| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дүвжирийн Наранцэцэг |
| Хэргийн индекс | 136/2024/00327/И |
| Дугаар | 136/ШШ2024/00371 |
| Огноо | 2024-10-03 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 136/ШШ2024/00371
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И ХХК-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууц захиалгаар бариулах гэрээний үүрэгт 100,098,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Э,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,
Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна Үүнд: ...Гэрээ байгуулсан өдөр 8,000,000 төгрөг, 7 сард нь 58,732,000 төгрөгийг төлж, төлбөрөө 100 хувь төлсөн. ...Анх гэрээ байгуулахдаа 2022 оны 1 дүгээр улиралд ашиглалтад оруулна гэж гэрээ байгуулсан ч тухайн хугацаандаа ашиглалтад ороогүй тул дуудан 2021 оны 02 дугаар улиралд ашиглалтад оруулна гэж гэрээг сунгасан. ... Одоо хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. Удаа дараа холбогдож асууж сурахад анх бол ковидын үе таарч, шалтаг шалтгаан хэлж байгаад, дахин гэрээгээ сунгасан, гэтэл одоо болохоор мөнгө төгрөг байхгүй байна, зээл авна, бүтнэ, 80 хувьтай барилгаа заавал барьж дуусгана, хүлээж бай гэсээр өдий хүрсэн гэх бөгөөд энэ зун гэхэд цонх нэмснээс өөр ажил хийсэнгүй.
...Иймд Их тугчин компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, И ХХК-д төлсөн байрны үндсэн төлбөр 66,732,000 төгрөг, гэрээний 5.10-т зааснаар 0,1 хувийн алданги...2022.07.01-нээс 2023.12.31-ийг хүртэл 500 хоногоор тооцон хоног тутамд гүйцэтгэхүй үүргийн дүнгийн 166,732,000 төгрөгөөр тооцон 33,366,000 төгрөгийг нэмж, нийт 100,098,000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна.... гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Анх энэ компанийг Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдсэн зарын групп дээрээс харж, шинэ байранд орох зорилгоор очиж гэрээ байгуулсан. Энэ компанийн анхны 100 хувь төлбөрөө төлсөн захиалагч байгаа. Байрандаа заасан хугацаанд орох юм байх гэж бодоод 2022 он хүртэл чимээгүй л харсан. 2022 оноос хойш огт утсаа авдаггүй, очиж уулзахаар ковидын нөхцөл байдлын шалтаг тоочоод байсан. Тэгээд болох л байлгүй гээд хүлээдэг байсан. Сүүлдээ утсаа авахаараа шүүхдээд ав гэдэг болсон. Энэ байдлаас үүдэн шүүхэд хандаж байгаа гэв.
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: ... Нэхэмжлэгч нь И ХХК-тай 55.61 м2 хоёр өрөө байрыг 2021 оны 06 дугаар сард орон сууц бариулах гэрээ байгуулсан. Гэрээний биелэгдэх хугацаа нь 2022 оны 2 дугаар улиралд ашиглалтад өгөхөөр заасан буюу гэрээний үүрэг хугацаатай тодорхой байгаа. Захиалагч талаас гэрээнд заасан үүргийн дагуу 66,732,000 төгрөгийг 2 хуваан зуун хувь төлсөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Гэрээнд заасан хугацаа өнгөрөөд өнөөдрийг хүртэл байр ашиглалтад ороогүй байгаа. Гүйцэтгэгч тал гэрээнд заасан үүргээ ноцтой зөрчсөн үндэслэл тогтоогдсон. Тиймээс Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 225, 227 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаж уг гэрээнээс учирсан хохирол буюу гэрээний 5.10-т заасны дагуу алданги 33,366,000 төгрөг, нийт 100,098,000 төгрөг нэхэмжилж байгаа. Нийт төлсөн төлбөр болох 66,732,000 төгрөгийн 1 хувь 66,732 төгрөг байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 500 хоногоор тооцож 33,366,000 төгрөг нэхэмжилж байгаа. Энэ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй гэсэн заалтад таарч байгаа учраас энэ дүнгээр нэхэмжилж байгаа гэв.
4.Хариуцагчийн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч Э.Ба нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компани нь Нэхэмжлэгч Э.Батай 2021.6 сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокын ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний алданги болох 33.366.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.
5.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...66,732,000 төгрөгийг манай компанид шилжүүлсэн. Энэ үнийн дүн нь таарч байгаа. Энэ хүмүүс нэг байрны төлөө санаа зовж байгаа бол Т бүх байрны төлөө л санаа зовж байгаа. Шүүх дээр хэрүүл маргааны талаар яриад байх ач холбогдолгүй байх. Манай тал ч гэсэн эрхээ эдлээд гомдол гаргах эрх нь байгаа байх. гэв.
6.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн үндсэн шаардлагыг хариуцагч зөвшөөрч байгаа. Алдангийн тухайд Иргэний 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Илт их харагдаад байна. Энэ хэргийг нэг нэгээр нь шийдэхээс илүү энэ 40 хүмүүсийн хэргийг нийтэд нь авч хэлэлцэх нь зүйтэй л гэж үзээд байгаа.Тэгэхээр алдангийн хэмжээг хуульд заасны дагуу багасгаж өгнө үү гэв.
7. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1352 дугаартай итгэмжлэл /хх 5х/ , 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 23 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 6-10/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2021 оны 04 дугаар сарын 22-ны өдөр /хх 11-12/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр /хх 13/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Хариуцагчаас: Хариуцагчийн итгэмжлэл /хх 18х/, И ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 29/, Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 30/, Барилгын гүйцэтгэлийн зураг /хх 31/, 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн А/316 дугаартай засаг даргын захирамж /хх 32/, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/323 дугаартай засаг даргын захирамж /хх 33/, 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/336 дугаартай засаг даргын захирамж /хх 34/, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/349 дугаартай засаг даргын захирамж /хх 35/, 2021 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн А/469 дугаартай засаг даргын захирамж /хх 36/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2024 оны 10 дүгээр сарын 02-ны өдөр /хх 37-38/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд ...Гэрээ байгуулсан өдөр 8,000,000 төгрөг, 7 сард нь 58,732,000 төгрөгийг төлж, төлбөрөө 100 хувь төлсөн. ...Одоо хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байна. Удаа дараа холбогдож асууж сурахад анх бол ковидын үе таарч, шалтаг шалтгаан хэлж байгаад, дахин гэрээгээ сунгасан, гэтэл одоо болохоор мөнгө төгрөг байхгүй байна, зээл авна, бүтнэ, 80 хувьтай барилгаа заавал барьж дуусгана, хүлээж бай гэсээр өдий хүрсэн гэх бөгөөд энэ зун гэхэд цонх нэмснээс өөр ажил хийсэнгүй. ...Иймд Их тугчин компанитай байгуулсан гэрээгээ цуцалж, И ХХК-д төлсөн байрны үндсэн төлбөр 66,732,000 төгрөг, гэрээний 5.10-т зааснаар 0,1 хувийн алданги...2022.07.01-нээс 2023.12.31-ийг хүртэл 500 хоногоор тооцон хоног тутамд гүйцэтгэхүй үүргийн дүнгийн 166,732,000 төгрөгөөр тооцон 33,366,000 төгрөгийг нэмж, нийт 100,098,000 төгрөгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна.... гэжээ.
2. Хариуцагч И ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч Нэхэмжлэгч Э.Ба нэхэмжлэлтэй танилцлаа. Манай компани нь Нэхэмжлэгч Э.Батай 2021.6 сард Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан. Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокын ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний алданги болох 33.366.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иргэний 232 дугаар зүйлийн 232.8-д анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасан. Илт их харагдаад байна. Энэ хэргийг нэг нэгээр нь шийдэхээс илүү энэ 40 хүмүүсийн хэргийг нийтэд нь авч хэлэлцэх нь зүйтэй л гэж үзээд байгаа.Тэгэхээр алдангийн хэмжээг хуульд заасны дагуу багасгаж өгнө үү гэжээ.
3. Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх,захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ нь хуульд заасан үндэслэл журмын дагуу байгуулагдсан, хууль зөрчөөгүй гэрээ байх ба талууд гэрээг цуцалсан түүнээс учрах хохирлыг захиалагч тал шаардах эрхтэй байна.
4.Нэхэмжлэгчээс орон сууцыг захиалсан үндсэн төлбөр 66,732,000 төгрөг, 2022.07.01-нээс 2023.12.31-ийг хүртэл 500 хоногоор тооцон хоног тутамд гүйцэтгэхүй үүргийн дүнгийн 166,732,000 төгрөгөөр тооцон 33,366,000 төгрөгийг нэмж, нийт 100,098,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.
Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж заасныг биелүүлж нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.
Мөн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар барилга буюу захиалгат орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй байсан ба түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд ашиглалтад ороогүй байгаа нь ажил гүйцэтгэгч талыг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй .
6.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,
Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагад дурьдсан алдангийн хэмжээг бүхэлд нь гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...Гэрээний 5.10 болон Иргэний хуулийн 232.8 дахь хэсгийн анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.
Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж,учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.
Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг гэрээ цуцалснаас буцаан олгогдох төлөгдсөн төлбөр буюу 66,732,000 төгрөг гэж үзэн алдангийг тооцон олгох үндэслэлтэй .
Алдангийг нийт төлөгдсөн төлбөр 66,732,000 төгрөгийн тал хувь буюу 33,366,000 төгрөг гэж тооцон нийт 100,098,000 төгрөгийг хариуцагч И ХХК-аас нэхэмжлэгч Э.Бад олгож нэхэмжлэлийн шаардлагын хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 236 дугаар зүйлийн 236.6, 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 хэсэгт тус тус зааснаар И ХХК-аас 100,098,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Бад олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Э.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 658,440 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-аас 658,440 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Бад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ