Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2024/00074

 

 

 

 

 

2024 02 22 153/ШШ2024/00074

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Раушан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Ховд аймаг, Жаргалант сум, ******* багийн ******* тоотод оршин суух, ******* овогт *******ийн *******рын хүсэлттэй,

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Нямдорж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Н.*******р нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: ...Миний бие нь ******* оны 10 дугаар сарын 26 -ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн. ******* настай. Ам бүл 2. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжиж байгаад 1977 онд Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуульд элсэн орж суралцан 1985 онд 8 дугаар ангиа төгссөн. 8 дугаар ангиа төгсөөд 1985 оны 09 дүгээр сарын 01-нд ******* сумын 8 жилийн сургуульд үйлчлэгчээр ажилд орж, энэ хугацаандаа тус сургуульдаа үйлчлэгч, сургуулийн халуун усны газарт үйлчлэгч, гал тогоонд бэлтгэгч, тогооч зэрэг ажлуудыг 1992 оны 2 дугаар сарын 25 -ны өдөр хүртэл, 1992 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс тус сумын хүн эмнэлэгийн малчнаар бригадад малчнаар 1994 оны 12 сарын 31 -ний өдрийг өдрийг дуустал тус тус ажилласан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгоход тухайн үед ажиллаж байсан үеийн хөдөлмөрийн дэвтэр алга болж, олдохгүй болсноор он жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд намайг 1985 оны 09 дүгээр сарын 01 -ний өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 25 -ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд үйлчлэгч, гал тогоонд бэлтгэгч, тогоочоор, Ховд аймгийн ******* сумын бригадад хүн эмнэлэгийн малчнаар 1992 оны 03 дугаар сарын 01 -ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31 -ний өдрийг өдрийг дуустал тус тус ажиллаж байсан тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагч Н.*******рын өмгөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн миний үйлчлүүлэгч Н.*******рын 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 25 -ны өдрийг хүртэл Ховд аймгийн ******* сумын 8 жилийн сургуульд туслах ажилтан буюу үйлчлэгч, гал тогоонд бэлтгэгч, тогоочоор, Ховд аймгийн ******* сумын бригадад хүн эмнэлэгийн малчнаар 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг өдрийг дуустал тус тус ажиллаж байсан тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагч Н.*******раас: өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай *******рыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 252, 251 дугаартай архивын лавлагаа, С.Энхжаргал, Ш. нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, талархал, сайшаалын үнэмлэх, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөв.

4. Шүүхээс: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай албан бичгээр ирүүлсэн лавлагаа, гэрч Ш.гийн гэрчийн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Н.*******рын ХААТР 1, 21,15, 11 маягтын хуулбар зэргийг баримтаар бүрдүүлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Н.*******р нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарах ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх онцгой ажиллагааны журмаар гаргажээ. Шүүх хуралдаанаар нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

2. Хүсэлт гаргагч Н.*******р нь 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд туслах ажилтан, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын бригадын Хүн эмнэлэгт малчнаар тус тус ажиллаж байсан байдал нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дараах нотлох баримтаар тогтоогдож байна. Үүнд:

2.1. Хөдөлмөрийн дэвтэр

Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 13 дугаар тогтоолоор Ажилласан хугацааг тооцох журам-ыг баталсан нь хуулийн хүчин төгөлдөр үйлчилж байна. Уг журмын 5 дахь хэсэгт БНМАУ-ын хууль тогтоомжид заасан журмын дагуу хөтлөгдсөн хөдөлмөрийн дэвтэр нь  ажилласан хугацааг тооцож тогтоох үндсэн баримт болно гэжээ.

Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлстийн 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 82 дугаартай албан бичгээр Н.*******рт Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захиргаанаас 1985 оны 08 дугаар сарын 01-ний өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар баримтыг ирүүлжээ. Уг хөдөлмөрийн дэвтэрт Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 42 тоот тушаалаар 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн хичээлийн байранд цэвэрлэгчээр авч ажиллуулсан. Мөн сургуулийн захирлын 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 45 тоот тушаалаар 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс хөдөө гарч малчин болох хүсэлтийг үндэслэн дотуур байрны цэвэрлэгчийн үүрэгт ажлаас чөлөөлөв гэж бичилт тус тус хийгдсэн байна.

Уг хөдөлмөрийн дэвтрийн олголт нь ажил олгогчийн гарын үсэг, тэмдгээр, цалин хөлс олгосон бичилт нь ажил олгогч хуулийн этгээдийн тэмдгээр тус тус албажиж, зохих журмын дагуу хөтлөгдсөн байх тул хүсэлт гаргагч Н.*******рын ажилласан хугацааг тооцож, тогтоох үндсэн баримт байна.

2.2. Ажил олгогчийн шийдвэр

Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх архивын тасгаас 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 25 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн сургуулийн захирлын 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаартай *******рыг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 1 дэх хэсэгт сургуулийн жижүүр хийж байсан Н.*******р нь өөрийн хүсэлтээр малчин болсон тул ажлаас нь бүрмөсөн чөлөөлсөн байх бөгөөд дээрхи ажил олгогчийн шийдвэр, цалин хөлс олгосон бичилт нь тохирсон цаг хугацааны хувьд хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай тохирч байна. Хэрэгт авагдсан сургуулийн захирлын 1992, 1994 оны 2 тушаалаар 2 удаа ажлаас нь чөлөөлсөн бөгөөд 1994 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн малчин болсон тул үүрэгт ажлаас нь бүрмөсөн чөлөөлсөн талаар тусгагджээ. Хүсэлт гаргагч Н.*******р нь шүүхэд гаргасан хүсэлтдээ 1992 оны 02 сарын 25-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн, түүнээс хойш сумын Хүн эмнэлэгт малчнаар ажилласан гэдгийг дурдсан байна. Дээрх тушаалаар 1985-1994 он хүртэл туслах ажилтан, малчнаар ажиллаж байсан нь тогтоогдсон тул ажилласан жилийг тогтоож шийдвэрлэв.

2.3. Улсын бүртгэлийн лавлагаа:

Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1990 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Н.*******рын ХААТР-15А маягтад ажилладаг байгууллага НААҮ газар, эрхэлдэг ажил цэвэрлэгч гэж, 1990 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ХААТР-11/А/ маягтад ажилладаг байгууллага 8 жилийн дунд сургуульд, эрхэлдэг ажил цэвэрлэгч гэж тус тус бүртгэжээ. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1.-д эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцохоор зааснаар дээрх улсын бүртгэлд бүртгэгдсэн бүртгэлийг үнэн зөв гэж тооцно гэж зааснаар ХААТР баримтад бүртгэгдсэн бүртгэлээр хүсэлт гаргагч Н.*******р нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд ажиллаж байсан нь нотлогдов.

2.3. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 59 дугаартай архивын лавлагаагаар Н.*******р нь ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу 1994 оны 10 дугаар сараас 2000 оны 10 дугаар сарыг дуустал 6 жил 3 сарыг ажилласанаар тооцуулсан болох нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 252 дугаартай архивын лавлагаагаар Мөнххайрхан сумын Оч нэгдэл/Мөнх-Оргил ХК/ нь 1991 оноос 1994 онд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь мөн Н.*******рт Мөнххайрхан сумын бригадын удирдлагаас 1993 оны 08 дугаар сарын 25-ны өдөр олгосон талархал, 1994 оны 03 дугаар сарын 01-ний өдөр олгосон сайшаалын үнэмлэх баримтуудаар Н.*******р нь Ховд аймгийн Мөнххайрхан сумын Оч нэгдэлд ажиллаж байсан болох нь тус тус тогтоогдож байна. Н.*******р нь 1994 оны 10 сараас эхлэн ажилгүй байснаа хүсэлтээр илэрхийлж, ажилласан жилээ нөхөн тооцуулсан нь 1994 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн түүнийг ажлаас чөлөөлсөн тушаалтай харьцуулан үзэхэд цаг хугацааны хувьд тохирч байгааг дурдах нь зүйтэй.

2.4. Гэрчийн мэдүүлэг

2.4.1. Ш.гийн ... Би 1960 онд Улаанбаатар хотод төрсөн. 1967 онд Ховд аймгийн Зэрэг сумын дунд сургуулийн 1 дүгээр ангид элсэн орж 1975 онд 8 дугаар ангиа төгссөн. 1975 оноос 1977 оныг хүртэл 10 дугаар ангийг төгссөн. 1977 оноос 1978 оныг хүртэл Завхан аймгийн Худалдааны ТМС-ийг нярав мэргэжлээр суралцаж төгссөн. 1978 оны 07 дугаар сараас Ховд аймгийн Мөнххайрхан сумын Худалдаа бэлтгэлийн ангид няраваар томилогдон 1984 оныг дуустал ажиллаж байсан. 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд хувцас өлгөгч, цаг бүртгэгчээр ажилд орж 2015 оныг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан. Намайг 1985 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд хувцас өлгөгч, цаг бүртгэгчээр ажилд ороод ажиллаж байсны дараа буюу 1985 оны 09 дүгээр сард Н.*******р нь манай сургуулийн дотуур байрны халуун усанд ажиллаж байсан. Мөнххайрхан сумын сургуулийн дотуур байр нь 1985 онд анх ашиглалтад орж байсан. Тэр цагаас хойш 1992 оныг хүртэл сургуулийн үйлчилгээнд тасралтгүй ажиллаж байгаад ажлаасаа гарсан. Түүнээс хойш дэлгэрэнгүй сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 1985 оноос 1992 оныг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын сургуульд ажиллаж байсан нь үнэн... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан байх бөгөөд гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч мэдүүлгийнхээ эх сурвалжийг заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.

3. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хүсэлт гаргагч Н.*******рын 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд туслах ажилтан, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын бригадын хүн эмнэлэгт малчнаар тус тус  ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т ...Нэхэмжлэгч өөрөө болон төлөөлөгч, өмгөөлөгчийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн бол тэдгээрийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж болно, 100 дугаар зүйлийн 100.3-т ...шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ..., 100 дугаар зүйлийн 100.4-т Энэ хуулийн 100.2, 100.3-т зааснаар хэргийг зохигч талын эзгүйд хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг нэхэмжлэгч, хариуцагчийн аль аль нь гаргаагүй байсан ч хэргийг тухайн үед цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан шүүх шийдвэрлэж болно. Ингэхдээ зохигч талуудаас урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ.  гэж тус тус заажээ. Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, шүүх хуралдаанд түүнийг оролцуулахгүйгээр, өмгөөлөгч Д.Нямдоржийг оролцуулан хавтаст хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******ийн *******рын 1985 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын 8 жилийн дунд сургуульд туслах ажилтан, 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Ховд аймгийн Мөнххайрхан сумын бригадын Хүн эмнэлэгт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.РАУШАН