Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 242

 

М.Э-т холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч М.Э- болон түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоол, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар магадлалтай, М.Э-т холбогдох 1819003130153 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, *** радио холбооны техникч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Ж овогт М-н Э.

М.Э- нь 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** гэртээ хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүн болох бага насны хүүхэд буюу 2 настай Н.М-г дотоожиндоо шээлээ гэх шалтгаанаар түлхэж унагаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч М.Э-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж, шүүгдэгч М.Э-ыг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Э-т хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хяналт тавин ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүх М.Э-т холбогдох хэргийг хянан хэлэлцээд хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг бүрэн гүйцэд үнэлэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, хууль зүйн үндэслэлгүй тул гомдол гаргаж байна.

1. Хүнийг алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн идэвхтэй үйлдлээр илэрдэг. Тэгвэл М.Э-ын хувьд уг хор уршгийг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хор уршиг бий болсон ба өөрөөр хэлбэл хохирогчийг дотоожиндоо шээлээ, хөтөвчин /коршок/ дээр суу гээд түлхсэн үйлдлийн улмаас түүний амь нас хохирсон нь Энхболорыг санаатай хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй болохыг зөв зүйтэй үнэлж дүгнэх нь чухал юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд гэм бурууг санаатай ба болгоомжгүй гэсэн 2 хэлбэрээр тодорхойлсон бөгөөд болгоомжгүй хэлбэрийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан байхаар тодорхойлжээ.

Тиймээс М.Э-ын үйлдлийг анхан шатны шүүхээс хор уршгийг субъектив шинжийн хувьд мэдээгүй, ухамсарлаагүй боловч объектив талаас нь дүгнэхэд мэдэх ёстой, мэдэх боломжтой, уг үйлдлээс гарах үр дагаварт хайхрамжгүй хандсан хэмээн дүгнэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болно.

Гэтэл давж заалдах шатны шүүхээс М.Э-т холбогдох хэрэгт хэт нэг талын өрөөсгөл дүгнэлтийг хийж шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, бага насны хүүхдэд хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн, түүний болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогч нас барсан гэж үзэх нөхцөл байдал хэрэгт байгаа нотлох баримтаар нотлогдож тогтоогдсонгүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй ба өөрөөр хэлбэл М.Э-ын гэм буруу, санаа зорилгын хэлбэрийг бүрэн гүйцэд судалж хэргийн байдалд нийцсэн бодитой дүгнэлтийг хийж чадаагүй зөвхөн түүний ухамсарт сэтгэхүй, эрх зүйн чадамжийн байдлаар нь өөрийн зүгээс цохих, түлхэх хүчний үйлчлэлээр хүүхдийн биед их бага хэмжээгээр ямар нэг гэмтэл учирч болзошгүйг ухамсарлах учиртай гэсэн ухагдахуунаар энэ бүгдийг тодорхойлж үгүйсгээд байгаа нь ойлгомжгүй болно.

Хамгийн гол нь М.Э-ын амь хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл нь түүнийг хүсч зориуд санаатайгаар чиглэсэн идэвхтэй үйлдлээр хийгдээгүйд уг хэргийн санаа зорилгын хэлбэр бодитойгоор тогтоогддог болохыг анхаарах нь чухал юм. Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Прокурор А.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ бусдыг санаатай алах сэдэлтгүй байна. Харин хийж байгаа үйлдэлдээ хайхрамжгүй хандсан байгаа юм.  Прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийж хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы гаргасан гомдлыг үндэслэн М.Э-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос шүүгдэгч М.Э-ыг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр *** тоот гэртээ хамт амьдарч байсан гэр бүлийн гишүүн болох бага насны хүүхэд буюу 2 настай Н.М-г дотоожиндоо шээлээ гэх шалтгаанаар түлхэж унагаан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний амь насыг хохироосон гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.7, 2.8-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Э-ын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн хүндрүүлэх шинжтэйгээр хүнийг санаатай алах гэсэн хэргийн зүйлчлэлийг хүнийг болгоомжгүй алах болгон өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Э-т ял шийтгэл оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж хуулийн шаардлагад нийцсэн шийдвэр гаргасан байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Э- нь амь хохирогчийг дотоожиндоо шээлээ, хөтөвчин /коршок/ дээр суу гэж түлхсэн үйлдлийн улмаас амь насыг нь хохирооход хүргэжээ. Тэрээр  хохирогчийг түлхэж унагаасан үйлдлийг санаатай хийснээ хүлээн зөвшөөрдөг боловч шүүгдэгчийн зүгээс хохирогчийн амь насыг хохироохыг хүсч, тухайн түлхэлтийн улмаас хохирогч толгойгоороо шал мөргөн унаж, улмаар үхэлд хүргэсэн гэмтлийг авах болно гэдгийг урдаас сайтар мэдэж, тэрхүү үр дүнд ухамсартайгаар зориуд хүргэсэн гэж буруутган дүгнэх ямар нэгэн нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Энэ үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учирч болзошгүйг мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэн гэх хууль зүйн ойлголтод хамаарахаар байх тул шүүгдэгчийг зориуд хохирол, хор уршигт хүргэх зорилгоор хүсэж хийсэн санаатай үйлдэл гэж дүгнэх боломжгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  бодит байдалтай нийцсэн байна.

Өөрөөр хэлбэл, М.Э-ын хайхрамжгүй байдлаар амь хохирогчийг түлхэж зүүн тал бөмбөлгийн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, тархины баруун, зүүн тал бөмбөлгийн суурь хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл авч амь нас нь хохирсон үйлдэл нь бусдын амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийн шинжийг хангасан талаар анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

Харин давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, төдийгүй шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой эсэхийг бүрэн гүйцэд үнэлэлгүйгээр хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна. 

Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь дангаар хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдэгдсэн болохыг нотлохгүй ба хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагддаг болно. Эдгээр гэмт хэргүүд нь гэм буруугийн субъектив тал буюу гэмт хэргийн сэдэлт, санаа зорилгоороо ялгагдаж хүнийг санаатай алах гэмт хэргийг шууд санаагаар үйлдэхдээ гэмт этгээд хохирогчийн үхлийг хүссэн байдаг бол шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. Харин хохирогчийн амь насыг хохироохыг шүүгдэгч хүсээгүйгээс гадна хэдийгээр амь насанд нь аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй бол хайхрамжгүй хандлагаар, мэдсэн боловч тийм үр дагаварт хүргэхгүй гэж найдсан бол хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироох гэмт хэрэгт гэм буруутайд тооцно.

Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы “...М.Э- нь хор уршигийг урьдчилан мэдэх боломжтой байсан ч мэдэлгүй үйлдсэний улмаас хор уршиг учирсан, амь хохирогчийн эсрэг чиглэсэн үйлдэл нь түүнийг хүсч, зориуд санаатайгаар чиглэсэн идэвхтэй үйлдлээр хийгдээгүй, тиймээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 23 дугаар магадлалыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайханы хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН