| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00469/И |
| Дугаар | 129/ШШ2024/00447 |
| Огноо | 2024-10-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 129/ШШ2024/00447
| 2024 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 129/ШШ2024/00447 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овгийн Б.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: Ц.А, Ц.А, Ц.Д нарын тэжээн тэтгэгч нь Н.О болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Ц нь Ц.А, Ц.А, Ц.Д нарын тэжээн тэтгэгч нь Н.О болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Б.Ц миний бие 2009 онд талийгаач Н.О-тэй танилцан, улмаар үерхэж дотносож нэг гэрт хамт амьдарч байхад бидний дундаас 2010 оны 6 сарын 03-ны өдөр охин Ц овогтой А, 2011 оны 12 сарын 12-ны өдөр хүү Ц овогтой А, 2013 оны 12 сарын 12-ны өдөр хүү Ц овогтой Д нар төрсөн. Бид гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор батлуулж, гэрлэлтийн гэрчилгээ аваагүй учир хүүхдүүд бүгд надаар овоглосон. Талийгаач Н.О нь 2024 оны 7 сарын 18-ны өдөр өвчний улмаас нас барсан. Бид 2017 оноос эхлэн хувийн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч гурван хүүхэд миний асрамжинд байхад хүүхдүүдийн эцэг талийгаач Н.О нь хүүхдүүдээ байнга тэжээн тэтгэж байсан. Н.О сүүлдээ архи уудаг болж, ааш зан нь өөрчлөгдөөд надад гар хүрдэг болсон учраас бид хоёр тусдаа амьдарсан. Талийгаач Н.О нь хүүхдүүдээ өөрийнхөө боломж бололцоогоор сургууль цэцэрлэг ороход хувцас, хичээлийн хэрэгслийг авч өгдөг байсан. Би 2024 оны 7 сарын 24-ний өдөр А аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргатал талийгаач бид хоёрыг гэрлэлт бүртгэлгүй, хүүхдүүд эхээрээ овоглож байгаа учир талийгаачийг гурван хүүхдийнхээ тэжээн тэтгэгч мөн болохыг шүүхээр тогтоолго гээд миний өргөдлийг буцааж надад өгсөн. Миний бие гурван хүүхдээ төрөөс тэтгэвэр, тэтгэмж авах эрх зөрчигдсөн гэж үзэж байх тул уг зөрчигдсөн эрхийг сэргээлгэх үүднээс талийгаач Н.Оийг охин Ц.А, хүү Ц.А, Ц.Д нарын тэжээн тэтгэгч мөн болохыг тогтоолгох эрх зүйн шаардлага үүсээд байх тул шүүхэд хүсэлт гаргаж байна. Иймд 2010 оны 6 сарын 03-ны өдөр төрсөн охин Ц овогтой А, 2011 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц овогтой А, 2013 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц овогтой Д нарын тэжээн тэтгэгч нь талийгаач Н.О мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
3. Хүсэлт гаргагчаас:
- И бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын Цын Дтын сурч байгаа гэсэн тодорхойлолт
- А өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 8 сарын 01-ний өдрийн Ц.Д, Ц.А, Ц.А нарын эрүүл өсөн бойжиж байгаа тодорхойлолт
- Б-ын Цын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа
- Ц.А, Ц.А, Ц.Д нарын төрсний гэрчилгээ
- А аймгийн Э сумын .... дугаар багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 24-ний өдрийн 195 тоот тодорхойлолт
- А аймгийн Э сумын ..... дугаар сургуулийн Ц.А, Ц.А нарын сурч байгаа гэсэн тодорхойлолт
- хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 03-08/4247 дугаар лавлагаа/
- Н.О-гийн нас барсны гэрчилгээ
- А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 7 сарын 24-ний өдрийн эрх үүсээгүй тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
4. Хүсэлт гаргагч Б.Ц-ын хүсэлтээр М.П-гээс авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Б.Ц нь хүүхэд Ц.А, Ц.А, Ц.Д нарын тэжээн тэтгэгч нь Н.О болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасныг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан И бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын Цын Дтын сурч байгаа гэсэн тодорхойлолт, А өрхийн эрүүл мэндийн төвийн 2024 оны 8 сарын 01-ний өдрийн Ц.Д, Ц.А, Ц.А нарын эрүүл өсөн бойжиж байгаа тодорхойлолт, Б-ын Цын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, Ц.А, Ц.А, Ц.Д нарын төрсний гэрчилгээ, А аймгийн Э сумын .... дугаар багийн Засаг даргын 2024 оны 7 сарын 24-ний өдрийн 195 тоот тодорхойлолт, А аймгийн Э сумын ..... дугаар сургуулийн Ц.А, Ц.А нарын сурч байгаа гэсэн тодорхойлолт, хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 03-08/4247 дугаар лавлагаа/, Н.О-гийн нас барсны гэрчилгээ, А аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 7 сарын 24-ний өдрийн эрх үүсээгүй тодорхойлолт, гэрч М.П-гийн мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Б.Ц нь Ц.А, Ц.А, Ц.Д нарын тэжээн тэтгэгч нь Н.О болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх хэргийн оролцогчийн үүргийг тус тус заасан байдаг бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийг зөвхөн хүсэлт гаргагч хүлээдэг.
Онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэхдээ шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар өөрийн санаачлагаар нотлох баримт бүрдүүлж болдог боловч эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдээ тэжээн тэтгэж байгаа талаарх нотлох баримтыг бүрдүүлэх эх сурвалж тодорхой бус тохиолдолд шүүх энэхүү эрхээ хэрэгжүүлэх боломжгүй тул нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийгдээгүй болно.
Хүсэлт гаргагч Б.Ц нь талийгаач Н.Оийг хүүхдүүдээ тэжээн тэтгэдэг байсан талаар тайлбар гаргаж байна. Тэрээр 2010 оны 6 сарын 03-ны өдөр төрсөн охин Ц овогтой А, 2011 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц овогтой А, 2013 оны 12 сарын 12-ны өдөр төрсөн хүү Ц овогтой Д нарын эцэг Н.О мөн эсэх, Б.Ц, Н.О нар тусдаа амьдарсан 2017 оноос Н.О нь үр хүүхдээ хэзээ, хэрхэн тэжээн тэтгэж байсан талаарх нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж үзлээ.
Иймд хүсэлт гаргагч Б.Цын Ц.А, Ц.А, Ц.Д нарын тэжээн тэтгэгч нь Н.О болохыг тогтоолгох тухай хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ц овогтой А, Ц овогтой А, Ц овогтой Д нарын тэжээн тэтгэгч нь Н.О болохыг тогтоолгох тухай хүсэлт гаргагч Б.Цын хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА