Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 153/ШШ2024/00047

 

 

 

 

 

2024 01 25 153/ШШ2024/00047

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сумын ******* багийн 07-25 тоотод оршин суух, ******* овогт *******ын *******ын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч С.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие ******* оны 12 дугаар сарын 17- ны өдөр Ховд аймгийн ******* сумын төвд *******ын 4 дэх охин болон төрсөн. Ховд аймгийн Буянт сумын 8 жилийн дунд сургуульд 1982 онд 1 дүгээр ангид орж 1990 онд 8 дугаар анги төгсөөд хөдөө аав ээжийн хамт мал маллаж байгаад 1991 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Ховд аймгийн төвд Тээврийг удирдах газрын харьяа туршин нэвтрүүлэх баазын сүлжмэлийн цэхэд сүлжмэлчингээр ажилд байгаад 1993 оны 10 дугаар сард Дашванд овогтой *******ай гэр бүлж болж 4 хүүхэд төрүүлж өсгөсөн. Тээврийг удирдах газрын харьяа туршин нэвтрүүлэх баазын сүлжмэлийн цэхэд 1991 оны 05 дугаар сарын 20-нд ажилд ороод 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрт байгаа боловч ажилд орсон тушаал болон ажлаас чөлөөлсөн тушаал олдохгүй байгаа болно. Иймд Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивийн тасгаас лавлагаа гарч ирэхгүй байгаа тул намайг Ховд аймгийн төвд Тээврийг удирдах газрын харьяа туршин нэвтрүүлэх баазын сүлжмэлийн цэхэд сүлжмэлчингээр 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэв.

2. Хүсэлт гаргагч С.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О. нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.******* нь ******* онд төрсөн. Тээврийн удирдах газрын харъяа сүлжмэлийн цехэд сүлжигчээр 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс ажиллаж байсан бөгөөд 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдөр татан буугдсан. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

3. Хүсэлт гаргагч С.*******аас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1084 дугаартай албан бичиг, 284713 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, О.гийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Б., Х. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт, 1992 онд Тээврийг удирдах газарт ажиллаж байхдаа авахуулсан гэх тайлбар бүхий гэрэл зургууд, итгэмжлэл, 1990 онд Буянт сумын 8 жилийн дунд сургууль төгсөгчийн төгсөлтийн монтаж зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.

4. Шүүхээс: Гэрч Б., Х. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтууд, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 202 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.*******ын ХААТР 1, 21, 11А маягтын хуулбар, зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч С.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2. Хүсэлт гаргагч С.******* нь 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа сүлжмэлийн цехэд сүлжмэлчнээр ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-ыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна.

Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Ховд аймгийн Тээврийг удирдах газраас 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдөр олгосон дугаартай хөдөлмөрийн дэвтэрт Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1991 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 тоот тушаалаар 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс Тээврийг удидах газрын сүлжмэлийн цехэд сүлжмэлчингээр авч ажиллуулав,

Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргын 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 28 тоот тушаалаар 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс Тээврийг удирдах газрын сүлжмэлийн цех татан буугдсан тул хөдөлмөрийн захад шилжүүлэв гэх бичилт тус тус хийгдсэн байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, ажилд томилсон, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч С.*******ын ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт байна.

2.2. Улсын бүртгэлийн лавлагаа:

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн С.*******ын ХААТР-11А маягтад ажилладаг байгууллага-богино бааз, эрхэлдэг ажил-сүлжмэлийн цех гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч С.******* нь 1991 оноос эхлэн сүлжмэлчингээр ажиллаж байсан нь нотлогдов.

2.3. 1992 онд тээврийг удирдах газрын туршин нэвтрүүлэх баазын сүлжмэлийн цех, 1990 онд Буянт сумын 8 жилийн сургууль төгсөгчдийн монтаж гэх тайлбар бүхий гэрэл зургууд зэрэг баримтаар С.******* нь 1990 онд 8 дугаар ангиа төгсөж, 1991 оноос Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа сүлжмэлийн цехэд сүлжмэлчнээр ажиллаж байсан болох нь мөн Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 39 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, баримтуудаар С.******* нь 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилласан жилээ нөхөн тооцуулсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна.

2.4. Гэрчийн мэдүүлэг

2.4.1. Гэрч Х.ын ... Би 1967 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 1975 онд Ховд аймгийн Буянт сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1983 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Өвөрхангай аймгийн Усны аж ахуйн ТМС-ын усны аж ахуйн инженерийн ангид элсэн орж суралцаад 1986 онд төгсөж ирсэн. 1986 онд сургуулиа төгсөж ирээд Ховд аймгийн Буянт сумын Усны аж ахуйн удирдах газарт мастераар ажилд орсон бөгөөд 1991 оныг хүртэл ажилласан. 1991 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын сүлжмэлийн үйлдвэрт сүлжмэлчингээр ажиллаж байсан. С.******* бид нар хамтдаа 1991 оноос 1997 оныг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын сүлжмэлийн үйлдвэрт сүлжмэлчингээр хамтдаа ажиллаж байсан. Тухайн үед Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргаар , ахлах мастераар Гэрэлмаа, сүлжмэлчингээр , С.*******, нар ажиллаж байсан. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан гэрэл зураг бол яг оныг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан хивсний үйлдвэрийн гадна авахуулсан зураг байна. Тухайн зураг дээр хамгийн арын эгнээнд Торноо, 2 дугаар эгнээнд , 3 дугаар эгнээнд , хамгийн урд талын эгнээнд миний бие Х. нар байна. Ер нь бүгдийн зүс таних хүмүүс байгаа боловч нэрийн санаж байгаа нь дээрх хүмүүс байна. Харин хавтаст хэргийн 13 дугаар хуудаст авагдсан гэрэл зураг бас хивсний үйлдвэрийн гадна авахуулсан зураг байна. Энэ зураг дээр Амгалан, Гэрэлмаа, Цэцэгмаа, , Торноо, , ******* болон миний бие Х. нар байна... гэх мэдүүлэг,

2.4.2. Гэрч Б.ын ... Би 1974 онд Ховд аймгийн Чандмань суманд төрсөн. 1982 онд Ховд аймгийн бага сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1990 онд 8 дугаар ангиа төгссөн. Сургуулиа төгсөөд 1991 оноос Ховд аймгийн Тээврийг удирдах газрын сүлжмэлийн цехэд сүлжмэлчингээр ажилд орж 1995 оныг хүртэл ажилласан. С.******* бид нар хамтдаа 1991 оноос 1995 оныг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын сүлжмэлийн цехэд сүлжмэлчингээр хамтдаа ажиллаж байсан. Тухайн үед Ховд аймгийн Тээврийг удирдах газрын даргаар гэдэг хүн ажиллаж байсан. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан гэрэл зураг 1992 онд ажил дээрээ авахуулсан зураг байна. Тухайн зураг дээр цехийн мастер , сүлжмэлчин , , , , , , н, , *******, Б, , , , , , , П гэх хүмүүс байна. Хавтаст хэргийн 13 дугаар хуудаст авагдсан гэрэл зураг дээр , Цэцэгмаа, *******, , , , зэрэг хүмүүс байна. Манай хивсний цех, арьс боловсруулан цехийнхэн байна. Нэг үгээр хэлбэл манай тээврийг удирдах газрын харъяанд ажиллаж байсан хүмүүс байна... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч С.*******ын 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа сүлжмэлийн цехэд сүлжмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ын *******ын 1991 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Тээврийг удирдах газрын харъяа сүлжмэлийн цехэд сүлжмэлчнээр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН