Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 136/ШШ2024/00372

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорноговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б1 танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Эын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Сайншанд сум, 8 дугаар багт оршин байрлах, И ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн гүйцэтгэлд 70,060,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.С,

Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Ууганзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. ...Тус барилгын 3-р давхарт 46,65 м2 бүхий 2 өрөө 306 тоот байрыг 2021 оны 04-р сарын 19-ний өдөр №11 дугаартай гэрээг байгуулан байрны нийт үнэ болох 55,980,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 22,392,000 төлснөөр гэрээ баталгаажсан.

1.2.Гэрээний дагуу сар бүр төлөлт хийж байсан боловч гүйцэтгэгч тал барилгын ажлыг тогтвортой явуулаагүй, барилгыг гэрээнд заасан хугацаандаа ашиглалтад оруулж чадаагүй. ...Барилга баригдах хугацаанд халдварт өвчин гарч хорио цээр тавигдаж хил гааль хаагдсан барилгын материалын үнэ ханш өсөх зэрэг саад бэрхшээл үүсэж байсан цаг хугацааг хүн бүр ойлгон хүлээцтэй хандаж байсан боловч цагийн саад арилсан он цагуудад ч гүйцэтгэгч компани ажлаа тууштай явуулаагүй.

1.3.2024 оны 02 дугаар сарын 20-нд захиалагч нарыг цуглуулан уулзаж одоо ажлаа эхэлнэ гэхдээ байрны м2 үнийг 1,600,000 болгож нэмнэ, бүх юмны үнэ нэмэгдэж байгаа одоо цаг үед нөхцөл байдлыг ойлгон цугласан бидний хэдэн хүн хүлээн зөвшөөрч гэрээнд нэмэлт өөрчлөлтийг оруулж бид 2 талаасаа гарын үсэг зуралцсан. Гэтэл тун удахгүй м2 үнийг 2,000,000 төгрөг, ... 2,200,000 төгрөг... 2,800,000 төгрөг болгон нэмнэ гэх мэтээр өөрсдийн ашиг сонирхлыг тэргүүнд тавьж үнийн өсөлтийг тооцоолон өөрсдөө ашиг бодсон.

1.4. Уг барилга баригдах үгүй нь тодорхойгүй болохоор нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс төлөлтөө зогсоогоод төлсөн мөнгөө түүнийхээ алдангитай нэхэмжилж байна. ... Төлсөн мөнгө нь 42,070,000 төгрөг байгаа. ... Гэрээний 5.10 дугаар заалтыг үндэслээд ... 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийтдээ алданги тооцох хоног нь 790 хоног болж байгаа. ...44,242,200 төгрөг болж байгаа. ...Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийг буюу 27,990,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

2. Хариуцагчийн төлөөлөгч А.Т шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокын ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний алданги болох 27,990,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна... гэжээ.

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч урьдчилгаа мөнгөө хувь данс руу хийсэн гээд байх юм. Компанийн данс руу ороогүй болохлоороо би энийг нь сайн мэдэхгүй. Тын данс руу хийсэн гээд байна. Уг нь гэрээ хийгээд гэрээ дээрээ компанийн данс байсаар байхад яагаад хувь данс руу хийсэн юм бол. ... Нэхэмжлэгч сар болгон гэрээнийхээ үүргийг биелүүлж байгаагүй. гэв.

4.Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: .Урьдчилгаа 20,000,000 төгрөгөө өөр дансанд хийчихсэн байна. Гэхдээ хариуцагчийн төлөөлөгч нэхэмжилсэн үнийн дүнг хариуцагч зөвшөөрлөө. Энэ утгаар алдангийг нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна. Түүнээс гадна шүүгч нэг зүйлийг анзаарсан бол алданги 27,000,000 төгрөг гээд байна. Тэр нь нэхэмжилж байгаа үнийн дүн, нэхэмжлэлийн шаардлага нь 42,000,000 төгрөгөөс нь 50 хувиас нь бараг 5,000,000 төгрөгөөр давчихсан байх шиг байна. Бүүр наад зах нь тэр нь хэрэгсэхгүй болох ёстой. гэв.

5. Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, 2024 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 1347 дугаартай итгэмжлэл /хх 4/ , 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 6-8/, нэмэлт хавсралт /хх 9/, Банк хоорондын шилжүүлгийн хуулга /хх 10-28/, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Хариуцагчаас: Хариуцагчийн итгэмжлэл /хх 33/, И ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 40/, Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 41/, Барилгын гүйцэтгэлийн зураг /хх 42/, 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн А/316 дугаартай засаг даргын захирамж /хх 43/, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/323 дугаартай засаг даргын захирамж /хх 44/, 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/336 дугаартай засаг даргын захирамж /хх 45/, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/349 дугаартай засаг даргын захирамж /хх 46/, 2021 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн А/469 дугаартай засаг даргын захирамж /хх 47/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2024 оны 10 дүгээр сарын 02-ний өдөр /хх 48/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд ...2021 оны 04-р сарын 19-ний өдөр №11 дугаартай гэрээг байгуулан байрны нийт үнэ болох 55,980,000 төгрөгөөс урьдчилгаа төлбөрт 22,392,000 төлснөөр гэрээ баталгаажсан. ...Уг барилга баригдах үгүй нь тодорхойгүй болохоор нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс төлөлтөө зогсоогоод төлсөн мөнгөө түүнийхээ алдангитай нэхэмжилж байна. ... Төлсөн мөнгө нь 42,070,000 төгрөг байгаа. ... Гэрээний 5.10 дугаар заалтыг үндэслээд ... 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс нийтдээ алданги тооцох хоног нь 790 хоног болж байгаа. ...44,242,200 төгрөг болж байгаа. ...Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийг буюу 27,990,000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэжээ.

3.Хариуцагч И ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч ...Бидний зүгээс эдийн засгийн нөхцөл байдлын болон захиалагч нарын гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас А блокын ажил зогсож 85 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Нэхэмжлэгч талын компанийн дансанд төлсөн төлбөрийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэрээний алданги болох 27,990,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. гэжээ.

4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 3/, 2024 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн 1347 дугаартай итгэмжлэл /хх 4/ , 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 6-8/, нэмэлт хавсралт /хх 9/, Банк хоорондын шилжүүлгийн хуулга /хх 10-28/, хариуцагчийн итгэмжлэл /хх 33/, И ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх 40/, Хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 41/, Барилгын гүйцэтгэлийн зураг /хх 42/, 2021 оны 06 дугаар сарын 11-ны өдрийн А/316 дугаартай засаг даргын захирамж /хх 43/, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн А/323 дугаартай засаг даргын захирамж /хх 44/, 2021 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн А/336 дугаартай засаг даргын захирамж /хх 45/, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн А/349 дугаартай засаг даргын захирамж /хх 46/, 2021 оны 09 дугаар сарын 14-ний өдрийн А/469 дугаартай засаг даргын захирамж /хх 47/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2024 оны 10 дүгээр сарын 02-ний өдөр /хх 48/ зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон.

5. Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч И ХХК-ны хооронд 2022 оны 11 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх 6-8/ буюу Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх,захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

6. Нэхэмжлэгчээс гэрээний 5.10 дугаар заалтыг үндэслээд буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 55,980,000 төгрөг, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс хоногоо тооцоод нийтдээ алданги тооцох хоног нь 790 хоног болж байгаа. Тэгээд 790 хоногоор үржүүлэхээр 44,242,200 төгрөг болж байгаа. Бид нарын төлсөн төлбөрөөс алданги тооцож байгаа мөнгө нь илүү гараад ирэхээр гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийг буюу 27,990,000 төгрөгийг нэхэмжилсэн байна.

7.Хариуцагч И ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч хариу тайлбар гаргахдаа Цар тахал гарч олон нийтэд их хэмжээний эдийн болон эдийн бус хохирол бий болсон байдал болон захиалагч нар төлбөрөө хугацаанд төлж байгаагүй зэрэг хүчин зүйлүүд нөлөөлснөөс гэрээнд заасан хугацаа хэтэрсэн гэж тайлбарлаж байгаа ч энэ нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримт болон талуудын тайлбараар тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан ...өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй гэж заасныг биелүүлж нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

Мөн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар барилга буюу захиалгат орон сууц нь 85 хувийн гүйцэтгэлтэй байсан ба түүнээс хойш хоёр жил өнгөрөхөд ашиглалтад ороогүй байгаа нь ажил гүйцэтгэгч талыг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн буруутай гэж үзэх үндэслэлтэй .

8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасан Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй,

Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу нэхэмжлэгч тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй,

Иймд хариуцагчийн өмгөөлөгчийн ...Гэрээний 5.10 болон Иргэний хуулийн 232.8 дахь хэсгийн анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэжээ.

Гүйцэтгээгүй үнийн дүн гэдэгт ажил гүйцэтгэх гэрээ цуцлагдсанаас учирсан хохирол гэрээний 5.10 дугаар заалтыг үндэслээд буюу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 55,980,000 төгрөг гэж тооцсон нь үндэслэлгүй.Гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн гэдгийг нэхэмжлэгчээс төлсөн нийт 42,070,000 төгрөг гэж үзэн хариуцагч тал буцаан өгөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэсэн заалтыг баримтлан 42,070,000 төгрөгийн 50 хувь 21,035,000 төгрөг нийт /42,070,000+21,035,000=63,105,000/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 хэсэг, 225 дугаар зүйлийн 225.1, 232 дугаар зүйлийн 236.8 дахь хэсэгт тус тус зааснаар И ХХК-аас 63,105,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.Эод олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 6,955,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Эын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,250 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч И ХХК-аас 473,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Эод олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НАРАНЦЭЦЭГ