Шүүх | Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бөлтөшийн Раушан |
Хэргийн индекс | 153/2024/00073/И |
Дугаар | 153/ШШ2024/00069 |
Огноо | 2024-02-22 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 153/ШШ2024/00069
2024 02 22 153/ШШ2024/00069
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Ховд аймаг, ******* сум, ******* багт оршин суух, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагч Н.*******г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Н.*******г нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие Н.*******г нь Ховд аймгийн ******* суманд ******* онд төрсөн. 1990 оны 06 дугаар сард Ховд аймгийн ******* сумын дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөөд тус сумандаа Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар /Бураа баг / бригадад аав ээжийнхээ мал малласан. Ингээд 1992 онд нөхөр Ц.******* гэр бүл болж Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 4 дүгээр /******* баг/ бригадад өнөөдрийг хүртэл мал маллан амьдарч байна. Н.Аптанцэцэг би одоо өндөр насны тэтгэвэрээ тогтоолгох болоход тухайн үед хөдөлмөрийн дэвтэр дээрх бичилт дутуу, Ховд аймгийн Архивын газраас тухайн үед ахиллаж байсан талаарх тушаалууд олдохгүй байгаа тул заавал шүүхэд хандаж ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд намайг Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тус нэгдлийн ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагч Н.*******г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 онд 8 дугаар анги төгсөөд илгээлтээр мал дээр гарсан. 1990 оноос 1992 оны 06 сар хүртэл Ховд аймгийн ******* сумын Бураа багт малчин байсан. Дараа нь нэр бүл болсноор Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* багт малчин байсан юм. Иймд миний Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадад 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл, 1992 оны 06 сарын 12-ны өдрөөс 1992 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл ******* багт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагч Н.*******гээс: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, хөдөлмөрийн дэвтрийн эх хувь, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 70 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа буюу 3 дугаар бригадын 1990 оноос 1991 он, ******* буюу 4 дүгээр бригадын 1992 оны 70 дугаар дансны хуулбар, цалингийн цэс, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.
4. Шүүхээс: Гэрч Т., Д. нарын гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 83 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Н.*******гийн ХААТР 1, 21,15 маягтын хуулбар зэргийг баримтаар бүрдүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Н.*******г нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
2. Хүсэлт гаргагч Н.*******г нь 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3-р /Бураа/ бригадад малчнаар, 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:
2.1. Хөдөлмөрийн дэвтэр
Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журмыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.
Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн даргаас 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтэрт Н.*******гт 1991 оны 01 дүгээр сараас 1992 оны 12 дугаар сарыг дуустал цалин хөлс олгосон тухай бичилт тус тус хийгдсэн байна. Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч Н.*******гийн ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт байна.
2.2. Архивын лавлагаа, цалин хөлсний түүвэр
Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 70 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа буюу 3 дугаар бригадын 1990 оны 70 дугаар дансны хуулбар баримтад Н.Ноосой нэрээр бичилт хийгдэж Ноосой, *******г, Мягмар, Жудаа нарт цалин хөлс олгосон, 1991 оны баримтад Н.Ноосой нэрээр бичилт хийгдэж Ноосой, Жудаа, *******г нарт цалин хөлс олгосон, 1992 оны баримтад Б.Цэрэнжав нэрээр бичилт хийгдэж Цогтбаатар, *******г нарт цалин хөлс олгосон байх бөгөөд Ноосой нь хүсэлт гаргагчийн төрсөн эцэг нь, Жудаа төрсөн эх нь, Цогтбаатар нь хүсэлт гаргагчийн нөхөр нь болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа болон холбогдох бусад баримтуудаар тус тус тогтоогдож байна. Дээрхи ажил олгогчийн шийдвэр, цалин хөлс олгосон бичилт нь цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна.
2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:
Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Н.*******гийн ХААТР-15А маягтад ажилладаг байгууллага Бураа баг, эрхэлдэг ажил хоньчин гэж, ХААТР-1/а/ маягтад ажилладаг байгууллага ******* 8 жилийн дунд сургуульд, ажилд орсон он 1983, эрхэлдэг ажил сурагч гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Н.*******г нь 1990 оноос Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдэлд малчнаар ажиллаж байсан нь нотлогдов. Түүний 1992 оны 06 сараас 1992 оныг дуустал ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* багт малчин байсан, тухайн үед гэр бүл болсон тул ******* бригад руу шилжсэн гэх хүсэлтийн тайлбар нь ХААТР-15 А маягтад бүртгэсэн Гэрлэлтийн бүртгэлээр 1992 оны 06 сарын 12-ны өдөр гэр бүл болсон нь тогтоогдсон тул энэ талаар гаргасан хүсэлт гаргагчийн шаардлага үндэслэлтэй гэж үзлээ.
2.3. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 53 дугаартай архивын лавлагаагаар Н.*******г нь ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1993 оны 01 дүгээр сараас 2000 оны 12 дугаар сарыг дуустал 8 жил 0 сарыг ажилласанаар тооцуулсан болох нь тогтоогдож байна.
2.4. Гэрчийн мэдүүлэг
2.4.1.Т.гийн ... Би 1965 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1973 онд Ховд аймгийн ******* сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1981 онд 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 5 дугаар бригадын малчнаар ажиллаж эхэлсэн. 1984 онд цэргийн албанд татагдаж, 1987 онд цэргээс халагдаж ирсэн. 1987 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа буюу 3 дугаар бригадад 1992 онд нэгдэл тартал тасралтгүй ажилласан. 1988 онд Ч.Энхтуяатай гэр бүл болж 3 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсад нийт 27 жил ажиллаад 2020 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Н.*******гийн эцгийг нь Ноосой, эхийг нь Жудаа гэдэг байсан. Эцэг эх нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад насаараа мал малласан малчин хүмүүс байсан. Эцэг эхийн би сайн мэднэ. Бид олон жил нэг бригадын малчин байсан. Н.*******г нь 1990 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн. 1992 онд Ц.******* гэр бүл болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдарч байна... гэх мэдүүлэг,
2.4.2. Гэрч Д.ы ... Би 1962 онд Ховд аймгийн ******* суманд төрсөн. 1970 онд Ховд аймгийн ******* сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1978 онд 8 дугаар ангиа төгсөөд сургуулиас гарсан. Улмаар Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3 дугаар бригадын малчнаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1992 онд нэгдэл тартал тасралтгүй ажилласан. 1981 онд Д.Чулуунбаттай гэр бүл болж 7 хүүхэд төрүүлж өсгөсөн. Улсад нийт 25 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Н.*******гийн эцэг Ноосой, эх Жудаа нар нь Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад насаараа мал малласан малчин хүмүүс байсан. Бид олон жил нэг бригадын малчин байсан. Н.*******г нь 1990 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад эцэг эхийн хамт мал маллаж эхэлсэн. 1992 онд Ц.******* гэр бүл болсон. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын ******* багт мал маллаж амьдарч байна... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Н.*******гийн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн Бураа бригадад малчнаар, 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт ******* *******гийн 1990 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн 3-р (Бураа) бригадад малчнаар, 1992 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын Хөдөлмөр нэгдлийн ******* бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.РАУШАН