Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/15

 

 

 

 

 

 2022         09         21                                        2022/ДШМ/15

 

    Л.Дид холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Л.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор: М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Түмэндэмбэрэл,

Хохирогч: Н.Д,

Хохирогчийн өмгөөлөгч: Н.Б,

Нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр нарыг оролцуулан

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Д, түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарын гаргасан давж заалдах гомдлоор Л.Дид холбогдох 2238000000465 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч “Хотгойд” овогт Лын Д, ..... оны .... дүгээр сарын ....-ны өдөр Хөвсгөл аймгийн Арбулаг суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын .... дүгээр баг, ..... дүгээр гудамжны ..... тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны ..... дугаар сарын.....-ний өдрийн .......... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, /регистрийн дугаар РБ-..................../.

Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 10 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Н.Дтэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/221 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч “Хотгойд” овогт Лын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дийг 400 (дөрвөн зуун) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 (найм)-аас дээшгүй цагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газарт эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар шүүгдэгч Лын Дийг тодорхой газар очих буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 04-10 тоотод, тодорхой хүнтэй буюу Нэргүйн Дтэй харилцахыг хазаарлах хязгаарлалтын үүрэг хүлээлгэх албадлыг арга хэмжээ тус тус авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажпыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, шүүгдэгч Л.Д нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг дурдаж, шүүгдэгч Л.Дид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, хязгаарлалт тогтоосон албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Л.Доос 314,000 (гурван зуун арван дөрвөн мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Дд олгож, хохирогч Н.Дгийн нэхэмжилсэн сэтгэл санааны хохирол 5,000,000 (таван сая) төгрөгийн нэхэмжпэлийг хэлэлцэхгүй орхин иргэний журмаар нэхэмжпэх эрхийг нээлттэй үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдолдоо:  Миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос намайг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж яллах дүгнэлт үйлдсэнийг зөвшөөрөхгүй байна. Н.Д бид хоёр 2015 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан ба гэрлэлтээ албан ёсоор шүүхээр сэргээлгээгүй бөгөөд Н.Д нь 2019 он хүртэл тусдаа амьдарч байгаад одоо бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт амьдарч байна. Н.Д нь хууль ёсоор бол манай гэр бүлийн гишүүнд хамаарахгүй байгаа юм. 2015 онд би Н.Дг зодсон хэргээр шүүхэд дуудагдаж байсан бөгөөд Н.Дтэй эвлэрснээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсныг прокуророос үүнийг үндэслэж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлсэн нь хэр үндэслэлтэйг хянуулах хүсэлтэй байна.

2. Би хувиараа хөдөлмөр эрхэлж байнгын орлого олдог байхад үүнийг харгалзан үзэлгүй хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлаж хуульд заасан сонгох ялаас боломжтой ялын төрлийг сонгон хэрэглэлгүй олон цагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан ба миний хөдөлмөр эрхэлж байгаа байдал, хувийн байдал зэргийг харгалзан надад оногдуулсан ялыг хөнгөрүүлэх буюу торгох ял болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/221 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хэргийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

1. Л.Д нь хохирогч Дг зодсон хэргээр 2015 онд шүүхээс хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож байсан нь хэргийг зүйлчлэлд нөлөөлөхгүй байх байтал үүнийг үндэслэж хэргийг зүйчлэлийг прокуророос хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт бичигдсэн нь эргэлзээтэй байгаагаас гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Л.Д Н.Д нар нь 2015 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан ба гэрлэлтээ сэргээлгээгүй байна. Энэ нь гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д зааснаар бол Н.Д нь гэр бүлийн гишүүнд хамааралгүй байгааг шүүх бүрэлдэхүүн анхааралтай авч үзнэ үү.

2. Шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүй байна. Шүүгдэгч нь хувиараа хөдөлмөр эрхэлж, орлоготой ажилладаг байтал шүүх хуульд заасан сонгомол ялыг оновчтой сонгож хэрэглээгүй байна.

Иймд Л.Дид хөдөлмөр эрхлэн орлого олох боломжийг олгож оногдуулсан ялыг нь хөнгөрүүлэх буюу торгох ял болгож шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: “...Л.Д нь Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэсэн санал гаргаж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Л.Д нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байгаа тул нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгож өөрчилж өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “..Улсын яллагчийн зүгээс шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж хэргийг зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм. Шүүгдэгч болон хохирогч нар нь хүүхдүүдийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд шүүгдэгч Л.Д нь хохирогчоос ямар нэгэн байдлаар уучлалт гуйгаагүй, хохирогчид хохирлоо нөхөн төлөөгүй зэргийг харгалзан шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй юм” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

Шүүгдэгч Л.Д нь 2022 оны 5 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 4 дүгээр гудамжны 10 тоотод хувийн таарамжгүй харьцааны улмаас хамтран амьдрагч Н.Дтэй маргалдаж улмаар түүний нүүр хэсэгт гараараа цохиж, цээж хэсэгт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуульд заасан үндэслэл, журмын дагуу тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулжээ.

Гэмт хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Л.Дийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг,

Хохирогч Н.Дгийн: “...гэртээ орж ирэхэд Л.Д нь найз Лутсайханы хамт пиво уугаад сууж байсан... 00 цаг өнгөрч байхад Лутсайхан эхнэр хүүхдүүдтэйгээ хамт гэр рүүгээ явцгаасан. Л.Д тэд нарыг гаргаж өгөөд гэртээ орж ирээд над руу дайрч давшилж эхэлсэн. Ширээн дээр байсан аягатай пиво над руу шидээд хэл амаар доромжлоод байсан... тэгснээ намайг хэл амаар доромжилж байснаа гараараа миний нүүр рүү 2 удаа цохиод бас хөлөөрөө миний цээжин тус газарт 2-3 удаа өшиглөсөн. Би шууд орон дээрээ эвхэрч унаад хэвтэж байтал миний дээрээс хөлөөрөө дэвсэж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 12-13 тал/,

Гэрч Н.Нямдаваагийн мөрдөн шалган ажиллагаанд өгсөн: “...би эгчээс юу болсон талаар асуухад урьд шөнө энэ Д намайг жил чамайг зодоогүй байхад давраад байгаа юм уу чи гээд үгийн зөрөөгүй зодож, нүдсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-н 17 тал/,

Насанд хүрээгүй гэрч Д.Сарнайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...шөнө нэг сэрэхэд ээж дээд өрөөнд аймар хашхираад орилоод Төөгий миний хүү ирээрэй, туслаарай гээд орилоод байсан... ээжийн царайг харахад хамар амнаас нь цус гоожсон, нүүрнийх нь баруун тал хавдсан уйлсан байдалтай байж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 23-24 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 341 дугаартай  “...дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Н.Дгийн биед үүссэн хавирганы хугарал нь тусдаа бусад цус хуралт гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх 2022,05,28-ны өдөр үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 28 тал/,

Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны тасгийн эмч Э.Ичинхорлоогийн дүгнэлт /хх-н 29, 51 тал/,

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...баруун талын 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь гэмтлийн шалтгаантай. Бусад КТГ-нь шинжилгээний хариу дээр гарсан эмгэгүүд нь удаан хугацааны туршид хүний биед үүсгэгдэх өөрчлөлтүүд юм. Энэ өөрчлөлтүүд нь гэмтлээс болж үүсгэгдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 35 тал/,

2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн Н.Дгийн сэтгэл зүйн дүгнэлт /хх-н 41-44 тал/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 372 дугаартай: “...1. Н.Дгийн нэмэлтээр ирсэн материалд гэмтэл тогтоогдсонгүй. Өмнө нь гаргасан Шүүхийн шинжилгээний 341 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй...” гэх дүгнэлт /хх-н 55 тал/,

 Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-н 75-77 тал/, Ярилцлагын тэмдэглэл /хх-79, 108 тал /, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 80-83 тал/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 84-90 тал/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт        /хх-н 91-95 тал/, Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 96-99 тал/, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-н 100-104, 105-107 тал/, Мөрөн сумын Үерт 9 дүгээр багийн хамтарсан багийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хурлын тэмдэглэл, нөхцөл байдлын үнэлгээ хийсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт              /хх-н 109-113 тал/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж,  бэхжүүлсэн, гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

Давж заалдах гомдлын тухайд:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нар “...Л.Д Н.Д нар нь 2015 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, Н.Д нь хууль ёсоор бол гэр бүлийн гишүүнд хамаарахгүй, 2015 онд Н.Дг зодсон хэргээр шүүхэд дуудагдаж байсан бөгөөд шүүхээс хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож байсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй байх байтал үүнийг үндэслэж хэргийн зүйчлэлийг прокуророос хүндрүүлэн зүйлчилж яллах дүгнэлт бичигдсэн нь эргэлзээтэй байгаагаас гадна шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна... “ гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж “Эхнэр, ...гэр бүлийн бусад гишүүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т заасан бөгөөд мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан тул шүүгдэгч Л.Д, хамтран амьдрагч Н.Д нар нь 2015 онд шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, хохирогчтой эвлэрснээр хэрэгсэхгүй болгож байсан гэх үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг өөрчлөх үндэслэл болохгүй юм.

Иймд дээрх үндэслэлээр шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Л.Д, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Түмэндэмбэрэл нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/221 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.СОСОРБАРАМ

                                                ШҮҮГЧИД                             Н.БАЯРХҮҮ

                                                                                  Л.ЭРДЭНЭБАТ