Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/30

 

 

 

 


                                                                                                          

                               Б.Батжаргал, Ц.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор: М.Сайнзаяа, хохирогчийн өмгөөлөгч: Д.Оюунчимэг /цахим/, шүүгдэгч: Б.Батжаргал, шүүгдэгчийн өмгөөлөгч: Р.Цэрэнханд /цахим/, шүүгдэгч: Ц.Анхбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч: Х.Оюунбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан,

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Анхбаярын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлоор Б.Батжаргал, Ц.Анхбаяр нарт холбогдох 2115000140145 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Б.Б

 

Монгол Улсын иргэн, Ц.А

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Батжаргал нь ..... аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа Ц.Анхбаяртай бүлэглэн .......... аймаг дахь Цагдаагийн газрын 2 дугаар давхарт байрлах Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын өрөөнд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Лхагвасүрэнгийн Эрдэнэд “.... аймгийн ..... суманд оршин суух Д.Мичидмаа бусдад хүчиндүүлсэн” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бие эрх чөлөөнд халдаж цахилгаан бороохойгоор цохиулж бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,

Шүүгдэгч Ц.Анхбаяр нь ........ аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн Шүүх, шүүгчийн аюулгүй байдал хариуцсан ахлах байцаагчаар ажиллаж байхдаа Б.Батжаргалтай бүлэглэн ......... аймаг дахь Цагдаагийн газрын 2 дугаар давхарт байрлах Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын өрөөнд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Лхагвасүрэнгийн Эрдэнэд “...... аймгийн ........... суманд оршин суух Д.Мичидмаа бусдад хүчиндүүлсэн” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бие эрх чөлөөнд халдаж цахилгаан бороохойгоор цохиулж бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

         Булган аймгийн Прокурорын газраас: Шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Буянхишигийн Батжаргал, шүүгдэгч Цэнджавын Анхбаярыг нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нарыг тус бүр 5 450 /таван мянга дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 450 000 /таван сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар солихыг, хяналт тавихыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Эрдэнэ гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 8 ширхэг СД-г хэрэгт хадгалж, тогтоол хүчин төгөлдөр болмогц хар өнгийн “XWJY” гэх нэртэй 34 см урттай, хар өнгийн тагтай, урд талын хошуундаа гар чийдэнгийн гэрэл болон хоёр ширхэг төмөр шонтой цахилгаан бороохой, гарын төмөр гавыг хэрэгцээний дагуу Булган аймаг дахь Цагдаагийн газарт шилжүүлж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Анхбаярын өмгөөлөгч Х.Оюунбат давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хөдөлбөргүй нотлогдож байна гэж үзсэн ба ялангуяа Л.Эрдэнийн мэдүүлгийг хөтөлбөргүй нотлох баримт гэж үзсэн нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Л.Эрдэнийн удаа дараагийн мэдүүлэг Булган аймгийн Цагдаагийн газрын байрны 1, 2 дугаар давхрын коридорыг хянасан хяналтын камерын бичлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл бүхий нотлох баримтаас зөрүүтэй байхад хөдөлбөргүй нотлогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 11 дүгээр хуудаст Л.Эрдэнийг бороохойгоор цохисон үйлдлийг тооны болон цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн боловч бороохойгоор цохиулсан...гэрэл зургийн үзүүлэлт зэргээр нотлогдсон гэж үзэв гэх дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг нотлохын тулд ...эргэлзээгүй тогтооно гэж заасан байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т Нотолбол зохих байдлыг нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Л.Эрдэнийг тооны болон цаг хугацааны хувьд зөрүүтэй гэж дүгнэхдээ дурдсан нотлох баримт нь тоон болон цаг хугацааг зөрүүтэй мэдүүлсэн гэдгийг нотолсон баримт биш байхад уг үйл баримт тогтоогдож байгаа мэт дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.2, 2.3-т заасныг зөрчсөн буюу гэмт хэргийн шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, нотлох баримтын агуулгын бодит байдлыг хянаж дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Улсын яллагчийн яллах дүгнэлтээр Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт буруутгасан ба тухайн зүйлчлэлд хамаарах гэмт хэргийн шинж буюу бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон бол гэх шинжийг Камерын бичлэгт авагдсан 19 цаг 44 минут 19 секундээс 19 цаг 44 минут 49 секунд буюу 40 секундийн үйл баримтаар нотлогдож байгаа эсэхэд дүгнэлт хийх нь хууль зүйн үндэслэлтэй. Хохирогч Л.Эрдэнийн мэдүүлэг энэхүү 40 секундэд багтах үйл баримтыг зөв мэдүүлсэн эсэх эргэлзээтэй. Энэхүү 40 секундэд шүүгдэгч тус бүр ямар ямар үйлдэл гаргасан гэж буруутган Улсын яллагч яллах дүгнэлт үйлдснийг анхаарч дүгнэлт хийгээгүй.

4. Ц.Анхбаярыг Б.Батжаргалын үйлдэлд урьдчилан тохиролцоогүй боловч хамтран оролцож, өөрийн хувь нэмэр санаагаа үйлдлээрээ илэрхийлсэн гэж үндэслэлтэй байна гэх дүгнэлт хийхдээ ямар нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийж байгаагаа дурдаагүй атлаа хувь нэмэр, санаагаа илэрхийлсэн гэж үзэж дүгнэлт хийсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т зааснаар Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй.

5. Хохирогч Л.Эрдэнийн мэдүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан камерын бичлэгийн үйл баримтаас илт зөрүүтэй. Ялангуяа Б.Анхбаярын оролцоог үгүйсгэсэн баримт болох хавтаст хэргийн 125 дугаар талд авагдсан камерын бичлэг 19 цаг 59 минутаас эхлэн 20 цаг 44 минутад дуусах бичлэгийн 20 цаг 05 минутад гаднаас гэрч Батхүү, Ганбаатар нарыг орж ирэх үед Анхбаяр өөр өрөөнд байсан нь хэрэгт авагдсан бичлэгээр тогтоогдсон буюу Л.Эрдэнийн удаа дараагийн мэдүүлэг өгсөн Батхүү орж ирэх үед Анхбаяр байсан, гавтай өмдөө татаж чадахгүй зогсож байсан, гавны түлхүүр олохгүй хоёр ч удаа Анхбаяр өрөөнөөс гарч гавны түлхүүр олдохгүй байсан, гавны түлхүүр тайлаад намайг жижүүрийн өрөө рүү буу гэсэн мэдүүлэг зэрэг нь илт зөрүүтэй байхад Ц.Анхбаярын үйлдэл нотлогдсон гэж гэм буруутай гэж тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.3-т зааснаар Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй байх тул Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/120 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

 

Хохирогч Л.Эрдэнийн давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн тайлбарын агуулга:

1. Л.Эрдэнэ миний мэдүүлэг камерийн бичлэгтэй зөрдөггүй. Намайг цахилгаан бороохойгоор цохиулж байгаа үйл явдал камерт бичигдээгүй. Намайг эрүүдэн шүүж тамалсан энэ 2 хүний үйлдэл тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. Л.Эрдэнэ намайг цаг хугацааны хувьд зөрүүтэй мэдүүлсэн байхад шүүх эрүүдэн шүүснийг тогтоогдсон гэж дүгнэсэн гэжээ. Би цаг хугацааг он, сар, өдрөөр зориуд зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй. Тухайн үед гар утсыг хураагаад авчихсан учраас гарт бугуйн цаггүйгээс цаг минутыг яг таг харж байсан гэж хэлэх боломжгүй. Ямарч байсан эрүү шүүлт тулгасан болох нь намайг цахилгаан бороохойгоор цохиулж байгаа бичлэгээр нотлогдоно. 40 секунд гэдэг бол 1-40 хүртэл тоолох хугацаа. Ийм хугацаанд ямарч үйл явдал болоод өнгөрч болно. Би худлаа яриагүй. Нэг нь 2 гарыг минь гавлаад цонхны тавцан дээр гарч өргөөд зогсоход нөгөөдөх нь цахилгаан бороохойгоор бэлэг эрхтэн рүү цохиулахад ямар цаг хугацаа орсоныг бичлэг өөрөө нотлоод өгч байгаа. Бичлэгт байгаа дуу чимээ. Б.Батжаргал нь Ц.Анхбаярыгаа удирдаад заагаад энэ үйлдлийг хийсэн тул тэднийг хамтарч энэ хэргийг хийсэн гэж үзэх үндэстэй. Ц.Анхбаяр нь гаднаас 2 хүн орж ирэхэд байсан. Миний гавыг тайлсан. Гавны түлхүүр хайгаад орж гараад байсан. Би маш хэцүү байдалтай бэлэг эрхтэн өвдөөд, хүн орж ирэхэд доогуураа нүцгэн уйлчихсан. Үнэндээ маш ичгүүртэй байсан. Энэ хүмүүс намайг гомдол гаргахад дотроосоо шалгасан учраас үг хэлээ нийлүүлж зарим бичлэгийг устгасан юм шиг байна билээ. Эцэст нь Ц.Анхбаярыг цагаатгах боломжгүй .Энэ хоёр хүн нэг нь ганцаараа миний бэлэг эрхтэнийг бороохойгоор цохиулах үйлдэл хийж чадахгүй. Яагаад гэвэл би гавтай ч гэсэн гавтай гараараа хаагаад байсан юм. Харин гавтай гарыг дээш нь татаад өргөчихөөр би хамгаалж чадахгүй байсан. Цонхны тавцан дээр гараад гарыг минь өндөрт өргөсөн хүн бороохойгоор цохиулж чадахгүй тул өөр хүн тэр үйлдлийг хийсэн. Тийм учраас тэднийг хамтарч энэ хэргийг үйлдсэн гэж үзсэн нь зөв” гэжээ.

 

Шүүгдэгч Ц.Анхбаярын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Миний хувьд Б.Батжаргалын үйлдлийг таслан зогсоосон нь үнэн. Эрүүдэн шүүсэн асуудал байхгүй “ гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнхандын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Х.Оюунбат өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байгаа. Б.Батжаргалын хувьд Ц.Анхбаяртай бүлэглэж эрүүдэн шүүсэн үйл баримт тогтоогддоггүй. Камерын бичлэг болон бусад үйл баримтаар тогтоогдохгүй байгаа учир бүлэглэсэн гэдэг нь нотлогдож тогтоогдохгүй байна. Анхан шатны шүүхийн бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тогтоогдохгүй байна. Бүлэглэсэн гэж анхан шатны шүүх шийдвэр гаргасан нь шүүгдэгч Б.Батжаргалын эрх зүйн байдлыг дордуулсан. Батжаргалын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Үүнд Ц.Анхбаярын оролцоо байхгүй гэдгийг хэлдэг. Ц.Анхбаярын хувьд энэ гэмт хэрэгт Б.Батжаргалтай бүлэглэж оролцсон зүйл байхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Х.Оюунбат өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.Батжаргалын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Болсон асуудал дээр би Л.Эрдэнийн биед халдаж эрүүдэн шүүсэн нь үнэн. Л.Эрдэнийг бороохойгоор цохиулах үед Ц.Анхбаяр байгаагүй. Миний өрөөнд сууж байсан. Тухайн үед би бороохой аваад ир гэхэд Ц.Анхбаяр авч ирж өгсөн. Надад өгсөн бороохой нь ажиллахгүй байсан. Л.Эрдэнийг цахилгаан бороохойгоор бороохойдсон асуудал нь миний өрөөнд байсан цахилгаан бороохойгоор үйлдэгдсэн” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Д.Оюунчимэгийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: “Давж заалдах журмаар гаргасан гомдолд Л.Эрдэнэ өөрөө бичгээр тайлбар гаргасан. Би гаргасан тайлбартай нь санал нэг байна. Л.Эрдэнийг хүчингийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт буруутгахын тулд эрүүдэн шүүсэн энэ гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон. Эрүүдэн шүүсэн энэ хэрэг хаанаас эхэлсэн бэ гэвэл Л.Эрдэнийг хууран мэхэлж Орхон аймгаас Батжаргал машинаар Булган аймагт авч ирсэн. Ямар нэгэн саатуулах, баривчлах тогтоол шийдвэргүйгээр Булган аймагт худлаа хэлж авч ирсэн явдал мөн тухайн үед гар утсыг нь хураан авч хэнтэй ч холбоо барих боломжгүй болгосон явдал, зочид буудалд эрүүдэн шүүж цахилгаан бороохойгоор бороохойдсоноос гадна зочид буудалд байлгасан, хүчээр оруулсан. Буудалд хүний эрхийг зөрчсөнөөрөө эрүүдэн шүүлт эхэлсэн гэж үзэж байгаа. Цахилгаан бороохойгоор цохиулсан гэдэг нь бичлэгт авагдсан дуу чимээгээр нотлогдож байгаа. Л.Эрдэнэ нь олон газарт Батжаргал, Анхбаяр нарын үйлдлийн талаар гомдол гаргасан.  Цагдаагийн ерөнхий газрын дотоод хяналт шалгалтын хэлтсээс Булган аймгийн Цагдаагийн газрын дэд даргыг энэ асуудлыг шалга гэж томилсон юм байна лээ. Энэ хугацаанд бүх зүйлүүдийг устгасан байгаа нь хэргийн материалаас харагдана. Харин IT инженерийн гаргаж өгсөн баримтад дуу чимээний бичлэгийг устгаагүй байсан. Мөн орж гарч буй бичлэг үлдсэн нь нотлогдож байна. Гэрч Батхүү, Ганбаатар нар цагдаагийн газарт ажиллаж байгаа ашиг сонирхол нэгтэй хүмүүс. Тийм байсан ч гэсэн ийм нөхцөл байдал байсан гэж хэлэхгүй нууна. Тийм учраас эдгээр нотлох баримтуудыг Л.Эрдэнийг худал мэдүүлж байна гэж үзэх үндэслэл байхгүй. Хохирогч үнэн зөв мэдүүлэг өгдөггүй гэж Х.Оюунбат өмгөөлөгч ярьж байна. Тэгвэл худал ярьж байгаа гэдгийг нь юугаар нотлох вэ. Цахилгаан бороохойд цохиулаад хүн ёо, ёо гэж орилоод, цахилгаан бороохой чаг чаг гэж дуугарч байгаа явдлыг Л.Эрдэнэ өөрөө зохиох юм уу. 40 секундын явдал гэж яриад байдаг. 40 секунд гэдгийг 40 тоолох хугацаа гэж үзнэ. Энэ нь цахилгаан бороохойгоор цохиулах, цонхны тавцан дээр гарч байгаа үйлдэл нь 40 секундэд буюу 40 тоолох хугацаанд болох боломжтой. Гар нь чөлөөтэй болохоор хөдлөөд эсэргүүцээд байсан учир цонхны тавцан дээр гараад хоёр гарыг нь гавлаад өргөчихөөр энэ хүн өөрийгөө хамгаалж чадахгүй, эсэргүүцэж чадахгүй. Энэ үед нөгөө цахилгаан бороохойгоор цохиулсан гэдэг нь нотлогдож тогтоогдсон гэж үзэж байгаа учир давж заалдах гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан. Цахилгаан бороохойгоор бороохойдуулж, хоосон зочид буудалд авч очиж гутлыг нь хураан авч хонуулж, буудлыг  гаднаас нь цоожилж авч явснаас сэтгэл зүйн асар их дарамтад орсон, айсан. Айсны үндсэн дээр маргааш нь энэ гэмт хэргийг хийсэн гэж хүлээсэн байгаа. Ингэж хүнд эрүү шүүлт тулгаж байгаад гэмт хэрэг үйлдсэн гэж хүлээлгэсэн явдал нь нотлогдож тогтоогдсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй тул давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурорын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлт: Шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нарт холбогдох эрүүгийн 2115000140145 хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нар нь Л.Эрдэнийг эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн байна. Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд зааснаар эрүүдэн шүүх гэмт хэргийг санаатай үйлдэж үйлдлээрээ нэгдэн бүлэглэж үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан. Б.Батжаргалын хувьд Л.Эрдэнэд холбогдох насанд хүрээгүй бага насны хүүхэд Мичидмааг хүчиндсэн гэх хэрэгт мэдүүлэг авахаар дуудаж ирүүлсэн. Мэдүүлэг авах үүрэг чиглэл авч үндсэн мөрдөгч Нямхүүг байхгүй үед Эрдэнээс мэдүүлэг авахаар Цагдаагийн байгууллага дээр ирүүлсэн. Ийм хэрэгт сэжиглэгдэж мэдүүлэг авах гэж байна гэдгийг танилцуулахад огт ийм хэрэг үйлдээгүй гэдэг байдлаар Л.Эрдэнэ хэлэхэд хэрэг хүлээсэн мэдүүлэг өгүүлэх зорилгоор эрүүдэн шүүх гэмт хэргийг Ц.Анхбаяртай бүлэглэж үйлджээ гэж үзсэн. Батжаргалын хувьд шүүх хуралдааны явцад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцсон байдаг. Ц.Анхбаярын хувьд Б.Батжаргалын үйлдэлд нэгдсэн. Батжаргалын үйлдэлд дэмжлэг үзүүлж оролцсон байдал нь камерын бичлэгт авагдсан байгаа. Цагдаагийн газрын нэг болон хоёр давхрын камерын бичлэгийг авсан. Хоёр давхарт авагдсан камерын бичлэгийн 19 цаг 44 минут 05 секундээс эхлээд шар, шар хийх чимээ гарч байгаа. 19 цаг 44 минут 29 секундэд мөн шар шар хийх цахилгаан бороохойны дуу чимээ, яая гэж орилох чимээ гарч байгаа. 19 цаг 44 минут 34 секундэд хүмүүсийн ярих чимээ гардаг. 19 цаг 44 минут 49 секундэд шар шар гээд хүний яая гэж орилж байгаа чимээ гарч байгаа. 19 цаг 45 минут 06 секундэд хүний орилж байгаа чимээ гардаг. 19 цаг 45 минут 22 секундэд хөлөө гарга гэж хэлж буй хүний хэл яриа гарж байгаа. 19 цаг 45 минут 50 секундэд хүний ярьж байгаа яриа болон шар шар хийх цахилгаан бороохойны чимээ гарч байгаа. 19 цаг 48 минут 28 секундээс, 19 цаг 48 минут 50 секундын хооронд шар шар хийсэн чимээ, яа яа гэж хэлээд хүний орилж буй чимээ сонсогдож байгаа. Найман хэсэг камерын бичлэгийг авсан. Камерын бичлэгүүдийг анхан шатны шүүх хуралдааны явцад хурлын танхимд шинжлэн судалж бүгд үзсэн.  40 секундын хоорондын асуудал яригдаж байгаа боловч 19 цаг 44 минут 05 секундээс, сүүлийн байдлаар 19 цаг 48 минут 50 секундын хооронд гэхээр 4 минут 45 секундийн хооронд цахилгаан бороохойны шаржигнаж дуугарах чимээ, хүний яаяа гэж орилж шаналал зовуур үүсгэсэн дуу чимээг бүгд сонсож үзсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн камерын бичлэгт болон Ц.Анхбаярын гэрчээр өгсөн мэдүүлгээр гартаа барьсан зүйлийг утасны кейс гэсэн байгаа. Мөн гартаа барьсан хар зүйлийг камерын бичлэгээс хараад энэ юу вэ гэхэд тухайн зүйл нь гар чийдэн гэх байдлаар мэдүүлэг өгсөн. Шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нары хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүдэн шүүх үйлдлийг гаргаагүй гэдэг байдлаар мэдүүлсэн боловч мөрдөн шалгах ажлын үр дүнд камерын бичлэг олдсон. Түүнээс үүдэлтэй шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжээч  томилоход шинжээчийн дүгнэлтээр бичлэгт авагдсан 19 цаг 35 минутаас 19 цаг 50 минут 59 секундэд бичигдсэн бичлэгийн 19 цаг 41 минут 51 секундэд дүрслэгдэх хүний баруун гартаа барьсан эд зүйл нь харьцуулах загвараар ирүүлсэн цахилгаан бороохойтой өнгө, хэлбэр, оруулга, гэрлийн цайр гэсэн шинж тэмдгүүдээр тохирч байна. Мөн дүгнэлтийн гурав дахь заалтад 19 цаг 36 минут 01 секундэд дүрслэгдэх хүний гартаа барьсан зүйл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн бугуйн гавтай хэлбэр, дүрс, өнгө, хэмжээгээр төстэй тохирч байна гэх дүгнэлт гаргасан байгаа. Ц.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагчдаар өгсөн мэдүүлэг нь шинжлэх ухааны үндэслэлтэй гарсан дүгнэлтүүдээр үгүйсгэгдэж байна. Хохирогч болсон үйл баримтын талаар удаа дараа мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгөхдөө эрүүдэн шүүсэн гэх асуудлыг Ц.Анхбаяр, Б.Батжаргал нар бүлэглэж үйлдсэн гэдгийг анхнаасаа тууштай мэдүүлсэн. Хохирогчийн мэдүүлэг хэрэгт цугларсан баримтаар нотлогдож тогтоогдсон гэж үзэж байгаа. Иймд 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Ц.Анхбаярын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шүүх үнэлж дүгнэх боломжтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй.

Шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нар нь 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Булган аймаг дахь Цагдаагийн газрын 2 дугаар давхарт байрлах Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчдын өрөөнд иргэн Л.Эрдэнэд “Булган аймгийн Сэлэнгэ суманд оршин суух бага насны Д.Мичидмаа бусдад хүчиндүүлсэн” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бие эрх чөлөөнд буюу хоёр гарын бугалга, хоёр хөлийн гуяны гадна тал, дотор тал, нуруу, бэлэг эрхтэнд халдаж цахилгаан бороохойгоор цохиулсан үйлдлээр хохирогчийн бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэмт хэрэг бүлэглэн үйлдсэн болох нь:

Хохирогч Л.Эрдэнийн ...миний хийгээгүй хэргийг хүчээр хүлээлгэж эрүүдэн шүүсэнд гомдолтой байна. Төрсөн эгчийн 8 настай охин Мичидмааг хүчиндсэн хэргээр намайг эрүүдэн шүүж, ажлын байрандаа дарамтлан, худал мэдүүлэг өгөхийг шаардаж, хилс хэрэг хүлээлгэсэн тул үнэн зөвөөр шалгаж өгнө үү гэх гомдол, түүнийг хүлээн авсан Авлигатай тэмцэх газрын өргөдөл гомдлын бүртгэл-хяналын карт /1 дүгээр хавтаст хэргийн 3-7 дахь тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Эрдэнийн гэрчээр мэдүүлсэн: ... Б.Батжаргал намайг Булган аймаг дахь Цагдаагийн газрын хоёр давхарт байрлах вакум хаалгатай өрөөгөөр дамжаад нэг жижиг өрөө рүү авч орсон. Жижиг өрөө рүү ороод миний гар утсыг оролдоод ...“Мичидмаа гэж таних уу? гэж асуухаар нь би “манай эгчийн хүүхэд үү” гэсэн чинь Б.Батжаргал “чи яагаад жаахан хүүхдийг хүчирхийлсэн бэ?” гэж асуухаар би “тийм хэрэг хийгээгүй” гэж хэлсэн. Тэгтэл Б.Батжаргал хажуу талынхаа ширээ нь дээр байсан хар өнгийн цахилгаан бороохойг аваад цэнэглэгчид нь хийгээд цэнэглэсэн. Тэр үед Сэлэнгэ сумын хэсгийн цагдаагаар ажиллаж байсан Ц.Анхбаяр өрөөнд орж ирээд “энэ яасан юм бэ, хаанахынх юм бэ” гэж асуусан. Тэгтэл Б.Батжаргал “Энэ Ингэтийнх, хэрэг үйлдсэн” гэж хэлсэн. ...Тэгээд Б.Батжаргал нь “Ц.Анхбаярыг том бороохой аваад ир” гэхэд Ц.Анхбаяр өрөөнөөс гараад явсан. Ц.Анхбаяр цагдаа нэлээн том цахилгаан бороохой барьж орж ирсэн. Тэгээд “энэ ч арай хэтрэх байхаа, морь мал цохиход унадаг юм чинь, наадахыг чинь алаад хаячихна ш дээ” гэж Б.Батжаргалд хэлээд инээлдээд байсан. Б.Батжаргал хошууч өөрийн гар утсан дээрээсээ май энийг унш гээд надаар уншуулсан. Би тэрийг нь уншсан чинь “би сайн санахгүй байна, 2-3 жилийн өмнө гэртээ ганцаараа хоймрынхоо модон орон дээр унтаж байсан, Эрдэнээ ах гаднаас согтуу орж ирээд хуруугаараа миний эрхтэнийг оролдсон, дараа нь боожгойгоо хийх гэж оролдсон, “яаая агаа” гэсэн чинь босоод гараад явсан.” гэж бичсэн зүйл байсан. Хошууч Б.Батжаргал ... “ энэ хүүхдийн өгсөн мэдүүлэг, шүүх шинжилгээ баталчихсан, одоо хэргээ хүлээ” гэсэн. Тэгэхээр би ... “би тийм хэрэг хийгээгүй” гэсэн чинь ...“яахаараа хэргээ хүлээдэггүй юм” гээд намайг дахин жижиг цахилгаан бороохойгоор цохиулах гэхээр нь би зайлсхийсэн чинь миний баруун гарыг гавлаад гавын нэг талаас хошууч Б.Батжаргал бариад Ц.Анхбаяр цагдаад ... “хананд жижиг төмөр өлгөөд тэр төмрөөс нь гавыг нь зүүчих юм бол хөдлөхгүй амар юм байна” гээд миний хоёр гарыг нийлүүлээд цээжний урд талд гавласан. Хошууч Батжаргал “яахаараа чи хэргээ хүлээдэггүй юм, би чамд хэргийг чинь хүлээлгээд өгнө гээд, намайг өмд, дотуур өмдөө тайл” гэсэн. Би гавтай байсан учир арай хийн өмд, дотуур өмдөө тайлсан. Хошууч Б.Батжаргал миний гавтай гараас дээш татаад өөрөө цонхны тавцан дээр гараад миний хоёр гарыг дээш өргөөд ... “Анхбаяраа наадхаа одоо хоёр төмсөг рүү нь цахилгаан бороохойгоор цохиул ” гэсэн. Тэгсэн Ц.Анхбаяр цагдаа жижиг цахилгаан бороохойгоор миний бэлэг эрхтэн рүү цохиулах гэхээр нь би зайлсхийсэн чинь чи яагаад хөдлөөд байгаа юм гээд миний хоёр хөлийн гуяны гадна талд олон удаа цахилгаан бороохойгоор цохиулсан. ... Тэгсэн Ц.Анхбаяр цагдаа жижиг цахилгаан бороохойгоор миний хоёр төмсөг рүү эхлээд нэг удаа цохиулсан чинь хошууч Б.Батжаргал ... “аятайхан хэргээ хүлээгээд, ах, эгч нартаа очоод гомдолгүй гэсэн бичиг аваад ир, би нэг удаадаа чамайг салгаад явуулъя гэсэн. Тухайн үед миний бэлэг эрхтэний хэсэгт аймар өвдөөд би уйлах гээд уйлж чадахгүй, ярих гээд ярьж чадахгүй байсан. Тэгээд хошууч Б.Батжаргал Ц.Анхбаяр цагдаад хандан “наадах чинь хэргээ хүлээхгүй байна, дахиад цахилгаан бороохойгоор цохиул” гэсэн. Тэгэхээр нь “би болъё ахаа” гэсэн чинь Ц.Анхбаяр цагдаа дахиад миний төмсөг рүү жижиг цахилгаан бороохойгоор 2 удаа цохиулаад одоо хамаагүй бэлэг эрхтэн рүү олон удаа цахилгаан бороохойгоор цохиулж болохгүй байх гэж хошууч Б.Батжаргалд хэлсэн.... гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 30-35 дахь тал/,

Гэрч Г.Мөнхболдын “...Цагдаагийн хошууч Б.Батжаргалд ямар нэгэн тусгай хэрэгсэл хуваарилан өгөөгүй. Харин ахлах дэслэгч Ц.Анхбаярт 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр бугуйн төмөр гав нэг ширхэг, том цахилгаан бороохой нэг ширхэгийг газрын даргын зөвшөөрлөөр хуваарилан өгсөн. Цахилгаан бороохой нь бариул  хавтгай, урд хэсэг нь бөөрөнхий, дугуй хэлбэртэй, 40 орчим см урттай, хар өнгийн ард талдаа хоёр ширхэг дөрвөлжин батарей ордог, урд талдаа тог гаргадаг хоёр ширхэг шонтой. 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр эд хөрөнгийн жилийн эцсийн тооллого хийх үед Ц.Анхбаярт хангалтаар өгсөн гав нь байсан. Харин  цахилгаан бороохой нь байгаа гэж хэлж тоолуулсан. Ц.Анхбаяр, Б.Батжаргал нарт ямар эд хөрөнгө бүртгэлтэй байгааг бичсэн ашиглалтын бүртгэл надад байгаа.  ... гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 55 дахь тал/,

Гэрч Д.Мягмаржавын ...Хяналтын камерын бичлэг дээр Ц.Анхбаяр нь миний ажлын өрөөнд байх ширээний доод талын тавиур дээр тавьсан байсан анх намайг Булган аймаг дахь Цагдаагийн газарт ахлах байцаагчаар ажилд томилогдон ирэхэд өрөөнд байсан хар өнгийн 30 орчим см урттай, ажилладаггүй, нэрийг нь мэдэхгүй цахилгаан бороохойг өрөөнөөс авч гартаа барьсан коридороор явж байгаад хяналтын камерт бичигдсэн байна.  ... гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 45-46 дахь тал/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 122-130 дахь тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 735 дугаартай шинжээчийн дүгнэлтийн:дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 2020/10/12 19:41:51 секундэд дүрслэгдэх хүний баруун гартаа барьсан эд зүйл нь харьцуулах загвараар ирүүлсэн цахилгаан бороохойтой өнгө, хэлбэр, оруулга, гэрлийн цайр зэрэг шинж тэмдгээр тохирч байна. 2020/10/12 19:36:01 секундэд дүрслэгдэх хүний гартаа барьсан зүйл нь шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн бугуйн гавтай хэлбэр, өнгө гэсэн шинж тэмдгээр төсөөтэй байна. Шинжилгээнд ирүүлсэн came14_2020-10-12_19-50-59_САМ14 (convert-video-online.com) (1) гэсэн нэртэй дүрс бичлэгт хэлэгдэх хүмүүсийн дуу авианы утга агуулгыг тогтоох нь дүрс бичлэг, дуу авианы шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамаарахгүй. Шинжилгээнд ирүүлсэн хар өнгийн цахилгаан бороохойг хэвийн ажиллагаатай эсэхийг тогтоох нь дүрс бичлэг, дуу авианы шинжээчийн тусгай мэдлэгт хамаарахгүй” ...гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 64-68 дахь тал/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлд “...3 дугаартай бороохой нь миний харж байсан хойд тал нь жигдхэн, урд тал нь чүд чүд том бороохой мөн байна.” гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Давж заалдах шатны шүүх хууль ёсны байдлыг дүгнэн, хэрэгт хамааралтай баримт бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянах үүрэгтэй бөгөөд тухайн хэргийн хувьд хэргийн нотлох баримтын хангалттай, нотолгооны ач холбогдолтой байдлыг харьцуулан шинжилж, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг харьцуулан үнэлсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасны дагуу анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Б.Батжаргал, Ц.Анхбаяр нарыг бүлэглэж хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоож эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзнэ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13, 14 дэх хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй. Хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүй. Баривчилсан шалтгаан үндэслэлийг баривчлагдсан хүн, түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгчид нь хуульд заасан хугацаанд мэдэгдэнэ.”, “...Өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно.” гэж заасныг тус тус зөрчиж иргэн Л.Эрдэнийг гэмт хэрэг хүлээлгэх зорилгоор эрүү шүүлт тулгасан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн төдийгүй шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 5 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 24 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол, ........... аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн камерын бичлэг, гэрэл зургийн үзүүлэлтээр болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, гэрч Г.Мөнхболд, Ц.Отгон, Д.Мягмаржав нарын мэдүүлэг зэргээс шүүгдэгч нар эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн болох  нь нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тодруулбал: ....... аймаг дахь Цагдаагийн газрын камерын бичлэгт  “...2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 19 цаг 36 минут 21 секундээс 25 секундийн хугацаанд шүүгдэгч нар хохирогчийн хамтаар өрөөнд орж, 19 цаг 41 минут 15 секундэд шүүгдэгч Ц.Анхбаяр коридороор явж өөр өрөөнд орж байгаа бөгөөд 19 цаг 41 минут 50 секундэд баруун гартаа урт дугуй хэлбэртэй зүйл барьсан байдалтай ирж байгаа, 19 цаг 44 минут 05 секунд, 19 секунд, 29 секундэд шар шар гэх чимээ, хүний яая гэх дуу, 19 цаг 44 минут 34 секундэд хүмүүсийн ярих чимээ, 19 цаг 44 минут 49 секундэд шар шар гэх чимээ болон хүний яая гэх чимээ, 19 цаг 45 минут 06 секундэд хүний орилох чимээ, 19 цаг 45 минут 22 секундэд хөлөө гарга гэх яриа, 19 цаг 45 минут 50 секундэд хүний ярьж байгаа яриа болон шар шар гэх чимээ, 19 цаг 48 минут 28 секундээс 50 секундэдын хооронд шар шар гэх чимээ болон хүний яая, яая гэх дуу сонсогдож байна гэсэн тэмдэглэлд дүрслэгдсэн байдал нь хохирогч Л.Эрдэнийн гомдолд болон гэрчийн мэдүүлэгт дурдсан ...Б.Батжаргал нь Ц.Анхбаярыг бороохой аваад ир гэхэд ...Ц.Анхбаяр нилээн том цахилгаан бороохой барьж орж ирсэн, Б.Батжаргал хэргээ хүлээ гээд жижиг цахилгаан бороохойгоор цохиулах гэсэнд би зайлсхийсэн чинь миний баруун гарыг гавлаад нэг талаас нь Б.Батжаргал бариад Ц.Анхбаяр жижиг цахилгаан бороохойгоор цохиулсан гэх мэдүүлэгээр, 19 цаг 44 минут 05 секундээс 19 цаг 48 минут 50 секунд хүртэл нийт 4 минут 45 секундийн хугацаанд шар шар хийх дуу чимээ гарах, хүмүүс хоорондоо ярилцах, хүний яая, яая гэх дуу сонсогдож байгаа, шүүгдэгч Ц.Анхбаяр гартаа бороохой барьж эрүүгийн тасгийн мөрдөгч нарын өрөөнд орсон цаг хугацаанаас хойш 2 минут 22 секундын дараа дээрхи чимээ гарсан байдал, гэрч Г.Мөнхболдын “…Б.Батжаргалд ямар нэгэн тусгай хэрэгсэл өгөөгүй, харин Ц.Анхбаярт бугуйн төмөр гав, том цахилгаан бороохой олгосон,” гэсэн мэдүүлэг, Булган аймаг дахь Цагдаагийн газрын ажилчин, албан хаагчдын хэрэглэж байгаа эд, хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэргээр шүүгдэгч Ц.Анхбаяр Б.Батжаргалын үйлдэлд урьдчилан тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно гэсэн Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Анхбаярын өмгөөлөгч Х.Оюунбатын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

   1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 2022/ШЦТ/120 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Анхбаярын өмгөөлөгч Х.Оюунбатын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

          

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ХҮРЭЛБААТАР   

         

 

                                         ШҮҮГЧ                                  Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Д.АЗЖАРГАЛ