| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0621/Э |
| Дугаар | 538 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 538
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Б.Уранцэцэг,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Быг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708019940174 дүгээр хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, холбоочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Д овогт Ггийн Б /РД:.../.
Г.Б нь 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух гэртээ эхнэр Г.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Хийсэн буруугаа гэмшиж байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Торгох ял оногдуулж өгнө үү” гэв.
Эрүүгийн 1708019940174 дүгээр хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Г.Оийн: “...Б бид хоёр 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүргэн Огийн төрсөн өдрөөр гэрт нь очсон. Б, Огийн найзууд гээд 3 хүн нийлээд тавуулаа 0,75 литрийн 1 шил архи, 2,5 литрийн хэмжээтэй 3-4 шил пиво ууцгаасан. Харин би архи дарс уугаагүй. Ингээд Б бид хоёр 22 цагийн орчим Огийнхээс гараад гэртээ 23 цагийн орчим ирсэн. Б нилээн согтсон байсан. ...гэртээ ирээд байж байхад Б над уруу “чи Огийнд жоохон байж байгаад явчихгүй хүн яарууллаа” гээд байхаар нь би түүний “унт” гэсэн боловч унтахгүй “жоохон байх байсан юм” гээд үглээд орон дээрээ сууж байсан. Тэгэхээр нь би түүнийг дахин “унтаач” гэж хэлээд нуруу руу нь гарынхаа ар хэсгээр 1 удаа цохисон чинь Б уурлаж босож ирээд гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Б намайг цохичихоор нь би гэрээс гарлаа гэхэд Б намайг гаргахгүй гэж зууралдаж байгаад дахин гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Өөр зодоон болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/,
Гэрч Г.Оюунбилэгийн: “2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр Огийн төрсөн өдөр болсон. Манай эгч О нөхөр Бын хамт манайд ирсэн. Манай нөхөр, нөхрийн найз гээд 2-3 хүн болон Б ах нар архи дарс нилээн уусан. ...орой 23 цаг өнгөрч байхад О эгч, Б ах хоёр харихаар явсан. ...Б ах манайхаас гарахдаа нэлээн согтсон байсан. ...Б ах О эгч хоёр манайд байхдаа ерөөсөө маргаж муудсан зүйл байхгүй. Өмнө нь ч гэсэн энэ хоёр маргаж муудлаа гэж сонсож байгаагүй, хоорондоо эвтэй сайхан харьцаатай байдаг...” гэх мэдүүлэг /хх-19/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн 2017.09.30-ны өдрийн 12434 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1.Г.Оийн биед зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны гадна салстын цус харвалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-21/,
Шүүгдэгч Г.Бын яллагдагчаар өгсөн: “Тухайн хэрэг болдог өдөр Огийн гэрт очсон. Тавуулаа 4 шил архи хувааж уусан. Би архи уудаггүй болохоор тасраад цааш нь юу болсныг санахгүй байгаа. Би болсон зүйлд гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-28-29/,
шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-31/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Б 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, ... тоотод оршин суух гэртээ эхнэр Г.Отэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч Г.Оийн “...гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Б намайг цохичихоор нь би гэрээс гарлаа гэхэд Б намайг гаргахгүй гэж зууралдаж байгаад дахин гараараа миний зүүн нүд рүү 1 удаа цохисон. Өөр зодоон болсон зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-12-13/, шинжээчийн дүгнэлт /хх-21/, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-28-29/ зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Оийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч “Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэх хүсэлт /хх-51/ гаргасныг харгалзан шүүгдэгч Г.Быг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Мөн шүүгдэгчийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг хоёр сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д овогт Ггийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б 450,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Б торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.Б бусдад төлөх төлбөргүй, урьдчилан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР