| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сандагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 217/2022/0057/Э |
| Дугаар | 0083 |
| Огноо | 2022-09-28 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., 22.12.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 09 сарын 28 өдөр
Дугаар 0083
О.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, Ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Н.Д
Яллагдагч О.М
Яллагдагч нарын өмгөөлөгч М.Г, М.М
Р.Ц /цахим/ Б.Э /цахим/
Иргэний хариуцагчийн
өмгөөлөгч Ц.М /цахим/
Нарийн бичгийн дарга Э.Булгантамир нарыг оролцуулан
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ариунцэцэгийн даргалж хийсэн шүүх хуралдааны шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 421 дүгээр захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурор Г.Э-н эсэргүүцлээр яллагдагч О.М, М.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт О-н М, М
Ш овогт М-ны Мө,
О.М нь “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар томилсон, “Э” ХХК-д ажиллах тухай хөдөлмөрийн гэрээгээр хариуцуулсан буюу аймгийн сумын 04 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Худалдаа, хангамжийн хэлтсийн хангамжийн мэргэжилтэн болох хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллах хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасан “Тендер шалгаруулалтын онцгой журам” буюу мөн хуулийн 33 дүгээр зүйлд заасан харьцуулалтын аргаар, мөн хуулийн 34 дүгээр зүйлд заасан гэрээ шууд байгуулах аргаар тус тус явуулсан худалдан авах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “Тендерт оролцогч гэр бүлийнх нь гишүүн, эсхүл тендерт оролцогч хуулийн этгээдэд гэр бүлийнх нь гишүүн ажилладаг буюу цалин хөлс авдаг зэрэг сонирхлын зөрчил үүсгэж болзошгүй нөхцөл байвал өөрийн шууд харьяалан удирдах албан тушаалтанд мэдэгдэж, тухайн тендер шалгаруулалтыг зохион байгуулах ажиллагаанд оролцохгүй байх” гэснийг зөрчин хувьдаа болон өөрийн эхнэр Б.Э-д давуу байдал тогтоох, ашиг хонжоо олох зорилгоор иргэн Б.У-н нэр дээр үүсгэн байгуулагдсан боловч зөвхөн тендер сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн эхнэр Б.Э-с үйл ажиллагааг нь гардан явуулж, ашгийг нь хүртэж буй “А” ХХК-ийг “Э” ХХК-тай 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “Хийн алх болон алхны хошуу худалдан авах” 49,824,950 төгрөгийн өртөг бүхий дугаартай,
2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр “Насос Raven” нийлүүлэх 186,894,400 төгрөгийн өртөг бүхий 2018/04-10-278 дугаартай,
2018 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Кондиционерүүд” нийлүүлэх 550,000 төгрөгийн өртөг бүхий 2018/04-Н-406 дугаартай,
2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Суурь машинууд нийлүүлэх” 213,670,080 төгрөгийн өртөг бүхий 2018/04-20-701 дугаартай гэрээнүүдийг,
“Э” Төрийн өмчит үйлдвэрийн газартай 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр “Төрөл бүрийн электротууд” нийлүүлэх 48,870,000 төгрөгийн өртөг бүхий дугаартай, 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр “Насос Raven цооног цэнэглэгч” нийлүүлэх 368,000,000 төгрөгийн өртөг бүхий 2019/04-10-382 дугаартай гэрээнүүдийг тус тус байгуулахад “А” ХХК-тай гэрээ байгуулах санал, үндэслэл болон гэрээний төслүүдийг бэлтгэн боловсруулах зэргээр тус хуулийн этгээдийг тендерт шалгарч, “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газартай худалдах, худалдан авах гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэн сонгон шалгаруулж, албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 915,809,430 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,
мөн “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтэст худалдан авах ажиллагаа хариуцсан 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрт цутгуурын кокс худалдан авах дугаартай тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орж ажиллан, Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tender.gov.mn сайтаар олон нийтэд зарлан сонгон шалгаруулалт явуулахад “Б” ХХК-ийн нэрээр тендерт ганцаараа өрсөлдөн шалгарсан буюу хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд “Б” ХХК-ийн нэрээр тендерт оролцсон М.Маас бэлэн 1,000,000 төгрөгийн хахуулийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өөрийн танил Б.Д-р дамжуулан аймгийн сум, багийн нутаг дэвсгэр буюу 5 дугаар микр орчим авсан гэмт хэрэгт,
М.М нь “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Засвар, механикийн заводын Цутгуурын цехийн даргаар ажиллаж байхдаа “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газраас 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр тус үйлдвэрт цутгуурын кокс худалдан авах дугаартай тендерт “Б” ХХК-ийн нэрээр оролцон шалгарч, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт цутгуурын кокс нийлүүлэх эрх олж авахад тусалж, дэмжсэн гэсэн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийх нь хариуд тус тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар орж ажилласан “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Хөрөнгө оруулалтын төлөвлөлт, мониторингийн хэлтэст худалдан авах ажиллагаа хариуцсан 2 дугаар зэрэглэлийн мэргэжилтэн О.Мд албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний танил Б.Д-р дамжуулан 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр аймгийн сум, багийн нутаг дэвсгэр буюу дугаар микр орчим 1,000,000 төгрөгийг бэлнээр хахуульд өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн Прокурорын газраас: О.М, М.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:
Шүүгдэгч О.М, М.М нарт холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж, Хэргийг прокурорт шилжүүлтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 8 ширхэг дууны бичлэг бүхий хуурцгийг хэргийн хамт хүргүүлж, хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор Г.Э эсэргүүцэлдээ:
... Нэг. Шүүгчийн захирамжид “..Яллах дүгнэлт ойлгомжгүй, яллагдагчийн “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрх”-ийг зөрчсөн гэж үзэв. Яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэлтэй гэж заасан ба тогтоохдоо 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах үндэслэлтэй гэсэн нь ойлгомжгүй болгож яллагдагчийн эрхийг зөрчсөн байна ...” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана” 4.1-д “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэж заасан.
Прокурорын яллах дүгнэлтийн “Тогтоох нь” хэсэгт яллагдагч О.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэхээр тогтоож яллах дүгнэлт үйлдсэн ба яллах дүгнэлтийн “Тэмдэглэх нь” хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтаар тогтоогдож буй хэргийн үйл баримтыг дүгнэж, улмаар яллагдагч О.М-н үйлдлийг хэрхэн зүйлчлэх талаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг бичихдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй гэж дүгнэлээ” гэсэн хуульд байхгүй зүйл, хэсгийг тэмдэглэж буруу бичсэн бичиг, техникийн алдаа гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засах боломжтой ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхтэй” гэснийг зөрчсөн гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна.
Хоёр. “..Яллах дүгнэлтийн “тогтоох” хэсэгт ...915,809,430 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан...гэж, хавсралтад “яллагдагч О.М, иргэний хариуцагч Б.С нараас 313,542,865 төгрөгийн төлбөртэй... гэж заасан нь яллагдагч нарт ойлгомжгүй байна гэх өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй ...” гэжээ.
Прокурорын яллах дүгнэлтийн зөвхөн “Тогтоох нь” хэсэгт бус “Тэмдэглэх нь” хэсэгт гэмт хэргийн хохирлын талаар “....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...нийтийн болон үндэсний ашиг сонирхол...-д шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заасан бөгөөд О.М-н үйлдэл нь хууль тогтоомжийн дагуу сонгон шалгаруулалтад тэгш, шударгаар өрсөлдөн оролцож ажил, бараа, үйлчилгээг нийлүүлэх эрхийг шударгаар олж авбал зохих бусад хүн, хуулийн этгээдийн эрх ашиг, боломжийг хасаж, хязгаарласан буюу нийтийн эрх ашигт халдсан үйлдэл тул гэмт хэргийн хохирлыг өөрт нь хэлцлээр олгогдсон эрх мэдлээ хувьдаа болон өөрийн эхнэр Б.Э-д хууль бус давуу байдал бий болгоход чиглэж, урвуулан ашиглаж хийсэн үйлдлийн үр дүнд “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт худалдах, худалдан авах гэрээний дагуу нийлүүлэгдсэн бараа, материалын төлбөрт тооцож, шилжүүлсэн нийт мөнгөн хөрөнгө болох 915,809,430 төгрөгөөр тооцох хууль зүйн үндэслэл болно...” гэж дүгнэсэн болно.
Өөрөөр хэлбэл Хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан О.М нь “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын хэрэгцээнд худалдан авах бараа, материалыг нийлүүлэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлыг гүйцэтгэх албан тушаалын эрх мэдлээ өөртөө болон өөрийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.Э-д давуу байдал бий болгох зорилгоор нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн “иргэн Б.У-н нэр дээр үүсгэн байгуулагдсан боловч зөвхөн тендер сонгон шалгаруулалтад оролцохоор өөрийн эхнэр Б.Э-с үйл ажиллагааг нь гардан явуулж буй “А” ХХК-тай гэрээ байгуулах санал, үндэслэл болон гэрээний төслийг бэлтэн боловсруулсан” үйлдлийг хийсэн, тухайн үйлдлийн үр дүнд нь байгууллагын мөнгөн хөрөнгө зарцуулагдчихсан буюу нэгэнт хохирол учирчихсан, харин О.М, Б.Э нарын хувьд “А” ХХК-ийн нэрээр “Э” ХХК болон “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газартай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй буюу бараа, материалыг огтоос нийлүүлээгүй, эсхүл дутуу нийлүүлсэн атлаа төлбөрийг урьдчилж бүрэн авсан зэрэг нөхцөл байдал тогтоогдоогүй ба “Э” ХХК болон “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт гэрээний дагуу бараа, материал нийлүүлэгдсэнээр гэрээг дүгнэн, гаргасан нэхэмжлэхийг нь үндэслэж санхүүжилтийг төлбөрийн даалгавраар хийсэн буюу гүйцэтгэлийн дагуу төлбөрийг тооцож өгсөн үйл баримт хэрэгт авагдсан тендерийн материалаар нотлогдсон болно.
Тодорхой үнийн дүнтэй тендерийн хувьд, уг ажиллагаа нийтийн албан тушаалтны албан тушаалын байдлаа урвуулан ашигласан ажиллагааны хүрээнд явагдсан гэж үзсэн тохиолдолд нийт үнийн дүнгээр хохирлыг тооцож, нэгэнт хийгдсэн ажлыг захиалагч хүлээн авсан нь гэмт хэргийг бүхэлд нь болон хэсэгчлэн хүлээн зөвшөөрсөн ойлголт биш бөгөөд гагцхүү хохирол, төлбөрт тооцон авах эсэх асуудал нь хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудал гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл гэмт хэргийн хохирлыг тооцохдоо Эрүүгийн хуулиар хамгаалагдсан харилцаа зөрчигдсөн “тендерт тэгш шударгаар өрсөлдөж, шалгаран ашиг шимийг нь хүртэх бусдын боломжийг хасаж, хязгаарласан” үйлдлийн хүрээнд буюу тендер, уг тендерийн үнийн дүнгээр, цогц байдлаар хохирлыг тооцох нь Эрүүгийн хуулийн зорилго, үзэл баримтлалд нийцнэ.
Иймд прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт бичигдсэн гэмт хэргийн “хохирол” болон яллах дүгнэлтийн хавсралтад бичигдсэн “төлбөл зохих төлбөр" гэсэн хоёр тусдаа асуудлыг ойлгомжгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байх бөгөөд шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад заасан “... А” ХХК нь бараа, материал нийлүүлсэн эсэх, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогод бүртгэж авсан эсэх, 3 дахь заалтад заасан “... дугаартай эрээнүүдийг байгуулснаар “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт бодитойгоор ямар хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтоох.
Шинжээчийн дүгнэлтээр нэр төрөл бүхий тоног төхөөрөмжүүдийн зах зээлийн үнийг тодорхойлсныг “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт учирсан хохирол гэж яагаад үзэж байгаа талаар хохирогчийг зөв тогтоосны үндсэн дээр мэдүүлэг авч, шаардлагатай бол төрийн Аудитын тайлангуудаас шаардлагатай хэсгийг нотлох баримтаар авч тогтоох гэсэн заалтууд хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх огт анхаарч үзэлгүй орхигдуулсныг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Гурав. “Э” ХХК-ийн дүрэм 5 дугаар хавтасны 229-243 дугаар хуудаст авагдсан бөгөөд дүрэмд зааснаар Монгол Улсын Сангийн яам 51 хувийг, “М” ХХК 49 хувийг тус тус эзэмшдэг байх ба Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар Төрийн өмчит үйлдвэрийн газар нь Төрийн өмчит хуулийн этгээд байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Дараах этгээд захиалагч байна”-ийн 4.1.1-т “төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд”, 4.1.2-т “50 буюу түүнээс дээш хувийн төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэж тус тус заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас дүгнэхэд “Э” ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газар ямар ч тохиолдолд худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу явуулах бөгөөд “А” ХХК-тай 6 удаагийн бараа, материал худалдан авах гэрээг байгуулсан байна.
Хэрэгт авагдсан “А” ХХК-ийн 6 удаагийн тендерийн материалаар “Э” ХХК-ийн Худалдан авах комиссын 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хурлаас үйлдвэрлэлийн тасралтгүй хэвийн үйл ажиллагааг хангахад яаралтай худалдан авах нөхцөл үүссэн технологийн үндсэн материал, тоног төхөөрөмжийг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай” хуульд заасан онцгой журмыг хэрэглэхийг Хангамжийн хэлтэст зөвшөөрсний дагуу “Насос Raven” худалдан авах ажиллагааг болон “Э” ХХК-ийн Онцгой комиссын дэд комиссын 2018 оны 11 дүгээр сарын 01, 05-ны өдрүүдийн хурлаас болон “Э” ХХК-ийн захирлын 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дугаартай албан даалгавраас тус тус өгөгдсөн үүргийн дагуу шинээр худалдан авах үндсэн хөрөнгөд багтсан “Төмөр тастагч хайч, өрмийн машинууд” худалдан авах ажиллагааг тус тус Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.2-т заасан үндэслэлээр,
“Э” ХХК-ийн Онцгой комиссын 2019 оны 4 дүгээр сарын 29- ний өдрийн хурлаас өгсөн гэрээ байгуулж ажиллах үүргийн дагуу “Насос Raven цооног цэнэглэгч хоолой” худалдан авах ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34.1.5-д заасан үндэслэлээр тус тус гэрээ шууд байгуулах аргыг хэрэглэж худалдан авах ажиллагааг явуулсан.
Харин бусад худалдан авах ажиллагааг тендер сонгон шалгаруулах онцгой журмын буюу Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан харьцуулалтын аргыг хэрэглэж гэрээг шууд байгуулсан болох нь тус тус нотлогдож байна.
Мөн яллагдагч О.М-г “Э” ХХК-ийн Хангамжийн хэлтсийн Хангамжийн мэргэжилтнээр ажиллахдаа “Э” ХХК болон “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан үнээс өндөр үнээр бараа, материал худалдан авахаар "А” ХХК-тай гэрээ байгуулах санал, үндэслэл болон гэрээний төслийг бэлтгэн боловсруулсан, мөн бараа, материал худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зах зээлийн үнээс хэт өндөр өртгөөр бараа материал худалдан авсан гэж буруутгаагүй, энэ нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаагаар мөн тогтоогдоогүй болно.
Иймд шүүгчийн захирамжийн 4 дэх заалтад заасан ажиллагаа болох “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газартай холбоотой ямар гэрээг ямар зорилгоор хэрэгт хавсаргуулах нь ойлгомжгүй байхын зэрэгцээ “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрмийг хэрэгт хавсаргах” гэсэн нь, мөн шүүгчийн захирамжийн 5 дахь заалтад заасан “... Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Э” ХХК- д бараа, ажил үйлчилгээ худалдан авах ерөнхий журмыг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан хавсаргах..” гэсэн нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримт нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй байгаа нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсныг хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзнэ.
Иймд шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/421 дугаар захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгч М.М тайлбартаа:
... Прокуророос 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 119 дугаартай яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хэрэг шүүхэд шилжиж ирснээс хойш прокуророос урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэж яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг засуулах талаар хүсэлт гаргаагүй. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх талаар хүсэлтээ шүүхэд хуулийн хугацаанд гаргасан. Прокурорын эсэргүүцэлд “....О.М-н үйлдлийг хэрхэн зүйлчлэх талаар Эрүүгийн хуулийн зүйл, хэсгийг бичихдээ “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэх үндэслэлтэй гэж дүгнэлээ” гэсэн хуульд байхгүй зүйл, хэсгийг тэмдэглэж буруу бичсэн бичиг, техникийн алдаа гаргасан....” гэжээ. Хэрэв прокурор нь техникийн шинжтэй алдаа гаргасан бол энэ талаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хүсэлт гаргах бүрэн боломжтой байтал огт хүсэлт гаргаагүй.
Нөгөө талаас Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт зэрэг нь хэрэгт буруутгагдаж буй иргэн, хуулийн этгээдийн үйлдэл эс үйлдэхүйг Эрүүгийн хуулийн ямар зүйл хэсэгт зааснаар зүйлчлэх талаар тусгагдах шаардлага хуулиар тавигдсан прокурорын шийдвэр бөгөөд зүйлчлэгдэх хуулийн зүйл заалтыг зөрүүтэй бичих нь техникийн шинжтэй алдаа гэх ойлголтод хамаарахгүй юм.
Прокурор эсэргүүцэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан прокурорын яллах дүгнэлтийн бүтэц, яллах дүгнэлтэд тавигдах шаардлагуудыг дурдаж хууль зүйн алдаагаа техникийн шинжтэй алдаа гэж гуйвуулан тайлбарласан байна. Яллагдагч нь хууль зүйн боловсрол эзэмшээгүй этгээд тул 32.10 дугаар зүйлд заасан зохицуулалтыг ойлгож улмаар прокурорын шийдвэрт бичигдсэн хууль зүйн зүйлчлэлийг зөвтгөн ойлгох боломжгүй билээ.
Иймд яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсгийн хууль зүйн зүйлчлэл, тогтоох хэсгийн зүйлчлэлтэй зөрүүтэй байгаа байдлыг анхан шатны шүүхээс яллагдагчийн ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж дүгнэсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт болсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт яллах дүгнэлт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, хавсралтаас бүрдэнэ, 3. Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана, 3.2.. учруулсан хохирол.. гэж, 5. яллах дүгнэлтийн хавсралтад дараах зүйлийг тусгана, 5.3. хохирол хор уршгийн талаарх мэдээлэл гэж тус тус заажээ.
Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт “ гэмт хэргийн хохирлыг...915.809.430 төгрөгөөр тооцох хууль зүйн үндэслэл болно ”, тогтоох хэсгийн 1.” 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд “Э" ХХК, “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт нийт 915 809 430 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан, хавсралтын 4. “Яллагдагч О.М, иргэний хариуцагч Б.Э нараас 313 542 865 төгрөгийн төлбөртэй ба хохирол, төлбөртэй..." гэж тус тус бичжээ.
Дээрх байдлаар яллах дүгнэлтэд гэмт хэргийн талаарх хохирлыг 602 266 565 төгрөгийн зөрүүтэйгээр бичсэн нь ойлгомжгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотолбол зохих байдалд оруулан хуульчилсан төдийгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн заавал байх шинж нь тухайн хуулийн этгээдэд үлэмж хэмжээний хохирол учирсан байх талаар заажээ.
Гэтэл прокурор хохирлын хэр хэмжээг яллах дүгнэлтдээ ноцтой зөрүүтэйгээр бичсэнийг шүүхээс үндэслэл бүхий яллах дүгнэлт гэж зөвтгөн дүгнэх боломжгүй юм. Яллагдагч ямар хэмжээний хохирол учруулсан гэж прокуророос буруутгаж байгаа үндэслэл нотолгоог яллах дүгнэлтээс уншиж танилцаж мэдэх учиртай бөгөөд яллах дүгнэлт нь дээр дурдсан байдлаар ойлгомжгүй байгаа нь яллагдагч ямар хэрэгт буруутгагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт нь үндэслэл бүхий болсон бөгөөд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хуулийн этгээдэд үлэмж хэмжээний хохирол учирсан болох нь тогтоогдсоны үндсэн дээр тухайн гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. Гэтэл нэр бүхий худалдах худалдан авах гэрээнүүдийн зүйл болох бараа материал тоо ёсоор, чанарын шаардлага хангасан хэлбэрээр гэрээний худалдан авагч тал болох Э-т нийлүүлэгдсэн эсэх талаарх нотлох баримтыг мөрдөн шалгах ажиллагааны үед хэрэгт аваагүй орхигдуулсан. Энэ нь гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа эсэх талаар дүгнэлт хийхэд ач холбогдолтой юм.
Гэтэл прокурор эсэргүүцэлдээ “тендерийн материалаар нотлогдсон болно" гэж бичгийн нотлох баримтыг нэг бүрчлэн заалгүй бичсэн байдлаар хэрэгт бараа материалын орлогод авсан баримт байхгүй болох нь тогтоогдож байгаа төдийгүй нийт 16 хавтас хэргийг нэг бүрчлэн уншиж танилцахад Э-н орлогод авсан баримтууд авагдаагүй юм. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй болсон бөгөөд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна.
Шүүгдэгч талаас О.М-г хуулийн этгээдийн гүйцэтгэх албан тушаалтан биш гэж мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн маргаж байгаа. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан байх талаар заасан тусгай субъекттэй гэмт хэрэг бөгөөд О.Мд урвуулан ашиглах эрх мэдэл гэх зүйл огт байхгүй. Хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан мөн эсэх асуудалд дүгнэлт өгөх урьдчилсан нөхцөл нь тухайн хуулийн этгээдтэй байгуулсан ажилтны гэрээнээс гадна хуулийн этгээдийн дүрмийг хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх шаардлагатай.
Хуулийн этгээд нь өөрийн дүрмээр ямар албан тушаалтныг удирдах, гүйцэтгэх /эрх бүхий/ албан тушаалтанд тооцох талаар тодорхойлдог. Гэтэл Э Төрийн өмчит үйлдвэрийн газрын дүрэм огт авагдаагүй. Харин “Э” ХХК-ийн дүрмийн хуулбар 5 дахь хавтасны 229-243 дахь талд авагдсан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлох баримт болох шаардлагыг хангахгүй байна.
Иймд энэхүү нотлох баримт болох ”Э” ХХК Төрийн өмчит үйлдвэрийн газар байх үеийн дүрмүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлэх ажиллагааг шүүхээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул мөрдөх ажиллагаагаар цуглуулж хэрэгт авах талаар шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Хохирогч гэх Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын төлөөлөгч нь хэрэгт иргэний нэхэмжлэл огт гаргаагүй бөгөөд ямар хэмжээний хохирол учирсан талаар тодорхой эх сурвалж бүхий мэдүүлэг огт өгөөгүй. Үүний учир нь хохирогчийг зөв тогтоогоогүй төдийгүй, хохирол учирсан эсэх талаарх асуудлыг бүрэн шалгаагүйтэй холбоотой юм.
Анхан шатны шүүх энэ талаар “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт учирсан хохирол гэж яагаад үзэж байгаа талаар хохирогчийг зөв тогтоосны үндсэн дээр мэдүүлэг авч, шаардлагатай бол төрийн Аудитын тайлангуудаас шаардлагатай хэсгийг нотлох баримтаар авч тогтоох шаардлагатай” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.
Ийнхүү дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/421 дугаартай захирамж үндэслэлтэй бөгөөд прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байх тул захирамжийг хэвээр үлдээж прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгуулахаар хариу тайлбар бичив гэжээ.
Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа:
... Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 421 дугаартай шүүгчийн захирамж нь хуулийн үндэслэлтэй бөгөөд иргэний хариуцагч Б.Э-н өмгөөлөгчийн хувьд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх, нотлох баримт бүрдүүлэх агуулга бүхий хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хэлэлцэн хэргийг прокурорт буцаан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон.
Учир нь уг хэрэгт төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрыг хохирогчоор тогтоосон ба хохирогчийн төлөөлөгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөхдөө ... хохирол учирсан бол түүнийг нэхэмжилнэ гэх утгатай мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан.
Гэтэл Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хохиролтой холбоотой нэхэмжилсэн зүйл байхгүй байхад ийнхүү дээрх дурдсан гэрээнүүдийн улмаас “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт хохирол учирсан гэж тодорхойгүй буюу 2 өөр дүнгээр хохирол төлбөрийг тодорхойлсон нь хуулийг зөрчсөн бөгөөд уг ажиллагааг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.
Нэр бүхий гэрээнүүдээр бараа материал тоног төхөөрөмжийг техникийн тодорхойлолтод заасан нэр төрөл хэмжээгээр А ХХК нь нийлүүлсэн эсэх, Э Төрийн өмчит үйлдвэрийн газрын орлогод бүртгэж авсан эсэх талаар баримтууд авагдаагүй, дээрх гэрээнүүдийг байгуулснаар “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт бодитойгоор ямар хэмжээний хохирол учирсан эсэхийг тогтооход шинжээчийн дүгнэлтээр нэр төрөл бүхий тоног төхөөрөмжүүдийг зах зээлийн үнийг тодорхойлсныг “Э” Төрийн өмчит үйлдвэрийн газарт учирсан хохирол гэж үзсэн нь ойлгомжгүй гэх дүгнэлт нь үндэслэлтэй бөгөөд уг хэрэгт хохирогч байгууллага иргэний нэхэмжлэл гаргаагүй бөгөөд хохирол тогтоогдвол хохирлыг нэхэмжилнэ гэх агуулгатай мэдүүлэг өгсөн нь хохирол учирсан эсэхийг бүрэн тогтоогоогүй бөгөөд хохирол учраагүй болохыг харуулж байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/421 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай захирамж нь хуулийн үндэслэлтэй бөгөөд прокурорын эсэргүүцэл нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагч О.М тайлбартаа: “ ... Тайлбаргүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.М тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч М.Г тайлбартаа: “ ... Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Б.Э тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Р.Ц тайлбартаа: “ ... Прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ц.М тайлбартаа: “... Мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: “... Эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дүгнэлт хийж өгнө үү ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч О.М, М.М нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Яллагдагч О.М, М.М нарт холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нэмэлт мөрдөн шалгах ажиллаагаа хийлгэх шаардлагатай гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны явцад нотолбол зохих асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох , хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаах үндэслэл болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дугаар зүйлд ... яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг яллах дүгнэлтэнд тусгана ... гэж заасан бөгөөд прокурорын яллах дүгнэлтийн тодорхойлох хэсэгт яллагдагч О.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэлтэй гэж хуульд байхгүй заалт бичсэн атлаа яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг засуулах тухай хүсэлтийг прокуророос гаргаагүй байна.
Мөн бусдад давуу байдал тогтоох гэмт хэрэгт хохирогчийг болон учруулсан хохирлын хэмжээг зөв тогтоох нь уг хэргийг зөв зүйлчлэх, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын хэмжээ тодорхойгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд буюу холбогдох гэрээ хэлцэл, дүрэм журмуудыг нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулан авах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүдийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагааг хийвэл зохино.
Түүнээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсноор давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах заалт хүчингүй болсон тул ... шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 421 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ШҮҮГЧ С.ЦЭЦЭГМАА