Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 443

 

Ц.Э, С.П, С.Х, Д.Э нарын нэхэмжлэлтэй,

Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэн

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал

Нэхэмжлэлийн шаардлага: “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд холбогдох хэсэг болон Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаан, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0363 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0447 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

Хариуцагч Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, Ц.У нар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0363 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.4, 23.10, 25 дугаар зүйлийн 25.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э, С.П, С.Х, Д.Э нараас гаргасан “... Хан-Уул дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “...Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг илт хууль бус болохыг тогтоолгох, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргын сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0447 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0363 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2, 23 дугаар зүйлийн 23.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э, С.П, С.Х, Д.Э нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд холбогдох хэсгийг, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааныг болон уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б-ийн давж заалдах гомдлыг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-ийн гомдол: “... давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “... анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан байна. Ээлжит сонгуультай холбоотой заалт бол сонгуулийн үр дүнд байгуулагддаг аймаг, нийслэл, сум, дүүрэгт хамааралтай бөгөөд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурал нь сонгуулийн үр дүнд байгуулагддагүй тул анхдугаар хуралдааныг нь зарлан хуралдуулах талаар зохицуулалт байхгүй юм.

4. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дүгаар зүйлд баг, хорооны Хурлын бүрэн эрхийг тоочин зааж өгсөн байна. Үүнд иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлах гэж заагаагүй байдаг.

5. Засаг Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “20-30 өрх тутмаас сонгуулийн насны нэг иргэн оролцсон бол ... хүчин төгөлдөр гэж үзнэ”, 25 дугаар зүйлийн 25.1-т “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан. Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн иргэдийн Нийтийн анхдугаар хуралдаанд тус хорооны нийт 3630 өрхийг төлөөлж 257 иргэн оролцож хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид, иргэдийн Нийтийн Хурлын дарга, хорооны Засаг дарга, тооллогын комиссын бүрэлдэхүүнийг баталсан байх тул тус хуралдаанд оролцвол зохих сонгуулийн насны иргэдийн тоо хуульд заасан хэмжээнд хүрсэн, хуралд оролцсон иргэдийн олонхийн саналаар зохих шийдвэр гаргасан. Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т “баг, хорооны Хурал дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.1-т “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх”, 17.1.2-т “Баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх огцруулах саналыг... хэлэлцэн сум дүүргийн Засаг даргад уламжлах, 17.1.3-т “Хурлын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь өөрийн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие даан шийдвэрлэсэн тул илт хууль бус захиргааны акт гэж үзсэн нь үндэслэлгүй юм.

6. Нэхэмжлэл гаргасан иргэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны товыг мэдсэн ба С.П тус хуралдаанд ирсэн байдаг. Үүнийг нотлох бичлэг хэрэгт авагдсан байгаа болно. Мөн 2018 оны 03 дугаар сарын 03-ны хуралдаанд нэхэмжлэгчид мэдсээр байж өөрсдөө оролцоогүй байдаг. Энэ нь ирцийн бүртгэлээр нотлогддог юм.

7. Нэхэмжлэгчид энэ 2 хуралдааны товыг мэдсээр байж өөрсдөө оролцоогүй өөрсдөө сонгох сонгогдох эрхээ эдлээгүй байхад тэдгээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй байгаа юм. 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 16-р хорооны иргэдийн Нийтийн Хурал хуралдан хуралдааныг зарласан гэж байгаа боловч тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Ж нь тэр өдөр Тэргүүлэгчид хуралдаагүй, нэхэмжлэгчид нь хуурамч нотлох баримт гарган өгсөн гэдэг нь тухайн үеийн иргэдийн Нийтийн Хурлын дарга С.Ж-ны мэдүүлгээр нотлогддог юм.

8. Иймд, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 128/ШШ2018/0363 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан хэсгийг, давж заалдах шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0447 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            9. Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолоор, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 20.1.11, 23 дугаар зүйлийн 23.2, 23.10, 25 дугаар зүйлийн 25.2, 39 дүгээр зүйлийн 39.1-д заасныг тус тус үндэслэн, тус дүүргийн хороодын иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталж, “... тогтоосон хугацаанд зохион байгуулж, хуралдуулахыг бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон хороодын иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд, тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллахыг дүүргийн Засаг дарга ...-д тус тус даалгаж”, “... хуралдааны зохион байгуулалтад хяналт тавьж, мэргэжил арга зүйгээр удирдан ажиллахыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч ...-д, хуралдааны бэлтгэлийг хангаж ажиллахыг хороодын Засаг дарга нарт үүрэг болгож” шийдвэрлэжээ.

10. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.4-т “...хороо нь дүүргийн засаг захиргааны нэгж мөн”, 9 дүгээр зүйлийн 9.1.3-т “…/нутгийн өөрөө удирдах байгууллага нь/ хорооны иргэдийн Нийтийн Хурал /байна/”, 23 дугаар зүйлийн 23.4-т “Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Хурлын Тэргүүлэгчид ... зарлан хуралдуулна” гэж зааснаас үзэхэд, хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны товыг тогтоох, зарлан хуралдуулах эрхийг тухайн Хурлын бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй Тэргүүлэгчид хэрэгжүүлэхээр байх тул Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг “2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагт” хуралдуулахаар товолж, уг тогтоосон хугацаанд хуралдааныг хуралдуулахыг тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдэд даалгасан Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын холбогдох хэсэг “илт хууль бус”, энэ талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... хорооны иргэдийн Нийтийн Хурал нь сонгуулийн үр дүнд байгуулагддаггүй тул Анхдугаар хуралдаан зарлах хуралдуулах талаар зохицуулалт байхгүй” гэж дурдсан, энэ тохиолдолд, нэгэнт сонгуулийн үр дүнд байгууллагддаггүй хорооны иргэдийн Нийтийн Хурлын хувьд “... Анхдугаар хуралдаан хуралдах хуваарийг баталж, ... тогтоосон хугацаанд зохион байгуулж, хуралдуулахыг даалгаж” шийдвэрлэсэн маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол “хуульд нийцсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй, түүнчлэн,  Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т бүх шатны Хурлын Тэргүүлэгчдийн “хурал зарлан хуралдуулах” бүрэн эрхийг нарийвчлан заасан байх тул “... /хуулийн/ 17 дүгаар зүйлд баг, хорооны Хурлын бүрэн эрхийг тоочин зааж өгсөн байна. Үүнд иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлах гэж заагаагүй” гэх гомдол үндэслэлгүй гэж үзлээ.

12. Маргаан бүхий дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/06 дугаар тогтоолд үндэслэл болгрж заасан Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “... /дүүргийн Хурлын Тэргүүлэгчид/ хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх”, 20.1.11-д “.../дүүргийн Хурлын Тэргүүлэгчид/ Хурлын хороо болон түр хорооны ажлыг зохицуулан зохион байгуулах, өөрийн дэргэдэх байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэн удирдах” гэсэн нь 16 дугаар хорооны “иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулах”    асуудалд хамааралгүй, тийм бүрэн эрхийг дүүргийн Хурлын Тэргүүлэгчдэд олгоогүй байна.

13. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2-т “нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” гэж, нутгийн өөрөө удирдах байгууллагын өөрт нь хуулиар тусгайлан олгосон эрхээ хэрэгжүүлэх боломжийг баталгаажуулсаны дагуу Хурлын хуралдааныг зарлан хуралдуулах бүрэн эрх нь зөвхөн тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд хадгалагдаж байхад дээд шатны Хурал буюу дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс дээрх байдлаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдааны тов тогтоосон нь “өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн” гэж үзэх үндэслэл болох юм.

14. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “... өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан ... /тохиолдолд захиргааны акт илт хууль бус болох/”-оор заасан тул Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн маргаан бүхий 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоолын холбогдох хэсэг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, түүнчлэн, уг “илт хууль бус” тогтоолын дагуу 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагт хуралдсан Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Анхдугаар хуралдаан, уг хуралдаанаас батлан гаргасан “Хурлын даргыг сонгох тухай” 02 дугаар тогтоол, “Хурлын Тэргүүлэгчдийг сонгох тухай” 03 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг сонгох тухай” 04 дүгээр тогтоолыг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т “илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна” гэсэнтэй нийцжээ.

15. Анхан шатны шүүх, маргаан бүхий Хан-Уул дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны А/06 дугаар тогтоолын холбогдох хэсэгт зөв дүгнэлт хийж, түүний илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэсэн атлаа, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т заасан илт хууль бус захиргааны актын хууль зүйн үр дагаварын талаар дүгнэлт хийлгүй, илт хууль бус захиргааны актын үр дагаварт үүссэн бусад маргаан бүхий актуудыг “хуульд нийцсэн” гэж үзсэн нь буруу, давж заалдах шатны шүүх зөв дүгнэлт хийж, уг алдааг зассан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасан “...анхан шатны шүүх ... хууль буруу хэрэглэсэн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэсэгчлэн ... өөрчлөх” бүрэн эрхийн хүрээнд, зөв байна.     

16. Нэхэмжлэгч Ц.Э, С.П, С.Х, Д.Э нар нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид бөгөөд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн А/06 дугаар тогтоол нь хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийн эрхийг зөрчсөн, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид дээрх байдлаар хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлсэн нь тогтоогдож байх тул, “илт хууль бус” захиргааны актын дагуу аливаа хууль зүйн үр дагавар үүсэх учиргүй, нэгэнт үр дагавар үүссэн тухайн тохиолдолд шүүх уг үр дагаврын мөн “илт хууль бус” гэж үзсэн нь зөв тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... нэхэмжлэл гаргасан иргэд 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны товыг мэдсэн ба С.Пунцагжамц тус хуралдаанд ирсэн байдаг, ... мөн 2018 оны 03 дугаар сарын 03-ны хуралдаанд нэхэмжлэгчид мэдсээр байж өөрсдөө оролцоогүй..., ... 2 хуралдааны товыг мэдсээр байж өөрсдөө оролцоогүй өөрсдөө сонгох сонгогдох эрхээ эдлээгүй байхад тэдгээр иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэрхэн зөрчсөн нь ойлгомжгүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй байна. 

17 .Эдгээр үндэслэлээр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0447 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.У-ийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА