| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2017/0589/Э |
| Дугаар | 535 |
| Огноо | 2017-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Чинбилиг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 535
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Чинбилиг,
шүүгдэгч А.Ж, түүний өмгөөлөгч Т.Отгонсүрэн, Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Б овгийн Аийн Жд холбогдох эрүүгийн 1708016580158 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа Хархорин зах дээр бараа зардаг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Аийн Ж /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч А.Ж нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 01:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27 дугаар байрны гадна Мустанг баарны хажуу талд байрлах караокены үүдэн хэсэгт иргэн Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан доорх нотлох баримтуудаар А.Ж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь тогтоогдсон байна. Тодруулбал,
А.Ж нь 2017 оны 09 дүгээр сарын 25-ны шөнө 01:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 27 дугаар байрны гадна Мустанг баарны хажуу талд байрлах караокений үүдэн хэсэгт иргэн Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан Б.Гын өргөдөл /хх-ийн 3х/
Хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 24-ний орой би хамт Хархорин зах дээр наймаа хийдэг Чимгээ, Болороо, Үүрээ нарын хамт 20:00-21:00 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах паабад орсон. Паабад ороод бид нар пиво, архи авч уусан. Бид дөрвүүлээ 1-2 пиво, 1 шил 0.5 литрийн Чингис архи уусан. Тэнд бид нар сууж байгаад 22:00 цагийн үед Мустанг баарны хажууд байрлах караоке руу орсон. Караоке нь тусдаа өрөөтэй байсан. Караокед бид нар ороод пиво захиалсан. Би тэр караокед уугаагүй. Бид нар караокед байж байгаад Үүрийнтуяа утсаар ярьлаа гээд гарсан. Удалгүй Үүрийнтуяа орж ирээд гадаа гар утсаа дээрэмдүүлсэн гэж хэлээд орж ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ харьцгаах гээд гадаа үүдэн дээр зогсож байтал 1 танихгүй эрэгтэй зогсож байсан. Тэгэхээр нь би тэр танихгүй эрэгтэйг “чи Үүрийнтуяагийн утсыг булаасан юм уу гэхэд тэр эрэгтэй чи юу яриад байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Үүрийнтуяа “наад хүн чинь хамаагүй, манай зах дээр зогсдог хүн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би андуурснаа мэдээд “уучлаарай ах” гээд гар барих гэтэл “би хүнтэй гар барьдаггүй” гээд байсан. Тэгээд би цаашаа явах гээд бид нар бүгдээрээ зам руу гарсан. Тэд нар намайг таксинд суулгаж өгөх гэж байсан. Тухайн танихгүй эрэгтэй мөн 1 танихгүй эрэгтэйн хамт явж байсан. Би тэр ахад “за уучлаарай ах, андуурсан байна” гэхэд “би хүнтэй гар барьдаггүй” гээд уурлаад миний зүүн нүд орчим гараараа 1 удаа цохьсон. Тэгээд би ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй шууд яваад өгсөн. Би Ачтан эмнэлэгт 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 09-нийг хүртэл 5 хоног хэвтэж эмчлүүлсэн. Би 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр нүдний хагалгаанд орсон. ...Зургийг нь авахуултал нүдний ухархай яс цөмөрсөн байна гэсэн. Тэгээд Ачтан эмнэлэгт очиж үзүүлээд 8 төрлийн шинжилгээ өгсөн. Хагалгаанд орохоор болоод гаймор хөндий, хамрын хугарал, нүдний ухархайн хананы хугарлын хагалгаанд орсон. Хамар болоод нүдний хагалгааны төлбөр 3.200.000 төгрөг болсон. Тэгээд ор хоногийн мөнгө гэж 250.000 төгрөг өгсөн. Эмчилгээний буюу эм тарианы 150.000 төгрөг, томографийн зураг авахуулахад 120.000 төгрөг болсон. Өөр бусад баримт нь байгаа. Эмчилгээ дуусаагүй байгаа. Хэзээ гэдгийг нь мэдэхгүй байна. Цаашид хэдэн төгрөгний эмчилгээ хийлгэх талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16, 76х/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12323 дүгнэлтэд: “...1/Б.Гын биед зүүн нүдний ухархайн дотор хана, доод хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2/Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3/Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4/цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5/Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэжээ. /хх-ийн 19х/
Гэрч Ш.Үүрийнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Караокед сууж байхад миний гар утас дуугараад би утсаараа яриад караокены үүдэнд зогсч байтал миний араас танихгүй хүн цохиод Самсунг Эс-5 маркийн хар өнгийн гар утсыг дээрэмдэн авч явсан. Тэр үед миний танил Хархорин зах дээр наймаа хийдэг Ж, 1 залуугийн хамт над дээр “Үүрээ чи зүгээр үү” гэж хэлээд ирсэн. Би түүнд асуудлыг хэлээд буцаад караоке руу орсон. Би караокед сууж байсан Батчимэг, Болормаа, Г нарт хүнд гар утсаа дээрэмдүүлсэн талаар хэлсэн. Тэнд бид нар сууж байгаад удалгүй 00:00 цагийн үед бүгд караокеноос гарсан. Бид нарыг караокены үүдэнд зогсож байтал үүдэнд Ж үл таних залуугийн хамт зогсож байсан. Тэгтэл Г нь Ж гэх хүнийг “Та Үүрийнтуяагийн гар утсыг авсан биш үү” гэж хэлсэн. Тэгээд тэр 2 үл ойлголцоод маргалдаж эхэлсэн. Г нь миний гар утсыг дээрэмдсэн хүнийг Ж гэж бодсон байсан. Тэгээд тэр 2 муудалцаад Г “андуурсан байна, уучлаарай” гэж хэлээд гар барих гэтэл нөгөө Ж “би чамтай гар барьдаггүй” гэж хэлээд зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа 1 удаа цохьсон. Намайг харахад Гын хамар луу нь цохьсон. Г тэр хүний өөдөөс ямар ч хариу үйлдэл үзүүлээгүй, харин өөрөө зодуулчихаад яваад өгсөн. Ж тэнд найзтайгаа үлдсэн. Бид нар согтолтын хувьд гайгүй байсан. Би болсон бүх зүйлийг санаж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-7х/
Гэрч М.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г Ж гэх хүнийг “та Үүрийнтуяагийн гар утсыг авсан юм биш үү” гэсэн. Тэгээд тэр хоёр маргалдаж эхэлсэн. ...Г “андуурсан байна уучлаарай” гэж хэлээд гар барих гэтэл нөгөө Ж “би чамтай гар барьдаггүй” гэж хэлээд зөрүүлээд 1 удаа нүүрэн тус газар нь цохьсон. ...Хамар, нүд рүү нь цохьсон. Г өөдөөс нь ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. ...Г нь хүн андуурснаа ойлгоод Жтай эвлэрээд гар барья гэхэд өөдөөс нь үгийн зөрүүгүй 1 удаа гараараа нүүрэнд нь цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8х/
Гэрч Ц.Батчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г нь Үүрийнтуяагийн гар утсыг дээрэмдсэн хүнийг тухайн залууг гэж бодсон байсан. Тэгээд тэр 2 муудалцаад Г “андуурсан байна, уучлаарай” гэж хэлээд гар барих гэтэл нөгөө залуу “би чамтай гар барьдаггүй” гэж хэлээд зөрүүлээд 1 удаа Гын нүүрэн тус газар нь цохьсон. Гыг зодсон гэх залуутай хамт явсан залуу нь огт гар хүрээгүй, харин салгасан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11х/
Гэрч Б.Батхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Би пааб руу орчихоод буцаад гартал паабын үүдэнд нөгөө надтай зөрж гарсан залуу Жтай маргалдаад зогсож байсан. ...Тэгтэл нөгөө залуу “уучлаарай ахаа” гээд Жтай гар барьсан. Тэгтэл Ж нөгөө залуутай буцаад маргалдаж эхэлсэн. Би тэр хоёрыг боль гэхэд болихгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13х/
Гэрч М.Наргарангийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Г гэх хүн 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр манай эмнэлэгт ирж зүүн нүдний ухархайн ясны дотор доод хөлийн хавсарсан цөмрөлт хамрын хянга ясны цөмрөл таславчийн мурийлт, гайморын хөндийн цус хурсан оноштойгоор чих хамар хоолой, нүдний эмчийн хавсарсан бүрэлдэхүүнтэй хагалгаанд орсон. Хагалгааны гол материалд ухархайны яс хөндсөн “MEDPOR” нэртэй суулгац ашигласан. ...Нүдний ухархайн ясны хагалгаа нь 2.270.000 төгрөг болсон. Хамрын хагалгаа нь “Жаргал” эмнэлгийн эмч Цогтжаргал хийсэн. Хамрын хагалгааны төлбөр 700.000 төгрөг болсон гэж байсан. ...Г 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр манай эмнэлэгт хэвтээд хагалгаанд орсон. 2017 оны 10 дугаар сарын 09-ны өдөр эмнэлгээс гарсан. Одоо хяналтанд байдаг бөгөөд бүрэн эдгэрэхэд хугацаа хэрэгтэй байдаг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71х/
Гэрч Г.Цогтжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г нь гайморын хөндийн дээд хана, нүдний ухархайн доод хананы хугаралтай байсан учир Ачтан эмнэлгийн эмчтэй хамт хавсарсан хагалгаа хийсэн. Ер нь бол манай хагалгааны төлбөр 800.000 төгрөг болсон, хямдруулаач гээд гуйгаад байхаар нь 700.000 төгрөгөөр хагалгаанд орсон, мөн хамрын шинэ хугарал авсан байсан учир хагалгааны явцад эмчилсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74х/
Шүүгдэгч А.Жы мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр би ажлаа хийж байгаад найз Батхишигтэй хамт орой ажил тараад аавын гэрээс очиж машинаа аваад гэрийнхээ гадаа тавьчихаад Батхишигийг гэр лүү нь дөхүүлж өгөнгөө замаараа бид 2 Мустанг бааранд орж 1 шил пиво уусан. Тэгээд Мустанг караокед сууж байтал гаднаас Үүрийнтуяа орж ирээд өрөө андуурчихлаа гээд гараад явсан. Тэгтэл Батхишиг Үүрийнтуяа явж байна гэж хэлээд араас нь гарсан. Би хэсэг өрөөндөө ганцаараа сууж байгаад гадаа тамхи татахаар гартал Үүрийнтуяа сая үл таних хүн миний гар утсыг дээрэмдээд аваад явчихлаа гэж хэлчихсэн сууж байсан. Тэгэхээр нь би хаашаа гүйсэн гэж асуутал ийшээ гүйсэн гээд зам руу заахаар нь араас нь гүйгээд гар утсыг нь авсан нөхрийг олоогүй. Буцаж ирээд Мустанг баарны гадаа зосгож байтал Г гэх залуу гарч ирээд чи гар утсыг нь авчихсан юм уу гэж хэлээд надруу дайрсан. Тэгтэл Үүрийнтуяа наадах чинь бишээ манай найз байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл Г гэх залуу уучлаарай гар барья гэхээр нь би уурандаа барихгүй гэж хэлээд караоке руу орсон. ....Гадаа гараад бүгдээрээ хоорондоо юм яриад зогсож байтал Г гэх залуу “ах пальдагдаад дүүгээ танихгүй байгаа юм уу” гэхээр нь би “чамайг танихгүй” гэж хэлээд “чи намайг таних уу” гэж хэлтэл “танихгүй гээд эр хүн шиг сайхан үзчихье дараа нь иймээ тиймээ юм байхгүй” гэж хэлээд куртикний захнаас заамдаад авахаар нь зөрүүлж заамдаад караокений зүүн талд байх овгор шорооны хажууд очоод миний цамцнаас татаад урчихаар нь би нүүрний хэсэгт хажуу талаас нь 1 удаа баруун гараараа цохьсон. Тэгтэл Г нүүрээ дараад суугаад үлдсэн, би Батхишигийг дагуулаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно.
Тус хэргийн үйл баримтыг дүгнэвэл, хохирогч Б.Г нь А.Жыг бусдын утасыг хууль бус аргаар авсан гэж хардаж сэрдсэн нь А.Жы дургүйцлийг төрүүлсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндэд халдаж гэмтэл учруулсан үйл явдал болсон байна. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан гэрч Ш.Үүрийнтуяа, Ц.Батчимэг, М.Болормаа нарын мэдүүлэгт хохирогч Б.Г нь утас авч зугтаасан хүнийг А.Ж гэж андуурсан, улмаар уучлалт гуйж гар барих гэхэд нь А.Ж нь уурлан түүнийг цохьсон талаар дурдагдсан /хх-ийн 6-7, 8, 11х/, уг үйлдлийн улмаас хохирогч Б.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн 12323 дугаартай дүгнэлтээр /19х/, нөхөн сэргээх хагалгаанд орсон болох нь М.Наргаран, Г.Цогтжаргал нарын мэдүүлгүүдээр /хх-ийн 71, 74 тус тус тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч А.Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
А.Жы хувийн байдлаар талаар:
Гэрч А.Эрхэмбаярын мэдүүлэг /хх-ийн 68х/
Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45х/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48х/-аар тогтоогдлоо.
Хохирол төлбөрийн тухайд:
Шүүгдэгч А.Ж нь хохирогч Б.Гийн эрүүл мэндийн хохирлын төлбөрт 3.444.000 төгрөгийг төлсөн болох нь хохирол төлсөн, хохирогч нь “гомдол санал нэхэмжлэх зүйлгүй” тухай баримт /шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч А.Жы бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч А.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй. /хх-ийн 113, 114х/
Шүүгдэгч А.Жы үйлдсэн хэрэг нь хөнгөн хэргийн ангилалд хамаарагдсан, түүний хувийн байдал, “Хархорин” худалдааны төв дээр арилжаа эрхэлдэг тухай “Хархорин” худалдааны төвийн тодорхойлолт /шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт/, гэрч А.Эрхэмбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 68х/, мөн шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргийг харгалзан А.Жд 500.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Ж нь шүүх дээр хэрэг нь хянагдаж байх хугацаандаа буюу 2017 оны 12 дугаар сарын 04-ны өдөр урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн гэх үндэслэлээр түүнийг олж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтсоны дагуу А.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл 6 хоног цагдан хоригдсон болно. Иймд түүний цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх ялаас нь хасвал /15х1000х6 хоног=90.000 төгрөг буюу 500.000-90.000=410.000 төгрөг/ Э.Жд 410.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулахаар байх бөгөөд түүний дээрх хувийн байдлыг харгалзан 410.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч А.Жы иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Аийн Жыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жыг 500 /таван зуу/ нэгж буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч А.Ж нь 6 хоног цагдан хоригдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, нийт торгох ялын хэмжээг 410 /дөрвөн зуун арав/ нэгж буюу 410.000 /дөрвөн зуун арван мянга/ төгрөгөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Жд оногдуулсан 410 нэгж буюу 410.000 төгрөгөөр торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, А.Ж нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ