Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2016/00970

 

Н.Насан-Очирын нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/02409 дүгээр шийдвэртэй,                                                                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1061 дүгээр магадлалтай,

Нэхэмжлэгч Н.Насан-Очирын нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Д.Дөлгөөнд холбогдох,

3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.ДөлгөөH нь 2015.4.25-ны өдөр намайг Хөх хотод амьдарч байхад 7 хоногийн хугацаатай 5.200 юанийг өдрийн 0,7 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хугацаандаа мөнгөө төлөөгүй. Миний бие 2016.01.15-ны өдөр Д.Дөлгөөний гэрийн хаягийг олж очоод ээжтэй нь уулзахад 2016.01.23-ны өдөр уг мөнгийг төлж дуусгана гэсэн бичиг хийж өгсөн. Гэтэл өнөөг хүртэл мөнгөө төлөхгүй намайг хохироосоор байна.  5 200 юанийг  төгрөгийн ханшаар хөрвүүлэн бодоход 1.608.500 төгрөг болж байгаа бөгөөд Иргэний хуулийн 222 дугаар зүйлд зааснаар уг зээлийн төлбөрийн зохих хэмжээний хүүг нэмж, Д.Дөлгөөнөөс нийт 3.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.       

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: 2015.04.25-нд миний найз н.Баасандагва БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол оюутнуудад зориулсан тоглолт хийхээр Монголоос хамтлаг, дуучдыг авчирсан. Тоглолтоо хийх болоход Хятад тал нь  түрээсийн байрны  барьцаа гэж 15.000 юань нэхэмжилсэн. Тоглолт үзэхээр хүмүүс цугларсан байсан, барьцаанд 5.000 юань дутсан. Тэр үед Н.Насан-Очир бусдад хүүтэй мөнгө зээлдэг байсан.Тоглолтын дараа орлогоосоо өгье гэж хэлсэн. Тэгээд Н.Насан-Очир миний хажууд байсан бөгөөд 5.000 юань зээлэхийг зөвшөөрсөн. Н.Насан-Очир н.Баасандагва хоёр бие биенээ таньж мэдэхгүй учраас баримтанд би гарын үсэг зурсан. Тэр мөнгийг Н.Насан-Очир шууд н.Баасандагвад бэлнээр өгсөн. Энэ үйлдлийг харсан гэрч байгаа. Б.Дуламсүрэн нь мөнгө хэн өгч, хэн авч ашигласныг харсан хүн. Н.Насан-Очир Б.Дуламсүрэнгийн гадаад паспортыг барьцаа болгож тэр үед авсан. Би мөнгийг огт авч ашиглаагүй. Таньдаг болохоор нэг нэгэндээ хүний нутагт тус болъё, угаасаа тоглолт дуусаад буцаагаад өгөх нь үнэн гэж бодоод зээлж авч өгсөн. Таньдаг болохоор гарын үсэг зурсан. Иймд гол буруутай хүнээс энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/02409 дүгээр шийдвэрээр  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Д.Дөлгөөнөөс 5.200 юань буюу 1.619.748 төгрөг гаргуулан Н.Насан-Очирт олгож, нэхэмжлэлээс  1.380.252 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1061 дүгээр магадлал гаргаж  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/02409 дүгээр шийдвэрийг  хэвээр үлдээжээ. 

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Д.Дөлгөөн нь Н.Насан-Очироос мөнгө авсан тухай баримтан дээр гарын үсэг зурсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Д.Дөлгөөн нь баримтан дээр гарын үсэг зурсан боловч мөнгийг өөрөө авч хэрэглээгүй н.Баасандавгад шилжүүлсэн гэдгээ тайлбарлахдаа: “Тоглолт зохион байгуулахаар ирсэн Баасандавга мөнгө олж өгөхийг гуйсан. Тоглолтын дара орлогоосоо өгье гэж хэлсэн. Тэгж хэлэхэд Н.Насан-Очир миний хажууд байсан. Н.Насан-Очир 500 юань зээлхийг зөвшөөрсөн. Бид 2 бие биенээ таньж мэдэхгүй учраас баримтанд би гарын үсэг зурсан” гэдэг, 2016.03.16-ны өдөр бичсэн мессеж /хх 14 дүгээр тал/, мөн Б.Дуламсүрэнг тухайн үед мөнгө авалцахад хажууд байсан нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байсан байхад шүүх холбоо барих утас байхгүй, дугаар байхгүй гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээж аваагүй нь буруу гэж үзэж байна. Иймд хэргийг дахин хэлэлцүүлээхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

                                                                ХЯНАВАЛ:

Н.Насан-Очир нь 3.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Д.Дөлгөөнд холбогдуулан гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хариуцагчийн гомдол үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Хариуцагч 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбараас үзэхэд /хх 12/ гэрч асуулгах хүсэлт гаргасан байхад шүүх уг хүсэлтийг шийдвэрлэлгүй шүүх хуралдаан хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6-г зөрчсөн байна.  

Нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх бөгөөд энэ тохиолдолд нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн бол шийдвэрийг хүчингүй болгох талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 168 дугаар зүйлийн 168.1, 168.1.7-т заасныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй нь буруу болжээ. 

Түүнчлэн, шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн шаардлагад нийцээгүй, гадаад хэлээр бичсэн баримтыг /хх 5/ шийдвэрийн үндэслэл болгосон нь мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-г зөрчсөн байх тул хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/02409 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 1061 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр хэргийг Сонгино-хайрхан дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 40.870 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай. 

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ