Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 128/ШШ2024/0352

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: “П“ ХХК,

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Г,

          Нэхэмжлэгч: “У“ ХХК,

          Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсийн төлөөлөгч: М.Ц,

          Хариуцагч: Сангийн сайд,

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, Т.Э,

          Хариуцагч: Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Га,

          Маргааны төрөл: Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаал нь хуульд нийцсэн эсэх маргааныг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “П“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, нэхэмжлэгч “П“ ХХК-ийн өмгөөлөгч бөгөөд нэхэмжлэгч “У“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Га, хариуцагч Д.Гын өмгөөлөгч бөгөөд хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага:

1.1 Нэхэмжлэгч “П“ ХХК-иас Сангийн сайд болон Худалдан авах улсын байцаагч Д.Гад холбогдуулан “Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалын “П“ ХХК-д холбогдох хэсгийг, Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийн “П“ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах“ гэж нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

1.2 Нэхэмжлэгч “У“ ХХК-иас Сангийн сайд болон Худалдан авах улсын байцаагч Д.Гад холбогдуулан “Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалын “У“ ХХК-д холбогдох хэсгийг, Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 тоот дүгнэлтийн “У“ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах“ гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

  1. Нэхэмжлэгч “П“ ХХК, “У“ ХХК-иудын түншлэлийг төлөөлж “П“ ХХК Зам, тээврийн хөгжлийн яамтай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр дугаартай “ зочид будлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /***, ****г сум/ ажил гүйцэтгэх гэрээ“-г байгуулжээ.
  2. Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дугаар албан бичгээр “...барилга угсралтын ажлын тасалдлыг хэрхэн нөхөх талаар нарийвчилсан график төлөвлөгөөг гарган батлуулж, 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн дотор тодотгосон ажлын хөтөлбөр ирүүлэх, замын барилгын ажлыг эрчимжүүлэх, гэрээт хугацаанд ашиглалтад оруулах талаар холбогдох арга хэмжээг яаралтай авч ажиллахыг мэдэгдэж байна. Хэрэв тодотгосон хөтөлбөрийг заасан хугацаанд батлуулаагүй, тодотгосон хөтөлбөрийн дагуу замын барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй тохиолдолд гэрээний ерөнхий нөхцөлийн 42.2.2/в/ дахь заалтын дагуу гэрээ цуцлах нөхцөл бүрдэхийг анхааруулж байна.“ гэж, мөн яамны 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 06/4355 дугаар албан бичгээр “... гүйцэтгэгчийн 2022 оны 01/88 тоотоор ирүүлсэн төлөвлөгөө нь шаардлага хангаагүй байна. Мөн 2022 оны 01/89 тоотоор ирүүлсэн гэрээ сунгах хүсэлтийг 2022 оны гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлаар шийдвэрлэсний дараа хариу хүргүүлэх болно. …“ гэж “П“ ХХК-д мэдэгдсэн байна. 
  3. Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалын 3 дахь хэсэгт “... Гүйцэтгэгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан гэрээт хугацаандаа ашиглалтад оруулаагүй … гүйцэтгэгч компанитай байгуулсан гэрээг цуцлах …“ гэснээр тус тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан жагсаалтын дагуу нэхэмжлэгч компанитай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж шийдвэрлэжээ.

4.1 Улмаар Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/118 дугаар албан бичгээр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаар тушаалаар гэрээг цуцалсан талаар нэхэмжлэгч нарт мэдэгджээ.

  1. Зам, тээврийн хөгжлийн яамны 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 дүгээр албан бичгээр Сангийн яамны хууль эрх зүйн газарт хандан “Зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагын судалгааг хүргүүлж, байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу шийдвэрлэж өгнө үү.“ гэж, улмаар тус байгууллагаас 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03/4126 дугаар албан бичгээр Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагч Г.Гд зам, тээврийн салбарын худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй гэх 12 аж ахуйн нэгж, байгууллагын нэрс, түүнтэй холбоотой мэдээллийг тус тус хүргүүлсэн байна.  
  2. Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Хяналт шалгалт хийх тухай удирдамжийг баталсан ба тус удирдамжийг 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр албан бичгээр 30 хоногоор сунгасан байна.
  3. Нэхэмжлэгч нарт Сангийн яамны худалдан авах ажиллагааны улсын байцаагч Г.Ггаас 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11/6303 дугаар албан бичгээр хяналт шалгалттай холбогдуулан санал, тайлбараа ирүүлэх тухай мэдэгдлийг хүргүүлжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сангийн яамны 405 тоот өрөөнд “П“ ХХК-ийн захирал Р.А, хуулийн зөвлөх Д.С******* нарын байлцуулан Сонсох ажиллагааг зохион байгуулсан.

  1. Ингээд Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гаас 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тай “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлтийг гарган нэхэмжлэгч нарт хүргүүлсэн байна.
  2. Тус дүгнэлтийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч “П“ ХХК-иас 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн А/90 дүгээр албан бичгээр Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид гомдол гаргажээ.
  3. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчаас 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/8446 дугаар албан бичгээр “П“ ХХК-ийн гомдлыг хянаж, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тай дүгнэлтийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
  4. Тус дүгнэлтийг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тай тушаал гарч, нэхэмжлэгч “П“ ХХК-ийг гэрээний үүрэг биелүүлээгүй гэх үндэслэлээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаанд хамруулан бүртгэжээ.
  5. Уг тушаалыг Сангийн яамны 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 03/8668 дугаар албан бичгээр “У“ ХХК-д хүргүүлсэн байна.
  6. Улмаар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч ““П“ ХХК-иас 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн байна.

Харин “У“ ХХК-иас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэл гаргасныг хүлээн авч захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0774 дүгээр захирамжаар хэргийг нэгтгэсэн байна.

  1. Нэхэмжлэгч “П“ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан “Ентүм зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /*******, Есөнбулаг сум/ ажил гүйцэтгэх“ тендерт манай “П“ ХХК нь шалгарсан. Улмаар талууд 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр № дугаартай “ зочид буудлаас 3, 4 дугаар байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /*******, Есөнбулаг сум/ ажил гүйцэтгэх гэрээ“-г байгуулсан. Манай компани нь дээрх тендерт ажлыг гэрээнд заасан графикийн дагуу ажил гүйцэтгэх явцад биднээс шалтгаалаагүй олон хүчин зүйл, нөхцөл байдлын улмаас бүрэн дуусгаж хүлээлгэн өгч чадаагүй. Ийнхүү гүйцэтгэгч бөгөөд манай “П“ ХХК-иас шалтгаалаагүй хүчин зүйл, нөхцөл байдлын талаар бид захиалагч болон холбогдох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тухай бүр шийдвэрлүүлэхээр мэдэгдэж байсан.

Гэтэл Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/118 тоот “Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай“ албан бичгээр гэрээг цуцалж буйгаа бидэнд мэдэгдсэн. Тус албан бичигт “П“ ХХК, “У“ ХХК-тай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай түншлэлийн гэрээг байгуулсан. Тус авто замын барилгын ажил 41 хувьтай хэрэгжсэн гэж дурдсан байдаг.

Дээрх албан бичгээр талуудын хооронд гэрээт ажлын гүйцэтгэл зохих ёсоор биелэгдэж талуудын хооронд гүйцэтгэлийн баталгаа болон инженерийн акт дүгнэлтээр баталгаажиж байсан ба гэрээний үүргийн биелэлт зохих ёсоор хангагдсан гэдэг нь тодорхой үйл баримт нотлох баримтуудаар тогтоогддог.

Тиймээс захиалагчийн илтэд үндэслэлгүйгээр гэрээ цуцалсан асуудалтай холбоотойгоор учирсан хохирлоо гаргуулахаар иргэний журмаар шаардлага гаргаж, хянан шийдвэрлүүлэхээр баримт нотолгоог бүрдүүлэн ажиллаж байсан.

Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Улсын байцаагч Д.Га нь манай компанид албан бичиг хүргүүлсэн ба уг албан бичигт 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 13:30 цагт болох сонсох ажиллагаанд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн. Тус мэдэгдлийн дагуу манай компани нь хүрэлцэн очсон боловч бусад компанийн мэдээлэл байгаа гэх шалтгаанаар тодорхой зүйл яриагүй бидэнд хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй.

Өөрөөр хэлбэл, тус хяналт шалгалтаар Улсын байцаагч Д.Га нь сонсох ажиллагаанд ямар эрх бүхий байгууллагын чиглэл, удирдамж үүрэг даалгаврын хүрээнд холбогдох компаниудыг дуудаж тайлбар авч байгаагаа тодорхой танилцуулж, үүрэг даалгаврын биелэлт өгч, хууль тогтоомжид заасны дагуу ажиллах ёстой байтал тэрээр илтэд хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй бөгөөд энэ нь Төрийн албаны тухай хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хууль тогтоомжуудыг зөрчсөн үйлдэл юм. Тухайлбал,

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн Улсын байцаагчийн чиг үүрэг нь Улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах үүрэгтэй байсан.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.10.-т “улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автан албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, тор, байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, өөртэйгөө болон эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, садан төрлийн хүмүүст холбогдох асуудлыг шалгахаас татгалзах, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүрэгтэй“, мөн зүйлийн 10.9.11 “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна“ гэж заасан байх бөгөөд Улсын байцаагч Д.Га нь илтэд үндэслэлгүй, тодорхойгүй, нотлох баримтуудын үндсэн дээр эрх зүйн акт гаргаагүй нөхцөл байдал бий болгож, түүний уг дүгнэлтийг хууль бус хүчингүйд тооцуулах эрх зүйн үндэслэл бүрдэж байна.

Тиймээс бид хяналт шалгалтын цар хүрээ болон агуулгын талаар бүрэн дүүрэн мэдээлэл авч чадаагүй ба мэдэгдэлд дурдсан асуудлын хүрээнд л тайлбараа гаргаж өгсөн. Тухайн үед Улсын байцаагч Д.Га нь манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчөөгүй болох талаар бидний өгсөн тайлбарыг хүлээн авч, ойлгосон. Улмаар бид манай компанитай холбоотой асуудал дуусгавар болсон гэж ойлгосон.

Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм“ 5.1 дэх хэсэгт заасны дагуу хяналт шалгалтын 30 хоног дууссан гэж ойлгосон. Учир нь тухайн хугацаа сунгасан талаар бидэнд аливаа хэлбэрээр мэдэгдээгүй юм. Хяналт шалгалтын 30 хоног аль хэдийн дууссан байтал 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэнэт Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Га нь манай “П“ ХХК-д холбогдуулан №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ доорх дүгнэлт бүхий захиргааны акт гарсан талаар бидэнд мэдэгдсэн. Тус актад

1 дэх хэсэгт “П“ ХХК болон “У“ ХХК-ийн түншлэлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож байна“;

2 дах хэсэгт “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг, 521 дугаар зүйлийн 521.2.1 дэх заалтыг тус тус үндэслэн “П“ ХХК- ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлж байна“ гэж тус тус дүгнэсэн байсан.

Дээрх дүгнэлтийг Улсын байцаагч Д.Га нь хууль тогтоомжид заасан хугацаанд гаргаагүй байдаг ба мөн тус дүгнэлтийг гаргахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасан хэд хэдэн үндэслэлийн аль нь болох нь тодорхойгүй, ойлгомжгүй, тухайлан заагаагүй байдаг.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “Сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон“ гэж заасан Тиймээс манай компани нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 7.1-т заасныг үндэслэн Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №:50 тоот “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлтийг бүхэлд эс зөвшөөрч Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Г*******ад 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гомдол гapracan (Хавсралтаар гомдлыг хавсаргасан болно)

Гэвч Худалдан авах ажиллагааны улсын Ерөнхий байцаагч Ж.Г******* нь “Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Га нь хяналт шалгалттай холбоотойгоор танай компанид тайлбар, нотлох баримтыг гаргах боломж олгоогүй гэж үзэх боломжгүй“ гэж шийдвэрлэсэн буюу улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №:50 тоот “Хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хэвээр үлдээсэн талаарх 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/8446 тоот “Гомдол хянасан тухай“ албан бичиг гарсан болохыг бидэнд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр мэдэгдсэн.

Тухайн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн сайд нь олон нийтийн цахим мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн ба тус өдөр Сангийн сайдын тушаал гарсан болохыг олж мэдсэн. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгдэл хийсэн тушаалын хавсралтын 13 дахь хэсэгт “П“ ХХК орсон байсан. Тэрхүү Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалын хувийг авахаар Сангийн Яамд хандсан боловч шүүхийн журмаар гаргуулахаас нааш бид хуулбар үнэн хувь олгохгүй гэсэн хариуг өгсөн /Тиймээс тус тушаалын мэдээллийг Сангийн яамны Фэйсбүүк хуудас https://www.facebook.com/100069403260566/posts/6-48857710770999 -линкээс хэвлэж, нэхэмжлэлд хавсаргав.

Түүнчлэн Сангийн сайд нь дээрх Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлийг тодорхой бус зааж, мөн хяналт шалгалтын хугацаа дууссан байхад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зорчиж дүгнэлт гаргасан бөгөөд уг хууль бус дүгнэлтийг үндэслэн манай компанийг Хар жагсаалтад оруулсанд гомдолтой байна.

Иймээс Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлт буюу захиргааны актыг дараах үндэслэлүүдээр хууль бус гэж үзэн хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан болно. Үүнд:

1. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Удирдамжийн дагуу хяналт шалгалт хийж байгаа гэж Д.Га байцаагч мэдэгдсэн боловч тус удирдамжаа манай компанид албан ёсоор танилцуулаагүй бөгөөд түүний хувийг өгөөгүй. Тодруулбал, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.2-т “Улсын байцаагч хяналт шалгалт эхлэх шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэх үзүүлнэ“ заасан байдаг ч энэхүү ажиллагаа хийгдээгүй.

2. Манай “П“ ХХК-д хяналт шалгалт хийхээр сонсох ажиллагаанд дуудсан атлаа түншлэлээр ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан “У“ ХХК-ийг гэрчээр болон аливаа хэлбэрээр сонсголд дуудаж оролцуулаагүй, мөн тус компаниас тайлбар аваагүй атлаа 2 компанийг тус бүр хамруулан буруутай хэмээн үндэслэлгүйгээр дүгнэсэн. Өөрөөр хэлбэл дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай, буруутай үйл баримтыг хангалттай нотлох баримтыг бүрдүүлээгүй. Компани тус бүрийн тендерт ажил гүйцэтгэх үүрэг оролцоо зэргийг тал бүрээж судалж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Тухайн компанийг дуудаж, сонсох ажиллагаанд оруулсан байсан бол аль компани нь бодитоор буруутай болох аль компани нь хариуцлага хүлээх үндэслэлтэй болох нь тодорхой болох байсан ч үүнийг Улсын байцаагч огт анхаарч үзээгүй.

3. Улсын байцаагч Д.Гын 2023. 10.13 өдрийн №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлтэд манай компанийг Худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зорчсон эсэх, биелүүлээгүй эсэх, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэх аль нь болохыг тодорхой зааж дурьдаагүй байдаг.

4. Хяналт шалгалтын 30 хоногийн хугацаа дууссан байхад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зөрчиж дүгнэлт гаргасан нь хууль зорчсон үйлдэл болно.

Дээрхээс үзэхэд “П“ ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дахь хэсэгт заасан гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх, биелүүлээгүй эсэх, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэх аль нь болохыг тодорхой зааж дүгнээгүй, мөн хяналт шалгалтын 30 хоногийн хугацаа дууссан байхад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зорчиж, дүгнэлт гаргасан нь хууль зөрчсөн болохыг харуулж байна.

Иймд манай компанийг хууль бусаар хар жагсаалтад оруулан 3 жилийн хугацаанд дахин тендер оролцох бидний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг маань зөрчсөн хууль бус захиргааны акт гаргасан гэж үзэж байх тул Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай“ тушаалын “П“ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.“ гэжээ.

  1. Нэхэмжлэгч “У“ ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: “Манай “У“ ХХК-ийг үндэслэлгүйгээр Хар жагсаалтад оруулж, Худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан болохыг бид 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр анх мэдсэн ба улмаар 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сангийн яам руу тус мэдэгдлийн хувийг авах хүсэлтээ албан бичгээр өгч, 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авсан. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлтийг манай компани 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр л анх хүлээн авч тус дүгнэлттэй уншиж танилцлаа.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлтийн манай компанид холбогдох хэсэг үндэслэлгүй, хууль бус бөгөөд хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж байна. Үүнд:

1. Сонсох ажиллагааны журам зөрчсөн тухайд: Аливаа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гарах тохиолдолд Захиргааны Ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах хуулийн зохицуулалттай гэтэл бидэнд огт мэдэгдэлгүйгээр, биднээс аливаа байдлаар тайлбар аваагүй. Манай компани нь 2018 оноос хойш Сүхбаатар дүүрэг, ***** тоот хаягт тогтмол үйл ажиллагаагаа эрхэлж байгаа ба **** тоот дугаарын утас байнга ашиглагдаж байсан атал бидний сонсох ажиллагаа болох талаар мэдэгдэж, дуудсангүй.

Компанийн хаягийн мэдээлэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудас болон Худалдан авах ажиллагааны цахим хуудас дээр нээлттэй буюу маш тодорхой байдаг ч бидэнд мэдэгдээгүй учир шалтгааныг үнэхээр ойлгохгүй байна/Тиймээс энэхүү үйл баримтыг нотлох зорилгоор Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон Худалдан авах ажиллагааны цахим сайтуудаас татаж хэвлэсэн нээлттэй мэдээлэл, мөн Компанийн гэрчилгээ болон уйл ажиллагаа эрхэлж буй оффисын үл хөдлөхийн гэрчилгээний хуулбарыг тус тус хавсаргав.

Захиргааны ерөнхий хуулийн 27.1. “Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно“, 27.2 .“Сонсох ажиллагааны талаарх мэдээлэл авах эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ“ гэж тус тус заасан.

Тиймээс Улсын байцаагч Д. Га нь дүгнэлт бөгөөд захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох манай компанийг тодорхойлох ёстой байсан. Мөн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээд болох манай компанийг сонсох ажиллагаанд оролцуулах ёстой байсан ч огт оролцуулалгүй дүгнэлт гаргасан нь хууль бус юм.

Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно“ гэж заасны дагуу улсын байцаагчийн дүгнэлтийг хууль бус захиргааны акт юм.

2. Улсын байцаагчийн дүгнэлт үндэслэлгүй тухайд:

“Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм“-д Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмаас гадна Бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, Бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, Асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх зэрэг тусгай зарчмуудыг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллах ёстой байдаг бол Хэрэв Улсын байцаагч Д.Га нь бидэнд сонсох ажиллагааны талаар мэдэгдсэн тухайн хяналт шалгалтад бид буруугүй бөгөөд хүлээн зөвшөөрөхгүй талаарх үндэслэл, холбогдох тайлбар болон нотлох баримтаа гарган өгөх байсан. Өөрөөр хэлбэл сонсох ажиллагаанаас гадна Асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх зэрэг тусгай зарчмыг үйл ажиллагаандаа баримталсан бол манай компани хариуцлага хүлээх эсэхийг тодруулан нягталж, үндэслэл бүхий дүгнэлт гаргах байсан. Жишээлбэл,

а. Зам, тээврийн хөгжлийн яам болон “П“ ХХК нь 2021.08.17 өдрийн № дугаартай “ зочид буудлаас 3, 4 дугаар байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /*******, Есөнбулаг сум/ ажил гүйцэтгэх гэрээ“-г байгуулсан. Тус гэрээний Ерөнхий нөхцөлийн 3.9 дэх хэсэгт “Хэрэв хоёр буюу түүнээс дээш тооны хуулийн этгээд хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендерт оролцогч болж тендер ирүүлэх тохиолдолд эдгээр хамтарсан этгээдүүд бүгдээрээ эсвэл түншлэлийг төлөөлөх нэг этгээд нь Захиалагчийн өмнө Гэрээний биелэлттэй холбоотой хариуцлага хүлээх багаж заасан/Гэрээний хуулбарыг хавсаргав/

в. “П“ ХХК-тай 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 2021/3-01 тоот Түншлэлийн гэрээ байгуулсан Гэтэл автозамын трассын өөрчлөлт орон нутгийн засаг захиргааны эсэргүүцэл гэх зэрэг нөхцөл байдлын улмаас “П“ ХХК- ийн гүйцэтгэх ажил удааширч, түүнтэй холбоотойгоор бид тендерт ажлаа буюу түншлэлийн гэрээгээр хүлээсэн тендерт ажлаа гүйцэтгэж эхэлж боломж байгаагүй. Учир нь Түншлэлийн гэрээний 1.5.2-т зааснаар түншлэгч тал болох “У“ ХХК нь тендерт ажлын 30% буюу асфальт бетон хольц нийлүүлэх, шингэрүүлсэн битум цацлага хийх ажлыг хариуцсан ба энэхүү ажилбар нь төлөөлөгч тал болох “П“ ХХК-ийн гүйцэтгэх тендерт ажлын 70% буюу автозамын барилгын угсралтын ажил бүрэн гүйцэтгэгдсэн тохиолдолд хийгдэх юм. Өөрөөр хэлбэл, “П" ХХК нь хариуцсан ажлаа хийж дуусгасны үндсэн дээр манай компанийн ажил графикийн дагуу хийгдэж эхлэх ёстой байсан.

Мөн Түншлэлийн гэрээний Гурав дах хэсэгт хэн ямар хариуцлага хүлээх талаар маш тодорхой заасан байдаг ба Төлөөлөгч болон Түншлэгч компаниуд өөр өөрсдийн гүйцэтгэсэн ажлын чанартай холбоотой асуудал. түүнээс үүдэн гарах үр дагаврыг хариуцахаар тус тус заасан Гэрээний хуулбарыг хавсаргав. Тиймээс биднээс огт шалтгаалаагүй нөхцөл байдлын улмаас тендерт ажил удааширсан, түүнээс улбаалан гэрээ цуцлагдсанд манай компани буруугүй бөгөөд хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

3. Улсын байцаагчийн дүгнэлт хууль бус бөгөөд хууль тогтоомжид нийцээгүй тухайд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай Удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн гэж Д.Га байцаагч дүгнэлтдээ тусгажээ. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 5.2-т “Улсын байцаагч хяналт шалгалт эхлэхээс өмнө шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж, удирдамжийн нэг хувийг өгөх бөгөөд албаны үнэмлэхээ үзүүлнэ“ заасан. Гэтэл сонсох ажиллагаанд оролцох эрхгээр хангаагүй, тус удирдамжийг манай компанид албан ёсоор танилцуулаагүй бөгөөд түүний хувийг огт өгөөгүй.

“П“ ХХК-ийг сонсох ажиллагаанд дуудсан бол тухайн компанитай холбоотой дүгнэлт л гарах байсан боловч манай компанид холбогдуулан дүгнэлт гаргасан нь илт хууль бус үйлдэл юм. Хэрэв 2 компанийг хар жагсаалтад оруулах үндэслэлтэй гэж дүгнэлт гаргах бол компани тус бүрийн алдаа оноог тус тусад гаргаж, шалтгаан нөхцөл, түүний нотлох баримтыг бүрэн бүрдүүлэх ёстой. Гэтэл хяналт шалгалт хийхээр сонсох ажиллагаанд “П“ ХХК-г дуудсан атлаа түншлэлээр ажил гүйцэтгэхээр гэрээ байгуулсан манай “У“ ХХК-ийг гэрчээр болон аливаа хэлбэрээр сонсголд дуудаж оролцуулаагүй, мөн хүлээн зөвшөөрч байгаа эсэх талаарх тайлбар, нотлох баримт авалгүйгээр 2 компанийг тус бүр хамруулан буруутай хэмээн үндэслэлгүйгээр дүгнэсэн байна. Өөрөөр хэлбэл дүгнэлт гаргахад зайлшгүй шаардлагатай, буруутай үйл баримтыг хангалттай нотлох баримтыг бүрдүүлээгүй. Компани тус бүрийн тендерт ажил гүйцэтгэх үүрэг оролцоо, хэн хариуцлага хүлээх үндэслэлтэй болох зэрэг асуудлыг тал бүрээс бодитойгоор судалж үзэлгүйгээр хэт нэг талыг барьж дүгнэлт гаргасан. Дээр дурьдсанчлан Улсын байцаагч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. Асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх зэрэг тусгай зарчмуудыг баримтлаагүй болохыг харуулж байна.

Мөн Улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлтэд манай компанийг Худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн эсэх, биелүүлээгүй эсэх, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан эсэх аль нь болохыг тодорхой зааж дурьдаагүй байна. Өөрөөр хэлбэл манай компанийг мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан уу, эсхүл гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн уу гэдгийг хэн ч хараад уншсан ойлгогдохооргүй, тодорхойгүй илтэд алдаатай дүгнэлтийг гаргасан байна.

4. Улсын байцаагчийн хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлын тухайд:

Ийнхүү Улсын байцаагч нь “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм“ болон бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалтаа хийх ёстой байсан боловч хууль тогтоомжийг зөрчиж, үндэслэлгүй шийдвэр гаргасанд үнэхээр их гомдолтой байна. Манай “У“ ХХК нь 2007 оноос эхлэн авто замын засвар, авто зам барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн ба 2011 оноос эхлэн үйл ажиллагааны хүрээгээ өргөтгөн зам барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр ажиллах болсон. Одоогоор 43 ажилтанг байнгын ажлын байраар хангаж байна. Зам барилгын материал үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах ажлын хүрээнд бид дараах үйлдвэрүүдийг байгуулаад байна.

Асфалтьбетон хольцийн үйлдвэр-1 Улаанбаатар хот

Асфалтьбетон хольцийн үйлдвэр-2 Эрдэнэт хот

Эрдэс нунтгийн үйлдвэр Улаанбаатар хот

Битумын эмульсын үйлдвэр Улаанбаатар хот

Төмөр замын салаа бүхий шингэн битум буулгаж хадгалах аж ахуй Улаанбаатар хот

Монгол улсын зам барилгын салбар, бүтээн байгуулалтын ажил нь богино хугацаанд буюу жилд 8 сар ажиллах боломжтой байдаг. Энэ богино хугацаанд бид хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн өндөр чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилго тавин ажиллаж ирсэн ба өнөөдрийн байдлаар нийт:

430,000 гаруй тонн буюу нийт 430 гаран км урт зам талбайг хучих хэмжээтэй асфальтбетон хольц,

20000 гаруй тонн эрдэс нунтаг

7000 гаруй тонн шингэн битум

4000 гаруй тонн битумын эмульс үйлдвэрлэн өөрийн харилцагч байгууллагуудад нийлүүлээд байна.

Бид 2012-2023 онд нийслэл хотод хийгдсэн авто зам барилгын ажилд шаардагдсан түүхий эд материалын 30 орчим хувийг үйлдвэрлэсэн болно. Ингэхдээ бид нийт 1,570,000,000 (нэг тэрбум таван зуун далан сая) төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт бүрдүүлж, Нийгмийн даатгалын санд 1,172,000,000 (нэг тэрбум нэг зуун далан хоёр сая) төгрөгийн шимтгэлийг төлөөд байна.

Манай компанийн хийж бүтээсэн болон түншлэлээр оролцсон томоохон зам барилгын ажлуудаас:

******* ХХК-ийн захиалгаар Ривер Гарден хотхон болон Тайм Скүэр хотхоныг холбосон 820 метр хатуу хучилттай авто замын барилгын ажил 2016 онд дууссан Гүйцэтгэгч

Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын захиалгаар Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замаас Мандал сум хүртэлх авто замтай холбох хатуу хучилттай авто зам /Сэлэнгэ аймаг, Мандал сум/ 2020 онд дууссан Түншлэгч

******* ХХК-ийн захиалгаар ХУД, 4-р хороо, Арцатын аманд байрлах “Грейт стоун хилл“ хотхоны хатуу хучилттай авто зам, явган замын өнгөт  асфальт бетон хучилтын ажил 2022 онд дууссан Гүйцэтгэгч

Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хялганат-Хангал чиглэлийн эхлэлийн хатуу хучилттай авто зам, 10 км /Булган, Хангал сум, Хялганат тосгон/ 2023 онд дууссан Гүйцэтгэгч

Зам, Тээврийн хөгжлийн яамны захиалгаар Улсын чанартай хатуу хучилттай авто замын их засвар /Өмнөговь, Дундговь, Өвөрхангай, Баянхонгор. Төв, Хэнтий Багц-1 “Улаанбаатар-Мандалговь Төв, Дундговь/ 10 км ажил 2023 онд дууссан – Гүйцэтгэгч

Бид жил бүр Монгол улсын Зам, тээврийн хөгжлийн яам, Зам, тээврийн хөгжлийн төв ТӨҮГ, Нийслэлийн замын хөгжлийн газар, Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрууд, Төрийн өмчит хувьцаат компаниуд, Төрийн өмчит үйлдвэрийн газрууд мөн Монголдоо тэргүүлэгч хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажилладаг бөгөөд ажиллах хугацаанд манай компанийн хийсэн ажилд ямар нэг гомдол санал, шүүхийн маргаан үүсч байгаагүй болно.

Тухайлбал сүүлийн таван жилийн байдлаар:

2019 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 31 төсөл

2020 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 23 төсөл

2021 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 23 төсөл

2022 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 32 төсөл

2023 онд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр хэрэгжсэн 19 төсөл-д автозамын асфальт хольц болон битумын эмульс нийлүүлсэн байна.

Энэ бүгдээс дүгнэхэд улсын байцаагч Д.Гын манай компанид холбогдуулан гаргасан дээрх дүгнэлт нь Захиргааны ерөнхий хууль болон бусад холбогдох хууль тогтоомжуудыг зөрчсөн, холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байгаа болно. Тэрхүү үндэслэлгүй, хууль тогтоомжид нийцээгүй дүгнэлт болох хууль бус захиргааны актаас шалтгаалан манай компанийг хар жагсаалтад оруулж. 3 жилийн хугацаанд дахин тендерт оролцох болон одоогийн гэрээт ажлаа хэвийн гүйцэтгэж дуусгахад саад учирснаар бидний хууль ёсны эрх, ашиг сонирхол маань ноцтойгоор зөрчигдөөд байна. Түүнчлэн тус улмаас мөнгө болон эд хөрөнгөөр үл үнэлэгдэх бизнесийн нэр хүндэд маань халдаж, одоогийн болон ирээдүйн түншүүдээ алдах бодит эрсдэл манай компанид учирсан болно. Түүнээс шалтгаалан бизнесийн гол үнэт зүйл болох олон жил манай компанид ажиллаж ирсэн олон арван ажилтан ажилгүй болж, тэдгээрийн ар гэрт санхүүгийн болон сэтгэл санааны хохирол учирч болзошгүй байгааг энд дурдаж байна. Хэрвээ дээрх Улсын байцаагчийн дүгнэлтээс шалтгаалан манай компани болон үнэт зүйл болсон ажилтнуудад маань бодит хохирол учирсан тохиолдолд бид хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулсан болохыг тогтоолгож, хохирлоо нэхэмжлэх болно /Байгууллагын нийгмийн даатгал болон татварын тодорхойлолт, хийж гүйцэтгэсэн ажлуудын гэрээ болон ажил хүлээлцсэн акт зэргийн хуулбарыг тус тус хавсаргав.

Иймд Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023.10.13 өдрийн №50 тоот “Хяналт шалгалтын тухай“ дүгнэлтийн манай “У“ ХХК-д холбогдох хэсэг, мөн Сангийн сайдын 2023.11.22 өдрийн тушаалын “У“ ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож өгнө үү.“ гэжээ.

  1. Нэхэмжлэгч “П“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тус шүүхэд үндсэн 2 шаардлагаар нэхэмжлэл гаргасан. Нэгдүгээрт, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 50 тоот хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгуулах. Хоёрдугаарт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн т Тендерт оролцох эрхийг хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын “П“ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэсэн үндсэн 2 шаардлагыг гаргасан.

… “П“ ХХК-ийн зүгээс тус шаардлагад холбогдуулж 2021 онд Зам, тээврийн хөгжлийн яамнаас зохион байгуулсан Ентүм зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар, мөн хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам ба ******* аймаг Есөнбулаг сумд тендерт “П“ ХХК шалгарч, Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан.

Манайх графикийн дагуу ажлыг хийж гүйцэтгэх явцад тодорхой хэмжээний гаднын хүчин зүйл, төр захиргааны байгууллагын бодлого шийдвэрийн улмаас төлөвлөгөөт график өөрчлөгдсөн. Зам, тээврийн хөгжлийн яам, аймаг орон нутгийн Засаг даргад албан бичгээр тайлбар, хүсэлт, нотлох баримтуудаа хүргүүлж байсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан чиг үүргээ биелүүлж, тус тендерийг хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтад оролцож авсан байгаа. Үүнтэй холбогдуулан “П“ ХХК, “У“ ХХК нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн дугаартай Түншлэлийн гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, авто замын барилгын ажлыг 41 хувьтай ажлаа хийж гүйцэтгэсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоно. Улсын байцаагчийн Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хяналт шалгалтын тухай дүгнэлтийг яагаад хууль бус гэж үзсэн гэхээр холбогдох хууль тогтоомжуудыг зөрчмөн гэж үзсэн. Тиймээс  хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

Монгол Улсын Сангийн сайд, Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Га нь тай дүгнэлтийг гаргахдаа холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэлийг тодорхой бус зааж, хяналт шалгалтын хугацаа дууссан байхад хууль тогтоомжид заасан хэм хэмжээг зөрчиж дүгнэлт гаргасан. Улмаар манай компанийг хар жагсаалтад оруулсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл, “П“ ХХК нь холбогдох хуульд зааснаар сонгон шалгаруулалтад оролцож тус тендерийг авч, “У“ ХХК-тай гэрээ байгуулж, гэрээний үүргийн биелэлт хэрэгжих  явцад тодорхой төрлийн ажил үйлчилгээ төр захиргааны байгууллагаас болж удааширч, давагдашгүй хүчин нөхцөл байдал үүсээд байна гэдгийг удаа дараа илэрхийлж хүсэлт, санал тайлбар, нотлох баримтуудаа ирүүлж байсан.

Гэтэл хар жагсаалтад оруулсан бөгөөд үүний үндсэнд “П“ ХХК нь үйл ажиллагаагаа бүрэн зогсоосон байгаа. Өөрөөр хэлбэл, Д.Гын дүгнэлтийг үндэслэн хар жагсаалтад оруулсан. Манай компани 50, 60 инженер техникийн ажилчидтай, гэтэл “П“ ХХК-тай хамтарч үйл ажиллагаагаа явуулдаг байсан түншлэлийн харилцагч компаниудтай байгуулсан гэрээ цуцлагдсан. Уг компаниудаас гадна 40, 50 гаруй хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа. Бид яагаад улсын байцаагч Д.Гын гаргасан тай дүгнэлтийг хүчингүй болгуулъя гэх үндсэн шаардлага гаргасан гэхээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн Д.Га нь тухайн удирдамжаа манай компанид албан ёсоор танилцуулаагүй.

Миний бие “П“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа бөгөөд оролцохдоо Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу компанийг төлөөлөх бүрэн эрхтэй этгээд юм. 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгосон итгэмжлэлд тус компанид хуулийн зөвлөх албан тушаалтай **** овогтой **** Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт  заасан итгэмжлэлийг үүгээр олгож байна гэж байгаа юм. Уг итгэмжлэлийн дагуу Монгол Улсын Сангийн яаманд тухайн аж ахуйн нэгжийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Б.А гэх захирал байдаг. Захирлаас Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан итгэмжлэлийг олгосон. Гэтэл Д.С******* гэх хүн тухайн компанийн удирдлага, бүрэн эрхийг төлөөлөх эрхтэй этгээд мэтээр тай дүгнэлтийн 5 дахь нүүрэнд Хуулийн зөвлөх 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Д.С*******, “П“ ХХК-г төлөөлөн Б.А захирал гээд гарын үсэг байхгүй. “У“ ХХК-г төлөөлөн Б.Б******* гарын үсэг байхгүй.

Тухайн дүгнэлтэд авагдсан итгэмжлэл хууль ёсны шаардлагыг хангаж байгаа юу. Тус компанийг төлөөлж байгаа этгээдийг сонсох ажиллагаанд оролцуулахдаа тухайн дүгнэлттэй танилцуулж, сонсгож, тодорхой төрлийн тайлбар, нотлох баримтаар хангах ёстой. Улсын байцаагчаас дүгнэлт гаргахдаа танай компанид холбогдуулан ийм дүгнэлт гарах гэж байна, үүнтэй холбоотой тайлбар, нотлох баримтаа гаргаж өгнө үү гэх мэдэгдлээ албан ёсны төлөөлөх бүрэн эрхтэй этгээдэд гардуулах ёстой байсан. Гэтэлтус дүгнэлтэд итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Б.А захирлын гарын үсэг байхгүй. Хэрэгт авагдсан итгэмжлэл буюу Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан эрхийг хэрэгжүүлж оролцох хүнд гардуулж өгсөн. Үүнийг сонсох ажиллагааны маш том алдаа гарсан гэж үзэж байгаа.

Хяналт шалгалт хийхээр “П“ ХХК-г сонсох ажиллагаанд дуудсан атлаа Ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан “У“ ХХК-д дүгнэлтээ танилцуулаагүй. Өөрөөр хэлбэл, тус тендерийг авахдаа ерөнхий гүйцэтгэгчээр “П“ ХХК шалгарсан бөгөөд Түншлэлийн гэрээг байгуулсан. Уг 2 компани тендерт ажлын замыг 100 хувь хийж гүйцэтгэх үүрэг хүлээсэн. Гэтэл 2 компанийг сонсох ажиллагаанд оролцуулаагүй, удирдамжид гарын үсэг зуруулаагүй, тайлбар, нотлох баримтаар хангах хугацаа олгоогүй. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжид заасан улсын байцаагчийн чиг үүргийг биелүүлээгүй гэж үзэж байгаа.

Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон Тендерийн тухай хуулийн 65 дугаар зүйлд зааснаар улсын байцаагч ямар үүргээ хэрэгжүүлэх ёстой талаар зохицуулсан. Гэтэл захиргааны актыг үйлдэхдээ бидэнд гардуулж, тайлбар, нотлох баримт гаргаж өгөх хугацаагаар хангаагүй гэж үзэж байгаа. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн. Хоёр дахь шаардлага болох Сангийн сайдын тай Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлээс “П“ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.  “П“ ХХК-г хууль тогтоомжид заасны дагуу сонгон шалгаруулалтад оролцож шалгараад гэрээнд заасан үүргийн биелэлтээ хангаад явж байтал манай компани болон “У“ ХХК-д холбогдуулж дүгнэлт гаргасан нь хүчингүй болгуулах үндэслэлтэй гэж үзсэн.“ гэжээ.

  1. Нэхэмжлэгч “У“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч П ХХК-ийн өмгөөлөгч “У“ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: “У“ ХХК нь ямар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэхээр улсын байцаагч Д.Гын тай хяналт шалгалтын дүгнэлтийн “У“ ХХК-ийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, мөн Сангийн сайдын тай тушаалын “У“ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий 2 нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.

Нэгдүгээрт, Д.Га нь сонсох ажиллагааны журмыг зөрчсөн. Мөн улсын байцаагчийн дүгнэлт нь үндэслэлгүй юм. Улсын байцаагчийн дүгнэлт хууль бус буюу хууль тогтоомжид нийцээгүй гэсэн 3 шаардлага байгаа учраас Д.Гын гаргасан хяналт шалгалтын тухай дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл байсан гэж үзэж байна. Сонсох ажиллагааны мэдэгдлийн тухайд аливаа сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргасан тохиолдолд “У“ ХХК-д мэдэгдэх ёстой байсан. Гэтэл улсын байцаагч Д.Га хяналт шалгалт хийх 60 хоногийн хугацаанд “У“ ХХК руу нэг ч удаа залгаагүй, албан ёсны хаяг руу нэг ч удаа шуудан хүргүүлээгүй. Үүнийг юугаар нотолсон гэхээр “У“ ХХК нь Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо 7 дугаар хороололд байрлах Алтайн 2******* хаягт тогтмол үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компанийн **** дугаартай утасны дугаар байдаг бөгөөд уг дугаар нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн нээлттэй мэдээлэлд байдаг. мөн “П“ ХХК-тай байгуулсан Түншлэлийн гэрээнд манай компанийн нэр, утасны дугаар, хаяг, захирлын дугаар, бусад дугаарууд байдаг. Үнэхээр боломжгүй байгаа тохиолдолд худалдан авах ажиллагааны цахим хуудаст компанийн мэдээлэл байгаа. Гэвч бичгээр, эсхүл утсаар ямар нэгэн байдлаар мэдэгдээгүй. Захиргааны байгууллага, албан тушаалтан сөрөг нөлөөлөл бүхий акт гаргах гэж байгаа тохиолдолд эрх ашиг нь хөндөгдөж байгаа этгээдийг оролцуулна, оролцуулах болсноо мэдэгдэнэ, тайлбар нотлох баримтыг нь гаргуулсны үндсэнд асуудлыг талаас бүрээс нь дүгнэж захиргааны акт гаргана гэсэн заалт бий. Тийм учраас манай компанийн зүгээс 10 хоногийн дотор ерөнхий байцаагч н.Г*******ад гомдлоо гаргасан.

2023 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарын хооронд буюу 60, 70 хоногийн хугацаанд манай компани руу Монгол Улсын Сангийн яам болон Монгол Улс Сангийн сайд, улсын байцаагч Д.Гаас ямар нэгэн мэдээлэл, шуудан ирсэн эсэх талаарх лавлагааг гаргаж өгсөн бөгөөд хавтаст хэрэгт хавсаргагдсан байгаа. Энэхүү лавлагаа маань бас манай нэхэмжлэлд хавсрагдсан байгаа.

Монгол Улсын Сангийн яам болон хариуцагч Д.Гын ирүүлсэн хариу тайлбараас харахад “У“ ХХК-д мэдэгдсэн гэдэг, нөгөө тайлбарт нь  “У“ ХХК-д мэдэгдэх үүрэггүй “П“ ХХК-д мэдэгдсэнээр “У“ ХХК-д мэдэгдсэнд тооцно гэсэн 2 өөр агуулгатай хариу тайлбарыг бичгээр ирүүлсэн.

Сонсох ажиллагаанд яагаад оролцуулаагүй вэ. Хэрвээ оруулсан бол компанийн зүгээс холбогдох тайлбар, нотлох баримтыг гаргаж өгөх байсан. Хамгийн чухал нь гэхээр Түншлэлийн гэрээг байгуулснаар 100 хувийн ажил байлаа гэхэд 30 хувийн ажлыг зөвхөн асфальтын хэсэг байдаг. Зам угсралтын үйл ажиллагаанд эхлээд суурийг нь дэвсээд геологийн ажиллагаа зэрэг хийгдээд хамгийн сүүлийн үе шатанд асфальт дэвсэх ажил байдаг. “У“ ХХК 15, 16 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд зөвхөн асфальт дэвсдэг. “П“ ХХК-ийн хувьд газар шорооны ажлыг хийж, нягтаршуулан, геодезийн ажлыг хийдэг компани юм. Бид үүн дээр хэрхэн зөвшилцсөн гэхээр “П“ ХХК үндсэн суурь дэвсгэр хийх буюу 70 хувийн ажлаа хийсний дараа манайх 30 хувийн ажил буюу асфальтаа дэвсээд, нэг удаа дэвсээд л зохих норм дүрэм, журмын дагуу хийгдэх ёстой байсан. Гэтэл Д.Га байцаагчийн тай дүгнэлтэд “У“ ХХК ийм ажил хийгээгүй байна гэсэн нэг ч үг байдаггүй. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм, Төрийн хяналт шалгалтын тухай хуульд зааснаар тал бүрээс нь судална шинжилнэ. Хэрвээ өөрийн мэдлэг, ур чадвар хүрэхгүй байгаа тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандана гэж заасан.

Дипломын хуулбарыг яагаад гаргуулах гэж байсан гэхээр замын ажлын ажлын талаар мэдэж байгаа учраас зам, барилгатай холбоотой мэргэжил эзэмшсэн хүн юм уу гэж бодож байна. Хэрвээ тийм хүн байсан бол “У“ ХХК ямар алдаа, дутагдал гаргасан, ямар буруутай гэдгийг тогтоох байсан. Гэтэл 4 хуудас дүгнэлтэд нэг ширхэг ч өгүүлбэр байгаагүй. Сонсох ажиллагааны хувьд манай компанийн эрх, ашиг сонирхол хөндөгдөж байгаа гэж үзээд гомдол гаргаж байгаа. Хэрвээ захиргааны акт хууль бус бол тухайн захиргааны актыг хүчингүй болгох зохицуулалттай. Тиймээс тухайн захиргааны актын манай компанид холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэж байгаа юм.

Хоёрдугаарт, улсын байцаагчийн тай дүгнэлт яагаад хууль бус гэхээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэмд улсын байцаагчийн чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан зарчмаас гадна тусгай зарчмуудыг үйл ажиллагаандаа заавал нягт баримтлах ёстой гэж заасан. Энэхүү зарчмууд нь бусдын нөлөөнд үл автах, ашиг сонирхлоос ангид байх, бусдын эрх ашиг сонирхолд нэр хүндийг нь хүндэтгэх, асуудалд асуудалд бодитой хандаж хяналт шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх гэсэн тусгай зарчмыг баримтлаагүй байна. Ямар нотлох баримтыг үндэслэсэн гэхээр Зам тээвэр, хөгжлийн яамнаас ирүүлсэн гэрээ, гэрээ цуцалсан мэдэгдэл, 2, 3 албан бичигт үндэслэн хяналт шалгалт хийсэн.

Хэрвээ би улсын байцаагч байсан бол тал бүрээс нь шинжлэн судалж нотлох баримтаа гаргаж өгөх байсан. ******* аймгаас албан бичиг авах байсан, зам угсралтын ажил нь тусдаа норм дүрэмтэй. Би замын инженер биш, эрх зүйч мэргэжилтэй учраас замын үйл ажиллагаатай холбоотой хийгдэх үе шат дараалал, тусгай шинжээч юм уу, зөвлөх инженер үү юм уу, “У“ ХХК хэзээнээс ажил нь эхэлж, хэзээнээс үүргээ гүйцэтгэх ёстой байсан, буруутай байсан эсэхийг  тогтоолгох байсан. Гэтэл энэ үйл ажиллагаа огт хийгдээгүй. Тэгэхээр улсын байцаагч үйл ажиллагаандаа тусгай зарчмыг баримтлаагүй байна.

Зам тээвэр, хөгжлийн яамнаас ирүүлсэн баримтуудад “П“ ХХК,“У“ ХХК нарын хооронд байгуулсан Түншлэлийн гэрээ огт байдаггүй. Түншлэлийн гэрээ, Ажил гүйцэтгэх гэрээний ерөнхий нөхцөл, тусгай нөхцөл гэсэн 100 хуудас бүхий баримтыг судалснаар Д.Га байцаагчаас дүгнэлтийг гаргах ёстой байсан. Замын угсралтын ажил, барилга угсралтын ажилд хэн, ямар хүн хүчтэйгээр хэдэн цаг, ямар үе шатаар дэвсэж, нягтаршуулсны дараа асфальтаар дэвсэх вэ гэдэг нь хүртэл тодорхой байдаг. Ямар машин механизмаар, ямар жинтэй индүүгээр яаж, хэзээ, ямар дулааны нөхцөлд, ямар уур амьсгалтай үед энэ замыг хийх талаар тусгай норм дүрэм байдаг. Тиймээс ямар үндсэн мэргэжилтэй болохыг нь мэдэхгүй учраас ажилласан жилийн талаарх лавлагааг гаргуулахаар хүсэлт гаргасан боловч хангаагүй. Мөн Түншлэлийн гэрээний ерөнхий, тусгай нөхцөлийг огт харахгүйгээр дүгнэсэн байна.

Ажил гүйцэтгэх график болон ажил гүйцэтгэх аргачлал гэсэн маш чухал зүйл байдаг. Үүнийг хараагүй байна. Тиймээс манай компанийн зүгээс гомдолтой байна. Нэхэмжлэл нь 2024 оны 01, 02 дугаар сард шийдэгдчих байсан гэтэл 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр буюу хэрэг үүссэнээс хойш 6 дахь сардаа орж байна. болж байна. Үүний улмаас бид маш бухимдалтай, орлого хаагдсан байна уу. хуульч, өмгөөлөгч авч, зардал гаргахгүйгээр шийдэх боломжтой байсан. Тиймээс компанийн эрх ашиг хөндөгдөж байна. Аливаа асуудлыг олон талаас нь харж бодитой дүгнээгүй байна.

Түншлэлийн гэрээний 1.5.2 дахь хэсэгт Түншлэгч тал болох “У“ ХХК нь тендерийн ажлын 30 хувь буюу асфальтан хольц нийлүүлэх, хоёрдугаарт цацлагын ажлыг хийх гэсэн байна. Манай компанийн зүгээс 30 хувьд нь асфальтаа нийлүүлээд шинэлүүлсэн битугээ цацаад манай ажил дуусна. Нөгөөтээгүүр, “П“ ХХК ямар ажил хийх ёстой вэ гэхээр 70 хувь буюу үндсэн суурь ажлыг хийж байгаа юм. Тэгэхээр манай одоо энэ асфальт шингэрүүлсэн бидүгээс бусад бүх ажил “П“ ХХК-ийн гүйцэтгэх ёстой ажил байсан. Яагаад ажилбарын үе шат дарааллыг авч үзээгүй вэ. Хэрвээ үзсэн байсан бол өмгөөлөгч авч мөнгө төлөх шаардлагагүй байсан. Тус гэрээний 3 дахь хэсэгт хариуцлагыг хэн хүлээх талаар зохицуулсан. Түншлэгч тал чанартай холбоотой ажлын хариуцлагыг хүлээнэ, төлөөлөгч тал өөрийн хийсэн ажлын хариуцлагыг хүлээхээр тус тус зохицуулсан. Манай компани нэг ч ажил хийгээгүй байхад яагаад хариуцлага хүлээж байгааг ойлгохгүй байна. Тиймээс хууль зүйн ямар ч үндэслэлгүй байгаа гэдэг нь харагдаж байгаа.

Улсын байцаагчийн дүгнэлтийг хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэх дараах үндэслэл байна. Сонсох ажиллагаанд оролцуулаагүй. Гэтэл 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сангийн сайд н.Ж******* фэйсбүүк хуудастаа лайв хийсэн. Ингэхдээ 62 компанийг хар жагсаалтад оруулсан, улсын хохироолоо гэх агуулгаар мэдээлэл хийсэн байсан. Үүнийг манай найзууд надад хэлсэн. 08-11 сар буюу 4 сарын хугацаанд ямар ч мэдээлэл ирээгүй, н.Ж******* сайдын мэдээллийн дагуу мэдэж Монгол Улс Сангийн яаманд хүсэлтээ гаргасан. Манай компанийг яагаад хар жагсаалтад оруулсан бэ “П“ ХХК харилцаа холбоогүй 6, 7 сар болсон, учир нь Түншлэлийн гэрээ дууссан гэхэд 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр улсын байцаагчийн дүгнэлтийг бичгээр гаргаж өгсөн. Тухайн бичгээр гаргаж өгсөн баримтыг хүлээж аваад улсын ерөнхий байцаагч н.Г*******ад гомдол гаргасан боловч хангаагүй. Ингэхдээ түншлэгч талуудын аль нэгэнд мэдэгдсэнээр мэдэгдсэнд тооцно гэсэн ганц өгүүлбэрийг бичсэн байсан. Гэтэл улсын байцаагч Д.Галтулгын гсөн хариу тайлбарт өөр зүйл байсан, бид тус тусад нь хүргүүлсэн, танай компанийн зүгээс хариу ирүүлээгүй гэсэн байсан. Мөн тай дүгнэлтийн эхний нүүрний 3 дахь параграфт түншлэлийн гишүүдэд хүргүүлсэн, хоёрдугаар нүүрний эхний параграфт “У“ ХХК-ийн  төлөөлөл дээрх сонсох ажиллагаанд оролцоогүй бөгөөд тайлбар, нотлох баримт ирүүлээгүй болно гэж байгаа. Тэгэхээр улсын ерөнхий байцаагч н.Г*******ын өгсөн хариу тайлбар, улсын байцаагч Д.Гын гаргасан 2 тайлбар хоорондоо зөрүүтэй байгаа. Үүнийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Хамгийн сүүлийн үндэслэлийн тухайд өмнө нь хэлсэн ч дахин давтаж хэлэх шаардлагатай байна. Компанийг хар жагсаалтад оруулах байсан бол 2 компанийг яагаад оруулаагүй вэ. “У“ ХХК-г оруулахгүй үлдээсэн шалтгаан юу вэ,  захиалгатай байна уу гэж хардах сэдэл төрж байна. “У“ ХХК-д мэдэгдсэн бол өнөөдөр маргахгүй байх байсан гэж бодож байна. Тус тай дүгнэлтэд “У“ ХХК, “П“ ХХК-ийн түншлэл нь Тендерийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэх үндэслэл байна гэсэн ганцхан өгүүлбэр байдаг. Гэтэл тухайн заалтад 3 үндэслэл байгаа, гэрээний үүргээ биелүүлээгүй, гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, мэргэжлийн алдаа гаргасан гэж байгаа юм. Тэгэхээр манай компани яг алийг нь хийсэн вэ. Энэ талаар тодорхой дурдаагүй байна.

Эцэст нь компанийнхаа үйл ажиллагааны талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулмаар байна. Нэхэмжлэлийн 4 дэх хэсэг болгож оруулсан байгаа. Улсын байцаагч Д.Гын гаргасан хууль бус үйл ажиллагааны улмаас манай компани ямар хохирол хүлээхээр байгаа вэ гэхээр анх 2007 онд авто замын засвар, авто замын барилгын угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж, 2011 оноос компанийн үйл ажиллагаа тогтвортой байсан. 2011 оноос хойш 13 жилийн хугацаанд манай компани асфальт битум, шингэрүүлсэн хольц буюу замын дээд талын хар хэсгийг цацах, дэвсэх ажилд 13 жилийг зарцуулсан. Хийсэн ажлуудаа нэхэмжлэлийн шаардлагадаа маш тодорхой бичсэн байгаа учраас нэг бүрчлэн дурдмааргүй байна. Замын салбарт ажиллаж байх хугацаанд манай компанитай холбогдуулан нэг ч гомдол санал ирж байгаагүй. Хар жагсаалтад орсноос шалтгаалан гадаад, дотоодын хамтрагч, асфальт битум, хольц нийлүүлдэг компаниуд хүртэл татгалзаж байна. Манай компанид албан ёсоор хэлэхгүй ч гэсэн бизнес хумигдчихсан байгаа юм. Тэгэхээр нэг ч удаа гомдол санал, шүүхийн маргаан үүсгэж байгаагүй компанийг улсын байцаагчаас ирж уулзаач гэж залгаагүй байж буруутай гэж дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Захиргааны ерөнхий хууль, холбогдох хууль тогтоомжид заасан зүйл заалтуудыг зөрчсөн байгаа учраас манай компанид холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан, энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү?.“ гэжээ.

  1. Нэхэмжлэгч “П“ ХХК-ийн өмгөөлөгч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зам тээврийн хөгжлийн яамнаас байгуулсан тендерт ялж тухайн ажлыг хийсэн. Энэхүү ажил нь түлхүүр гардуулах нөхцөлтэй ба түлхүүр гардуулах нөхцөлтэй гэдэг нь манайхаас геодезийн ажлыг хийж, зургийн компанид мөнгө төлж зураг гаргуулсан. Үүнээс юуг хэлэх гэсэн гэхээр “П“ ХХК-ийн үйл ажиллагаа тасалдаж, графикийн дагуу ажлыг хийгээгүй вэ, энэ талаар 14, 15 албан бичгийг Зам тээврийн хөгжлийн яам, ******* аймгийн Засаг даргад хүргүүлсэн. Манайх сонсох ажиллагааны үеэр тайлбар өгсөн аймаг, орон нутгийн намын үзэл, улс төрөөс шалтгаалан трассын нэрийг өөрчилнө гэж байгаа. Хэрвээ трассын нэрийг өөрчилбөл манай компани санхүүжилт авах ямар ч боломжгүй болно. Эдгээр шалтгаан нөхцөл үүссэн тул шийдвэрлэж өгнө үү гэхээр нэг нэрээ өөрчлөхгүй гэдэг. Гэтэл бодит байдалд ******* аймгийн орлогч дарга н.******* нь ажлыг хүчээр, далдуур эс үйлдэхүйгээр өөрчилж баталсан. Тррас өөрчилбөл нэршил өөрчлөгдөнө, нэршил өөрчлөгдвөл Сангийн яамнаас санхүүжилт авах боломжгүй. Энэ нөхцөл байдлыг яагаад н.*******аас тодруулаагүй вэ. Тухайн трассыг өөрчилснөөр зургийг дахин өөрчилнө. Зураг өөрчлөгдсөнөөр Улаанбаатар хотоос ******* аймаг руу техник, хүнд тоног төхөөрөмжийг зөөх зардлууд нэмэгдэнэ. Эдгээр зардлыг сонсох ажиллагааны үеэр хэлсэн гэвч манай тайлбарыг огт хүлээж аваагүй.

Нөгөөтээгүүр, улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэмд заасны дагуу нотлох баримтаа хангалттай бүрдүүлж асуудлыг тал бүрээс нь шинжлэн судалж, хэрвээ өөрийнх нь мэдлэг, ур чадвар хүрэхгүй байсан бол яагаад мэргэжлийн хүнээс туслалцаа аваагүй вэ. Яагаад хяналт шалгалттай холбоотойгоор нэмэлт дүгнэлт гаргуулаагүй вэ. Үүн дээр манай компани гомдолтой байгаа. Зөвхөн манай компанийн хэлсэн үгнээс шалтгаалж дүгнэлт гаргах нь өрөөсгөл ойлголт юм. Тийм учраас улсын байцаагчийн баримтлах тусгай зарчмуудыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан байна. Мөн хугацаа сунгасан бол сунгасан хугацаагаа манай компанид яагаад ирүүлээгүй вэ. Д.Га байцаагчаас ирүүлсэн 2 тайлбарт 30 хоногийн хугацаагаар сунгасан гэсэн албан бичгийг хүргүүлсэн гэсэн бичиг нь байна. Шүүх хуралдаанд үнэн, зөв тайлбар, мэдүүлэг өгөх ёстой. Энэ нь мэтгэлцээний явцад тодорхой болох боломжтой гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү?“ гэжээ.

  1. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э, Ө.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“П“ ХХК болон “У“ ХХК-ийн түншлэлийг Зам, тээврийн хөгжлийн яамтай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан дугаартай “ зочид буудлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /*******, Есөнбулаг сум/ ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тай дүгнэлтээр тогтоосон байдаг

Тус дүгнэлттэй холбоотойгоор улсын ерөнхий байцаагчид гаргасан гомдлыг 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 03/8446 тоот албан бичгээр шийдвэрлэсэн тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 52.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.“ гэж, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.14 дэх заалтад “энэ хуулийн 14.5-т заасан тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх, хяналт тавих, мэдээлэх;“ гэж тус тус заасны дагуу тушаал гаргаж тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн болно.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.

  1. Хариуцагч Д.Га шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар. сарын 13-ны өдрийн тай дүгнэлт үндэслэлтэй тухай:

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 тоот албан бичгээр “П“ ХХК, “У“ ХХК-ийн түншлэл нь Зам, тээврийн хөгжлийн яамтай 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан дугаартай “ зочид буудлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам *******, Есөнбулаг сум/ ажил гүйцэтгэх гэрээний үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчсөн“ гэх мэдээллийг Сангийн яаманд ирүүлсэн.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 дугаартай “Хяналт шалгалт хийх тухай“ удирдамжийн хүрээнд хийх хяналт шалгалтад Зам, тээврийн хөгжлийн яамны дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлийн асуудлыг хамруулсан ба удирдамжийн хугацааг улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаараар сунгасан.

Хяналт шалгалттай холбоотойгоор 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 11/6153 тоот албан бичгийг Зам, тээврийн хөгжлийн яаманд дээрх гэрээний үүргийн гүйцэтгэлд холбогдох баримт бичиг, тайлбар, мэдээллийг ирүүлэхийг шаардсаны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 03/4126 тоот албан бичгээр нотлох баримт, тайлбар, мэдээлэл ирүүлсэн.

Мөн “П“ ХХК-тай 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн ба хяналт шалгалтын хүрээнд цугларсан нотлохыг баримтыг судлан үзэхэд тус яамнаас байгуулагдсан гэрээ дүгнэх ажлын хэсгийн 2022 оны 12 дугаар сард болсон хурлаас “П“ ХХК, “У“ ХХК-ийн түншлэлийн дугаартай гэрээний дагуу гүйцэтгэж байгаа барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй, гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй гэж үзээд гэрээ цуцлах шийдвэр гарган Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Авто зам, гүүрийн барилгын ажлын тухай“ дугаар тушаалаар “П“ ХХК-тай байгуулсан дугаартай гэрээг цуцалсан болох нь тогтоогдсон.

Иймд, “П“ ХХК болон “У“ ХХК-ийг дугаартай “ зочид буудлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам *******, Есөнбулаг сум/ ажил гүйцэтгэх гэрээтэй холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн гэж үзэх үндэслэлтэй гэж үзсэн.

Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм“-ийн дагуу холбогдох этгээдэд хяналт шалгалтын талаар мэдээлэл хүргүүлсэн тухай:

Худалдан авах ажиллагааны улсын ахлах байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11/6303 тоот албан бичгээр 03 дугаартай удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх, сонсох ажиллагаанд оролцох, дээр дурдсан асуудалтай холбоотой тайлбар ирүүлэх тухай мэдэгдлийг түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээдэд хүргүүлсэн ба мэдэгдлийг “П“ ХХК-ийн хуулийн зөвлөх Д. С******* гардаж авсан.

Дээрх мэдэгдлийн дагуу түншлэлийн төлөөлөх эрх бүхий “П“ ХХК-ийн захирал Б.А, хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* нар 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр болсон сонсох ажиллагаанд оролцсон бөгөөд дурдсан асуудалтай холбогдуулан нэмэлт тайлбар өгнө гэж мэдэгдсэн боловч сонсох ажиллагааны үеэр тохиролцсоны дагуу тайлбарт дурдсан “захиалагчид албан бичгээр удаа дараа хандаж, бусад ажлуудаа зогсоохгүйгээр үргэлжлүүлж, зохион байгуулж ажилласан“ гэх асуудалтай холбогдуулан нотлох баримт, тайлбарыг ирүүлээгүй.

Хэдийгээр “П“ ХХК нь худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 03 дугаартай удирдамжийн хугацааг сунгасан тухай мэдэгдлийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 11/7035, тоот албан бичгээр хүргүүлснийг аваагүй, хяналт шалгалтын удирдамжийг танилцуулаагүй гэж байгаа ч тус компанийн хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* тухай бүр өөрийн утаснаас холбогдож мэдээлэл авч байсан ба мэдээгүй гэх үндэслэлгүй.

Энэ талаар удирдамжид “хуулийн зөвлөх, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С******* холбогдох тайлбарыг, нотлох баримтын хамт ирүүлэх талаар гурван удаа мэдэгдсэн боловч ирүүлсэнгүй.“ гэж дурдсан.

Түүнчлэн нэхэмжлэлд худалдан авах ажиллагааны улсын байцаагч түншлэлийн гишүүн “У“ ХХК-д мэдэгдэл хүргүүлээгүй гэж дурдсан нь үндэслэлгүй юм. Учир нь тус компани тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 2021/3-01 дугаартай “Түншлэлийн гэрээ“-ний дагуу “П“ ХХК нь түншлэлийн төлөөлөх эрх бүхий этгээд бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэл, түүнтэй холбоотой хяналт шалгалтын асуудлаар түншлэлийн гишүүнд мэдээлэл өгөх үүргийг тус компани хүлээх юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.“ гэжээ.

  1. Хариуцагч Монгол Улсын Сангийн сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын байцаагчаас санал гаргасан бөгөөд саналтай холбогдуулж гомдол гаргах хугацаа өнгөрч, улсын ерөнхий байцаагчаас асуудлыг шийдвэрлэсэн байсан. Засгийн газрын 2019 оны 274 дугаартай тогтоолын хоёрдугаар хавсралтад заасны дагуу дүгнэлтийг үндэслэн тушаал гаргах үүрэгтэй. Нийт 62 улсын байцаагчийн санал ирүүлсэн асуудлаар 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тушаал гаргасан. Уг тушаал гаргасны дараа буюу Засгийн газрын хуралдааны дараа нийтэд танилцуулсан байсан. Гэхдээ энэ нь Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд зааснаар Сангийн сайд хөтөлж, олон нийтэд тавих үүрэгтэй. Энэ асуудлаар хэвлэлийн бага хурал хийсэн нь ямар нэгэн байдлаар тушаалын үндэслэл бүхий байдалд хамаарахгүй. Сангийн сайдын тушаал мөн хүчин төгөлдөр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна.“ гэжээ.
  2. Хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагчийн өмгөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нарын зүгээс нэг зүйлийг ойлгох нь зүйтэй юм шиг санагдлаа. Д.Га гэдэг хувь хүн очоод танай компанитай холбоотой шийдвэр гаргаагүй. Улсын байцаагчийн эрх эдэлж төрийн ажил хийж байгаа. Тэгэхээр үг хэлэндээ ч гэсэн болгоомжтой хандаасай гэж хүсэж байна. Монгол Улсын Сангийн яаманд олон удаагийн хар жагсаалтын асуудлаар хэрэг маргаанд оролцож байгаа. Ялангуяа залуу улсын байцаагчийг албаар мохойлгох гэж байгаа байдлаар хандаж байгаа нь харамсалтай санагдаж байна. Улсын байцаагчийн дүрэмд зааснаар ажлаа хийх ёстой гэдэг болохоос ашиг сонирхлын зөрчил зэрэг хардах зүйл нь тусдаа яригдах ёстой байх. Ажил хийснийх нь араас ийм байдлаар хандах нь зүйд нийцэхгүй гэж бодож байна. Улсын байцаагч нь Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрэм, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасны дагуу хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулдаг. “П“ ХХК болон “У“ ХХК-тай холбоотойгоор Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр албан бичиг ирсэн. Уг албан бичигт тухайн компанийн дурдагдаж байгаа төсөл арга хэмжээний гэрээний үүргээ биелүүлээгүй гэдэг асуудлаар албан бичиг ирүүлсэн. Уг асуудлыг яагаад улсын байцаагчаас шалгасан вэ гэдэг асуудлыг ярьж байна. Хуульд заасан захиалагч байгууллагаас тухайн компанийг хуульд заасан гэрээний үүргээ биелүүлээгүй талаар нь мэдээлэл өгсөн. Үүний хүрээнд улсын байцаагчаас хяналт шалгалт хийж, нотлох баримт цуглуулсан. Талуудын хооронд гэрээтэй холбоотой гарсан асуудал нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр буюу мэдэгдэл ирүүлэхээс 7 сарын өмнө Зам, тээврийн хөгжлийн яамнаас “П“ ХХК болон “У“ ХХК-ийн түншлэл гэсэн хаягтайгаар Гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг хүргүүлсэн. Тус мэдэгдэлд 2021 онд гэрээ байгуулсан, барилгын ажил 41%-тай хэрэгжсэн байна. Захиалагч, зөвлөхийн зүгээс тус авто замын барилгын ажлыг эрчимжүүлэх талаар хугацаатай үүрэг даалгаврыг удаа дараа албан бичгээр хүргүүлсэн боловч танай түншлэлийн дотоод зохион байгуулалттай холбоотойгоор барилгын ажлыг батлагдсан төлөвлөгөөний дагуу хийж гүйцэтгээгүй, гэрээний үүрэг биелүүлэн ажиллаагүй тул 2022 оны гэрээ дүгнэх ажлын хэсгийн хурлаар гэрээг цуцлах шийдвэр гаргасан гэсэн байна. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай тушаалаар гэрээг цуцалсан болохыг мэдэгдэж байна гэсэн. дугаартай тушаалын хавсралтад Ентүм зочид буудлаас 3, 4 дүгээр байрны хойд уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, Жинст ба хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам гэсэн. Гэрээ цуцлах шалтгаан нь 2022 онд улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг бүрэн ашиглаж, батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй. 2022 онд улсын төсөвт хөрөнгө тусгагдсан байсан бөгөөд тус онд ажлаа хийгээгүй, ажлын талбайд инженер, техникийн ажилтан машин техник байршуулж ажиллаагүй, дотоод зохион байгуулалт муу зэргээс шалтгаалан гэрээний үүргээ тухайн хугацаанд биелүүлж ажиллаагүй гэх агуулгатай тушаал гаргаж Зам, тээврийн хөгжлийн яамнаас түншлэлийн гишүүдэд аль алинд нь мэдэгдсэн. Энэ тушаал, шийдвэр гарахаас өмнө Зам, тээврийн хөгжлийн яамнаас “П“ ХХК-д удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Хурлуудад “П“ ХХК түншлэлээр дангаараа орсон “У“ ХХК төлөөллийг оролцуулъя. Эдгээр 2 компани нь тусдаа этгээд гэдэг байдлаар огт хандаж байгаагүй. Яагаад гэвэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиар тендерт оролцогч гэдгийг заасан. Тус хуулийн 5.1.6 “тендерт оролцогч“ гэж захиалагчаас хараат бус дараах этгээдийг ойлгоно гээд 5.1.6 б дахь хэсэгт хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээдийг хамтад нь тендерт оролцогч гэж худалдан авах ажиллагааны эрх зүйн талаас ойлгож байгаа. Жишээлбэл, хөрш зэргэлдээ газруудын асуудалд газар эзэмших эрхийг нь хүчингүй болгосон асуудлын талаар яривал 2 тусдаа эрх зүйн этгээд гэдгээр нь тус тусад нь дуудъя гэж болно. Гэтэл 2 компани нь хоорондоо хуульд заасан шаардлагыг хангуулан 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Түншлэлийн гэрээг байгуулсан. Уг гэрээ нь хуульд зааснаар Хамтран ажиллах гэрээний хэлбэрийг хангаж байгаа.

Иргэний хуульд зааснаар Хамтран ажиллах гэрээ гэдэг нь хуулийн этгээд байгуулахгүйгээр тодорхой зорилгыг худалдан гүйцэтгэх зорилго чиглэлтэй. Худалдан авах ажиллагаанд ийм гэрээ байгуулан ирүүлж байгаа этгээдүүдийг яах вэ гэхээр тухайн компаниудын эрх зүйн байдлыг дээрдүүлдэг. Жишээлбэл, түншлэлийн аль нэг компани дангаараа гэрээний үүрэг гүйцэтгэхээр хүн хүч, машин механизм, борлуулалтын орлого, санхүүгийн чадвар, тендерийн баталгааны үнийн дүн зэрэг нь хүрэхгүй байгаа тохиолдолд түншлэлийг хамтдаа бүрэн авах боломжийг нь олгодог.

Нэг компани дангаараа оролцох гэхээр түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтэй гэрээний үүргийг биелүүлэх боломжгүй байсан байна. Тэгэхээр цаад санаа, зорилго нь Түншлэлийн гэрээ байгуулъя, үндсэнд тендер сонгон шалгаруулалтад шалгарч байгаа юм. Тус гэрээний 1.3 дахь хэсэгт төлөөлөгч тал нь тендерт оролцогчдод өгөх зааварчилгааны 6.3б болон д-д заасан чанар, чадварын доод шаардлага үзүүлэхийн доод тал нь 40%, түншлэгч тал нь доод тал нь 25%-ийг хангасан байна. Түншлэлийг төлөөлөх эрх бүхий этгээдээр “П“ ХХК байхаар заасан. Гэрээ байгуулагдаж байгаа процесст яах вэ гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдлийг 2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн А-01/1281 тоот Төрийн худалдан авах ажиллагааны газрын бичгээр “П“ ХХК болон “У“ ХХК нарын түншлэлд нь гэрээ байгуулах эрхийг олгосон. Үүний үндсэнд талуудын хооронд гэрээ байгуулагдсан.

 Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой асуудлаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас танайх 70 хувийн үүргээ гүйцэтгэчих, танайх 30 хувийн үүргээ гүйцэтгэчих гэж 1, 1-ээр нь хөөцөлддөггүй. Төлбөр мөнгөний харилцаа байвал “П“ ХХК-д мөнгө, төлбөр шилжүүлнэ. Эцсийн дүндээ төр талаасаа нэг л этгээдтэй харьцана. Хэдийгээр аж ахуйн нэгжүүдэд боломж олгож, иргэний эрх зүйн харилцаанд оролцож байгаагаа хүлээн зөвшөөрч байгаа боловч төр үүргээ гүйцэтгэхдээ 10 түншлэлийн гишүүн оруулбал Зам, тээврийн хөгжлийн яам 10 тусдаа этгээдтэй, тус бүрийнх нь гэрээний үнийн гүйцэтгэлийн асуудлаар харилцахгүй.

Эцсийн дүндээ түлхүүр гардуулах гэрээний нөхцөлийг биелүүлэх этгээд нь энэ процессоор л явна. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой хурлын тэмдэглэл, мэдэгдэл өгч байхад “У“ ХХК-ийн зүгээс манай 30 хувийн ажлын гүйцэтгэлтэй холбоотой надтай харилцаагүй гэж Зам, тээврийн хөгжлийн яаманд огт гомдол гаргаж байгаагүй. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мэдэгдэлд энэ 2 компанийн яг адилхан түншлэлд байгаа гээд нэр зааж явуулж байхад “У“ ХХК-ийн зүгээс мэдээгүй гэдэг асуудлыг ярьж байгаагүй. 03/118 тоот албан бичгээр “У“ ХХК нь “П“ ХХК-ийн түншлэлтэй гэж хаяглаад явуулж байхад гэрээний үүргийн гүйцэтгэлийн асуудлаар манайхыг огт ажил хийлгэх боломж олгоогүй байж цуцалсан гэж Зам, тээврийн хөгжлийн яаманд огт хандаж байгаагүй. Гэрээтэй холбоотой эерэг эрх зүйн үр дагаврыг авах болохоороо бид нэг түншлэл гэх байдлаар хандаад, үүрэг хариуцлага ярихаар бид уг компанитай огт харилцаа холбоогүй байдаг гэх зүйлийг ярих нь үндэслэлгүй. Тус 2 компани нь Түншлэлийн гэрээ байгуулж, эрх үүргээ хамтран хариуцахаар заасан. Магадгүй “П“ ХХК гэрээний үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж сөрөг эрх зүйн үр дагавар үзүүлсэн гэж байвал “У“ ХХК “П“ ХХК-тай маргах ёстой. Түншлэлийн нэг төлөөлөх эрх бүхий этгээд гэж нэрлэж заагаад мэдэгдэл хүргүүлсээр байхад “П“ ХХК санаатай, эсхүл болгоомжгүйгээр “У“ ХХК-д мэдэгдээгүй бол энэ асуудлаар “У“ ХХК нь “П“ ХХК-ийн эсрэг гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй вэ гэх байдлаар маргах ёстой.

Анх энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцохдоо нэг нэгнийхээ өмгөөлөгч болж оролцож байгаа нь зөв эсэх талаар тодруулж байсан зорилго нь энэ юм. “П“ ХХК-ийн хувьд энэ ажиллагаанд оролцсон эсэх, Түншлэлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргаан үүсгээгүй. Эцсийн үр дагаврыг хэн хариуцах вэ гэхээр “П“ ХХК “У“ ХХК-д сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэх ёстой байсан. “П“ ХХКд хүргүүлсэн мэдэгдэл нь юу гэхээр “П“ ХХК болон “У“ ХХК-ийн түншлэлтэй гэсэн хаягтайгаар улсын байцаагчийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11/6303 тоот албан бичгээр хүргүүлсэн. Өмнөх гэрээтэй холбоотой мэдэгдлийг энэ зарчмаар хүргүүлж байсан. “У“ ХХК-иас хүлээж аваагүй талаар маргаан үүсгэж байгаагүй. Зам, тээврийн хөгжлийн яамнаас та бүхэн гэрээний үүргээ биелүүлэхгүй, ажил нь учир дутагдалтай байна гэсэн мэдэгдлийг хүргүүлэх үед буюу 2023 оны 10 дугаар сард дүгнэлт гарахад огт зүйл ярьж байгаагүй. Захиалагчийн гэрээний үүргээ биелүүлээгүй талаар огт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн. Мэдэгдлийн хариуд “П“ ХХК-ийн хуулийн зөвлөх н.С******* гэж хүн ирээд мэдэгдлийг гардаж авсан. Ингэхдээ 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “П“ ХХК-ийн захирал н.Агийн итгэмжлэлийг барьж ирсэн.

Нэгдүгээрт, н.А өөрөө ирээгүй, хоёрдугаарт, итгэмжлэлдээ хяналт шалгалтын ажиллагаатай холбоотойгоор Иргэний хуульд заасан эрх хэмжээг олгож байна гэж ирүүлсэн.  Улсын байцаагчаас гэрээтэй холбоотой асуудлаар ийм үг бичээрэй, би сонсох ажиллагаа хийхгүй гэж хэлэх ёстой. Төлөөлөх эрх бүхий этгээд нь ирсэн, мөн итгэмжлэлээ ирүүлсэн байхад өөр ямар арга хэмжээг улсын байцаагчийн зүгээс авах байсан бэ. Түншлэлийн гэрээний дагуу харилцах регистрийн дугаартай компани нь “П“ ХХК юм. “У“ ХХК төлөөлөхгүй гэж нэг үг, үсэг дурдаагүй байгаа. н.С******* гэх хүний тухайд төлөөлөхгүй гэж байхад нь хүчээр төлөөлүүлсэн юм шиг зүйлийг ярьж байна.

Дараагийн асуудал нь улсын байцаагчаас дүгнэлт гарсантай холбоотойгоор Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчид “П“ ХХК гомдол гаргасан. “У“ ХХК-г оролцуулаагүй нь процессын зөрчил болсон, н.С******* гэх хүн итгэмжлэлгүй байхад оролцуулсан гэдэг асуудлаар гомдол гаргаагүй. Худалдан авах ажиллагааны улсын ерөнхий байцаагчийн зүгээс тухайн компанитай холбоотойгоор үндэслэл бүхий дүгнэлт гаргаж, гомдлыг хянан шийдвэрлэсэн.

Мөн энэ асуудлаар тайлбар гаргах боломжит хугацаа олгоогүй гэх асуудлын талаар ярьсан. Улсын байцаагчийн зүгээс энэ асуудлаар шаардлагатай арга хэмжээг авч холбогдох компаниас тайлбар авсан. Гэрээний эрх зүйн харилцаанд оролцох гээд явж байгаа компаниуд нь бизнесийн эрх зүйн харилцаанд орох гээд өрсөлдөж байгаа байгууллагууд юм. Мэргэжлийн хүнээр дүгнэлт гаргуулах шаардлагатай байсан бол өөрсдийн зүгээс холбогдох нотлох баримтыг гаргаж өгч болох байсан гэтэл яагаад гаргаж өгөөгүй вэ, эсхүл улсын байцаагчийн дүгнэлтийг нь хүлээж аваад энэ асуудлаар шүүхэд маргаан үүсгэж болоогүй вэ. Нэгэнт гэрээ цуцлагдсан, үүнтэй холбоотойгоор маргаан үүсгээгүй учраас улсын байцаагчийг буруутгаж, бид гэрээний үүргээ гүйцэтгэсэн байхад улсын байцаагч ийм дүгнэлт гаргасан гэж тайлбарлах нь үндэслэлгүй.

Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээ байгуулсан үүнийг нь Төрийнх нарийн бичгийн даргаас цуцалсан үйл баримт байгаа. Энэ тохиолдолд ******* аймгийн Засаг даргыг улсын байцаагч дуудаад та дарамт шахалт үзүүлсэн үү гэж асуух ёстой. Зам, тээврийн хөгжлийн яамнаас хуульд заасан захиалагчийн бүрэн эрхийг хэрэгжүүлдэг бөгөөд худалдан авах ажиллагаа зохион байгуулах үүрэг нь захиалагч байгууллагад хамаардаг. Эцсийн дүндээ тендер шалгаруулалт, төсөл арга хэмжээ нь захиалагч Зам, тээврийн хөгжлийн яаманд хамааралтай.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас Түншлэлийн гэрээг ирүүлээгүй гэж тайлбарладаг. Тийм, ирүүлээгүй яагаад гэхээр Зам, тээврийн хөгжлийн яамтай байгуулсан гэрээнд “П“ ХХК-ийн захирал н.А,  “У“ ХХК-ийн захирал н.Б******* нар гарын үсгээ зурсан. Хэрвээ Түншлэлийн гэрээ байгуулаагүй бол гарын үсэг зурах үндэслэлгүй. Худалдан авах ажиллагааны улсын байцаагч энэ асуудлаар цахим системд нэвтэрч гэрээг шалгасан бөгөөд 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр Түншлэлийн гэрээг талуудын тоон гарын үсгээр баталгаажуулж ирүүлсэн. Нэхэмжлэлд энэ асуудлаар огт дурдаагүй. Хэрвээ уг асуудлаар маргаж байгаа тохиолдолд нотлох баримт шинжлэн судлах явцад худалдан авах ажиллагааны цахим системээр нэвтэрч ороод Түншлэлийн гэрээнд холболт хийсэн байдлаар судлуулах боломжтой. Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу худалдан авах ажиллагааны цахим системээс татаж авсан баримтыг шүүх нотлох баримтын шаардлага хангасанд тооцно гэсэн агуулга бүхий хуулийн зохицуулалт нийцсэн, тиймээс одоо хэрэгт нэмэлтээр өгөх боломжтой.

Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь хяналт шалгалтад оролцож байгаа этгээдүүдэд захиалагч байгууллагуудаас ирүүлсэн нотлох баримт, улсын ерөнхий байцаагчийн удирдамж зэргийг танилцуулсны үндсэнд сонсох ажиллагааны тэмдэглэл үйлдсэн. Яагаад гэвэл сонсох ажиллагааны үед шуудангаар хүргүүлээгүй гэж маргаад байх шиг байна. Үүнийг ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. Сонсох ажиллагааны тэмдэглэлийн тухайд удирдамжийг үзье гэх байсан, гэтэл тийм зүйлийг хэлээгүй. Гэрээний асуудлаар шалгаж байгаа гэдгийг мэдээд 3 хуудас тайлбар хийж, мөн н.С*******т олгосон итгэмжлэлийг хавсаргаж оролцсон атлаа бид удирдамжийг мэдээгүй байсан гэх тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Юу шалгах гэж байгаа удирдамж болохыг мэдээгүй юм бол яаж тайлбар хийсэн бэ. 2 компанийн нэгийн гэрээний үүргээ гүйцэтгэсэнд тооцлоо нөгөөхийг нь тооцохгүй гэж хэлэхгүй. Хоорондоо хэнээс я хараат бусаар чөлөөтэйгөөр хэлэлцэж тохироод худалдан авах ажиллагаанд оролцдог. Хэрвээ өөрт нь тусгайлсан эрх, ашиг сонирхол байна гэж үзвэл энэ асуудлаар өөр тайлбар мэдээллийг ирүүлэх боломжтой байсан. Хэрвээ мэдэгдээгүй гэж үзэж байвал “П“ ХХК-тай энэ асуудлын талаар ярилцах ёстой.

“У“ ХХК-иас хүсэх гэсэн агуулгатай 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн албан бичгийг улсын ерөнхий байцаагчаас шийдвэрлээд, мөн өмнө нь дурдсан үндэслэлээр төлөөлөх эрхгүй этгээдэд мэдэгдэл хийсэн байна. Гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа учраас тайлбар хэлэх шаардлагагүй гэж үзлээ.

н.Б*******, н.А 2 гарын үсэг зураагүй болохоор дүгнэлт хүчингүй гэж тайлбар хэлж байгаа нь үндэслэлгүй. Хянан шалгалтын дүгнэлтэд гарын үсэг зурахаас татгалзсан нь энэ дүгнэлтийн чөлөөтэй байдалд нөлөөлөхгүй гэж заасан. Харин н.С******* хүлээж авсан бөгөөд нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгсөн. Дүгнэлтийг маргаж авсан талаар нэхэмжлэгч талаас маргахгүй байгаа шүү дээ, тиймээс үүн дээр маргаан байхгүй.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, улсын байцаагчийн дүгнэлттэй холбоотойгоор “П“ ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон гэж тайлбарлаж байна. Энэ нөхцөл байдлыг мэдэхгүй, тогтоох ч боломжгүй. Бизнесийн эрх зүйн харилцаанд оролцож, чөлөөт зах зээлийг сонгосон бол иргэн, аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулахдаа төрөөс гэрээ байгуулах эрх авснаар үргэлжлэн гэдэг зүйл байхгүй. Худалдан авах ажиллагаанд яагаад хар жагсаалтад оруулж байгаа гэхээр төсвийн жилүүдэд гэрээний үүргээ гүйцэтгээгүй бол ажлыг хийгээгүй байна гэдэг үндэслэлээр гэрээг цуцалж, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсан бол хуульд зааснаар улсын байцаагч дүгнэлт гаргадаг. Улсын байцаагчаас нөхцөл байдлыг тогтоосон бол дүгнэлт гаргана түүнээс биш дүгнэлт гаргаснаар энэ компанийн эрх, ашиг сонирхол доголдон гэдгийг тооцоолохгүй. Төсөл хэрэгжүүлэгч компани 2021, 2022 онд багтаан төслөө хэрэгжүүлж чадаагүйгээр ийм зүйл болсон болохоос 2023 оны 10 сард санаачилгаараа дүгнэлт гаргаснаас шалтгаалаад 40, 50 хүний амьдралыг зогсоосон зүйл байхгүй.

Мөн хувийн аж ахуйн нэгж компаниудыг энэ компанитай гэрээ битгий байгуулаарай гэсэн нөхцөл байдал байхгүй. Ёс суртахууны хэм хэмжээ үйлчилж байгаагийн төлөө улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэж болохгүй. Одоогийн байдлаар гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг тогтоох талаар яригдаж байгаа бөгөөд гэрээний үүргээ биелүүлсэн эсэхийг улсын байцаагч тогтооно. Тогтоосны үндсэнд гэрээ цуцлагдсан, үүнтэй нэхэмжлэгч тал маргаагүй. Магадгүй тушаалын үндэслэлтэй, эсхүл гэрээний үүрэг биелүүлээгүй гэж маргаж болох байсан.“ гэжээ.

  1. Хариуцагч Д.Га шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хяналт шалгалтыг зарчимд нийцүүлж хийгээгүй, асуудалд бодитой хандаагүй гэсэн. Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр ирсэн албан бичгийн дагуу улсын ерөнхий байцаагчаас удирдамж гарч, удирдамжид заасны дагуу хяналт шалгалтын ажиллагааг хийсэн. Хяналт шалгалтын ажиллагааг хийх явцад Зам, тээврийн хөгжлийн яамнаас танай ирсэн мэдээлэлтэй танилцлаа, холбогдох нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангуулж ирүүлнэ үү гэсэн. Түүний дагуу албан бичиг мэдээлэл цугларч, тухайн нотлох баримтууд, мэдээллийг судлаад үзэхэд “П“ ХХК-иас Зам, тээврийн хөгжлийн яамтай харилцсан болон Зам, тээврийн хөгжлийн яам болон Зам, тээврийн хөгжлийн хөгжлийн төвөөс компаниудын түншлэлд хүргүүлсэн баримт мэдээллүүд байсан. Эдгээр мэдээллийг судалж үзэхэд Зам, тээврийн хөгжлийн төв, Зам, тээврийн хөгжлийн яамнаас гэрээний хэрэгжилтийг биелүүлээгүй гэдгийг холбогдох Зам, тээврийн хөгжлийн яамны ажлын хэсгийн хуралдаанаар хэлэлцэж Төрийн нарийн бичгийн даргын тушаал гарсан байсан. Улмаар гэрээ цуцалсан мэдэгдлийг хүргүүлсэн байсан учраас гэрээний үүргийг биелүүлээгүй гэдэг нь тэдгээр баримтуудаар нотлогдсон. Үүний дагуу дүгнэлт гаргасан.“ гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт зэрэгт үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.6.““тендерт оролцогч“ гэж захиалагчаас хараат бус дараахь этгээдийг ойлгоно: …5.1.6.б.хамтран ажиллах гэрээний үндсэн дээр нэг тендер ирүүлсэн хэд хэдэн этгээд;“, Захиргааны ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.“Захиргааны байгууллага өөрийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг урьдчилан мэдэгдэх, тухайн шийдвэртэй холбоотой оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад шаардлагатай баримт бичигтэй оролцогч, түүний төлөөлөгчид танилцах боломж олгоно.“, 32.3.“Баримт бичигтэй танилцуулах ажиллагааг тухайн захиргааны шийдвэр гаргасан байгууллага хариуцна.“, 35 дугаар зүйлийн 35.1.“Хуульд өөрөөр заагаагүй бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй бол захиргааны байгууллага оролцогчийн хүсэлтээр анх тогтоосон хугацаанаас илүүгүй хугацаагаар нэг удаа хугацааг сунгаж болно.“, 35.2.“Хугацааг сунгасан тухай захиргааны байгууллага оролцогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.“ гэж заажээ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас зарласан “Ентүм зочид будлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /*******, Есөнбулаг сум/ ажил гүйцэтгэх“ тендерт нэхэмжлэгч “П“ ХХК, “У“ ХХК-иудын түншлэл оролцож шалгарч, ажил гүйцэтгэх гэрээг түншлэлийг төлөөлж “П“ ХХК-ийн захирал Р.А гэрээг байгуулжээ. 

“П“ ХХК, “У“ ХХК-иудын түншлэлийн гэрээ тус 2 компаний хооронд эдлэх эрх, хүлээх үүрэг зохицуулж байгаа бөгөөд бусад этгээдийн өмнө хүлээх үүргийг зохицуулахгүй ба  “Ентүм зочид будлаас 3, 4 дүгээр байрын хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам /*******, Есөнбулаг сум/ ажил гүйцэтгэх гэрээнд нэхэмжлэгч компаниудын түншлэл гэрээний нэг тал болно.

Иймд гэрээний нэг тал болох түншлэлийг төлөөлөх эрх бүхий этгээд “П“ ХХК-тай сонсох ажиллагаа хийсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч “У“ ХХК-д тусад нь сонсох ажиллагаа явуулах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. 

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4.“сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон;“, 521 дүгээр зүйлийн 521.2.“Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 521.2.1.энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах;“, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.“Хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно.“, 10 дугаар зүйлийн 10.9.“Улсын байцаагч дараахь нийтлэг бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:“, 10.9.4.“хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах;“, 10.9.11.“улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцах;“ гэж заажээ.

2.1. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл улсын байцаагч нь хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтнаас үнэ төлбөргүй гаргуулан авах, хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцахаар байна. 

Шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсанчлан Зам, тээврийн хөгжлийн яамны Сангийн яаманд хүргүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 03/3741 дүгээр албан бичигт “П“ ХХК-д хариуцлага тооцуулах үндэслэлийг “*******, Есөнбулаг сум Ентүм зочид будлаас 3, 4 дүгээр байрны хойд талын уулзвар хүртэлх авто зам, хийдийн 60 автомашины зогсоол, , хорооллын доод талаас 3, 4 дүгээр гудамжинд хатуу хучилттай авто зам ажлыг гүйцэтгэхээр 2022 оны улсын төсөвт тусгагдсан хөрөнгийг ашиглаж, батлагдсан төлөвлөгөөний дагуу барилгын ажлыг хийж гүйцэтгээгүй, талбайд инженер техникийн ажилтан, машин механизмыг байршуулж ажиллаагүй, гүйцэтгэгчийн дотоод зохион байгуулалт муу зэргээс шалтгаан гэрээний үүргээ биелүүлэн ажиллаагүй тул гэрээ дүгнэх ажлын хэсгээс гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн” гэжээ.

Гэтэл хариуцагч нь дээрх хугацаанд тус дүгнэлтийн үндэслэл болсон Зам тээврийн хөгжлийн яамнаас ирүүлсэн нэхэмжлэгчийн нарын түншлэлийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэхдээ гэрээний ямар үүргээ хэрхэн биелүүлээгүй гэж үзсэн болохыг судалж, нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгээгүй нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.11-д заасныг болон Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн дүрмийн 2.1.3-д заасан улсын байцаагч асуудалд бодитой хандаж, шалгалтыг зөвхөн нотлох баримтад тулгуурлан хийх үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтэд нэхэмжлэгч нарыг нотлох баримт гаргаж өгөөгүй гэсэн байх ба хариуцагч Д.Га шүүх хуралдаан дээр “...Зам, тээврийн хөгжлийн яам нэхэмжлэгч нарыг хууль зөрчсөн, гэрээний үүрэг биелүүлээгүй болохыг тогтоосон байсан тул дүгнэлтийг үйлдсэн…“ гэж тайлбарласан бөгөөд захиалагч байгууллагаас ирүүлсэн албан бичигт үндэслэн хуульд заасан эрхийнхээ дагуу хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, судалгаа, тайлбар, тодорхойлолт, бусад баримт бичгийг Зам, тээвэр хөгжлийн яам, ******* аймгийн холбогдох байгууллага, албан тушаалтнаас гаргуулж нэхэмжлэгч нарыг гэрээний үүргээ (1) ноцтой зөрчсөн, (2) биелүүлээгүй, (3) мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасан гэх хуульд заасан аль алдааг гаргасан болохыг шалгаж тогтоогүй атлаа хяналт шалгалтын хүрээнд “П“ ХХК-тай сонсох ажиллагаа хийсэн, нотлох баримт гаргаж өгөөгүй гэж захиалагчаас ирүүлсэн албан бичгийг үндэслэн дүгнэлт гаргасан нь хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглох зохицуулалтад нийцээгүй гэж үзлээ.

Иймд Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийн “П“ ХХК болон “У“ ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.“Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ.“ гэж заажээ.

            Шүүхийн дээрх дүгнэлтээр Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалын үндэслэл болсон Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлтийн нэхэмжлэгч компаниудад холбогдох хэсгиийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалын “П“ ХХК болон “У“ ХХК-д холбогдох хэсгийг мөн хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.1, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай (2005 оны) хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, 14.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 10 дугаар зүйлийн 10.9.4, 10.9.11-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П“ ХХК, “У“ ХХК-иудын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Гын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн тушаалын “П“ ХХК, “У“ ХХК-иудад холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн тус бүрийн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 140400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
  3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.ДАМДИНСҮРЭН