Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 532

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж,

           улсын яллагч О.Пүрэвсүрэн,

шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Жы Гд холбогдох 1708016610193 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, 1989 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-4, аав, ээж, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 01 дүгээр хороо, ... тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Жы Г, РД:...,    

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны урд талд Н.Эыг хутгалж биед цээжинд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:        

Шүүгдэгч Ж.Г нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэргийн хотхоны урд талд Н.Эыг хутгалж биед цээжинд зүсэгдсэн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл.../хх-2-3, 17/

- хохирогч Н.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Гтай 2 шил 0.75 литр архи хувааж уусан. Г эгчтэйгээ утсаар ярих хэрэгтэй байна гээд миний утсыг аваад явсан. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өглөө 09 цаг өнгөрөөгөөд Гд очиход ганцаараа байсан. Гэрт нь 0.5 литрийн 2 шил архи хувааж уусан. Нилээн согтоцгоосон байсан ба би ажил руугаа явахаар болтол Г цуг явъя гээд хамт гэрээс гарсан. Тухайн үед нилээн согтсон байсан учир зарим зүйлийг санахгүй байна. Нэг мэдсэн түргэний машинд дусал хийлгэж байсан. Миний ар нуруу руу Г хутгалсан байсан. Одоогийн байдлаар боолт хийлгэхэд 18.000 төгрөг зарцуулсан байна. Гомдолтой байна. 500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-22-25/

- гэрч Б.Баттулгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цагийн орчим өөрийн 52-28 УБУ улсын дугаартай приус маркийн машинаараа Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт цэргийн хотхоны гадна зогсоолд байсан ба Э машины цонх тогшоод ухаан алдаад газар унасан. Надад хэлэхдээ “гэмтэлд хүргээд өгөөч” гэж хэлсэн. Би түргэн тусламж дуудсан. Цагдаа ирсэн, хэн дуудсаныг мэдэхгүй байна. Тэгсэн Г хажууд нь байсан. Би юу болсон талаар Гаас асуухад “танихгүй хүмүүстэй муудалцсан би хутгыг нь эд мөрийн баримтаар булаагаад авчихлаа” гэж хэлсэн. Тэр хутга нь шар өнгийн иштэй жижиг нарийн хутга байсан. Э эмнэлэгт ухаан орж сэргээд “Г намайг хутгалсан” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-26-27/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн №12174 дугаартай шинжээчийн:...Н.Эын биед цээжинд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-33/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №9314 дугаартай шинжээчийн:...шар эрээн иштэй хутга дээр цус илэрсэн. Уг цус нь шинжилгээнд хүрэлцэхгүй байгаа тул бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй байна...гэх дүгнэлт /хх-35/

- ял шалгах хуудас /хх-70/

- шүүгдэгч Ж.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 12 цагийн орчим Э манай Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ... тоот гэрт ирээд хамт архи уугаад салсан. Тэгээд салахдаа Э утсаа хаячих байх гээд надад гар утсаа үлдээгээд явсан. 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Э утсаа авъя гээд ирсэн. Утас нь манай найз Баттулгад байсан. Би Баттулгыг Этой ойрхон байдаг учраас өгчихөөрэй гээд өгсөн байсан. 0.5 литрийн 1 шил архи Э бид 2 уусан. Тэгэж байтал надаас утсаа дахиад нэхсэн. Би Баттулгаас ав гэсэн. Бид гар утсыг нь авахаар Баттулгын гэр лүү явсан. Бид 2-ын хэрүүл маргаан үүнээс эхэлсэн. Бид 2 маргалдаж явсаар Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Цэргийн хотхоны гадаа ирсэн байсан. Дахин 0.5 литрийн 1 шил авч уусан. 2 дахь шил архиа ууж байгаад маргалдсан. Маргалдаж байгаад гэрээсээ авч гарсан шар эрээн өнгийн иштэй жижиг хутгаар Эын ар нуруунд нь 2 удаа хутгалсан. Өөр цохиж зодоогүй. Ямар нэгэн санаа зорилго байхгүй. Яах гэж хутга гэрээсээ авч гарснаа санахгүй байна. Өс хонзон байхгүй. Болсон явдлыг хагас дутуу санаж байна...гэх мэдүүлэг /хх-46-47/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Гыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

   Хохирогч Н.Э нь хохиролд 500.000 төгрөг /хх-25/ нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь 400.000 төгрөг /хх-81/ төлсөн бөгөөд хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй гомдол саналгүй гэжээ.   

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний ар гэрийн амьдрал болон хувийн бусад байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.   

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шийдвэрлэв.   

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч Ж.Гыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гыг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар эрээн өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.    

 

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР