Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/917

 

 

           2022             9             20                                       2022/ДШМ/917                     

 

Г.Мхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Я.Мөнхзаяа,

хохирогч Э.О, түүний өмгөөлөгч Г.Энхтүвшин,

шүүгдэгч Г.М, түүний өмгөөлөгч Р.Баярхүү, М.Хандармаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 210900233 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Г.М, 

Шүүгдэгч Г.М нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Б” нэртэй Э.Оийн эзэмшлийн барилгын дэлгүүрт ачигч, худалдагчаар 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажиллах үедээ бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох тус дэлгүүрт худалдан борлуулж байсан барилгын тоног төхөөрөмж болон бусдад худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг завшиж, хохирогч Э.От 78.158.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Мгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Халиугчин овогт Ганболдын Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Г.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Мгаас 78.138.100 төгрөгийг гаргуулж хохирогч Э.От олгож, шүүгдэгч Г.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие Э.Оийн нөхөр болох О гэдэг хүнтэй цуг ажилладаг байсан. Хөл хорионы үеэр бараа авах гэж байна, бараа материалын байршлыг надаас асуудаг байсан. Ийм маягаар 3-4 удаа залгаж авч байсан. Мөн залгахгүй хичнээн бараа авч байсныг мэдэхгүй байна. Э.О нь зөвхөн намайг ажилладаг гэж худлаа мэдүүлэг өгсөн. Намайг ажилд орохоос өмнө Буджав гэх залуу ажилладаг байсан. Ажиллаж байх хугацаанд Буджав гэх хүнд бүх складны түлхүүр байдаг. Дуртай үедээ орж бараа авдаг. Хэрэг болох хүртэл ажиллаж байсан. Хөл хорионы үеэр над руу залгаад “Баянзүрх дүүрэгт карентинд орчихлоо, чи хэд хоног суугаад өг” гэж хэлсэн. 10 хоног суух хугацаанд дээд орлого 600.000 төгрөг ордог байсан бөгөөд доод талын орлого 300.000 төгрөг ордог байсан. Би О-н 71-73 дугаар лангуунд 10 хоног бие даан суусан. О-н ээж нь өглөө ажилдаа ирэхдээ Буджавт складны түлхүүрийг өгч орой авдаг байсан. Миний бие нь складнаас лангуу руу бараа материал оруулах үедээ Буджаваас түлхүүр аван бараа материал оруулсан. Бусад үед Буджав онгойлгож өгдөг. Дотор 1ш скалад гадаа 4ш склад байдаг. Бүгд камер болон харуултай. Орой ажил тарах үед О-н ээжид орлогоо тушаагаад харьдаг. Миний бие мөнгө завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд камер харуул хамгаалалт О-н ээжтэй нэг дор ажилладаг нөхцөл байдлаас их хэмжээний хохирол учруулах боломжгүй. Миний учруулсан хохирол хамгийн ихдээ 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байна. Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч бодит хохирлоо бүрэн төлж барагдуулах чин хүсэлтэй байна. Одгэрэл, О-н ах нь намайг машинд суулгаад намайг доромжилж аваагүй байсан ч авсан гэж бич гээд тийм, тийм бараа тэдэн ширхэг гэж өөрөө тулгаж бичүүлсэн. О-н ах нь утсан дээрээ бичлэг хийж байсан. Мөн намайг зодсон зураг аавын маань утсан дээр байгаа. Иймэрхүү байдлаар дарамтлан хүчээр 78.158.100 төгрөгийн хохирол учруулсан гэж хүлээлгэсэн. Мөрдөн байцаах явцад Одгэрэл намайг зодож дарамталсан гэхэд байцаагч мөн адил зодож бороохойдон гараар цохин 78.158.100 төгрөгийн хохирлыг хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн. Мөн 10 хоног бие даан суухад тооллого болон бараа материал хүлээлгэж өгөөгүй. Иймд миний бие Одгэрэл болон Буджав нарыг шалгуулж үнэн бодит хохирлыг тогтоолгох хүсэлтэй байна. Надаас их хэмжээний хохирол болох 78.158.100 төгрөгийг нэхэж байгааг нь хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааж бодит хохирлыг үнэн шударгаар тогтоолгож бүрэн барагдуулах хүсэлтэй байна. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.” гэв.

Хохирогч Э.О давж заалдах гомдолд гаргасан хариу тайлбар болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.М нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон учруулсан хохирлынхоо хэмжээг хүлээн зөвшөөрч, мөрдөн байцаалтын шатанд хохирлоос 20.000 төгрөг төлснөө төлбөрөөсөө хэсэгчлэн төлсөнд тооцуулж, цаашид хохирол төлөхөө илэрхийлж байсан тул хохирогчийн зүгээс тухайн үедээ анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ялыг “хөнгөдсөн” гэж үзэж байсан ч “Г.Мг ялтны хөдөлмөрийн хөлсөөр миний хохирлыг төлөхөөр олон жил хорих ял эдлүүлэх ёстой” гэж түүний эрх зүйн байдлыг дордуулахаар давж заалдаж гомдол гаргаагүй. Энэ нь шүүх хуралдаанд Г.М үнэхээр өрөвдөлтэй байдалтай, өмгөөлөгчгүй, бас настай аавыгаа дагуулаад ирсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшээд байгаа дүр төрх үзүүлээд байхаар нь түүнийг хараад хүний ёсоор хандаж уучилсантай холбоотой. Г.М нь манай нөхөртэй цуг ажиллаад байсан юм байхгүй, манайд хөлс цалин авч туслах ажилтан /бидний хэлж заншсанаар грушиг/ хийдэг байсан. Би хэдийгээр дэлгүүр, склад руу өдөр бүр тогтмол цаг хугацаанд очиж ажилладаггүй ч гэсэн гэр бүлийн бизнесийнхээ орлого зарлагын тооцоог гэрээсээ хийдэг тул өөрсдийнхөө зарсан бараа, түүний үнэ, орж ирсэн байдал, зарцуулалтын тооцоог үнэн зөв хийсэн. Нөгөөтэйгүүр Г.М нь манайхаас 100-аад сая төгрөгийн бараа материал дутаад байгааг хэлэхэд “би аваагүй" гэж байснаа манай складнаас хайрцагтай дриллүүд авч дэлгүүр рүү оруулахгүй өөр хүнд өгч явуулж байгаа бичлэгийн талаар хэлэхэд буруугаа хэний ч албадлагагүйгээр сайн дураараа хүлээж “би өөрөө авсан зүйлийнхээ тооцоог гаргая” гээд 3-4 хоног өөрөө бичээд жагсаалт гаргасан дүнг өөртэй нь хамт бодож үзэхэд нийт 78 сая гаруй төгрөгийн бараа авсан байсан. Үүнийгээ “ар гэрийнхэндээ хэлэхгүй бол төлье” гэж график гарган нотариатаар батлуулсан. Тэгээд бас нотариатчийг хүртэл нэг талд үйлчилсэн, дарамт учруулсан гэж мөрдөн байцаалтын шатанд гүтгэсэн байсан. Ийм хэлбэрээр үнэн зөвөөр ажлаа хийсэн хүмүүс болон өөрт нь итгэж хохирсон биднийг гүтгээд байж болно гэж бодон гомдол гаргасан бололтой байна. Миний тооцоогоор бол Г.М манайхаас 97 сая гаруй төгрөгийн бараа материалыг түүнд итгээд түлхүүрээ өгч лангуун дээр ажиллуулсан болон складнаас бараа зөөлгөдөг байсныг далимдуулан авсан байсан. Бид өөрсдийн тооцоогоо орхиж өөрийнх нь зөвшөөрснөөр хохирлоо нэхэмжлэсэн юм. Г.М нь уг хэрэгт огт хамааралгүй манай нөхрийн төрсөн ахыг “дүүтэйгээ нийлж өөрийг нь дарамтласнаас болж 10 сая төгрөгийн хохирол учруулсан байхад 78 сая гаруй болгож бичүүлсэн” гэж, мөн хэргийг шалгаж байсан мөрдөгч хохирогч бидний талд орж бороохойдож зодож байсан тухай бас л гүтгэн гомдолдоо бичсэн байна. Хэрэв зодуулсан гэмтсэн зураг аавынх нь гар утсанд байгаа юм бол Г.М ч түүний ар гэрийнхэн ч гэсэн биднийг зүгээр орхихгүй нь мэдээж. Мөн миний нөхрийн талын хадам аав, ээжтэй минь гэр бүл, ах дүү, төрөл садны хамааралтай Буджавыг манай 71, 73 дугаар лангуунаас өөр 82 дугаартай лангууг түрээслэдэг хадам ээжид тусалдаг байсныг мэдэх учраас хамаатан садны хүүхэд болох Буджавыг манайхаас хулгайлсан байж болзошгүй гэж бас гүтгэжээ. Хэрэв манай нөхөр, нөхрийн ахад бас хэргийг шалгаж байсан мөрдөгчид зодуулж, дарамтлуулсан бол аль эрт цагдаад хандаад шалгуулах байсан боловч тэгээгүй атлаа одоо ор үндэсгүйгээр гүтгэсэн байна. Анх нөхөр бид хоёрт манай дэлгүүр болон складуудаас бараа материал нууцаар авч зарж борлуулан үнийг нь авч хэрэглэсэн талаараа өөрөө хэлэхдээ “...би өөрийн аав ээжтэйгээ тийм ч дотно биш, одоо ч хамт амьдардаггүй, эмээ дээрээ өссөн, намайг танайхаас буруу аргаар бараа материал авсан, гэмт хэрэг үйлдсэн гэдгийг эмээ минь мэдвэл шууд л үхчих байх, өндөр настай эмээг минь та нар таних учраас түүнийг бодоод дүүгээ цагдаад өгөхгүй хүлээж байгаач, би танайхаас авсан зүйлийнхээ үнээр Дарханд 2 өрөө байр авчихсан байгаа, бас Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байршилтай “Ногоон төгөл” хотхонд найз охинтойгоо байр хөлслөн амьдарч байгаа, ямар ч байсан хохирлоо төлнө, найз охиндоо ч мэдэгдмээргүй байна, би авч хэрэглэсэн зүйлийнхээ тооцоог яг үнэнээр гаргасан. Заавал төлнө." гэж амлаад гуйгаад байсан. Үнэхээр Г.Мгийн эмээ нь “Б” дэлгүүрээс бидний адил лангуу түрээслэдэг настай хүн байдаг байсныг бид мэдэх болохоор яаран ар гэр рүү нь хандаагүй ба түүний график гаргаад төлчихье гэсэн амлалт, нотариатаар батлуулаад байсанд нь итгээд төлбөрөө төлж эхлэхийг нь хүлээгээд тухайн үед нь шууд цагдаад хандаагүй юм. Нөхөр бид хоёр Г.Мхандаж “...чи манай орлогын мөнгийг ийм амархан үрэх хугацаа болоогүй шүү дээ, юунд зарцуулсан бэ, бараа материалаас найз, нөхөддөө юм уу, ар гэртээ аваачиж хадгалсан бол буцаагаад л өгчих, бид хэнд ч хэлэхгүй, алдсан бараагаа л олоод авчихбал болно.” гэж учирлаж ярилцахад “надад хадгалсан, нуусан хураасан зүйл байхгүй, найзтайгаа хамтраад онлайн хаяг нээж зар тавиад карентиний үеэр зарчихсан, тэгээд тэр мөнгөөрөө карентины хугацаанд Бэлхийн нэг амралтын газарт найзуудтайгаа байр хөлслөөд амьдарч байсан. Тэнд байхдаа идэж ууж шоудаад бүх мөнгөө үрчихсэн юм, энэ талаар та нар хэнд ч хэлж болохгүй шүү, шалгагдах юм бол бөөн асуудал болно” гээд гуйгаад байсан юм. Иймээс ялтан Г.Мгийн “хэргийг мөрдөн байцаалтанд буцаалгаж нэмж шалгуулах тухай” гомдлыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч үлдэгдэл бараанаас, зарлагаа тооцож нийт 97.000.000 төгрөгийн дутагдал гарсан гэхэд Г.М “би 78.000.000 төгрөгийг бараа авсан” гэж хүлээн зөвшөөрсөн. Алдагдсан барааны төрөл, нэрийн жагсаалтыг гаргаж, үнэлгээ хийлгэсэн. Үнэлгээний байгууллагаас зах зээлийн үнээр 78.000.000 төгрөгийн бараа байна гэж дүгнэсэн. Үлдэгдэл барааныхаа жагсаалтыг гаргаад, үүнээс орлого, зарлагынхаа баримтад тулгуурлан хохирлын хэмжээг тооцсон. Иймд хохирлын хэмжээнд өөрчлөлт орох боломжгүй гэж бодож байна. Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.М нь хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрч, гэм буруудаа гэмшиж байсан бөгөөд хохирол учруулсан аргаа маш тодорхой “дансаар, бэлнээр авч байсан” гэж тайлбарласан. Г.М нь өөрийн үйлдсэн гэм буруу болон хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлөхөө илэрхийлж, хуульд заасан хамгийн хөнгөн ялыг оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хандармаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг, хөрөнгө үнэлгээний тайлан, шинжээчийн дүгнэлт, Г.Мгийн өөрийн бичиж өгсөн өр төлбөр барагдуулах тухай баталгааны бичиг, хяналтын камерын бичлэг, Г.Мгийн дансны хуулга зэрэг нотлох баримтууд авагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх үндэслэл нь Г.М нь анх хохирогч Э.От өр, төлбөр барагдуулах тухай баталгаа бичиж өгсөн. Баталгаанд бичигдсэн материалын жагсаалтыг хохирогч өөрөө гаргаж өгсөн. Харин гарын үсэг зурсан баримтад ямар нэгэн тооцоо байхгүй, шууд гарын үсэг зурсан. Мөн Г.М гомдолдоо “2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ажиллаж эхлэхэд ямар нэгэн бараа, материал хүлээлгэж өгөөгүй, энэ талаар үйлдсэн акт, хөдөлмөрийн гэрээ байхгүй. Гэтэл 78.158.100 төгрөгийн хохирлыг хэрхэн, яаж гаргаж ирсэн тодорхой бус дүн дээр гарын үсэг зуруулсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж заасан. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Г.Мгийн гаргаж өгсөн гар бичмэл дээр шинжээчийн дүгнэлт гарсан. Уг гар бичмэл дээр үндэслэж хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан. Эдгээр баримтуудыг үндэслэж прокурорын зүгээс яллах үндэслэл болгож, шүүхэд хэргийг шилжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Г.М нь дээрх эд зүйлийг яаж авсан, ямар эд зүйлсийг авсан эсэх нь тодорхой бус юм. Г.Мгийн дансны хуулгыг шүүж үзвэл 9.632.368 төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ байдаг. Г.М шүүх хуралдаанд гомдол гаргахдаа 10.000.000 орчим төгрөгийн хохирол учруулсан талаараа хүлээн зөвшөөрсөн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж, нотлох баримт бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл Г.Мгийн гаргаж өгсөн гар бичмэлийг үндэслэж, түүнийг яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

Прокурор Я.Мөнхзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Г.Мгаас гаргасан гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, Г.М нь “Б.Э.О зөвхөн намайг ажилладаг гэж худлаа мэдүүлсэн” гэж хохирогчийг буруутгаж гомдолдоо дурдсан байна. Мөн “Буджав складны түлхүүрийг хариуцаж байсан. Өдрийн орлого 300.000-600.000 төгрөгийн хооронд байсан. О-н ах намайг машинд суулгаж намайг доромжилж, зодсон. Мөн цагдаагийн албан хаагч эрүүдэн шүүсэн” гэх гомдол нь хууль зүйн үндэслэлгүй. Хэрвээ Г.Мгийн хувьд бусдад зодуулж, ямар нэгэн байдлаар эрүүл мэнд хохирсон бол цагдаагийн байгууллагад тухайн цаг хугацаанд шалгуулах боломжтой байсан. Мөн Буджав хэрэгт хамааралгүй байтал нэрийг оруулж гомдолд дурдсан байна. Энэ талаар мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд огт дурдаж байгаагүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Г.Мгийн хувьд өөрийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршгаа хүлээн зөвшөөрч оролцсон. Тухайн үед уг лангуун дээр хэдэн төгрөгийн орлоготой байсан эсэх талаар 1.000.000-3.000.000 төгрөгийн хооронд, зарим тохиолдолд үүнээс дээш орлоготой байсан талаар мэдүүлж байсан. Г.М нь мөнгө авсан талаараа “дансаар болон бэлнээр, бэлэн мөнгөний машинаар гаргаж авдаг байсан” гэж мэдүүлсэн. Хохирол, төлбөртэй холбоотой нотолбол зохих байдлыг хангалттай тогтоосон гэж прокурорын зүгээс үзэж байна. Хохирогчийн хувьд хувь хүн. Мөн санхүүгийн анхан шатны баримт байхгүй байсан. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэдэн төгрөгийн бараа материал дутсан талаар гараар тооцоолол гаргаж, нотариатаар баталгаажуулсан. Анхан шатны шүүхээс хохирлыг бүрэн, зөв тогтоосон гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.М нь Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Б” нэртэй Э.Оийн эзэмшлийн барилгын дэлгүүрт ачигч, худалдагчаар 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн хооронд ажиллах үедээ бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө болох тус дэлгүүрт худалдан борлуулж байсан барилгын тоног төхөөрөмж болон бусдад худалдан борлуулсан бараа бүтээгдэхүүний төлбөрийг завшиж, хохирогч Э.От 78.158.100 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

хохирогч Э.Оийн “...Манайх Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” дэлгүүрийн 71-73 дугаар лангууг түрээслэн ажиллуулдаг. Манайх Г.М гэх хүнийг 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн ачигчаар ажилд авч ажиллуулсан. Энэ хүн ажиллах хугацаандаа манай нийт 5 агуулахаас бараа материал зөөдөг байсан. Мөн манай нөхрийг гадуур ажилтай үед лангуун дээр сууж, бараа материал худалддаг байсан. Гэтэл ажиллаж байх хугацаандаа складнаас болон лангуун дээрээс бараа материал зарж мөнгийг бэлнээр болон дансаар авч ашиглаж байсан байна. Энэ хүн өөрөө бид нарт хэлэхдээ нийт 70.802.100 төгрөгийн бараа материал хулгайлан авч зарсан гэж хэлсэн. Бид нарт авсан бараагаа өөрөө бичгээр баталгаа гаргаж графикаар 8 сарын хугацаанд төлж барагдуулна гэж бичгээр бичиж өгсөн. ...тухайн үед манай бараа материал эрс дутаад цөөрөөд ирэхээр нь тооллого хийсэн. Мөн өөрөөс нь “чи хулгай хийгээд байгаа юм уу” гэсэн чинь эхлээд “үгүй” гэж байснаа сүүлдээ нэг бичлэг үзүүлсэн чинь Г.М хулгай хийдгээ хүлээсэн. ...итгэлцлийн үндсэн дээр аман гэрээгээр өдөр болгон цалинжуулж ажиллуулдаг байсан. Гэтэл итгэл алдан манайхаас хулгай хийсэн байна. Складны түлхүүр манай нөхөр, хадам ээж хоёрт байдаг. Өглөө ажилдаа ирчихээд Г.Мд өгчихдөг юм. Тэгээд бид нар Г.Мгаас “чи бараа аваагүй биз” гэтэл “үгүй, тийм зүйл байхгүй” гэж ярьсан. Нэг удаа камер шүүгээд үзэхэд агуулахаас 2ш дрилл аваад гарч байгаа бичлэг байсан уг өдөр агуулахаас бараа дэлгүүрт оруулаагүй гэтэл агуулахаас бараа аваад гарч байгааг хараад “хэнд өгсөн юм” гээд асуухад үнэнээ хэлсэн. Тэгээд “юу юу авсан юм” гэж асуухад “би өөрөө бичиж өгнө” гээд ажилдаа ирж байгаа юм шиг ирээд өдөржин машинд сууж байгаад өөрөө бичдэг байсан, тэгээд бичиж өгсөн зүйлээр нь үнэлгээ гаргасан. Г.Мгийн бичиж өгсөн бараан дээр манайх нэмж юм бичээгүй гэтэл 78.000.000 төгрөг болсон. Бараа материалаа хадгалдаг агуулах нь дэлгүүрээс ойрхон тус тусдаа 5 байршилд байдаг. Г.М нь ихэвчлэн агуулахаас бараа материал зөөж дэлгүүр дээр авч ирж, харилцдаг компани, хувь хүнд ажлын бус цагаар хүргэлт хийдэг байсан. Гэхдээ маш цөөхөн, өөрсдөө хүргээд өгдөг байсан. Бид өөрсдөө дэлгүүр дээрээ сууж ажилладаг болохоор Г.Мг ажилд авахаас өмнө тооллого хийж байгаагүй. Г.Мг ажилд авахаас өмнө цахилгаан барааны тооллого хийсэн байсан. Хоёр агуулахад нь цахилгаан бараа, бусад агуулах нь өөр нэр төрлийн бараа материал байдаг. ...Манай нөхрийн данс, пос машин, бэлнээр гэсэн 3 хэлбэрээр мөнгөө авдаг байсан. Тухайн өдөр орсон орлогыг Г.Мгийн хэлсэн дүнгээр нь нөхрийн данс руу болон бэлнээр нь авдаг байсан. Зээлээр өгсөн бараа материалыг бичиж тэмдэглэж байсан...” /1хх 126-130, 217-218/,

гэрч Т.Халиунаагийн “...Г.М нь манай нөхрийн эгчийн хүүхэд байгаа юм. ...Г.М миний эзэмшлийн 100 айлд байрлах Б дэлгүүрийн 72-р лангуун дээр ажилладаг байсан юм. Тэгэхдээ шууд миний данс руу хийдэг байсан үйлчлүүлэгчээс өөрөө бол дамжуулж над руу шилжүүлээд байсан асуудал байхгүй шиг санаж байна, бас манайд амьдарч байх хугацаандаа байрны мөнгө гээд хоёр удаа байрны мөнгө шилжүүлж байсан өөрөөр санахгүй байна...” /1хх 133-134/,

гэрч Б.Нандин-Эрдэнийн “...Г.Мтай 2018 онд шиг санаж байна “Гэрлээр тэтгэгч” гээд хамгаалалтын албанд хамт ажиллаж байгаад танилцаад үерхсэн юм. ...Тэгээд бас Г.М намайг халамжилж байгаагаа илэрхийлэхийн тулд надад мөнгө өгдөг байсан гэж ойлгож болно. Би өгсөн мөнгийг нь аваад хэрэглэдэг байсан. ...100 айлд эмээгийнхээ лангуун дээр суудаг байсан, түүнээсээ цалин авдаг юм уу, ашиг авдаг юм уу бүү мэд. ... хамгийн сүүлд 100 айл дээр хүний лангуун дээр ажилладаг гэж ярьж байсан, тэр нь гайгүй цалин өгдөг байсан юм шиг байсан. Мөн биткойн гээд бас мөнгө олдог зүйл гээд яриад байдаг байсан, тэдгээрээс олсон мөнгөө надад илүүчилдэг байсан байх. ...Тухайн үедээ гайгүй мөнгөтэй яваад байдаг байсан. Надад гайгүй үнэтэй бэлэг авч өгөөд байдаг байсан. Ер нь их үрэлгэн хүн, цалингаа долоо хоногоор авдаг байсан байх цалингаа авахаараа “дансаа өг, хэрэглээний мөнгө хийнэ” гээд миний дансыг аваад мөнгө хийдэг байсан...” /1хх 137-139/,

гэрч Б.Минжирмаагийн “...Миний үйлдсэн баталгаа мөн. ...огт тийм зүйл гарч байгаагүй, зарим тохиолдолд дахин дахин асууж тодруулах асуудал гардаг, манай нотариатын газар ямар нэгэн маргаантай зүйлийн гэрээ баталдаггүй, ямар нэгэн хүчирхийлэл дор асуудал болж байгаагүй... Мөн үл зохицсон байдалтай асуудал болж байгаагүй...” /1хх 224/,

гэрч Ч.Одончимэгийн “...Манай гэр бүлээс Г.Мгийн аав ганцаараа ажил хийдэг, иймээс амьжиргааны түвшин хүрэлцэхгүй байсан тул хохирол нөхөн төлөх боломжгүй байсан юм. ...тухайн үед гэртээ амьдардаггүй найз нөхөд болоод ахындаа амьдардаг байсан юм. ...Надад тэр талаараа хэлж байгаагүй, гэрт мөнгө төгрөг авч ирдэггүй байсан, юунд зарцуулснаа одоо болтол яриад байдаггүй, их хэмжээний мөнгө яасан юм гэхэд би тийм хэмжээний мөнгө аваагүй, 4-5 сая төгрөг авсан байх, түүнийгээ найз нартайгаа гадуур яваад үрээд дууссан гэж ярьдаг...” /1хх 226-228/,

гэрч Л.Нарантуяагийн “...Пүрэвдаш нь миний бага хүү байгаа юм. Одоо болтол надтай хамт амьдардаг ганц хүү минь юм. ...Г.М гэх найз нь “миний бие өвдөөд байна, эмнэлгээр явах гээд мөнгө хэрэгтэй байна, наймаа маш муу байна, чи надад эдгээр зүйл зараад өг” гээд эхлээд нэг удаа дрилл заруулаад дараа нь хоёр ширхэг дрилл заруулахаар өгсөн гэсэн. Нэг тиймэрхүү л зүйл ойлгосон. Ер нь бол зараад өг гэхээр нь ямар нэгэн ашиг аваагүй гэсэн. Харин намайг хөдөө байсан хойгуур мөнгө хэрэг болоод Г.М гэх хүүхдээс 100.000 төгрөг зээлж авсан гэсэн түүнийгээ буцааж өгөх гэхээр Г.М нь зугтаад уулзахгүй байгаа гэсэн...” /1хх 231-233/,

гэрч Р.О-н “...Би барилгын дэлгүүрийн 73-р лангуу ажиллуулж барилгын материал зардаг юм. Тэгээд миний хажуугийн лангууны хүний зээ хүү болох залууг лангуун дээрээ авч туслахаар ажиллуулж байсан юм. Тэгэхдээ агуулахынхаа түлхүүрийг өгч явуулаад бараа зөөлгөөд авч өгөөд байдаг байсан. Гэтэл бараа дутаад байгаа юм шиг санагдаад камераа шүүгээд үзтэл бараа хулгай хийгээд гарч байгаа нь харагдсан, тэгээд ажлаасаа гаргасан. Өөрийн эд зүйл дутаад байгаа талаар надад анзаарагдсан юм. Ер нь зарсан бараа бага захиалсан, бараа их байхад үлдэгдэл бараа цөөрөөд байсан, тэгээд анзаарсан. Өөрийн барааны тооллогоо хийх гэж, захиалгаа тулгах гэж, мөн энэ хүн авсан бараагаа үнэнээр нь бичиж өгч чадах эсэхийг мэдэх гэж, хэрэв үнэн ярьж байгаа бол бид хоёрын ярьж тохирсноор ажил хийгээд миний хохирлыг барагдуулах байсан ингэж тохирсон. ...Би бараандаа тооллого хийсэн, гэвч Г.Мгийн бичсэнтэй нийлэхгүй байгаа. Г.М 78.802.100 төгрөг гэж бичсэн боловч манай тооллогоор 97.671.600 төгрөгийн бараа дутаж байгаа. ...Манайд Г.Мгаас өөр гадны хүн ажиллаж байгаагүй. ...Улиралд ойролцоогоор 200-300 сая төгрөгийн бараа захиалдаг ашиг нь 10-20% болдог. ...Би сэжиглэж эхлээд нэг удаа Г.М агуулах руу яваад удаад байхаар нь араас нь харахад миний замд шар үстэй залуу манай зардаг байсан дриллтэй ижил хоёр ширхэгийг бариад явж байсан, би сүүлд нь камер шүүж үзэхэд Г.М хулгай хийж байгаа нь харагдсан...” /1хх 235-237/,

яллагдагчаар Г.Мгийн “...Б дэлгүүрт манай эмээ ажилладаг ба хажууд байдаг лангууны эзэн гэх хүн намайг ажилгүй байгаа бол манайд ажиллаж болно гээд ажилд авсан. Би амаар ярилцаж сард 800.000 төгрөг цалин авахаар тохиролцож лангууны туслах гаднаас бараа зөөдөг ажил хийдэг байсан. Уг ажлыг хийж байх хугацаандаа ганцаараа байх үедээ зарсан барааныхаа мөнгийг өөрөө авдаг байсан мөн гадуур агуулахаас 2-3 удаагийн үйлдлээр 3 ширхэг цохилттой дрилл, 1 ширхэг таслагч авч найз Г.Пүрэвдашид өгч заруулж байсан. 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр лангууны эзэн камер шүүж үзээд намайг мэдчихсэн байсан. ...” /1хх 8-10/ гэх мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх 151-158/, Г.Мгаас иргэн Р.Одгэрэлд хандан өр төлбөр барагдуулах тухай баталгаа /1хх 34-39/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 40-41/, Г.Мгийн эзэмшлийн Хаан банк дахь 5055769985 дугаартай дансны хуулга /1хх 65-71/, дутсан барааны жагсаалт /1хх 29-32/, Э.О-н эзэмшлийн Хаан банкны 5009739229 дугаартай данс руу 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20.000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт /1хх 33/, Б.Нандин-Эрдэнийн Хаан банк дахь 5035530146 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 108-113/, Т.Халиунаагийн Хаан банк дахь 5035530146 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 115-123/, Г.Пүрэвдашийн фэйсбүүк хаягт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 238-241/, хохирогч Э.Оээс гаргаж өгсөн тооцооны хуудас /1хх 242-250, 2хх 1-14/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсаны улмаас их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.МЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч Г.М “...Миний бие мөнгө завшсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ миний учруулсан хохирол хамгийн ихдээ 10.000.000 төгрөгийн хохирол тул хохирлын хэмжээ зөрүүтэй. Мөн Одгэрэл, О-н ах нь намайг машинд суулгаад намайг доромжилж аваагүй байсан ч авсан гэж бич гээд тийм, тийм бараа тэдэн ширхэг гэж өөрөө тулгаж бичүүлсэн. Иймэрхүү байдлаар дарамтлан хүчээр 78.158.100 төгрөгийн хохирол учруулсан гэж хүлээлгэсэн. Мөн Буджав гэх хүн энэ хэрэгт хамааралтай. Иймд хэргийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд буцааж бодит хохирлыг үнэн шударгаар тогтоолгож бүрэн барагдуулах хүсэлтэй байна. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мгийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэнг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, мөрдөн байцаалтын ажиллагаа болон анхан шатны шүүхийн шатанд шүүгдэгч Г.М нь хохирлын асуудал зөрүүтэй болон хэрэгт хамаарал бүхий өөр этгээдүүдийг шалгуулах эсэх тухай асуудал яригдаж байгаагүй, хэлэлцэгдээгүй тул анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Мгийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар хорих ялын бага хэмжээ буюу 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байх тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч Г.М нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 96 хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/642 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Мгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 96 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР                  

           

 

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ