Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сарантуяагийн Ганбат |
Хэргийн индекс | 128/2023/0786/З |
Дугаар | 128/ШШ2023/0836 |
Огноо | 2023-11-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 128/ШШ2023/0836
2023 11 13 128/ШШ2023/0836
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Гомдол гаргагч: “Х*******” ХХК
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Б*******ал
Хариуцагч: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.О*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Д
Гомдлын шаардлага: Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.
Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******ал, хариуцагч Ц.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гомдол гаргагч “Х*******” ХХК нь Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай 07 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлагаар маргаж байна.
2.Маргааны үйл баримтыг дурдвал
2.1.Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны салбарын Ерөнхий байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийх тухай” дугаар удирдамжаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хяналт, шалгалт хийж гүйцэтгэхээр баталжээ.
2.2.Дээрх хяналт шалгалтын удирдамжийн дагуу Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороонд байрлах “Б” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн байна.
2.3.Тус хяналт, шалгалтын үеэр “Х*******” ХХК-ийн борлуулалтын тус худалдааны төвийн хиам, махан бүтээгдэхүүний лангуу түрээслэгч иргэнд нийлүүлж буй Grand салями нэрийн бүтэн утлагат хиамыг шалгахад бүтээгдэхүүний хаяг, шошго дээр бүтээгдэхүүний жин, савлагааг бичээгүй зөрчил илэрчээ.
2.4.НХ******* дугаартай “Х*******” ХХК-д холбогдох зөрчлийн хэрэг нээж, 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 07 дугаар шийтгэлийн хуудас оногдуулжээ.
2.5.“Х*******” ХХК-ийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр “Гомдол гаргах тухай” 202/1515 дугаар албан бичгээр “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч” Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны салбарын ерөнхий байцаагчид гомдол гаргажээ.
2.6.Дээрх гомдлыг Хүнс, хөдөө аж ахуйн газар хүлээн авч хянаад, 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр “Хариу хүргүүлэх тухай” 6/383 дугаар албан бичгээр “2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй” болохыг мэдэгдсэн байна.
2.7.Тус шүүх гомдол гаргагч “Х*******” ХХК-ийн “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах” тухай 07 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий гомдлыг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.О*******д холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
3.Гомдол гаргагч гомдлын шаардлагын үндэслэлдээ: “2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.О******* нь Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороо, Б ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагааны хүрээнд хяналт шалгалт хийх явцдаа манай компанийн тухайн өдрийн Crand салями” нэрийн бүтэн утлагат хиам худалдаанд нийлүүлэгдэж байхтай таарч шалгасан бөгөөд савлагаан дээрх шошгод жингийн хэмжээ тавиагүй буюу “500 гр” гэсэн жин тоо байхгүй байсныг олж илрүүлсэн бөгөөд бидэнд утсаар мэдэгдсэн.
Энэ нь шинээр орсон ажилтны анзаараагүй үйлдлээс кг жинг тавиагүй шошго хэвлэсэн, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ нааж гаргасан явдал байсан бөгөөд зөрчилтэй бүтээгдэхүүнээ тухайн өдрөө буцаан татаж залруулсан. Ямар нэгэн хохирогч байхгүй, гомдол гаргасан этгээд байхгүй. Хэн нэгнийг хохироосон зүйл байхгүй болно.
Компанийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.О******* дээр очиж уулзахад нь ямар нэгэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй шууд зөрчлийн хэрэг нээж, 3,000,000 төгрөгийн хариуцлагын арга хэмжээ авсан.” гэв.
4.Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын улсын байцаагч Ц.О******* нь Баянзүрх дүүргийн Баянзүрх худалдааны төв дээр хяналт шалгалт хийж явахдаа манай компанийн “Г*******” гэх нэрийн бүрэн утлагат хиамыг худалдаанд нийлүүлэгдсэн байгаа гэдгийг хараад шошго дээр нь 500 грамм гэж бичигдээгүй байна гэж зөрчил илрүүлж утсаар анх мэдэгдсэн. Үүн дээр манайх яагаад ийм зөрчилтэй бүтээгдэхүүн гарав гэдэг асуудлаар дотооддоо шалгалт хийсэн. Ямар нэгэн хохирогч байхгүй, гомдол байхгүй. Өмнө нь 500 грамм гэсэн тэмдэггүй гэсэн бүтээгдэхүүн гардаг байсан. Яагаад гэсэн энэ бүтээгдэхүүн нь килограммаараа зарагдах бүрэн боломжтой бүтээгдэхүүн учир гардаг байсан.
Энэ нь шинээр орсон ажилтны маань анзааргагүй үйлдлээс мөн болсон асуудал байна гээд тухайн үед нь шууд татан авч тус зөрчлийг залруулсан. Үүний дараа компанийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Хүнсний чанар стандартын улсын байцаагч Ц.О*******тэй очиж уулзсан. Хүнсний чанар стандартын улсын байцаагч Ц.О******* нь ямар нэгэн байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэж явуулалгүйгээр шууд зөрчлийн хэрэг нээж тухайн өдрөө даалгавар өгч, мэдүүлэг авч 3 сая төгрөгөөр торгосон. Манай компани 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Үүнээс 1 ширхэг бүтээгдэхүүн дээр зөрчил гаргасан байна гээд урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийхгүйгээр шууд хариуцлага тооцож байгаа нь зөрчилд тохирсон хариуцлага гэж үзэхгүй байна. Улсын байцаагч зөрчлийн бусад арга хэмжээг авах боломжтой байсан гэж үзэж байна.
Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3.2.3-т зааснаар “зөрчлийн шинж, зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж шийтгэлээс чөлөөлөх эсвэл албадлагын арга хэмжээ авч болно гэсэн заалт зөрчигдсөн байна гэж үзэж байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.1-т зааснаар эрх бүхий албан тушаалтан өөрийн санаачлагчаар холбогдох бүтээгдэхүүнийг борлуулахыг хориглох гэдэг ч юм уу, гүйлгээнээс татах ч гэдэг юм уу ийм арга хэмжээ авах бүрэн боломжтой байсан буюу энэ зүйл, заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д заасны дагуу хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчлийг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллагад шаардлага тавьж хугацаатай үүрэг даалгавар өгч түүний биелэлтийг хангуулах ажиллагаа хийхгүйгээр хариуцлага тооцсон гэж үзэж байна. Шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл байсан. Зөрчлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 2.3.1-т тулгарсан аюул, нөхцөлийг учирч болох аюул, нөхцөлийн хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр заасан зөрчлийн шинжтэй үйлдэлд шийтгэл оногдуулахгүй гэж заасан байдаг. Иймээс улсын байцаагч Ч.О*******ийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 933 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү.
Захиргааны ерөнхий хууль, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиудад зааснаар төрийн байгууллагаас аж ахуйн нэгжийн байгууллагад хандсан захиргааны акт гаргахдаа тухайлж, тодорхойлж, албан ёсны ямар хариуцлага хүлээх гэж байгааг тодорхойлоод, урьдчилан мэдэгдээд, сануулах арга хэмжээ өгөөд эсвэл урьдчилан заавар зөвлөгөө өгөөд энэ дээр ийм алдаа дутагдал байна гэдгийг хэлээд үүнийг гүйцэтгэлийн шалгалт хийгээд энэ дахин шалгалт хийсэн хугацаанд үр дүнд гарч байгаа зөрчил дутагдал дээр албадлагын хэлбэр буюу торгууль оногдуулах бусад хуульд заасан хариуцлагын арга хэмжээг авдаг. Гэтэл ийм зүйлгүйгээр /энэ бүтээгдэхүүн дээр чинь нэг тоо дутуу байна/ гэдэг байдлаар шалгалт хийгээд хариуцлага оногдуулж байгаа нь хүнд байна. 50 килограмм бүтээгдэхүүн дээр гарч байгаа асуудал. Махаар бодвол 500 мянга хүрэхгүй бүтээгдэхүүн байгаа. Гэтэл 3 сая төгрөгөөр торгосон нь байж болшгүй зүйл гэж үзэж байна.
Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.13-т мэдээж зөрчлийн нэн даруй арилгаж, тавьсан шаардлагыг бүрэн биелүүлсэн бол тухайн үед хүсэлтийг, дахин шалгалтын үндэслээд торгуулийн хэмжээг бүрэн багасгах боломжтой хуулийн зүйл заалт байгаа. Энэ зүйл заалтын ашиглах боломжтой байхад ашиглаагүй. Нөгөөтээгүүр төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжтай ажлаа хийх ёстой. Удирдамжаас хэтэрсэн ажил хийчхээд үүндээ торгууль тавих нь хууль бус. Удирдамжид зааснаар 06 дугаар сард хяналт шалгалт хийгээд дуусчихсан байх ёстой байсан. Өнөөдрийн байдал нь албан тушаалтны баярын ширээн дээрх зүйлсээ гаргуулж авах гэсэн асуудал. Ийм зүйлийг нь өгөөгүй болохоор зөрчил тооцож байгаа асуудал үүсэн гэж ойлгож байна.” гэв.
5.Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын байцаагч Ц.О******* би Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны салбарын Ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” тоот удирдамжийн дагуу Баянзүрх дүүргийн 40 дүгээр хороонд байрлах Б ХХК-ийн “Баянзүрх” худалдааны төвийн үйл ажиллагаанд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр төлөвлөгөөт хяналт шалгалт хийж байх үед Х******* ХХК-ийн борлуулагчийн тус худалдааны төвийн хиам, махан бүтээгдэхүүний лангуу түрээслэгч иргэнд нийлүүлж байгаа Grand салями нэрийн бүтэн утлагат хиамыг шалгахад бүтээгдэхүүний хаяг, шошго дээр бүтээгдэхүүний жин, савлагааг бичээгүй зөрчлийг илэрсэн.
Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 10.24 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн дагуу хариуцлага хүлээж байсан. Үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа бараа, бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээ, жин, баталгаажилт, хаяг шошгод аж ахуйн нэгж, байгууллагын “Дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах журам”-д тухайлан заасан хяналт, тавьж, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажилладаггүй, илэрсэн зөрчил, дутагдлыг гаргуулахгүй байх талаар арга хэмжээ авч, явцын үйл ажиллагаанд нь удирдлагын зүгээс шалтгаан нөхцөлийг тодруулан зөрчлийг арилгуулах, дахин гаргуулахгүй байх талаар хяналт тавьж, холбогдох арга хэмжээ авч ажиллахгүй, зөрчил дахин давтагдсаар байна.
Иймд итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б*******ал нь “Х*******” ХХК-д холбогдох бүртгэлийн НХ******* дугаартай зөрчлийн материалтай танилцаж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10 дахь заалтад заасан “Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг худалдаанд нийлүүлж, худалдсан” зөрчилд оногдуулсан шийтгэлийг хүлээн зөвшөөрч, мэдүүлэг, гарын үсгээр баталгаажуулсан, гаргасан зөрчилд шийтгэл ногдуулах үндэслэлтэй байх тул 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 072 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзэж байна.” гэв.
6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.О******* би Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны салбарын ерөнхий байцаагчийн баталсан 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн "Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай" тоот удирдамжийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр “Б ХХК-ийн "Баянзүрх" худалдааны төвийн худалдаалах үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалт хийх явцад Х******* ХХК борлуулагч тус худалдааны төвийн лангуу түрээслэгч иргэнд "Г*******и" нэрийн бүтэн утлагат хиамыг худалдаанд нийлүүлж байхтай таарч, нийлүүлсэн бүтээгдэхүүнд хяналт шалгалт хийхэд бүтээгдэхүүний хаяг, шошго дээр бүтээгдэхүүний жин, савлагааг бичээгүй бүтээгдэхүүн нийлүүлсэн зөрчлийг илрүүлж, илэрсэн зөрчлийн талаар тухайн компанийн борлуулагч болон Чанарын алба болон зөвлөх технологич Р.О*******д танилцуулснаар Х******* ХХК-ын захирал Г.Ч******* нь тус компанид хуулийн зөвлөх ажилтай Ц******* овогтой Б*******лыг компанийн итгэмжилсэн төлөөлөгчөөр 2023 оны 07 дугаар сарын 15-ны өдөр томилсон тухай албан тоотыг ирүүлсэн.
Тухайн бүтээгдэхүүн нь Монгол улсын Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар мэдээллийг бичсэн байх ёстой. Гэтэл жин, шошгыг тавилгүйгээр бүтээгдэхүүнээ нийлүүлсэн. Энэ нь Монголын хүнсний тухай хууль болон Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн үндсэн заалтад байгаа. Тухайн компани нь 2020 онд хяналт шалгалт хийж явахад 500 граммын савлагаатай хаяг, шошготой бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ 460 грамм савлагаатай, 20 грамм дутуу хиам нийлүүлж байсан. Тухайн илэрсэн зөрчилд нь албан даалгавар хүргүүлсэн боловч албан даалгаврын хариуг хугацаанд нь ирүүлээгүй. Тухайн бүтээгдэхүүнийг татан авалт хийхдээ Монгол улсын Засгийг газрын 2014 оны 172 дугаар тогтоолын дагуу тухайн худалдан авсан бүтээгдэхүүнээ хэрхэн шийдвэрлэсэн, хэрхэн зөрчлийг арилгасан тухай мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагад ирүүлэх байсан боловч энэ мэдээллийг ирүүлээгүй.” гэв.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Зөрчил шалган шийдвэрлэх тухай 6.15 дугаар зүйлийн 6.15.10-д заасны дагуу улсын байцаагч зөрчил тавьсан. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчих гэж зааж өгсөн байдаг. Буруу шошго наасан, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй, хүнсний түүхий эдийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хуулийн этгээдийг 300 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэлтэй. “Хаан хүнс” импекс ХХК ямар нэгэн хохирол учраагүй гэж яриад байдаг. Гэтэл ямар нэгэн хохирол байхыг шаардаагүй. Шийтгэлийн хуудасны үндэслэл дээр манайх тайлбараа хэлсэн. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 6.15.10 дахь хэсэгт шийтгэл оногдуулсан. Төрийн хяналт шалгалтын хуулиар торгууль тавиагүй. Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 6.15.10 дахь хэсэг буюу хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал хамгаалах тухай хуулийг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй дээр нь торгууль тавьсан.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч гомдол гаргагчийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
2.Гомдол гаргагчаас “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч ямар нэгэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулалгүй шууд зөрчлийн хэрэг нээж, 3,000,000 төгрөгийн хариуцлагын арга хэмжээ авсан нь үндэслэлгүй гэж”, хариуцагчаас “Тус бүтээгдэхүүний хаяг, шошгод жин, хэмжээг тусгаагүй нь Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсгийн 12.4.3 дахь заалтад “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгод хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаарыг заавал тусгасан байхаар хуульд заагдсан байдаг тул тухайн гаргасан зөрчилд ногдуулсан шийтгэл хуульд нийцсэн үнэн, зөв шийдвэр гэж” тус тус маргажээ.
3.Хүнс, хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн яамны салбарын Ерөнхий байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Хүнсний худалдааны газруудад төлөвлөгөөт хяналт, шалгалт хийх тухай” дугаар удирдамжаар 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 09 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хяналт, шалгалт хийж гүйцэтгэхээр баталжээ.
4.Дээрх хяналт шалгалтын удирдамжийн дагуу Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүрэг, 40 дүгээр хороонд байрлах “Б” ХХК-ийн Баянзүрх худалдааны төвийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт, шалгалт хийсэн байна.
5.Тус хяналт, шалгалтын үеэр “Х*******” ХХК-ийн борлуулалтын тус худалдааны төвийн хиам, махан бүтээгдэхүүний лангуу түрээслэгч иргэнд нийлүүлж буй Grand салями нэрийн бүтэн утлагат хиамыг шалгахад бүтээгдэхүүний хаяг, шошго дээр бүтээгдэхүүний жин, савлагааг бичээгүй зөрчил илэрчээ.
6.Дээрх зөрчилтэй холбоотойгоор Хариуцагч Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагч Ц.О******* /цаашид хариуцагч гэх/ нь маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 07 дугаар шийтгэлийн хуудсыг бичсэн байна.
7.Дээрх шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч “Х*******” ХХК-ийг худалдаанд жин, савлагаа бичигдээгүй хиам нийлүүлсэн гэх зөрчлийг гаргасан гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-т заасны дагуу 3000 /гурван мянга/ нэгж буюу 3.000.000,00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
8.Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйл.“Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн үүрэг”, 10.3.“Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчид дараах үйлдлийг хориглоно:”, 10.3.1.“хүнсний эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэх;”, 12 дугаар зүйл.“Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний сав, баглаа боодол, шошго”, 12.4.“Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошго дараах мэдээллийг агуулсан байна:”, 12.4.3.“хэмжээ, тоо ширхэг, бүтээгдэхүүний цувралын дугаар;” гэж тус тус заажээ.
9. Хуулийн дээрх заалтуудаас үзвэл, хүнсний чиглэлийн бараа, бүтээгдэхүүний үйл ажиллагаа эрхлэгч нь хэмжээ, тоо ширхэг буруу буюу буруу шошголсон зах зээлд нийлүүлэх нь хориотой байна.
10.Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл.“Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих”, 10.“Буруу шошголсон, шошгын мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн, худалдсан, импортолсон бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.” гэж мөн зааснаас үзвэл хүнсний бүтээгдэхүүнийг буруу шошголсон, шошгоны мэдээлэл шаардлага хангаагүй хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг худалдсан тохиолдолд хуулийн этгээдийг 3000 нэгж буюу 3.000.000,00 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар байна.
11.Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, гомдол гаргагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б*******ал 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тайлбартаа:“... Асуулт:Танай компани “Grand салями” нэрийн бүтэн утлагат хиамыг худалдаанд нийлүүлэхдээ бүтээгдэхүүний нийлэг хальсан уутан дээр жин, савлагааг гүйцэт бичээгүй бүтээгдэхүүн худалдаанд нийлүүлсэн байна.Энэ талаараа тайлбар хийнэ үү?, Хариулт:Манай компанийн бүтээгдэхүүнээс хаяг, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүн илэрсэн байна.Хаяг, шошгын зөрчилтэй хиам худалдаанд нийлүүлсэн байна гэдгийг улсын ахлах байцаагч утсаар холбогдож дуудахад мэдсэн. Чанарын албан болон дотоод хяналтын албадад мэдэгдэж тухайн өдрийн зөрчилтэй бүтээгдэхүүнийг шуурхай татан авсан. Хаяг, шошгын мэдээллийн алдаатай байдлыг шалгахад 500 гр-ын савлагаатайгаар бичигдэх ёстой хиамны шошгыг хэвлэхдээ шинээр ажилд орсон ажилтан алдаа гаргаж жингийн мэдээллийг тавилгүйгээр хэвлэсэн байсан. Манай компани жингийн савлагааг бүх бүтээгдэхүүн дээр тавьдаг, нийт 20 гаруй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, зөвхөн энэ бүтээгдэхүүн дээр алдаа гарсан байсан. Энэ алдааг залруулах арга хэмжээ авсан. Урьд нь ийм зөрчил гарч байгаагүй. Тухайн өдөр нийлүүлсэн дээр ийм алдаа гарсан байна.” гэжээ.
12.Дээрхээс үзвэл, гомдол гаргагч “Х*******” ХХК нь маргаан бүхий тохиолдолд жин, савлагааг гүйцэт бичээгүй, шошгын зөрчилтэй бүтээгдэхүүнийг худалдан борлуулахаар нийлүүлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд хэргийн оролцогч нараас дээрх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
13.Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл, гомдол гаргагч “Х*******” ХХК нь маргаан бүхий тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-т заасныг зөрчсөн болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн гаргасан маргаан бүхий захиргааны акт үндэслэлтэй байна.
14.Иймд гомдол гаргагч “Х*******” ХХК-аас Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.1, 12 дугаар зүйлийн 12.4.3, Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйлийн 10-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Х*******” ХХК-аас Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан “Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Хүнсний чанар стандартын хяналтын улсын ахлах байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар гомдол гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ