| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2017/0553/Э |
| Дугаар | 533 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Болормаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 533
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,
улсын яллагч П.Болормаа /томилолтоор/,
хохирогч П.С, түүний өмгөөлөгч Ц.Оюунбаатар,
шүүгдэгч Ц.Б, түүний өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Цын Бид холбогдох 2017 2601 1162 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, Нарантуул зах дээр тэрэг түрдэг, Өвөрхангай аймгийн ... дугаар багт оршин суух, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, тодорхой оршин суух хаяггүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй С овогт Цын Б, РД:...
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 5 дугаар сарын 31-нээс 2017 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод П.Сийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Ц.Б нь 2017 оны 5 дугаар сарын 31-нээс 2017 оны 6 дугаар сарын 01-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, ... тоотод П.Сийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /хх-8-9/
- хохирогч П.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тухайн өдөр өөрийн Ембүү хүнсний дэлгүүрээ хаагаад дотор талдаа гэрэлтэй хөшгөө хаагаад хүүхдийн баярт зориулаад бэлэг боогоод сууж байсан. Энэ үед шөнийн 00 цаг 30 минутын үед манай дэлгүүрийн хаалгыг зүс таних эмэгтэй ирээд хашааны хаалга болон дэлгүүрийн хаалга ногоон байгууламжийн хашаа давж орж ирээд дэлгүүрийн цонхыг балбаад пиво авъя гээд байсан. Би өгөхгүй гэтэл явахгүй эргэж ирээд хаалга, цонх ээлжилж балбаад байсан. Тэгээд би пиво өгөхгүй гэж хэлэх гээд дэлгүүрээсээ гарч ар талын хашааны хаалгаар гарч ирээд “нялх хүүхэд унтаж байна, чи одоо яв чамд пиво зарахгүй” гэхэд “муу янхан минь би нэг пивыг чинь 7000 төгрөгөөр авъя” гээд хэл амаар доромжлоод орилоод байсан. Энэ үед манай хажуу талын хашааны Батжаргал гэгч гарч ирээд юун хүн орилоод байгаа юм бэ гэж асуухаар нь би энэ хүн пиво нэхээд байна гэж хэлсэн. Тэгээд би уг эмэгтэйд уурлаад чи одоо юу гээд хүн доромжлоод байгаа юм бэ гэхэд тэр эмэгтэй гэнэт энэ хүүхэн намайг зодлоо гэж орилж хашгираад байж байхад цаад гудамжнаас 2 залуу гарч ирээд нэг залуу нь манай эгчийг яачихваа гэхээр нь би уг залууд “танай эгч чинь хаалга үүд балбаад байна, одоо эгчийгээ аваад яв, согтуу байна” гэсэн. Тэгтэл нэг залуу нь эгчийгээ дагуулаад явсан. Тэгээд би хашааны хаалга хаах гэтэл дийлэхгүй байсан. Нэг залуу нь хүрч ирээд за эгчээ ёстой уучлаарай гэж хэлээд надаас уучлалт гуйгаад зогсож байтал цаанаас эгчийгээ авч явсан залуу буцаж хүрч ирээд нүүрэн тус газар цохиод авсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Намайг нүүрэндээ цохиулж байхад Батжаргал харсан. Намайг тэр 2 залуугийн өндөр нь буюу Б гэх залуу нь гараараа нүүрэнд нэг удаа цохиж авсан. Өөр цохиж зодсон зүйл байхгүй. Мөн бусад хүмүүс нь намайг цохиж зодсон зүйл байхгүй. Миний эмчилгээний зардалд гарсан мөнгөн дүн мөн шатахуун хийсэн мөнгө гээд би баримттай нийт 1.665.340 төгрөг нэхэмжилнэ. Мөн өмгөөлөгч авсан 600.000 төгрөгөө нэхэмжилж байна. Нийтдээ 2.265.340 төгрөг. Үүнээс Б нь 400.000 төгрөг шилжүүлсэн. Үлдсэн 1.865.340 төгрөгийг одоо нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-18-21/
- гэрч С.Цэрэндовдонгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 05 дугаар сарын 31-ний өдөр би гэртээ нөхрийн хамт байсан ба эгчийн хүүхэд болох Б, түүний найз Лхагваа нар манайд анх удаа ирсэн. Б нь “маргааш эх үрсийн баяр архи зарахгүй учир өнөөдөр баярыг чинь тэмдэглье” гээд тэр 2 надад нэг том пиво авч өгөөд бид нарыг ууж дуусахад шөнийн 00 цаг өнгөрчихсөн байсан. Тэгээд би манайхаас зүүн зүгт жалганы цаана байдаг дэлгүүр лүү очоод хаалгыг нь нүдээд Б, Лхагваа нар тэдний хашаанаас зайтай жалганы цаана зогсож байсан. Хаалгыг нь нүдээд зогсож байтал тэр хүүхэн гарч ирээд яах гэж хаалга нүдээд байгаа юм бэ гэхээр нь пиво авъя гэсэн. Надад чамд байсан ч өгөхгүй гэх утгатай зүйл яриад над руу орилоод намайг цохиж авах гээд байгаа бололтой гараа савчаад чанга чанга яриад эхэлсэн. Тэгээд маргалдаж байхад Б, Лхагваа 2 араас ирээд юу болсон бэ гээд Б намайг тэр хүүхнээс холдуулсан. Лхагваа тэр эмэгтэйтэй юм яриад үлдсэн. Бид би “энэ намайг зодох гэж байна шүү дээ” гэж хэлсэн чинь Б буруу ойлгоод намайг зодсон гэж бодсон юм шиг байна лээ. Тэгээд тэр эмэгтэй рүү гүйж очоод нүүрэнд нь цохичихсон байсан…гэх мэдүүлэг /хх-23-24/
- гэрч Н.Лхагвасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...тэр дэлгүүрийн эзэн болох эгч байхаар нь “за эгч уучлаарай таны амгалан тайван байдлыг алдагдуулсанд уучлаарай” гээд хашааных нь үүдэнд зогсож байтал Бямбаа эгчтэйгээ явахгүй гудамжинд зогсоод байсан. Тэгсэн намайг дэлгүүрийн эзэнтэй уулзаад уучлалт гуйгаад зогсож байтал Б цаанаас хүрч ирээд хашааны хаалганы завсраар нь уг дэлгүүрийн эзэн болох эмэгтэйн нүүрэн тус газар нь нэг удаа цохичихсон...гэх мэдүүлэг /хх-25/
- гэрч Б.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…Уг согтуу эмэгтэйтэй С маргалдаад байж баих үед нь би өөрөө очоод Сийг хашааны хаалгыг хаахад нь тусалж дотор талаас нь татаж байтал нэг залуу хөлөө оруулчихаад уучлаарай эгчээ уучлаарай гээд зогсож байтал нөгөө орилж байсан эмэгтэйтэй хамт зогсож байсан эрэгтэй хүрч ирээд уучлалт гуйгаад байсан эрэгтэйгийн хажуугаар гараа оруулаад Сийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. Би гайхаад л хоцорсон. Хүүе гэхийн завдалгүй болж өнгөрсөн...гэх мэдүүлэг /хх-22/
- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 7265 дугаартай шинжээчийн:...П.Сийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, таславчийн хугарал хамрын нуруу, 2 нүдний дээд доод талд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-31/
- шинжээч эмч Н.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гараар 1 удаа цохиход үүсэх боломжтой. Хатуу мохоо гэдэгт гараар цохих, хөлөөр өшиглөх орно...гэх мэдүүлэг /хх-69/
- шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтын шатанд:...2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн найз Лхагвасүрэнгийн хамт эгч Цэрэндовдонгийн гэрт түүний хамт 2 том пиво уусан. Тэгээд пивоо уугаад дуусахад шөнө 00 цаг өнгөрсөн дэлгүүрүүд хаасан байсан. Цэрэндовдон эгч дэлгүүр лүү яваад Лхагвасүрэн бид 2 наана зогсож байсан. Хэсэг хугацааны дараа орилоод эхлэхээр нь бид 2 яваад очсон. Тэгтэл Цэрэндовдон эгч тэр эмэгтэйтэй маргалдаж байхаар нь би салгаад тэр хашаанаас холдуулсан чинь Цэрэндовдон эгч хэлэхдээ “уг хашаанд байсан залууг заагаад энэ намайг цохичихлоо” гэж хэлэхээр нь би “тэр залууг нь цохих гээд хажууд нь байсан эмэгтэйг цохичихсон. Өөр зүйл болоогүй. Би тэр эмэгтэйг гараараа нэг удаа л цохисон...гэх мэдүүлэг /хх-72/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь хохиролд 2.265.340 төгрөг /х-46-62/ нэхэмжилснээс шүүгдэгч нь 660.000 төгрөг /хх-93/ төлжээ.
Нийт хохирлоос төлсөн дүнг хасвал 1.605.340 төгрөг төлөгдөхөөр байх ба уг хохирлыг түүний ар гэрийн амьдрал ахуйн байдлыг нь харгалзан хохирлыг төлөх хугацааг 6 сарын хугацаанд тогтоов.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц.Бийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.Бид нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид учирсан хохирол болох 1.605.340 төгрөгийг 6 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгасугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Бид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР