Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 540

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

            нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

            улсын яллагч Б.Уранцэцэг,

            шүүгдэгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д овогт Бын Од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1708012600082 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн байцаалт

            Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Увс аймгийн Давст суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, агрономич мэргэжилтэй, ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй Д овогт Бын О /РД:.../

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс 2017 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-60 дугаар байрны гадна талын автомашины зогсоолд байрлуулсан байсан ... УБО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын иргэн Б.Бгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 8.500.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ  НЬ:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудад дүгнэлт хийхэд:

 шүүгдэгч Б.О нь 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 2-60 дугаар байрны гадна талын автомашины зогсоолд байрлуулсан байсан иргэн Б.Бгийн эзэмшлийн ... УБО улсын дугаартай Тоёота Приус-20 загварын тээврийн хэрэгслийг хулгайлж, иргэн Б.Бд 8.500.000 төгрөгийн хохирол, уг тээврийн хэрэгсэлд байсан эд зүйлийг хууль бусаар авч иргэн Б.Бд 540.000 төгрөгийн, иргэн Ц.От 470.000 төгрөгийн хохирол учруулсан буюу бусдад нийт 9.510.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5, 6-10, 62-66х/

 

Хохирогч Б.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 02-ны өглөө 09 цаг 30 минутанд гэрээсээ гараад ирэхэд миний машин алга болсон байсан. Ингээд ойр хавьдаа хайхад байх газар байгаагүй. Апдагдсан гэх машин нь мөнгөлөг саарал өнгөтэй, гадна талдаа ямар нэг сэвгүй, куперны урд байдаг чирэгчний таглаа нь байхгүй, хойд хоёр хаалганы хажуугийн шил, хойд талын шилнүүд дундаж хар өнгийн тентэй, 15 тай 5 салаа өөртэй нь хамт ирсэн стандарт саарал обудтай, 2004 онд үйлвэрлэгдсэн, монголд 2015 оны 07 дугаар сард орж ирсэн, 2015 оны 07 дугаар сард Капитал банкын лизингээр авч, уг машин нь миний эхнэр Октябрийн Агийн нэр дээр байдаг ч би унаж хэрэглэдэг юм. Өчигдөр шөнө би ямар нэг архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй.

...Би машинаа бүрэн бүтэн хүлээж авсан. Машин дотор байсан цүнхтэй багаж, 2 цүнхтэй хувцас, эмэгтэй хүний гар цүнхтэй бичиг баримт, гоо сайхны хэрэгсэл, I Phone-4 маркийн гар утас зэрэг зүйл байсныг тухайн хулгайч авч явсан байснаас цүнхтэй багаж, эмэгтэй хүний гар цүнхтэй гоо сайхны хэрэгсэл, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг бичиг баримтуудыг, 2 цүнхтэй хувцас зэргийг авсан. Харин цүнхэнд байсан зүйлсээс I Phone-4 маркийн гар утас, савхин дээл, эмэгтэй хүний савхин куртик зэрэг зүйлүүд нь дутуу байгаа. Харин хагас  богино савхин куртик, iphone-4 маркийн гар утас, эмэгтэй хүний гар цүнхтэй  бичиг баримт, гоо сайханы хэрэгсэл  зэргийг манай дүү Оийнх болохоор  тэрээр өөрөө хэлэх байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 68-69, 194-195х/

 

“Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн тодорхойлолтод “Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн ханш 8.500.000” гэжээ. /хх-ийн 30х/

 

Эд зүйлийн үнэлгээ: Савхин дээл- 500.000 төгрөг, цүнхтэй багаж – 40.000 төгрөг, нийт 540.000 төгрөг /хх-ийн 106х/

 

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “Приус-20 маркийн автомашиныг Б.Бд хүлээлгэн өгөв.” гэжээ. /хх-ийн 70х/

 

Эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэлд: “Б.Б савхин дээлээ хүлээж авсан, гомдол, саналгүй” гэжээ. /хх-ийн 115х/

 

Хохирогч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Төв аймагт ажил хийхээр найз А болон хамаатны ах Бгийн хамтаар түүний Приус-20 маркийн ... УБО улсын дугаартай автомашинаар очсон. Ингээд 1 хонож байтал Б ах УлаанБ хот руу яваад ирье хүүхдүүд хичээл сургуульд орох болчихлоо гээд буцсан. Бидний ажил 2 хонож байсан болохоор буцах болоод Б ах руу утсаар яриад ирэх болж байна уу гэж асуухад ах байшингийн гаднаас машинаа хулгайд алдчихлаа гэж байсан. Б ахын машин дотор миний цүнхтэй хувцас, мөн гар цүнхтэй гоо сайхны хэрэгсэл байсан нь машинтайгаа алдагдсан. ...Би бор өнгийн чемдон цүнх, пүдр, сормусны будаг, уруулын будаг, контр, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтаа буцааж авсан. Савхин куртик, I phone-4, Sky-Wega маркийн гар утаснуудаа нэхэмжлнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-100х/

 

Эд зүйлийн үнэлгээ: Савхин куртик – 80.000 төгрөг, I phone-4 маркийн гар утас – 110.000 төгрөг, Sky Wega маркийн гар утас – 100.000 төгрөг, чемодон цүнх – 20.000 төгрөг, гар цүнх – 50.000 төгрөг, гоо сайхны хэрэгсэл – 110.000 төгрөг, нийт 470.000 төгрөг /хх-ийн 105х/

 

Гэрч П.Цэндийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би машиндаа буфер авахаар зарын дагуу ... гэсэн дугаар луу залгаад Приус-20 маркийн автомашины урд буфер байна уу гэхэд байна гэсэн. Би тухайн зарыг фэйсбүүкээс хараад залгасан юм. Тэгээд орой зар тавьсан хүнтэй уулзахаар явж байхдаа өөрийн хамаатны ахтайгаа уулзаад хамт явахаар болсон юм. Тухайн үед манай найз хамт явж байсан юм. Тэгээд бид 3 сэлбэг авахаар хилчин хотхон явсан ба тэндээ нөгөө зар тавьсан хүнтэйгээ уулзахаар утсаар ярьсан ба тэр хүн өөрөө зам дээр гарч ирээд бид нарыг тосож аваад машин руу нь цуг яасан. Тэгээд тухайн машин байгаа газар очиход Баянхошууны Зээлийн 2-29а гэсэн хаягийн гадаа мөнгөлөг саарал өнгийн улсын дугааргүй Тоёота Приус-20 маркийн автомашин байсан. Очоод үзтэл их сэжигтэй санагдаад байсан. Тухайн хүнээс бичиг баримтыг нь аваад шалгаад үзтэл тэр хүн овог нэр болон регистрийн дугаараа хэлж чадахгүй байсан. Тэгээд шалгахаар болоод байж байтал тэр залуу зугтаах гэж оролдсон бөгөөд бид 3 барьж аваад тэлээг нь тайлж гарыг нь ард нь хүлсэн ба тухайн машины талаар асуухад 4-5 хоногийн өмнө 21 дүгээр хороолол орчмоос хулгайлсан гэдгээ хэлсэн бөгөөд би тухайн үед утсаараа бичлэг хийж байсан. Энэ бичлэгийг цагдаагийн байгууллагад хуулбарлан өгсөн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20х/

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 107х/

 

Шүүгдэгч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хэрэг гардаг өдөр шөнийн 01 цаг өнгөрч байхад 21 дүгээр хороололын Депогийн буудлын тийшээ явж РС-нд орж тоглох гээд явж байсан чинь хуучны саарал 5 давхар байрны урд талын автомашины замын хамгийн наад талд буюу ард талд мөнгөлөг саарал өнгийн Приус-20 маркийн машин байсан ба тэр машины хажуугаар нь гарсан чинь кабин дотор нь хянахын ногоон гэрэл асаалттай мөн дэлгэц нь асаалттай байсан. Тэгэхээр нь би хажуугаар нь өнгөрөөд Депогийн автобусны буудлын хажууханд подвольд байдаг РС-д орж нэг цаг гаруй сууж тоглочихоод буцаад нөгөө замаараа харих замдаа нөгөө мөнгөлөг саарал өнгийн Приус машины хажуугаар өнгөрсөн чинь бас л асаалттай байхаар нь хаалгыг нь онгойлгоод унаад дүүргийн ард талын далангийн замаар яваад Хилчин хотхоны наагуур байсан шороон замаар салаад дээшээ өгсөөд Зээлийн гудамж руу явж байсан чинь хянах дээр нь тод шар өнгийн түлхүүрний зураг гарч ирээд машин унтарсан. Тэр газар нь машины урд талын 2, мөн арын жолоочийн руль талын хаалга болох 3 хаалгыг дотроос нь түгжээд жолоочийн эсрэг талын ард талын хаалгыг нь онгорхой орхиод явсан. Тэндээсээ шууд түрээсийн байр луугаа явсан ба маргааш өглөө нь 10 цагийн үед нөгөө машин дээр ирээд машин дотор байсан дэл сул юмнуудыг нь машин дотор байсан цүнхэнд хийгээд гэртээ авч ирж тавьсан юм. Үүнээс хойш тэр машин Зээлийн гудамжинд айлын гадаа 5-6 хоносон. Тэгээд би нэг өдөр өөрийнхөө Отгоо Оогий гэсэн хаягаараа фейсбүүк рүү орсон чинь нэг хүн Приус-20 машины буфер хайж байна гэж коммент бичсэн байсан. Тэгэхээр нь би энэ машиныг энд удаан байлгаад яахав буферийг нь зөрүү авч зарчихъя, тэрний дараа энэ машиныг эзэн нь болон цагдаа нар олоод авах байлгүй гэж бодоод нөгөө коммент бичсэн хүний гар утас руу залгаад буфер авах юм уу гэж асуусан чинь чинийх хэдэн оных юм гэж асуухаар нь би тэдэн он гэж хэлсэн чинь чинийх доороо нэмэлттэй юм уу гэж асуухаар нь тийм гэж хэлсэн чинь тэр хүн би чамд өөрийнхөө буферийг өгье дээрээс нь 100.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд уулзахаар тохироод Хилчин хотхоны тэнд шороон зам дээр уулзаад тэндээсээ дагуулаад нөгөө машин дээрээ очсон ба машины хажууд очиж зогссон чинь тэр хүн энэ машины чинь түлхүүр нь байхгүй юм уу, ямар сэжигтэй юм гэж хэлээд намайг бичиг баримтаа шалгуул гэж хэлээд бичиг баримт байхгүй байсан тэр хүн өөрөө цагдаад ажилладаг хүн байсан юм шиг байна лээ, тэгээд намайг барьж машины эзэн дээр нь аваачаад юмнууд нь бүрэн байна уу гэж шалгуулаад тэндээс машиныг нь хүлээлгэж өгч явуулаад, намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42х/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Б.О нь амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор иргэн Б.Бгийн ... УБО улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус-20 загварын иргэн Б.Бгийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг хулгайлж, улмаар тус тээврийн хэрэгслийн эд ангиас иргэн Л.Цэндэд зарах гэж байгаад баригдсан болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсоноос гадна түүнээс тээврийн хэрэгсэл болон дотор нь байсан иргэн Б.Б, Ц.О нарын эд зүйлийг хураан авч хохирогч нарт хүлээлгэн өгсөн тэмдэглэл, мэдүүлгүүд хэрэгт авагдсан байх тул Б.Ог хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэхээр байна.

 

            Шүүгдэгч Б.О нь гэм буруу дээр маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Б.Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

 

Б.Огийн хувийн байдлын талаар:

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 83х/

Мэргэжлийн боловсролын үнэмлэхний хуулбар /хх-ийн 57х/

Суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 58/

Гэрч Э.Батсайханы мэдүүлэг /хх-ийн 131-132х/

Тэрээр урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 59х/-аар тогтоогдлоо.

 

            Хохирол төлбөрийн тухайд:

            Шүүгдэгч Б.О нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хохирогч Б.Б, Ц.О нарын эд зүйлийг биет байдлаар буцаан өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /хх-ийн 11, 70, 115х/, хохирогч Ц.Оийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 98-100х/, улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн 1 хуудас баримт /шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр тогтоогдсон, хохирогч Б.Б, Ц.О нар нь “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тул шүүгдэгч Б.О нь бусдад төлөх төлбөргүй болно.

Шүүгдэгч Б.Огийн бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

            Оногдуулах ялын тухайд:

Шүүгдэгч Б.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч нарт эд зүйлүүдийг биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Б.Од 6 сарын хорих ялыг оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

 

Б.О нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “би энэ хулгайн үйлдлээс гадна Баянгол дүүрэгт залилангийн хэрэгт шалгагдаж байгаа, энэ хоёр хэргийг тус тусад шийдүүлэх хүсэлттэй байна” гэж,  прокурор Б.Уранцэцэг нь “...Б.Од холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно гэж үзэж байна, учир нь, Баянгол дүүргийн хэрэг нь одоо ажиллагаанд байгаа юм байна”  гэсэн санал хүсэлтүүд гаргасны дагуу яллагдагчийг шүүхэд шилжүүлж, шүүх хуралдааныг явуулахад шүүгдэгч Б.О нь тус Баянгол дүүрэгт үйлдсэн гэх хэрэгтэй нь холбогдуулан 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн шүүгчийн 1262 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбараар тогтоогдож байна. /шүүх хуралдааны тэмдэглэл/

Харин шүүгдэгч Б.Ог Сонгинохайрхан дүүрэгт үйлдсэн хэрэгтээ нь холбогдуулан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр авсан /хх-ийн 43х/ байх тул түүний дээрх цагдан хоригдож буй хугацааг оруулан тооцох үндэслэлгүй, мөн цагдан хорих хугацааг бүрэн тооцох боломжгүй байдал, давхардал үүсэхээс сэргийлж цагдан хоригдож байгаа хугацааг нь шийтгэх тогтоолд дурдаагүй болохыг тэмдэглэв.

 

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хадгалахаар тогтов.

 

Шүүгдэгч Б.Огийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Д овогт Бын Ог бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ог 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Огийн эдлэх  6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Огийн иргэний бичиг баримт ирээгүй, шүүгдэгч Б.О нь тус хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг бүхий СD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хадгалсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Б.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                   

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ