Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 2022/ДШМ/33

 

М.Н*******т холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч Л.Ариунцэцэг, Ерөнхий шүүгч Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн  шүүх хуралдаанд

 

Прокурор Э.Гантулга, шүүгдэгч М.Н*******, хохирогч С.Б*******, Б.М*******, нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнхандын даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөөрч хохирогч С.Б*******ы гаргасан давж заалдах гомдлоор М.Н*******т холбогдох 2015003210058 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Азжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, М.Н

М.Н******* нь Булган аймгийн ....... сумын ...... дугаар багийн нутагт оршин суух С.Б*******аас 2018 оны 9 дүгээр сард мөнгийг 9 сард багтаан өгнө гэж хууран мэхэлж нас гүйцсэн 5 тооны шар, 50 тооны эр хонийг авч 10.354.700 төгрөгийн,

2019 оны 5 дугаар сард мөн сумын ....... дугаар багт оршин суух Б.М*******аас банк онгойхоор мөнгийг нь өгнө гэж хууран мэхэлж 42 тооны хонийг авч 7.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 Булган аймгийн Прокурорын газраас: С.Н*******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх

Шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр, шүүгдэгч М.Н*******ыг  1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Н*******т гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авч заасан хугацаанд хохирлыг төлөх, оршин суугаа газраа өөрчлөх болон зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож, Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н*******аас 40 /дөч/ тооны хургатай хонь буюу 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн ....... сумын .... дугаар багт оршин суух бүртгэлтэй, С*******ын Б******* /РД:/-д; 5,300,000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн ....... сумын ....... дугаар багт оршин суух бүртгэлтэй, Б*******ын М******* /РД:/-т тус тус олгож, хохирлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөхөө илэрхийлсэнийг дурдаж, энэ хэрэгт шүүгдэгч М.Н******* нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Б******* давж заалдах гомдолдоо: М.Н******* надтай өөрийн биеэр 5 тооны шар тум бүрийг 2,000,000 төгрөгөөр үнэлж 10,000,000 төгрөг, 50 тооны эр хонь тус бүрийг 200,000 төгрөгөөр үнэлж 10,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийн наймаа хийж өөрөө хүлээн зөвшөөрч авах малаа үзэж х*******д, манайл бой хийгээд явсан. Гэтэл шүүхийн шийдвэрээс уншихад “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээч нь 5 тооны шар тус бүрийг 911,500 төгрөг, 50 хоны тус бүрийг 115,940 төгрөгөөр үнэлээд нийт 10,354,700 төгрөгийн хохиролтой гэж дүгнэсэн байх юм. Шинжээчийн дүгнэлттэй би танилцмаар байна. Шинжээч ямар үндэслэлээр дүгнэлтээ гаргав. Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос орон нутагт малын зах зээлийн дундаж үнэ Булган аймгийн Г******* суманд нас бие гүйцсэн эр үхэр 1,000,000 төгрөг, нас бие гүйцсэн эр хонь 220,000 төгрөг гэсэн судалгаа гаргажээ. Үндэсний статистикийн хороо тус судалгааг Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллийг сум, аймгаас цуглуулан эх сурвалж болгон сар бүр сум, дүүрэг, аймаг, нийслэлийн худалдааны цэгүүдээс үнийн мэдээллийг авч нэгтгэн сурын дундаж үнийг арифметик дунджаар тооцдог байна. Малын зах зээлийн дундаж үнээр шинжээч дүгнэр байтал хаана ч байхгүй үнээр эрм хонь, гар хоёрыг маань дүгнэсэнд гайхаад ойлгохгүй байна. Би шинжээчийн дүгнэлтийг хувийн ашиг сонирхолын шинжтэй мөн маш том алдаатай гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэр хайнга хандсан хандаж, буруу зөрүү тооцоолол ихтэй байна. Шинжээчийн дүгнэлтээр бол миний зарсан 5 шар 4,557,500 төгрөг, 50 эр хонь 5,797,000 төгрөг, нийт 10,354,500 төгрөг авах ёстой юм байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар хэсэгт 10,354,700 төгрөг гэж бичжээ. Би нийт хохирлоосоо дансаар /бэлнээр/ 1,600,000 төгрөг, хэсэг хэсгээр 1,000,000 төгрөгөнд 4 эм хонь, 6 төлөг тооцож авсан. Ингэхээр 2,600,000 төгрөг гэсэн үг. Тэгтэл шүүхийн шийдвэрийн тус хэсэгт миний бэлэн авсан 1,600,000 төгрөгийг 1,000,000 төгрөггэж бичээд авсан нийт хохирол болох 2,600,000 төгрөг дээр маань нэмээд 10 хургатай хонь авсан гэсэн байна. Би ямар ч хургатай хонь  аваагүй. Дээр нь намайг үлдэгдэл хохиролдоо 50 тооны хургатай хонь авна гэж тохиролцсон гэсэн байсан. Би тийм тохиролцоо мөн л хийгээгүй. Ингээд шүүхийн шийдвэр ёсоор бол би бэлэн 1,000,000 төгрөг, 4 тооны эм хонь, 6 төлөг 1,000,000 төгрөгөнд тооцоод 1,700,000 төгрөг авсан гэж байгаа юм. Тэгвэл би 10,354,700 төгрөгөөс 3,700,000 төгрөг авч 6,654,700 төгрөгийн хохиролтой үлдсэн гэж үзэж. Мөн би энэ үлдэгдэл хохиролдоо 50 тооны хургатай хонь тус бүрийг 170,000 төгрөгөөр үнэлж авахаар тохиролцсон юм бол 8,500,000 төгрөгийн хохирол авах болоод байна. Шүүхийн шийдвэр ийм ойлгомжгүй байна.

М.Н******* надаас хэд хэдэн удаа гарын үсэг зурж өгөхийг гуйж байсан. Харин манайд нэг удаа ирэхдээ та иргэний үнэмлэхээ өгчих, хэрэг болж магадгүй гээд хэлэхээр нь нарийн учрыг мэдэхгүй би муу саналгүй өгөөд явуулсан. Энэ үйлдэлдээ мэхлэгдсэн нь тэр 50 хургатай хонь түүнээс 10 хургатай хонийг авсан гэдгийг шүүх миний иргэний үнэмлэхний хуулб*******р баталсан байсан. Дахин дурдахад би ямар ч хургатай хонь аваагүй. Шүүх шийдвэрийнхээ тодорхойлох хэсэгт Шүүхийн хэлэлцүүлэгт ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан ... нотлох баримтуудыг ...тал бүрээс нь бүрэн гүйцэт бодит байдлаар нь харьцуулан шинжлэн судлаад дүгнэлт хийв гэжээ. Харин миний хувьд энэ тал дээр хангалттай бүрэн шинжээгүйгээс зөвхөн иргэний үнэмлэхний хуулб*******р намайг 10 хургатай хонь авсан гэж дүгнэсэн гэж үзэж байна.  

Шүүх шүүгдэгч М.Н*******ыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг төлсөн үлдэх хэсгийг төлж барагдуулахаа илэрхийлж, хугацаа тогтоосон ...үндэслэлээр өршөөлд хамруулж цагаатгасан. Шүүгдэгч надад болон хохирогч Б.М*******т ч хохирол төлж барагдуулахаа ерөөсөө илэрхийлээгүй, нэг ч баримт гаргаагүй байсан. Тийм байхад өршөөл үзүүлсэн нь ч буруу гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр үлдэгдэл хохирлоо төлж барагдуулна гэсэн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нь ч хэтэрсэн үлдсэн хохирлоо барагдуулаагүй.

Би шүүгдэгч М.Н*******аас энэ хэрэгтэй холбогдож гарсан Булган аймгийн Г******* сумаас Булган аймаг хүртэлх бинзений төлбөр болох 161,500 төгрөгийг цаашид гарах зардлыг баримттайгаар нэхэмжилнэ. Иймд илт алдаатай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шинээр шинжээч томилон хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Б.М******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анх Н******* намайг гэртээ байж байхад мал зарах уу гээд ирсэн. Тэгээд би мал зарсан. Энэ үеэс хойш бараг гурван жил болчихоод байна. Огт холбоо барьдаггүй. Утсаар ярьдаггүй. Байшин өгөхөөр тохиролцсон гэж яриад байдаг. Би байшинг нь авна гэж хэлсэн зүйл огт байхгүй.  Мал үнэлсэн үнэлгээ улам л доошлоод байна. Анх тохиролцсон үнэлгээгээрээ л баймаар юм. Яагаад улам л багасаад байгаа юм бол. Би байшин хашаа авна гэж бодож байсан. Энэ хүнд мал з*******гүй байсан бол тэр үедээ байшин хашаагаа авчих боломжтой байсан. Одоо юмны үнэ нэмэгдчихсэн. Би юу юу ч үгүй л болчихсон байж байна. Нааш цаашаа их явж байгаа болохоор зардал мөнгө их гарж байна” гэв.

Шүүгдэгч М.Н******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.Б*******, Б.М******* н*******с мал авсан нь үнэн. С.Б*******д 2.600.000 төгрөг өгсөн. Үлдсэн мөнгийг нь ковид-19 цар тахал гарсны улмаас өгч чадаагүй. Би өмнө нь дэлгүүр ажиллуулдаг байсан. Манай эхнэр надаас салахдаа дэлгүүрийн орлого болох 60 гаруй сая төгрөгийг аваад явчихсан.  Дэлгүүрийн үйл ажиллагаа доголдох гол шалтгаан нь ингэж үүссэн. Дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байхад сумын иргэд дэлгүүрээс зээл авдаг байсан. Зээл авсан хүмүүс зээлээ төлж барагдуулахгүй байгаа учир иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандах гэтэл улсын тэмдэгтийн хураамжид мөнгө тушааж чадахгүй байгаа. Би сахарын өвчтэй учир Улаанбаатар хотод хэд хоног эмчилгээ хийлгэж байгаад ирсэн. Хохирогч нарт 2022 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хохирол төлбөрийг өгч чадаагүй шалтгаан нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс хойш би хүнтэй нийлж 53 тонн ноос авсан. Ноосыг сая 08 дугаар сард ачиж дууссан. Энэ үед хүмүүсээс зээлээ цуглуулах гэхээр ноосны ажлаа алдчих гээд байсан учир ноосоо авсан. Ноосыг Хятад хүмүүс өгсөн. Ноосны тооцоо хийгдээгүй байгаа. Хэрвээ тооцоо хийгдэх юм бол би мөнгөтэй болно. Сумынхаа иргэдээс нийт авах ёстой авлага 48 сая төгрөг байгаа” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга дүгнэлтдээ: “Шүүгдэгч М.Н*******ын хувьд анхан шатны шүүх хуралдаанд оролцох үедээ хохирогч нартай ярьж тохиролцоод хохирол төлбөрийг 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дура******* хүлээн зөвшөөрч байна гэдэг. Энэ нөхцөл байдлын улмаас шүүх бүрэлдэхүүн болон улсын яллагч, өмгөөлөгч нарын зүгээс хорих ял оногдуулахгүйгээр Өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарч байсан учир хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна гэдэг үндэслэлээр өршөөлд хамруулж шийдвэрлэсэн. Гэвч шүүгдэгчийн хувьд шүүхээс тогтоогдсон хугацаа буюу өөрийнх нь шүүхэд санал болгож хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн 2 сар, 13 хоногийн хугацаанд биелүүлээгүй. Иймд хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч нар хохирлын үнэлгээтэй санал нийлэхгүй байна гэж хэллээ. Урьд мөрдөн шалгах ажиллагааны үед энэ талаар огт дурдаагүй, гомдол гаргаагүй нөхцөл байдал байгаа. Малчин болон ченж аман хэлцлээр малаа үнэлж аман хэлцэл хийсэн байгаа. Гэвч хэрэгт цугларсан  нотлох баримтаар мэргэжлийн шинжилгээний байгууллагаар хэрэгт ач холбогдолгүй, хэрэгт хамааралгүй шинжилгээний байгууллагаар 2019 онд үхэр болон хонь хэдэн төгрөгийн үнэтэй байсан, Булган аймгийн сумдын үнэлгээ болон Г******* суманд ямар үнэлгээтэй байсныг харгалзаж үнэлгээ гаргасан байх тул үнэлгээний тухайд маргах зүйл байхгүй. Өнөөдөр тогтоогдсон шинээр илэрсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хохирогч С.Б*******ы гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэв.

Хэргийг мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн үйл баримт болон хэрэгт ач холбогдолтой бүхий л нөхцөл байдлуудыг бүрэн тогтоосон байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага ноцтой зөрчигдсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх Эрүүгийн хуулийг хэргийн үйл баримтад зөв тайлбарлаж хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Н******* нь Булган аймгийн Г******* сумын 5 дугаар багийн нутагт оршин суух С.Б*******аас 2018 оны 9 дүгээр сард мөнгийг 9 сард багтаан өгнө гэж хууран мэхэлж нас гүйцсэн 5 тооны шар, 50 тооны эр хонийг авч 10.354.700 төгрөгийн,

2019 оны 5 дугаар сард мөн сумын 5 дугаар багт оршин суух Б.М*******аас банк онгойхоор мөнгийг нь өгнө гэж хууран мэхэлж 42 тооны хонийг авч 7.300.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч С.Б*******ы Би 2019 оны 9 дүгээр сарын эхээр Г******* сумын мал, махны ченж бүдүүн Н******* гэх хүнд өөрийн малнаас 5 тооны нас гүйцсэн шар, мөн нас гүйцсэн 50 тооны эр хонио нийт 20 сая төгрөгөнд тооцож зарсан юм. Н******* тухайн үедээ мөнгийг нь 3 сар эргэлдүүлээд өгье гэж надаас авсан. Тухайн үед би үхэр зармаар байна гээд сумын төвд хүмүүст хэлээд явж байсан юм. Тэгсэн над руу тэр өдөр Н******* залгаад та мал зарах юм уу? гэж асуухаар нь би мал зарна гээд Н******* манай хөдөө гэрт ирсэн. Ирээд авах малаа үзэж үнээ тохиролцоод малаа хийж эхэлсэн. Хийж дуусаад мөнгөө авъя гэхэд Н******* нь одоо миний мөнгө арай хүрэхгүй байна, мөнгөө төвд орхичихсон гэж хэлэхээр нь би юу яриад байгаа юм бэ? хагас мөнгийг нь ч гэсэн авъя гэж хэлэхэд та 2 хоногийн д******* төв ороод хагас мөнгөө авчих гэж хэлсэн. Би 2 хоногийн д******* төв ороод мөнгөө авъя гээд гэрт нь очиход би таны мөнгийг хүнд өртэй байж байгаад тэрэндээ өгчихлөө. Та надад 3 сарын хугацаа өгчих би эргэлдүүлж байгаад буцаагаад өгнө гэхээр нь би тохироод явсан. Тэгээд тохиролцсон цагтаа мөнгийг маань өгөлгүй худлаа үнэн юм ярьсаар байгаад өдий хүрсэн. Мал зарсан үйл явдлыг тэнд бой хийж /мал нядалж/ байсан Х*******, М******* нар болон тэдний эхнэрүүд мэдэж байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Хохирогч Б.М*******ын 2019 оны 5 дугаар сарын үед байх яг өдрийг нь сайн мэдэхгүй байна. Тав дахь өдөр байсан юм. Би хөдөө гэртээ эхнэрийн хамт байж байхад Г******* сумын мал, махны ченж хийдэг байсан бүдүүн Н******* гэх хүн цагаан өнгийн том автомашинтай ажилчин гээд 2 залуутай  манай гэрт ирээд мал зарах уу гэж надаас асуухаар нь би тэгнэ, зарна гэж хэлсэн. Тэгээд нэг хонийг 190,000 төгрөгөөр тооцож манайхаас 42 тооны хонь авахаар болсон. Нийт хонины мөнгө нь 7,980,000 мянган төгрөг болсон. Тэгээд тэр өдрөө манай хониноос 30 хонь машиндаа ачаад дуусахаар нь мөнгөө гэж хэлэхэд Н******* нь орой болоод банк хаачихсан байна, би мөнгө авч чадаагүй маргааш нөгөөдөр амралтын өдөр болно тэгэхээр би чамд хонины мөнгийг чинь 1 дэх өдрөөс өгье гэж хэлсэн. ...Би одоо 5,980,000 төгрөг авах ёстой гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 144-145 дахь тал/,

Гэрч Т.М*******ын Би Б******* ахыг бүдүүн Н******* гэх хүнд 5 тооны эр үхэр, 50 тооны эр хонь з*******д одоо болтол мөнгөө авч чадахгүй байгаа гэдгийг нь Б******* ахаас өөрөөс нь сонссон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Гэрч Д.Мгийн 2019 оны 5 дугаар сарын үед би нөхөртэйгээ хөдөө гэртээ байж байхад орой нар жаргахын өмнөхөн Г******* сумын төвд мал, мах авдаг Н******* гэх хүн ажилчин гэх 2 залуугийн хамт том цагаан өнгийн ачааны машинтайгаа ирсэн. Тэгээд мэнд ус мэдэлцээд сууж байгаад манайхыг мал зарах уу гэж хэлсэн. Тэр үед манай нөхөр бид хоёр хотод хашаа байшин авах гээд мөнгөний хэрэгтэй байсан болохоор зөвшөөрөөд 42 тооны бүдүүн хонийг тус бүр 190,000 төгрөгөөр тооцож нийт 7,980,000 төгрөгөөр зарахаар болсон гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 149-150 дахь тал/, Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компанийн шинжээчийн малын зах зээлийн үнэлгээ тогтоосон 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21/94 дугаартай: Нас гүйцсэн эр үхэр 911,500 төгрөг буюу 5 тооны эр үхэр 4,557,700 төгрөг, эр хонь 115,940 төгрөг буюу 50 тооны эр хонь 5,797,000 төгрөг, нийт  гэх дүгнэлт /хавтаст хэргийн 50-56 дахь тал/,

2022 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн №220056 дугаартай:  Нас гүйцсэн эр хонь 177,000 төгрөг, шүдлэн эр хонь 167,000 төгрөг буюу 42 тооны хонины үнэ 7,300,000 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 161-166 дахь тал/,

Шүүгдэгч М.Н*******ын: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нартай харилцан тохиролцсон, Б*******д 170 төгрөгөөр тооцож 40 хургатай хонь, М*******т 4х4 хэмжээтэй өвлийн дүнзэн байшинг өгөхөөр ярьсан, болно гэсэн. Хохирлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний дотор барагдуулна, боломж гарвал М*******ын хохирлыг мөнгөөр барагдуулна” гэх мэдүүлэг зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүх 2018 оны 9 дүгээр сард тус сумын 5 дугаар багийн малчин С.Б*******аас 5 тооны нас гүйцсэн шар, 50 тооны эр хонины мөнгийг 3 сар эргэлтэд оруулаад буцааж өгнө гэж, 2019 оны 5 дугаар сард мөн энэ багийн малчин Б.М*******аас 42 тооны хонины мөнгийг орой болж банк хаасан учир банк онгойхоор мөнгийг авч өгнө гэж тус тус хуурч мэхлэн бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авч, төлбөрийг нэхэх үед худал хэлж зайлсхийх, утсаа авахгүй зугтах зэргээр хариу төлбөрийг хийхгүй байх санаа зорилгоороо залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Н*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Хохирогч С.Б******* “...Шүүхийн шийдвэр үлдэгдэл хохирлоо төлж барагдуулна гэсэн хугацаа 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нь ч хэтэрсэн үлдсэн хохирлоо барагдуулаагүй. Би шүүгдэгч М.Н*******аас энэ хэрэгтэй холбогдож гарсан Булган аймгийн Г******* сумаас Булган аймаг хүртэлх бензиний төлбөр болох 161,500 төгрөгийг цаашид гарах зардлыг баримттайгаар нэхэмжилнэ. Иймд илт алдаатай шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шинээр шинжээч томилон хэргийг дахин шийдвэрлэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлын давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч М.Н******* нь хохирогч С.Б*******д өгөх 17,400,000 төгрөгийн 10,000,000 төгрөгийг 10 дугаар сарын 15-ны өдөр, үлдсэн 7,400,000 төгрөгийг 11 дүгээр сарын 15-ны өдөр өгөхөөр, хохирогч Б.М*******т өгөх 5,690,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өгөхөөр харилцан тохиролцсон тул хохирогч С.Б*******ы давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн талаар харилцан тохиролцсон зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/133 дугаар шийтгэх тогтоолын

6 дахь заалтын “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н*******аас 40 /дөч/ тооны хургатай хонь буюу 6,800,000 /зургаан сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Г******* сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, С*******ын Б******* /РД:ГГ59101015/-д;

 5,300,000 /таван сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Г******* сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Жаран овогт Б*******ын М******* /РД:ГЭ75120918/-т тус тус олгож, хохирлыг 2022 оны 07 дугаар сарын 01-ний дотор төлөхөө илэрхийлсэнийг дурдсугай.” гэснийг

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н*******аас 17,400,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Г******* сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, С*******ын Б******* /РД:.-д;

5,690,0000 /таван сая зургаан зуун ерэн мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч Булган аймгийн Г******* сумын 5 дугаар багт оршин суух бүртгэлтэй, Б*******ын М******* /РД/-т тус тус олгож,

С.Б*******д олгох хохирлын 10,000,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 7,400,000 төгрөгийг 11 дүгээр сарын 15-ны өдөр, Б.М*******т олгох хохирлын 5,690,000 төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлөхөө илэрхийлсэнийг дурдсугай. гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар “анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлб*******с өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.ХҮРЭЛБААТАР    

         

 

                                       ШҮҮГЧ                                   Л.АРИУНЦЭЦЭГ

 

 

                     ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Д.АЗЖАРГАЛ