Шүүх | Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балжиннямын Сийлэгмаа |
Хэргийн индекс | 115/2024/0003/З |
Дугаар | 115/ШШ2024/0004 |
Огноо | 2024-05-06 |
Маргааны төрөл | Орон сууц хувьчлах, |
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 115/ШШ2024/0004
Нэхэмжлэгч, нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сийлэгмаа би, “М” төрийн өмчит хувьцаат компани (цаашид “М” ТӨХК гэх)-иас, .. аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан, тус Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 01 дүгээр тогтоолыг илт хууль бус актаар тогтоож, төрд учруулсан хохирол 509,209,323.06 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М” ТӨХК шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “М” ТӨХК-иас тус шүүхэд ... аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 01/308 дугаар нэхэмжлэл гаргасан.
Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 245 дугаар тогтоолоор Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдсан “М” ТӨХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй ... аймгийн З суман дахь “Шилжүүлэн ачих цогцолборын-1”-ийн бүрэлдэхүүн хэсэг болох 60 айлын орон сууц /12 айлын орон сууц бүхий 5 ширхэг барилга, 71 өрх/-ыг одоо эзэмшиж байгаа оршин суугчид хувьчилж авч байгаа орон сууцны үлдэгдэл өртгийн төлбөр болох 509,209,323.06 /Таван зуун есөн сая хоёр зуун есөн мянга гурван зуун хорин гурван төгрөг зургаан мөнгө/ гэснийг дахин нягтлах зайлшгүй хэрэгцээ шаардлага үүсээд байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж болно” гэж хуульчилсны дагуу ... аймгийн Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 01 дүгээр тогтоолыг илт хууль бус актаар тогтоож, төрд учруулсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх “М” ТӨХК-ийн, ... аймгийн Орон сууц хувьчлах товчоо (тус товчооны дарга нь аймгийн Засаг дарга)-нд холбогдуулан гаргасан дээрх шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 115/ШЗ2024/0020 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад нэхэмжлэгч хуулийн этгээдээс 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 01/731 тоот албан бичгээр дээрх хүсэлтийг ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “... (нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо) … нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах … (эрх эдлэх)…”-ээр, 66 дугаар зүйлийн 66.1-д “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь … татгалзаж болох”-оор тус тус заасан байх ба нэхэмжлэгч “М” ТӨХК нь хуульд заасан энэхүү эрхээ хэрэгжүүлж ... аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан, тус товчооны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 01 дүгээр тогтоолыг илт хууль бус актаар тогтоож, төрд учруулсан хохирол 509,209,323.06 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаагаа шүүхэд бичгээр илэрхийлсэн байна.
Иймд нэхэмжлэгч “М” ТӨХК-ийн, ... аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч нь ийнхүү нэхэмжлэлээсээ татгалзсанаар уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдахыг болон нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаарх үр дагаврыг нэхэмжлэгч “М” ТӨХК (тус хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдэд)-д танилцуулж, баримтжуулсан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ТӨХК нь, ... аймгийн Орон сууц хувьчлах товчоонд холбогдуулан гаргасан тус Орон сууц хувьчлах товчооны 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Орон сууц хувьчлах тухай” 01 дүгээр тогтоолыг илт хууль бус актаар тогтоож, төрд учруулсан хохирол 509,209,323.06 төгрөгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, 15/2024/0003/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5, 50 дугаар зүйлийн 50.5-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч “М” ТӨХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч хуулийн этгээд нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд, хэргийн оролцогчид энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.СИЙЛЭГМАА