлийн бригадад жолооч ажилчнаар авч ажиллуулав,

-Мөн даргын 1989 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 58 дугаар тушаалаар 1989 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс гүн өрмийн бригадад жолооч ажилчнаар авч ажиллуулав гэх бичилт тус тус хийгдсэн байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, ажилд томилсон, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч С.*******йн ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт байна.

2.2. Ажил олгогчийн шийдвэр

- Ховд аймгийн Авто засварын газрын даргын 1985 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай Түр ажилчдыг ажлаас чөлөөлж зарим ажилчдын ажлын байрыг өөрчлөх тухай тушаалын 2 дахь хэсэгт нүүрс дамжуулагч С.*******йг 4 сарын 30-наар тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын даргын 1985 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 109 дугаартай Ажилчин авах тухай тушаалын 1 дэх хэсэгт Ховд хотын хорооны харъяат М.*******йг Монцоо даргатай колонков хайгуулын бригад ажилчнаар 5 дугаар сарын 13-наас тус тус авч ажиллуулжээ.

Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 125 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт гүн өрмийн бригадын ажилчин С. нь авто жолооны курст суралцах болсон учир 1988 оны 08 дугаар сарын 20-ноор тасалбар болгон нормчингийн ажлаас чөлөөлсөн. Тэрээр жолоочийн курст суралцаж, жолооч мэргэжлийг эзэмшсэн тул Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1989 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 53 дугаартай Ажилчин авах тухай тушаалаар С.ыг 31-45 номерийн станокийн жолооч, ажилчнаар 3 дугаар сарын 21-нээс тус тус авч ажиллуулсан үйл баримт тогтоогдлоо. Ажил олгогчийн шийдвэр, ажилд томилсон чөлөөлсөн бичилт нь тохирсон цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.

2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 06 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн С.*******йн ХААТР-1А маягтад ажилладаг байгууллага-Усны аж ахуйн удирдах газар, эрхэлдэг ажил-ХАА-н механизмын засварчин, ажилд орсон он 1984, цех тасаг бригад- механизм, эрхэлж эхэлсэн он - 1984 гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч С. нь 1984 оноос усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан нь нотлогдов.

2.3. 1987 он г сум Туулайтын үзүүр гэх газар гэх тайлбар бүхий гэрэл зураг, Тээврийн яамны харъяа авто сургуулийн 12/18 дугаартай 1989 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, 1981 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 804878 дугаартай үнэмлэхийн хуулбар баримтаар С. нь тракторч мэргэжил эзэмшсэн нь, Ховд аймгийн Улсын бүригэлийн хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 42 дугаартай албан бичгээр Усны аж ахуйн удирдах газар нь 1991 оны 12 дугаар сарын 21-ний өдөр ******* ХК болж улсын бүртгэлд бүртгэгдсэн болох нь мөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 011 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтуудаар С. нь 1990 оны 1 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарыг дуустал, 1996 оны 01 дүгээр сараас 4 сарыг дуустал, 12 сар, 1998 оны 2 дугаар сар, 1999 оны 1 дүгээр сар дуустал 6 жил 9 сарыг ажилласан жилээ нөхөн тооцуулсан нь тогтоогдож байна. Хүсэлт гаргагчаас 1990 оноос 1999 он хүртэл ажилласан жилээ нөхөн тооцуулсан тул шүүх хуралдаанд хүсэлтийн шаардлагыг 1984 оноос 1989 он хүртэл ажилласан жилээ тогтоолгохоор тодруулав.

2.4. Гэрчийн мэдүүлэг

2.4.1. Гэрч Х.гийн ... Би 1962 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. 1970 онд Ховд аймгийн Булган сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1978 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Дархан аймгийн Усны аж ахуйн ТМС-ийн гидротехникчийн ангид элсэн орж 1985 онд төгссөн. Техникумд суралцаж байх хугацаандаа буюу 1980 онд цэргийн албанд татагдаж 1983 онд цэргээс халагдаж ирсэн. 1983 онд цэргээс халагдаж ирээд сургуульдаа үргэлжлүүлэн сурч 1985 онд төгссөн юм. 1985 онд сургуулиа төгсөөд Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт өрмийн мастераар ажилд орж 2017 оныг хүртэл ажилласан. Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газар нь Эвлэл ХК болсон. Би С.тай хамт 1985 оны 07 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хамтдаа Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан. С. нь өрмийн туслах ажилтан, жолоочоор ажилладаг би өрмийн мастераар ажиллаж байсан. Бид хамтдаа 5 жил гаруй хугацаанд ажилласан нь үнэн... гэх мэдүүлэг,

2.4.2. Гэрч Л.гийн ... Би 1957 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд төрсөн. 1964 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1968 онд 4 дүгээр ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрүүлж Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадын малчнаар ажиллаж эхэлсэн. 1976 онд цэргийн албанд татагдаж, ******* онд цэргээс халагдаж ирсэн. ******* онд цэргээс халагдаж ирээд 1992 оныг Ховд аймгийн Авто засварын заводод слессарь, засварчин, моторчин зэрэг ажлыг хийж байсан. 1990 онд Ховд аймгийн авто засварын газар хувьчлагдаж ХК болсон. ХК-д моторчингоор ажиллаж байсан бөгөөд ХК нь 1992 онд тарсан. Тэр цагаас хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад 2006 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. С. нь 1984 онд Ховд аймгийн Авто засварын заводод уурын зууханд нүүрс дамжуулагч хийдэг байсан бөгөөд 1 жил гаруй хугацаанд ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Тэрнээс өмнө Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газарт ажиллаж байсан санагдаж байна. Би С.*******йг 1984 оноос нэг жил гаруй хугацаанд манай Авто засварын заводод ажиллаж байсан гэдгийг л сайн мэднэ. Бусдын мэдэхгүй... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч С.*******йн 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Авто засварын газарт нүүрс дамжуулагч, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн удирдах газрын хайгуулын бригадад ажилчин, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт жолооч, ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн ын 1984 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Авто засварын газарт нүүрс дамжуулагч, 1985 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 1989 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйг удирдах газрын хайгуулын бригадад ажилчин, 1989 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторт ажилчин /жолооч/-аар ажиллаж байсан байдлыг тус тус тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН