Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 539

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч А.Ганзориг,

Шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Эын От холбогдох 1708011210182 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,1997 оны 06 дугаар  сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “...” их сургуулийн эрх зүйн ангийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, М овогт Эын О /РД: .../

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

           

Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

- Хохирогч Г.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эгчийн хүүхэд Г.Ц усанд орно гээд байхаар нь гэрийн түлхүүр өгсөн бөгөөд түүнээс гэрт хүн авчирсан эсэх талаар тодруулахад найз О гэдэг хүүхдийг гэртээ хонуулсан гэхээр нь тэр чинь авсан юм биш үү дагуулаад хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд орой 22 цагийн үед манай дүү, найзыгаа дагуулаад ирсэн. Би түүнээс “цүнхэн дотор байсан эд зүйл авсан” эсэх талаар асуухад аваагүй гээд байхаар нь ээж, ааваас нь асуусан нь дээр байх гэж бодоод гэрт нь хамт очоод ээжид нь юу болсон талаар хэлээд явсан. Маргааш өдөр нь тухайн охины ээж нь гэх эмэгтэй намайг дуудаад “манай охин авсан юм байна” гээд хэтэвч, үнэртэй ус хоёрыг буцаан өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 х/

 

- Шүүгдэгч Э.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 23 цаг өнгөрч байхад Ц намайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн тэндээс ирж авсан. Тухайн үед Ц найзтайгаа хамт явж байсан. Тэгсэн Ц намайг гурвуулаа манай эгчийн гэрт очъё, хүнгүй байгаа тийшээ явъя гээд байсан. Тэгээд зөвшөөрөөд 1 дүгээр хороолол руу Ций эгчийнх рүү явсан. Цтэй хамт явсан найз нь замдаа буусан.  ...тэгээд 1 дүгээр хорооллын 33-р байрны гадаа ирээд Ций эгчийн гэр рүү орсон. ...Тэгээд Цээ 5-6 цагийн орчим найзуудтайгаа уулзчихаад ирье гээд намайг үлдээгээд гарсан. Тухайн үед надад мөнгө төгрөгийн асуудал байсан болохоор Цийг явсны дараа унтлагын өрөө рүү нь орсон чинь харанхуй өрөө байсан. Тэгээд өрөөний хаалгыг онгойлгоод харахад зүрхэн улаан өнгийн хайрцаг байхаар нь онгойлгоод харсан чинь эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг /хос/, зүүлт, гинж, кулоны хослол, сваровский ээмэг, сваровский зүүлт, улаан өнгийн эмэгтэй хүний хэтэвч, ягаан өнгийн хайрцагтай үнэртэй ус байхаар нь аваад гал тогооны өрөөний хогийн саванд түр нуугаад хийсэн. Тэгээд Цийг ирэхийг хүлээгээд том өрөөний орон дээр хэвтэж байсан чинь Ц 09 цагийн үед гаднаас орж ирсэн. Ц орж ирэхдээ бэлэн гоймон авч орж ирээд 2 гоймонгоо чанаж идээд, 10 цаг өнгөрөөгөөд би гэр рүүгээ явлаа гээд Цд хэлээд хог чинь дүүрчихсэн байна гэж хэлээд гал тогооны өрөөний хогийн саванд хийж нуусан байсан ээмэг, бөгж, кулон, түрийвч, үнэртэй ус зэргийг авч гараад эгч Наранжаргал руу утсаар яриад “би 1-р хороололд байна, чи хаана байгаа юм бэ?” гэсэн  чинь Наранжаргал хороололд байна гэсэн. ...Би тухайн үед Наранжаргалд Ций эгчийн гэрээс хулгайлж авсан эд зүйлсээ “найзаасаа түр авчихлаа, эд нарыг ломбарданд тавьж мөнгө олдог юм уу” гэж хэлсэн. Тухайн үед Наранжаргал нээрээ тийм үү гэж хэлж байсан. Тэгээд бид 2 такси бариад 100 айлын наана байдаг Начин заан ломбарданд очоод би өөрийнхөө бичиг баримтаар хулгайлан авсан эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний ээмэг /хос/, зүүлт, гинж, кулоны хослолыг 1,270,000 төгрөгөнд тавьсан. ...Харин сваровский ээмэг, сваровский зүүлт, кулоныг 2 хоногийн дараа интернэт зарын дагуу 1 хүнд нийлүүлээд 140,000 төгрөгөөр зарсан. ...харин үнэртэй ус, түрүүвч 2-ыг нь би өөртөө байлгаж байсан ба Ций эгч нь энэ талаар мэдсэний дараа би ээж Буянжаргалд эзэнд нь өгчөөрэй гээд өгсөн. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 57-58 х/

 

- Шүүгдэгч Э.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр намайг цэцэрлэгт хүрээлэнд байхад Ц ирж аваад бид хоёр эгчийнд нь очиж хоносон. Цийг найзтайгаа уулзах гээд гараад явсан хойно нь би жижиг өрөөний хаалгыг татахад харанхуй өрөө байсан. Харанхуй өрөөнд хар цүнхэнд эрэгтэй хүний монетан бөгж, эмэгтэй хүний монетан ээмэг зүүлт, 2 сваровски зүүлт, үнэртэй ус, түрийвч байсныг нь авсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/

 

- Иргэний нэхэмжлэгч О.Болорэрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Э.О гэх эмэгтэй 1,270,000 төгрөгөөр эд зүйл барьцаалж зээл авсан. ... үүний улмаас манай компанид Э.От өгсөн зээл 1,270,000 төгрөг, түүний хүү 112,190 төгрөг, нийт 1,382,190 төгрөгийн хохирол учраад байна. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-39 х/

  

- Гэрч Г.Ций мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 13 цагийн үед хуучин танил О гэх охин миний утас руу залгаж “Аавынхаа хөөргийг барьцаалан зээлдүүлэх газар барьцаанд тавиад баригдчихлаа мөнгө байна уу” гэхээр нь би байхгүй гээд утсаа салгасан. Түүний дараа ороо 00 цагийн үед О над руу дахин залгаад “гэрээсээ хөөгдчихлөө цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугийн “Оргил” дээр явж байна” гэхээр нь би очиж авсан. Тэгээд бид хоёр манай эгчийн гэр болох 1-р хорооллын 33-р байрны 225 тоотод хоносон бөгөөд өглөө нь би 06 цагийн үед найз Бадрахтай уулзахаар гарахад О унтлагын өрөөнд унтаад байхаар нь би гаднаас нь цоожлоод  гарч яваад 10 цагийн үед орж ирэхэд том өрөөнд унтаж байсан. Намайг ороод ирэхэд том өрөөний скочтой байсан шүүгээ онгорхой байхаар нь Оээс юм хайсан юм уу гэж асуухад толгой өвдөөд эм хайсан гэж хэлээд гоймон чанаж идээд гарсан. Гарахдаа хог чинь дүүрсэн байна гээд ууттай хог аваад гарсан бөгөөд би дагаж гараад орцонд хамт тамхи татаад таксины мөнгө өгөөд явуулсан. Түүнээс хойш би эгчийн гэрт очоогүй бөгөөд хэд хоногийн дараа эгч Б миний утас руу залгаад гэрээс эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн. Эгчийн гэрт Оээс өөр хүн авч очоогүй бөгөөд түүнийг сэжиглэж байна. ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 х/

 

- Гэрч П.Буянжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ингээд би Оээс юу болсон талаар асуусан чинь “Цээг би таньдаг юм аа, тэгээд Ций гэрт хоносон юм, тэдний гэрээс ээмэг, бөгж, зүүлтийг авчихсан юм, Начин заан ломбарданд тавьчихсан байгаа” гэсэн. Тэгээд би тэр өдрийн орой нь Оийн цүнхийг нь уудлаад үзсэн чинь дотор нь үнэртэй ус, улаан өнгийн түрүүвч байхаар нь От хэзээ ч ийм юм байх ёсгүй, тэр айлаас авсан байх нь гэж бодоод эзэнд нь өгье гээд авсан. Тэгээд маргааш нь нөгөө хохирогч Болороо гэж эмэгтэйтэй утсаар холбогдож түрүүвч, үнэртэй ус хоёрыг нь хүлээлгэж өгсөн бөгөөд Бтай бусад ээмэг, бөгж, монетан эдлэлийг нь 08 дугаар сарын 01-ний дотор авч өгөхөөр болоод тохирсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 х/

 

- Гэрч Э.Насанжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 07 дугаар сарын 20-ны орой хороололд найзындаа хоночихоод 07 дугаар сарын 21-ний өглөө босоод тэдний гэрт байж байтал О над руу утсаар яриад “хаана байгаа юм бэ” гэхээр нь би хорооллоос гарч байна, би чамайг очоод авъя гэсэн. Удаагүй О байгаа газар такси бариад хүрч ирсэн. Тэгээд бид хоёр цаашаа 100 айлын тийшээ гэр рүүгээ явсан. Тэгээд Ардын эрхийн автобусны буудалд дээр буусан чинь О “хоёулаа Начин заан ломбард ханиндаа орчихоод юм тавьчихаад ирье” гэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь “өрөө дарах гээд таньдаг хүнээсээ ээмэг, бөгжийг нь түр авчихсан байгаа” гэсэн. Тухайн үед Отэй цуг гэр рүүгээ орох гэж байсан болохоор хамт ломбард руу орсон. О “Начин заан ломбард руу ороод цүнхнээсээ хэд хэдэн монетон ээмэг, бөгж, зүүлт гаргаж ирээд миний санаж байгаагаар 1,200,000 төгрөгөнд тавьсан. Тэгээд мөнгөө аваад бид хоёр гэр рүүгээ орсон. ...” гэх мэдүүлэг /хх 46 х/

- Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 18 х/

- Начин заан ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх 22 х/,

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 20 х /

 

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

- Э.Оийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 61 х/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 62 х /

 

Гурав:Хохирлын баримтууд.

- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11, 12, 19 х /

- Иргэний нэхэмжлэгч О.Болор-Эрдэнэ-д хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 14 х /

- Хохирогч Г.Бд хохирлын мөнгө 17,810 төгрөг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 15 х /

- Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 48-50 х /

- Хохирлын тооцоо /хх 80 х /

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх 84, 85 х / зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.О нь 2017 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 08-09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ... тоотод байрлах Г.Бгийн гэрээс луун хээтэй эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний ээмэг, бөгж, кулон, гинжний хослол, сваровский шигтгээтэй ээмэг, сваровский шигтгээтэй гинж, үнэртэй ус, мөнгөний хэтэвч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж бусдад 1,560,700 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь.

 

Хохирогч Г.Бгийн “...2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр эгчийн хүүхэд Г.Ц усанд орно гээд байхаар нь гэрийн түлхүүр өгсөн бөгөөд түүнээс гэрт хүн авчирсан эсэх талаар тодруулахад найз О гэдэг хүүхдийг гэртээ хонуулсан гэхээр нь тэр чинь авсан юм биш үү дагуулаад хүрээд ир гэж хэлсэн. ... ээжид нь юу болсон талаар хэлээд явсан. Маргааш өдөр нь тухайн охины ээж нь гэх эмэгтэй намайг дуудаад “манай охин авсан юм байна” гээд хэтэвч, үнэртэй ус хоёрыг буцаан өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 х/,

 

Шүүгдэгч Э.Оийн  “... Цээ 5-6 цагийн орчим найзуудтайгаа уулзчихаад ирье гээд намайг үлдээгээд гарсан. Тухайн үед надад мөнгө төгрөгийн асуудал байсан болохоор Цийг явсны дараа унтлагын өрөө рүү нь орсон чинь харанхуй өрөө байсан. Тэгээд өрөөний хаалгыг онгойлгоод харахад зүрхэн улаан өнгийн хайрцаг байхаар нь онгойлгоод харсан чинь эрэгтэй хүний монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй хүний монетон ээмэг /хос/, зүүлт, гинж, кулоны хослол, сваровский ээмэг, сваровский зүүлт, улаан өнгийн эмэгтэй хүний хэтэвч, ягаан өнгийн хайрцагтай үнэртэй ус байхаар нь аваад гал тогооны өрөөний хогийн саванд түр нуугаад хийсэн. Тэгээд Цийг ирэхийг хүлээгээд том өрөөний орон дээр хэвтэж байсан чинь Ц 09 цагийн үед гаднаас орж ирсэн. Ц орж ирэхдээ бэлэн гоймон авч орж ирээд 2 гоймонгоо чанаж идээд, 10 цаг өнгөрөөгөөд би гэр рүүгээ явлаа гээд Цд хэлээд хог чинь дүүрчихсэн байна гэж хэлээд гал тогооны өрөөний хогийн саванд хийж нуусан байсан ээмэг, бөгж, кулон, түрийвч, үнэртэй ус зэргийг авч  гарсан ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 57-58 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Иргэний нэхэмжлэгч О.Болор-Эрдэнийн “...2017 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Э.О гэх эмэгтэй 1,270,000 төгрөгөөр эд зүйл барьцаалж зээл авсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-39 х/,

  

Гэрч Г.Ций “... өглөө нь би 06 цагийн үед найз Бадрахтай уулзахаар гарахад О унтлагын өрөөнд унтаад байхаар нь би гаднаас нь цоожлоод  гарч яваад 10 цагийн үед орж ирэхэд том өрөөнд унтаж байсан. Намайг ороод ирэхэд том өрөөний скочтой байсан шүүгээ онгорхой байхаар нь Оээс юм хайсан юм уу гэж асуухад толгой өвдөөд эм хайсан гэж хэлээд гоймон чанаж идээд гарсан. Гарахдаа хог чинь дүүрсэн байна гээд ууттай хог аваад гарсан бөгөөд би дагаж гараад орцонд хамт тамхи татаад таксины мөнгө өгөөд явуулсан. Түүнээс хойш би эгчийн гэрт очоогүй бөгөөд хэд хоногийн дараа эгч Б миний утас руу залгаад гэрээс эд зүйл алдагдсан байна гэж хэлсэн. Эгчийн гэрт Оээс өөр хүн авч очоогүй бөгөөд түүнийг сэжиглэж байна. ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 40-42 х/,

 

Гэрч П.Буянжаргалын “...Ингээд би Оээс юу болсон талаар асуусан чинь “Цээг би таньдаг юм аа, тэгээд Ций гэрт хоносон юм, тэдний гэрээс ээмэг, бөгж, зүүлтийг нь авчихсан юм, Начин заан ломбарданд тавьчихсан байгаа” гэсэн. ... Тэгээд маргааш нь нөгөө хохирогч Болороо гэж эмэгтэйтэй утсаар холбогдож түрүүвч, үнэртэй ус хоёрыг нь хүлээлгэж өгсөн бөгөөд Бтай бусад ээмэг, бөгж, монетан эдлэлийг нь 08 дугаар сарын 01-ний дотор авч өгөхөөр болоод тохирсон юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 х/,

 

Гэрч Э.Насанжаргалын “... Ардын эрхийн автобусны буудалд дээр буусан чинь О “хоёулаа Начин заан ломбард ханиндаа орчихоод юм тавьчихаад ирье” гэхээр нь яах гэж байгаа юм бэ? гэсэн чинь “өрөө дарах гээд таньдаг хүнээсээ ээмэг, бөгжийг нь түр авчихсан байгаа” гэсэн. ... О “Начин заан ломбард руу ороод цүнхнээсээ хэд хэдэн монетон ээмэг, бөгж, зүүлт гаргаж ирээд миний санаж байгаагаар 1,200,000 төгрөгөнд тавьсан. Тэгээд мөнгөө аваад бид хоёр гэр рүүгээ орсон. ...” гэх мэдүүлэг /хх 46 х/,

 

Начин заан ХХК-ийн барьцаат зээлийн үйлчилгээний баримт /хх 22 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгч Э.Оийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.

 

Э.О нь хохирогчийн гэр лүү нэвтрэхдээ өөрийн найз Г.Ций зөвшөөрлийн дагуу хамт орж хоноод өглөө нь гарахдаа уг айлаас эд зүйл хулгайлсан тул түүнийг хууль бусаар хүн байнга амьдрах орон байр луу нэвтэрсэн гэж үзэх боломжгүй түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар:

Хохирогч Г.Бгийн гэрээс хулгайлсан эд зүйл болох луун шигтгээтэй монетон бөгж, монетон ээмэг, бөгж, кулон, гинжний хослол, үнэртэй ус, хэтэвч зэргийг буцаан өгсөн, харин сваровский шигтгээтэй кулон, ээмэг зэргийг бусдад зарж борлуулсан бөгөөд үнийн зөрүү 17,810 төгрөгийг хохирогч Х.Бд, ломбарданд барьцаалсан зүйлсийн зээлийн төлбөр 1,382,190 төгрөгийг иргэний нэхэмжлэгч О.Болор-Эрдэнэ-д тус тус хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 11, 12, 14, 15, 80 х /-р тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Шүүгдэгчийн бусдад зарж борлуулсан эд зүйлсийн төлөгдөөгүй үнийн зөрүү 152,190 төгрөгийг түүнээс гаргуулж хохирогч Х.Бд олгож, уг хохирлыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.

 

Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Шүүгдэгч Э.О нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх  өнхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй зэргийг харгалзан түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн.

                        Бусад асуудлын талаар:

            Энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерийн бичлэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.М овогт Эын Оийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Оийг 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Э.От мэдэгдсүгэй. 

 

4. Э.Оийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар Э.Оээс 152,190 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн ... тоот хаягт оршин суух ... регистрийн дугаартай Т овогт Ггийн Бд олгож, уг хохирлыг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.От үүрэг болгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдан ирсэн камерийн бичлэг 1  ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Б.ДАШДОНДОВ