| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чадраабалын Жаргалан |
| Хэргийн индекс | 129/2024/00371/И |
| Дугаар | 129/ШШ2024/00426 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2024/00426
\
|
129/ШШ2024/00426 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хүсэлт гаргагч: .......баг, ....гэх газар оршин суух Ү овогт А.С хүсэлттэй,
“Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч А.О , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч А.О нь “мал маллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна.
1.1 Хүсэлт гаргагч А.О шүүхэд гаргасан хүсэлтдээ “А.О миний бие 1974 онд төрсөн, өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1995 оны 06 дугаар сараас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн .... гэх газар хувийнхаа малыг маллаж байсан. 1995-1997 оны А данс архиваас гарахгүйгээс болж мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч 1995-1997 оны А данс гарч ирэхгүйгээс болж нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа, орон тооны бус зөвлөлийн тогтоол, тэмдэглэл бусад нотлох баримтуудыг үндэслэн миний Архангай аймгийн Цэнхэр сумын ....гэх газар 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
1.2 Хүсэлт гаргагч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Миний 1995-1997 оны малын А данс Архангай аймгийн Цэнхэр сумын архиваас гарахгүй байгаа тул энэ хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна. Би 1991 онд байхаа 10 жилийн сургуулиа төгсөж байсан, сургуулиа төгсөөд конкурс өгөөд тэнцээгүй. Гэхдээ сургалтанд сууж багшилж байгаад их сургуульд орж байсан. Би Ирээдүй гэдэг дээд сургуульд сурч байсан. Би 1993 онд элсэж орж байсан. Сургуулиа төгсөөгүй, 1995 оны 04 дүгээр сард жирэмсэн байсан тул төрөх гээд сургуулиасаа түр чөлөө аваад тэрнээс хойш сургуульдаа явалгүй хүнтэй сууж хуримаа хийгээд малчин болсон. Би 1995 оны 10 дугаар сард хуримаа хийж байсан. Архангай аймгийн Цэнхэр сумын Болцын тохой гэх газар хуримаа хийж, энэ газартаа л одоог хүртэл мал маллан амьдарч байна. Анх хуримаа хийхэд хадмын тал маань 20 хонь, 11 ямаа, 4 тугалтай үнээ тастаж өгч байсан. Харин манай өвөө 10 хэдэн ямаа, 2 үнээ өгч байсан. Энэ малаа тоолуулж байсан...” гэжээ.
2. Хэрэгт дараах нотлох баримт авагдсан. Үүнд:
2.1. Хүсэлт гаргагчаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
-Хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн лавлагаа,
-Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 32/18 дугаар албан бичигт “...Зөвлөлийн гишүүд таны ирүүлсэн баримт бичигт тулгуурлан хянан хэлэлцээд 1995-1997 онд малчнаар ажиллаж байсныг нотлоход шаардлагатай баримт байхгүй тул таныг 1995-1997 онд малчнаар ажилласныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэлээ...” гэх,
-011501851 дугаар малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбарт “...Архангай аймгийн Цэнхэр сумын А.О танд мал маллах арга ухааныг эзэмшсэн тул малчин мэргэжлийн үнэмлэх олгов” гэх,
-Н.Тэмүүлэнгийн төрсний бүртгэлийн лавлагаа,
-Н.У-ын төрсний гэрчилгээ,
-Н.Я-ын төрсний гэрчилгээ,
-Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03-08-2005 дугаар лавлагааны хуулбар,
-Үндэсний төв архивын 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 03-08/2006 дугаар лавлагааны хуулбар,
-Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 422 дугаар Малчин даатгуулагчид олгох архивын лавлагаанд “...Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн малчин, өрхийн тэргүүлэгч /РД:/ С.Н-н мал маллаж байсан хугацаа: 1993,1999, 2012-2016 он хүртэлх. ...Тухайн онуудын жилийн эцсийн мал тооллогын А дансанд бүртгэгдсэн малын тоо, бүгд дүн: 1993 онд 74, 1999 онд 29, 2012 онд 234, 2013 онд 298, 2014 онд 415, 2015 онд 460, 2016 онд 572...” гэх,
-1993 оны жилийн эцсийн мал тооллогод “...Содномын Нэргүй, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:1,
-1999 оны жилийн эцсийн мал тооллогын нэгтгэлийн А дансны баримтад “...2. С.Н, хувийн малтай өрхийн тоо:1, түүний ам бүлийн тоо:4, малчдын тоо:2, үүнээс 16-34 насны 2, нийт малчдаас эмэгтэй 1...” гэх,
-2012 оны мал тооллогын баримтад “...өрхийн тэргүүлэгч С.Н, ам бүлийн тоо: 5, малчдын тоо 3, үүнээс эмэгтэй 1, бүгд 234 толгой...” гэх,
-2013 оны мал тооллогын баримтад “...өрхийн тэргүүлэгч С.Н, ам бүлийн тоо: 5, малчдын тоо 3, үүнээс эмэгтэй 1, бүгд 298 толгой...” гэх,
- 2014 оны мал тооллогын баримтад “...өрхийн тэргүүлэгч С.Н, ам бүлийн тоо: 5, малчдын тоо 3, үүнээс эмэгтэй 1, бүгд 415 толгой...” гэх,
- 2015 оны мал тооллогын баримтад “...өрхийн тэргүүлэгч С.Н, ам бүлийн тоо: 5, малчдын тоо 3, үүнээс эмэгтэй 1, бүгд 460 толгой…” гэх,
-2016 оны мал тооллогын баримтад “...өрхийн тэргүүлэгч С.Н, ам бүлийн тоо: 5, малчдын тоо 3, үүнээс эмэгтэй 1, бүгд 572 толгой…” гэх,
2.2 Хүсэлт гаргагчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд
-Гэрч С.Ө-ий шүүхэд өгсөн “Би 1993 оноос одоог хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн ... гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. А.О нь нөхөртэйгөө 1995 онд бүл болсон байсан. Том хүүхэд нь 1995 онд төрсөн. А.О нь 1995 оноос одоог хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн ....гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. А.Огийн нөхрийг н.Нэргүй гэдэг. А.О нь нөхөртэйгөө хамт хувийн малаа малладаг. А.Огийнх 700-800 тооны мал малладаг. А.Огийнх хувийн малаа маллахдаа Булаг гэх газраар өвөл, намартаа, Болцын тохой гэх газраар хавар, зундаа нутагладаг. А.Огийнхтай Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт н.Б, н.Х, манайх, н.С гэх айлуудтай айл аймаг байдаг. А.О нь хувийн малаа маллаж байх хугацаандаа Архангай аймгийн Цэнхэр сумын сайн малчин болж байсан. Манайх А.Огийнхтай нэг нутгийн хүмүүс, саахалт байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,
-Гэрч В.С-н шүүхэд өгсөн “...Би 1992 оноос одоог хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Намгийн хөл гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. А.О нь 1995 оноос одоог хүртэл Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багийн Баахан булаг гэх газраар нутаглаж хувийн малаа маллаж байна. А.О нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын хүн юм. Манай суманд 1994, 1995 оны үед бэр болж ирсэн. А.Огийн нөхрийг н.Н гэдэг. Нөхөртэйгээ гэр бүл болсноос хойш хувийн малаа маллаж байгаа. А.Огийнх 100 гаран тооны мал малладаг байсан. А.Огийнхтай Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт н.Б, н.П, н.У гэх айлуудтай айл аймаг байдаг. А.О нь хувийн малаа маллаж байх хугацаандаа Архангай аймгийн Цэнхэр сумын аварга малчин болж байсан. Манайх А.Огийнхтай айл саахалт байдаг болохоор түүний хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг,
2.3 Шүүхийн санаачилгаар бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Н.Т-н ХААТР-11 маягтын хуулбарт “...бүртгэсэн:Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1995.05.16, эх: А.О, оюутан, Сэлэнгэ аймгийн Мандал суманд оршин суудаг...” гэх,
-2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн CVL2465000001000820 дугаар Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаанд “...А.О, байнгын оршин суугаа газрын хаяг: Архангай аймаг, Цэнхэр сум, 5 дугаар баг, Буйлан...” гэх,
-2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн CVL2465000001000987 дугаар Гэрлэсний бүртгэлийн лавлагаанд “...нөхөр Содномын Нэргүй, эхнэр А.О...” гэх,
-А.Огийн ХААТР 15 маягтын хуулбарт “...бүртгэсэн: Архангай аймаг, Цэнхэр сум, 1998.01.07, гэрлэсэн: 1995.08.10, эхнэр А.О, малчин...” гэх
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад:
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч А.Огийн Архангай аймгийн Цэнхэр суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
Учир нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан
- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 32/18 дугаар албан бичиг,
- Н.Т-н ХААТР-11 маягтын хуулбар,
-2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн CVL2465000001000820 дугаар Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,
-2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн CVL2465000001000987 дугаар Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,
-А.О-н ХААТР 15 маягтын хуулбар,
- Худал мэдүүлвэл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлэн баталгаа гаргасан гэрч С.Ө, В.С нарын мэдүүлэг зэрэг баримтаар хүсэлт гаргагч А.Огийн Архангай аймгийн Цэнхэр суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоогдож байна.
Харин хүсэлт гаргагч А.Огийн 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан талаарх баримт байхгүй, 1995 онд оюутан гэж бичигдсэн ХААТР маягт байгаа тул хүсэлтийн шаардлагаас 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. Хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэж байгаа учир хүсэлт гаргагч А.Огийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ү овогт А.Огийн Архангай аймгийн Цэнхэр суманд 1996 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1995 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд мал маллаж байсан байдал тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасныг баримтлан шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв
.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЖАРГАЛАН