Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2023/0942

 

2023 12 06 128/ШШ2023/0942

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч C.Ганбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******

Хариуцагч: Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******

 

Дүгнэлтийн шаардлага: Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 07******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай.

Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч прокурор Б.С*******, хариуцагч А.З*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Дүгнэлт гаргагчаас Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 07******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлагаар маргаж байна.

2. Маргааны үйл баримтыг дурдвал

2.1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Мал, амьтны эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, эмийн чанар аюулгүй байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 08-00-03/23 дугаар хяналт шалгалтын удирдамжийг баталсан байна.

2.2.Дээрх удирдамжуудын дагуу Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал, эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* хяналт, шалгалт хийж гүйцэтгэн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07******* дугаар шийтгэлийн хуудсаар Т*******т ХК-д 1,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулжээ.

 

2.3.Тус шүүх Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С*******гаас гаргасан Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал, эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07******* дугаар шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал, эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******д холбогдуулан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 

3.Дүгнэлт гаргагчаас дүгнэлтийн шаардлагын үндэслэлдээ: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Б.С******* би Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал, эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн "Т*******т ХК нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас импортолсон шувууны эм, био бэлдмэлийг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн эмнэлзүйн сорилт туршилтаар баталгаажуулаагүй, ханган нийлүүлэхээс бусад аж ахуйн нэгжид шувууны эм, био бэлдмэлийг нийлүүлэхдээ гэрээ байгуулаагүй, мэргэжлийн бус хүнд нийлүүлсэн, хаяглалт тэмдэглэгээ монгол хэл дээр бичигдээгүй, агуулахад хадгалагдаж байгаа эмийн нэр, цуврал, тоо хэмжээ хөдөлгөөний талаар бүртгэлгүй" гэх мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Т*******т ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан 82 дугаартай материалыг шалгалтын явцад хянав.

Материалд авагдсан 2023 оны 9 дүгээр сарын 15, 19-ний өдрийн салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан хяналт шалгалтын удирдамжийн хуулбарууд, Т*******т ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Т*******т ХК-ийн ажлын байрны нөхцөлийн тухай улсын ахлах байцаагчийн дүгнэлтийн хуулбар, мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрлийн хуулбар, Бүгд Найрамдах Хятад Ард улсаас эм бэлдмэлийг худалдан авсан талаарх орчуулга хийгдээгүй гэрээний хуулбар баримтууд, Т*******т ХК-ийн захиралтай 2021 оны 3 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан "Бүтээгдэхүүнд сорилт, баталгаажуулалт хийх" гэрээний хуулбар, 2020, 2021 оны эмийн бүртгэлийн гэрчилгээний хуулбарууд, эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, хяналт шалгалтын асуулт, үнэлгээ бүхий мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагааг шалгах хяналтын хуудасны хуулбар, Т*******т ХК-ийн гүйцэтгэх захирлын Б. Н*******эд итгэмжлэл олгосон талаарх 2023 оны 10 дугаар сарын 04- ний өдрийн албан бичиг, Б.Н*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, Б.Н*******ийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн тогтоол, мөн өдөр Б.Н*******ээс холбогдогчоор мэдүүлэг авсан тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай эрх бүхий албан тушаалтны 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тэмдэглэл, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай №07******* дугаартай шийтгэлийн хуудас, Голомт банкны цахим гүйлгээний баримтын хуулбар, эрх бүхий албан тушаалтны хяналт шалгалт хийх явцад зөрчлийг баримтжуулсан талаарх гэрэл зургууд, 2021 оны 6 дугаар сарын 21, 28-ны өдрийн мал, эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн сорилтын дүнг болон баталгаажуулалтын албаны экспертийн дүгнэлтийн хуулбарууд зэрэг нотлох баримтуудаас дүгнэхэд. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан удирдамжаар мал эмнэлгийн эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хийхэд, Т*******т ХК нь тусгай зөвшөөрөлтэйгөөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдөр худалдан авч, импортоор оруулж ирсэн шувууны эм, био бэлдмэлүүдэд чанарын баталгаажуулалтыг хийлгээгүй болох нь тогтоогдсон байна.

Т*******т ХК-ийн дээрх үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.3 дахь заалтад заасан "Хүн, мал эмнэлгийн зориулалтаар хэрэглэх эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын баталгаажуулалтыг хийлгээгүй" зөрчлийн шинжтэй байхад мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* нь Т*******т ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан "Төрийн хяналт шалгалтад хамрагдах үүрэг бүхий этгээд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй" зөрчлийг үйлдсэн гэж 1,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй, Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Энэ нь Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна", мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна" гэсэн, мөн "Тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцсэн байх" Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон, Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал, эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З*******гийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан №07******* дугаартай шийтгэлийн хуудасны ОЛСОН нь хэсэгт Т*******т ХК нь импортоор оруулж ирсэн шувууны эм, био бэлдмэлүүдэд чанарын баталгаажуулалтыг хийлгээгүй болох нь тогтоогдож, Иймд холбогдогч Т*******т ХК-ийн үйлдсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.3-д заасан шийтгэл оногдуулах үндэслэлтэй байх тул" гэж, ШИЙДВЭРЛЭХ нь хэсэгт "1. Холбогдогч Т*******т ХК-ийн үйлдсэн зөрчилд зөрчилд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийн 7.3-д заасны дагуу 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай." гэж тус тус өөрчлүүлэхээр прокурорын дүгнэлт бичив. гэжээ.

4.Дүгнэлт гаргагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Эрх бүхий албан тушаалтан "Т*******" ХК-ийн зөрчлийг үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлж, "Т*******" ХК-ийн гаргасан 7,8 зөрчлийг дурдаад энэ зөрчлүүдэд дотоод хяналт шалгалтыг мөрдүүлээгүй буюу Зөрчлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2.1.2-т заасан зөрчлийг гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй. "Т*******" ХК-ийн зөрчлийн хэрэг бүртгэлд явуулсан материал, нотлох баримтуудаас харахад "Т*******" ХК нь Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.3-д заасан буюу 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр БНХАУ-аас худалдаж аваад импортоор оруулж ирсэн шувууны эм болон био бэлдмэлүүдэд чанарын баталгаажуулалтыг хийгдээгүй. Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.3-д заасан зөрчлийг үйлдсэн нь тогтоогдсон учраас шийтгэлийн хуудсанд 11 дүгээр зүйлийн 2.1.2 гэснийг 6 дугаар зүйлийн 6.7.3 болгон өөрчлөх үндэстэй байгаа учраас дүгнэлтийг бичсэн. гэв.

5. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 54 дугаартай "Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлүүлэх тухай" дүгнэлтийн хүрээнд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шуухад, Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* би дараах тайлбарыг гаргаж байна

1.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 08-00-03/23 дугаартай "Мал, амьтны эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, эмийн чанар аюулгүй байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай", 08-00-03/24 дугаартай "Мал, амьтны эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, эмийн чанар аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай" удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Туул тосгон өөрийн байранд байрлах Т*******т ХК-ийн /2844753/ малын эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалтыг хийсэн.

2.Хяналт шалгалтаар Т*******т ХК Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр импортоор оруулж ирсэн шувууны эмийг Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторийн эмнэлзүйн сорилт туршилтаар баталгаажуулаагүй нь Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсэг 7.3 дахь заалт,

Шувууны эмийн сав, баглаа боодлын хаяглалт, тэмдэглэгээ Монгол хэл дээр бичигдээгүй байгаа нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсэг 7.1 дэх заалт,

Өөрийн импортоор оруулж ирсэн шувууны эмийг бусад аж ахуйн нэгж, иргэнд нийлүүлэхдээ гэрээ байгуулж, бүртгэл хөтлөөгүй, мэргэжлийн бус хүнд нийлүүлсэн нь "Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих ерөнхий шаардлага" MNS 6461:2020 стандартын 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6 дахь заалтуудыг, Агуулахад хадгалагдаж байгаа эмийн нэр, цуврал, тоо хэмжээ, хөдөлгөөний талаар бүртгэлгүй байгаа нь "Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих ерөнхий шаардлага" MNS 6461:2020 стандартын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт,

Агуулахын хана, таазыг угааж цэвэрлэх боломжийг бүрдүүлээгүй байгаа нь "Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих ерөнхий шаардлага" MNS 6461:2020 стандартын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт,

Эмийг тусгай хог хаягдал устгах эрх бүхий байгууллагаар устгуулж, актаар баримтжуулаагүй байгаа нь "Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих ерөнхий шаардлага" MNS 6461:2020 стандартын 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь заалт,

Чанарын гарын авлагагүй байгаа нь "Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих ерөнхий шаардлага" MNS 6461:2020 стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалт,

Эм ханган нийлүүлэх, эмийн чанартай холбоотой дотоод хяналт шалгалт хийх журам, төлөвлөгөөгүй байгаа нь "Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих ерөнхий шаардлага" MNS 6461:2020 стандартын 5 дугаар зүйлийн 5.4, 7 дугаар зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралт "Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам"-ын 2 дугаар зүйлийн 2.2. Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт,

Т*******т ХК-д Нийслэлийн мал эмнэлгийн газраас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хийсэн, тухайн шалгалтаар улсын байцаагч илрүүлсэн зөрчлүүдийг арилгуулах талаар 2023.07.27-ны өдрийн 08-13-03/131/11 дугаартай албан шаардлага буюу захиргааны актыг хүргүүлсэн, тус аж ахуйн нэгж зөрчлүүдээ залруулах, арилгуулах арга хэмжээ аваагүй, биелүүлээгүй байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн байна.

3.Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.44, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтуудыг тус тус удирдлага болгон Т*******т ХК-ийн үйл ажиллагаандаа гаргасан дээрх зөрчлүүдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 12 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн шийтгэл ногдуулж бүрэн барагдуулсан.

4.Т*******т ХК-д шийтгэл ногдуулахдаа эрх бүхий албан тушаалтан А.З******* би Зөрчлийн тухай хуулийн зүйл хэсгийг буруу тайлбарлан хэрэглээгүй Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан ажилласан болно. гэжээ.

6.Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: "Т*******" ХК-д төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийсэн. Хүнс хөдөө аж ахуйн яамны салбарын хяналтын газрын удирдамжаар 7 зөрчил илэрсэн байдаг. Мал амьтны эм гэдэгт нь шувууны вакцин байгаа. Вакциныг улсын лабораториор сорил, туршилт баталгаажуулаагүй гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар 6.7.3 заалтыг зөрчсөн. Шувууны эмийн сав, баглаа боодол хаялт нь Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.1-т заасан импортоор оруулж ирсэн шувууны эмийг бусад ААН, иргэнд нийлүүлэхдээ гэрээ байгуулж, бүртгэл хөтлөөгүй. Мэргэжлийн бус хүнд нийлүүлсэн гэдэг нь малын эм, эмнэлгийн хэрэгсэл, ханган нийлүүлэх байгууллагад тавигдах ерөнхий шаардлагын 64612020 гээд стандартын 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6 дахь заалт, агуулахад хадгалагдаж байгаа эмийн чанар, эмийн нэр, цуврал, тоо хэмжээ, хөдөлгөөний талаар бүртгэл хөдлөөгүй гэдэг нь малын эм эмнэлгийн хэрэгслийг ханган нийлүүлэх байгууллагад тавигдах шаардлага, стандартын 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт, агуулахын хана таазыг угааж цэвэрлэх боломжийг бүрдүүлээгүй гэдэг нь мөн стандартын 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, эмийг тусгай хог хаягдал, устгах, эрх бүхий байгууллагаар устгуулж актаар баримтжуулаагүй гэдэг нь мөн стандартын 12.1, 12.2, 12.3 дахь заалтуудыг зөрчсөн. Чанарын гарын авлага авлагагүй байгаа нь мөн стандартын 7 дугаар зүйлийн 7.1 дэх зүйл, эм ханган нийлүүлэгч чанартай холбоотой дотоод хяналт шалгалт хийх журам, төлөвлөгөөгүй. Энэ нь стандартад заагдсан байдаг. Энэ нь 5 дугаар зүйлийн 5.4, Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн13 дугаар зүйлийн 13.1, Засгийн газрын311, 157 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаандаа дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмыг зөрчсөн. Нийтлэг журмын 2 дугаар зүйлийн 2.2. Энэ нь Зөрчлийн тухай хуульд заагдсан байдаг. "Т*******" ХК хяналт шалгалт хийхээс өмнө Нийслэлийн мал эмнэлгийн газраас удирдамжтай бас урьдчилан сэргийлэх хяналт шалгалт өгсөн байдаг. Энэ дээр манай байцаагч шалгалт хийгээд тухайн "Т*******" ХК-д дотоод хяналт шалгалтыг мөрдүүлээгүй байна гэдэг эрх зүйн акт үйлдсэн. Энэ заалтаа арилгуулах боломж байсан. Залруулах хугацаа байсан боловч залруулаагүй, энэ зөрчил нь үргэлжилсэн учир дээрх 7 зөрчилд хүндрүүлсэн нөхцөлөөр 1 сая төгрөгийн арга хэмжээ авсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дүгнэлт гаргагч прокурор, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч маргаан бүхий шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2.Дүгнэлт гаргагчаас Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж, хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсгийг буруу тайлбарлан хэрэглээгүй, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх заалтыг баримтлан гаргасан зөрчлүүдэд нэг шийтгэл оногдуулсан гэж тус тус маргажээ.

3.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Мал, амьтны эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, эмийн чанар аюулгүй байдалд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай 08-00-03/23 дугаар хяналт шалгалтын удирдамжийг баталсан байна.

4.Мөн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын улсын ерөнхий байцаагчийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Мал, амьтны эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаа, эмийн чанар аюулгүй байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай 08-00-03/24 дүгээр хяналт шалгалтын удирдамжийг баталжээ.

5.Дээрх удирдамжуудын дагуу Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал, эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч А.З******* Хан-Уул дүүрэг, 13-р хороо, Туул тосгон өөрийн байранд байрлах Т*******т ХК-ийн малын эм ханган нийлүүлэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийж гүйцэтгэжээ.

6.Хариуцагч нь дээрх хяналт шалгалттай холбоотой маргаан бүхий 2023 оны 10 дугаар сарын 04-ны өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 07******* дугаар шийтгэлийн хуудсыг бичжээ.

7.Дээрх шийтгэлийн хуудсаар Т*******т ХК-ийг мал, амьтны эм ханган нийлүүлэх байгууллага нь дотоод хяналт шалгалтын журам мөрдөж ажиллаагүй гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасны дагуу 1000 нэгж буюу 1,000,000.00 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

8.Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйл.Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчих, 1.2.дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. гэж заажээ.

9.Хуулийн дээрх заалтаас үзвэл, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор байна.

10.Маргаан бүхий хяналт шалгалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч Т*******т ХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дугаар хэсгийн 7.1, 7.3, Малын эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх байгууллагад тавих ерөнхий шаардлага MNS 6461:2020 стандартын 8 дугаар зүйлийн 8.1, 8.2, 8.3, 8.4, 8.5, 8.6, 9 дүгээр зүйлийн 9.2, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 7 дугаар зүйлийн 7.1, 5 дугаар зүйлийн 5.4, 7 дугаар зүйл, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралт Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны дотоод хяналт, шалгалтыг зохион байгуулах нийтлэг журмын 2 дугаар зүйлийн 2.2, Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдийг тус тус зөрчсөн гэж үзжээ.

11.Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч Т*******т ХК-ийн хууль ёсны төлөөлөгч Б.Н******* нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тайлбартаа: ... Асуулт:... Т*******т ХК-ийн БНХАУ-аас хэдэн төрлийн мал, амьтны эм импортоор оруулж ирдэг вэ?, Хариулт:Манай аж ахуйн нэгж 5 төрлийн шувууны эм импортоор оруулж ирдэг., Асуулт:Импортоор оруулж ирсэн дээрх эмийг 2021 оноос Мал эмнэлгийн эмийн сорилт баталгаажуулалтын улсын лабораторид эмнэлзүйн баталгаажуулалтад хамруулаагүй байгаагаа тайлбарлана уу?, Хариулт:Анх оруулж ирээд 1 удаа шинжилгээнд хамруулаад л боллоо гэж ойлгосон., Асуулт:Мэргэжлийн бус хүнд мал, амьтны эм худалдан борлуулсан талаар?, Хариулт:Тухайн аж ахуйн нэгжүүд харьяа дүүргийн аймаг, сумынхаа мал эмнэлгийн хяналтад байдаг гэж ойлгоод худалдан борлуулсан., Асуулт:Танай ханган нийлүүлэх байгууллага яагаад харилцагч байгууллагатайгаа гэрээ байгуулахгүй эм био бэлдмэл нийлүүлдэг талаар?, Хариулт:Анх 2015 оноос эм импортолж эхэлсэн үүнээс 2023 оноос л эмийг бусдад худалдан борлуулж эхэлсэн, гэрээ байгуулдаг гэдгийг мэдээгүй,, Асуулт:Эм био бэлдмэлийн хаяглалт, тэмдэглэгээ монгол хэл дээр бичигдээгүй байна , яагаад?, Хариулт:Англиар бичээстэй байхад хангалттай гэж бодсон, Монголоор хаяг шошгыг наахаа мэдээгүй, Асуулт:Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх заалтад зааснаар эм ханган нийлүүлэх байгууллагын дотоод хяналт шалгалтын журам тогтоож, мөрдөж ажиллаагүй байгаагаа тайлбарлана уу?, Хариулт:2018 онд дотоод хяналт шалгалтын журам боловсруулж байсан, дотоод хяналтыг хэрэгжүүлж ажиллахад боловсон хүчний нөөц дутагдалтай байгаа, тиймээс журмаа мөрдүүлж чадахгүй байна, ... гэжээ.

12.Хэргийн оролцогч нар нь маргаан бүхий хяналт шалгалтаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны холбогдогч Т*******т ХК-д 7 төрлийн зөрчил илэрсэн талаарх үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.

13.Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, хариуцагч нь маргаан бүхий хяналт шалгалтаар Т*******т ХК-тай холбоотой 7 төрлийн зөрчлийг илрүүлсэн байх бөгөөд маргаан бүхий захиргааны актаар дээрх зөрчлүүдийн зөвхөн нэг зөрчилд нь шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйл.Шударга ёсны зарчим, 1.Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна. гэж заасантай нийцээгүй байна.

14.Тодруулбал, Т*******т ХК-тай холбоотой 7 төрлийн зөрчил тус бүрд нь зөрчлийн тухай хууль болон төрийн хяналт шалгалтын тухай хуулиар хариуцлага хүлээлгэх боломжтой эсэхэд дүгнэлт хийж шийдвэрлэхээр байхад зөвхөн дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй гэх зөрчилд нь шийтгэл оногдуулсан нь маргаан бүхий захиргааны акт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

15.Иймд маргаан хяналт шалгалтаар Т*******т ХК-тай холбоотой илэрсэн гэх 7 төрлийн зөрчил тус бүрд нь дүгнэлт хийж, шийтгэл оногдуулах, оногдуулахгүй байх эсэх нь шүүхийн шинжлэн судлан боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 07******* дугаар шийтгэлийн хуудсыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, 11.2 дугаар зүйлийн 1.2-т заасныг тус тус баримтлан Нийслэлийн мал эмнэлгийн газрын мал эмнэлгийн хяналт, эрсдэлийн үнэлгээний хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 07******* дугаартай шийтгэлийн хуудсыг захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасны дагуу шүүхээс тогтоосон хугацаанд дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт хүчингүй болох үр дагавартай болохыг тайлбарласугай.

3. Дүгнэлт гаргасан прокуророос улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш таван хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ