Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2022/ДШМ/919

 

   2022             9              20                                     2022/ДШМ/919                           

 

 

Г.Өхолбогдох

эрүүгийн хэргийн тухай 

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Зориг, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

хохирогч С.Н,

шүүгдэгч Г.Ө,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Өгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208000000449 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Г.Ө, 

Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр цэцэрлэг дотор 1 давхарт С.Нтэй “чиний шалны мод биш” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.Өгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.Өг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өоногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Өоногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Г.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр С.Н болон Г.Ө нар харилцан маргалдаж зодолдсон гэх асуудлаар С.Нхохирогч, Г.Өг холбогдогч болгон шалгасан. Маргалдагч талуудын биед гомдол гаргагч хөнгөн гэмтэлтэй, холбогдогч хүндэвтэр гэмтэлтэй гэсэн дүгнэлтүүд гарсан. Мөрдөгч, прокурор, шүүх гомдол гаргагчийн биед хөнгөн гэмтэл учирсан учир холбогдогч буруутай. Холбогдогчийн биед хүндэвтэр гэмтэл учирсан боловч хууль мэдэхгүйгээс гомдол гаргаагүй учир хохь нь гэсэн утгатай санал, тогтоол, шийтгэх тогтоол гаргажээ. Холбогдогчийн биед учирсан хүндэвтэр гэмтэл учирсныг шалгаагүй шалтгаанаа гомдол гаргаагүй, маргаан болохоос өмнө гараа хугалаагүй байсан гэдгээ нотлох баримтаар өөрөө нотлоогүй гэх үндэслэл гаргасан байгаа. Гэрчийн мэдүүлэг, талуудын мэдүүлгийг уншаад үзэхэд талууд бие биенээ заамдалцсан, маажсан, цохьсон үйлдлүүд тогтоогдсон байх ба мөрдөгч, прокурор, шүүгч болохоор хугарсан гартай хүн бусдыг заамдаж, маажиж, самардаж, цохьсон гэж дүгнэсэн болж таарч байна. Хэрэв мөрдөгч, прокурор, шүүхийн бодож байгаа шиг Г.Ө нь маргаан болохоос өмнө гараа гэмтээсэн байвал С.Н биед хөнгөн гэмтэл учиртал нь өвчтэй гараараа цохиж самардаж, заамдалцаж чадахгүй нь тодорхой. Ийм энгийн ойлгомжтой зүйлд ингэж гоомой санал гаргаж яллах дүгнэлт үйлдэж шийтгэх тогтоол гаргасан нь өөрөө шударга ёсны зарчимд нийцэхгүй юм. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй учир С.Нд холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасан ба гомдлоо давж заалдах гомдолдоо хавсаргаж байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хөнгөн болон хүндэвтэр гэмтэлтэй маргаануудыг хамтруулан шийдэх боломж олгож өгнө үү.” гэв.

Хохирогч С.Н тус шүүх хуралдаанд “хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт шаардлагатай гэрчүүдээс мэдүүлгүүдийг авсан. Шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хавсаргасан. Хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч С.С.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч Г.Өгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байдаг. Прокуророос анхан шатны шүүхэд хохирогч С.С.Н эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсныг шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн ч анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Өгийн эрүүл мэндэд учирсан хохиролд дүгнэлт хийгээгүй гэж үзээд хэргийг буцааж шийдвэрлэсэн. Ингээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, мөрдөгчийн зүгээс Г.Өгийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг С.Н учруулсан гэж үзэж мөрдөгчийн санал гаргасан. Прокуророос хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд буюу шүүгдэгч, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр С.Н Г.Өгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзээд мөрдөгчийг саналыг хүлээж аваагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Г.Өгөөс тухайн гэмтлийг хэн учруулсан талаар удаа дараа асууж тодруулсан боловч шүүгдэгч Г.Ө тухайн гэмтэл ямар байдлаар учирсан талаар тодорхой мэдүүлээгүйгээс гадна хохирогч С.Н шүүгдэгчид тухайн гэмтлийг учруулах хэмжээний үйлдэл хийгээгүй гэдгээ мэдүүлсэн байдаг. Дээрх баримтуудад үндэслэн хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд шүүгдэгчийн гаргасан давж заалдах  гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Г.Өгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.Ө нь 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр цэцэрлэг дотор 1 давхарт С.Нтэй “чиний шалны мод биш” гэх шалтгаанаар маргалдан, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч С.С.Н “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр 09 цаг өнгөрч байх үед би цэцэрлэг дээр буюу ажил дээрээ байж байгаад нэг давхарт няравын өрөөний үүдэнд ажлынхаа угаагч Г.Ө эгчтэй таараад Г.Ө эгчээс “манай ангийн хөшгийг угаасан уу” гэж асуухад Г.Ө эгч “угаагаагүй” гэж хэлсэн. Тэгээд би хүүхдийн гудас гадаа гаргаж тохох гээд гаднаас орж ирдэг хаалга руу алхаж явахад хойноос Г.Ө эгч “С.Нэ чи миний шалны модыг авсан” гэж хэлэхээр нь “би шалны модыг чинь аваагүй” гэж хэлчихээд явсан. Гудсаа гадаа тохчихоод буцаад ажил руугаа ороод нэг давхарт анги руугаа ороход манай ангийн багш Ганчимэг надад “Номио эгчээ таны шалны модыг Г.Ө эгч орж ирээд аваад гарсан шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ангиасаа гараад нэг давхарт угаалгын өрөөнд яваад ороход өрөөнд Г.Ө эгч араас орж ирэхээр нь Г.Ө эгчид “та миний шалны модыг авсан байна, та буцаагаад өгөө, наад шалны мод чинь миний мод” гэж хэлэхэд Г.Ө эгч “тэр мод чинь миний шалны мод” гэхээр нь би хариуд нь Г.Ө эгчид “та яахаараа дандаа юмыг түрэмгийлж, дээрэлхэж явдаг юм, би өөрийнхөө юмны араас л хөөцөлдөж явна, таных байсан бол юу гэж явж байдаг юм” гэж хэлэхэд Г.Ө эгч миний урдаас салаавч гаргасан. Энэ үед миний уур хүрээд Г.Ө эгчийг “авгай минь чи яахаараа миний урдаас салаавч гаргадаг, би салаавч гаргадаг хүн чинь биш шүү” гэж хэлэхэд Г.Ө эгч над руу ойртож ирээд “чи намайг цохичих” гээд толгойгоо над руу ойртуулаад байхаар нь “би таныг цохиж яахав вэ, та надад гай болно” гэхэд Г.Ө эгч “май чи” гээд миний урдаас нүүр рүү гараараа 2, 3 удаа салаавч гаргасан. Тэгэхээр нь би Г.Ө эгчийг заамдаад авахад Г.Ө эгч бас намайг заамдаад бид хоёр заамдалцсан чигээрээ угаалгын өрөөний хаалгаар нэг давхарын коридорт гарсан. Заамдалцаж байх үед Г.Ө эгч миний цээжний хэсэг болон хоёр гарын шууны хэсэг, зүүн гарын эрхий хурууны хэсгүүдэд гараараа самардаж баруун талын хөл рүү хөлөөрөө 3, 4 удаа өшиглөсөн. Г.Ө эгч намайг заамдсан, мөн гараараа миний цээжийг самардаад байхаар нь түлхэж, цамцных нь аль болохыг нь мэдэхгүй байна нэг гарынх нь ханцуйнаас гараараа барьж гарыг нь биеэсээ холдуулсан...” /хх 18-19/,

гэрч Т.Ганчимэгийн “... 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би 10 цагийн үед ажил дээрээ байж байхад манай ангид манай ажлын угаагч Г.Ө эгч орж ирээд “шалны модоо авлаа шүү” гэж хэлээд ангид байсан шалны модыг аваад гараад явсан. Тэгтэл удалгүй манай ангийн туслах багш С.Н ангид орж ирэхээр нь би С.Нд “Г.Ө эгч шалны мод аваад явсан шүү” гэж хэлсэн. Тэгтэл С.Н эгч ангиас гараад явсан. Тэгээд би удалгүй ангиасаа гараад нэг давхрын коридороор явж байхад угаалгын өрөөнд хоёр хүн маргалдаад байгаа сонсогдсон. Тэгтэл нягтлан Мөнхтуул намайг “яагаад маргалдаад байгаа юм бол очоод угаалгын өрөөний хаалгыг нь хаачих” гэж хэлэхээр нь угаалгын өрөө рүү алхаж явахад С.Н, Г.Ө эгч хоёр угаалгын өрөөнөөс маргалдсан байдалтай зууралдаад урдаас гараад ирсэн. Тэгтэл нягтлан Мөнхтуул миний хажуугаар гараад С.Н, Г.Ө эгч хоёрын хажууд очоод “боль” гээд тэр хоёрыг салгасан ба харин би С.Н, Г.Ө эгч хоёр руу очоогүй буцаад анги руугаа яваад орсон. Г.Ө эгчийн хоёр гар нь сарвалзаад С.Н цээж, нүүр хэсэг рүү нь чигтэй самардах гээд далайж сарвайсан байдалтай л харагдсан.” /хх 43/,

гэрч Д.Мөнхтуулын “...Би Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 99 дүгээр цэцэрлэгт нягтлан хийдэг юм. 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр би 9-10 цагийн орчимд ажил дээрээ ажлынхаа өрөөнд байж байхад нэг давхарын кордорт 2 хүн маргалдаад чанга чанга дугараад байхаар нь би өрөөнөөсөө кордорт гарахад манай ажлын туслах багш С.Н, угаагч Г.Ө эгч хоёр хоорондоо маргалдаад бие биеийнхээ хоёр гараас гараараа барьчихсан, бие биеийнхээ цамцны ханцуй хэсгээс нь гараараа барьж зуурсан байдалтай барьцалдаад авсан зогсож байсан. Тэгэхээр нь би ойртож очоод тэр хоёрын дундуур нь ороод хоёр тийш нь салгасан.” /хх 39/,

яллагдагчаар Г.Ө “...2022 оны 02 дугаар сарын 11-ний өглөө 09 цаг өнгөрч байх үед ажил дээрээ ирэхэд “миний шалны мод”-ыг туслах багш С.Н орж ирээд “шалны модоо өг, ална шүү авгай минь” гэж хэлэхээр нь “чи намайг алдаг хэн бэ” гэж хэлээд С.Н урдаас гараараа салаавч гаргасан. Тэр үед С.Н миний толгой хэсэг рүү гараараа нэг удаа цохиод бид хоёр бие биеэ заамдсан. Би С.Н заамдсан байх үедээ цээжнийх нь хэсэгт болон гарынх нь хэсэгт гараараа самардсан. С.Н бид хоёр заамдалцсан чигээрээ нэг давхрын коридороор гарахад Ганчимэг багш, нягтлан Туул хоёр С.Н бид хоёрыг салгасан. Маргааны үед хуруу маань яг яаж гэмтсэн болохыг би бол сайн санахгүй байна. Би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” /хх 72-73/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2883 дугаартай “...С.С.Н биед цээж, баруун зүүн шуунд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шуу, зүүн гарын эрхий хуруунд зулгаралт гэмтэл тогтоолдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх 49-50/,

шуурхай удирдлага дуудлага лавлагааны хуудас /хх 2/, гэмт хэрэг зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 3/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Өг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой. 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.ӨЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.    

Шүүгдэгч Г.Ө “...энэ гэмт хэргийн улмаас миний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Гэтэл хөнгөн болон хүндэвтэр гэмтэлтэй маргаануудыг хамтруулан нэг мөр шийдвэрлэхгүй дан ганц хөнгөн гэмтэл учруулсан үйлдлийг дангаар нь шийдвэрлэсэн нь буруу юм. Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Өгийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэсэнг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хэрэгт авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 2886 дугаартай дүгнэлт /хх 45-46/, шинжээч эмч Т.Чимэд-Очирын “...Г.Өгийн биед учирсан гэмтэл нь ямар нэгэн хатуу зүйл руу гараараа цохих, эсхүл өөр хүн гар руу нь хатуу биетээр цохих, мөн гараараа хүнтэй зууралдсан байх үед гар нь хөшигдөх үед тус тус үүсэх боломжтой.” /хх 56/, хохирогч С.С.Н “...би Г.Ө эгчийг заамдаад авахад Г.Ө эгч бас намайг заамдаад бид хоёр заамдалцсан чигээрээ угаалгын өрөөний хаалгаар нэг давхарын коридорт гарсан. ....” /хх 18-19/, гэрч Т.Ганчимэгийн “...С.Н, Г.Ө эгч хоёр угаалгын өрөөнөөс маргалдсан байдалтай зууралдаад урдаас гараад ирсэн. Г.Ө эгчийн хоёр гар нь сарвалзаад С.Н цээж, нүүр хэсэг рүү нь чигтэй самардах гээд далайж сарвайсан байдалтай л харагдсан.” /хх 43/, гэрч Д.Мөнхтуулын “...манай ажлын туслах багш С.Н, угаагч Г.Ө эгч хоёр хоорондоо маргалдаад бие биеийнхээ хоёр гараас гараараа барьчихсан, бие биеийнхээ цамцны ханцуй хэсгээс нь гараараа барьж зуурсан байдалтай барьцалдаад авсан зогсож байсан.” /хх 39/ гэх мэдүүлгүүд зэргээр шүүгдэгч Г.Өгийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учирсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байхад 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай прокурорын тогтоолоор С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.

Гэвч Монгол Улсын Их хурлаас 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ... 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг ... хүчингүй болсонд тооцсон” бөгөөд уг хууль нь 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Төрийн мэдээлэл сэтгүүлд хэвлэгдэж, 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн.     

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, давж заалдах шатны шүүхэд хэргийг прокурорт болон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах эрх хэмжээ олгогдоогүй тул шүүгдэгч Г.Ө “2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 25 дугаартай С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзаж шийдвэрлэсэн” прокурорын тогтоолыг эс зөвшөөрвөл Дээд шатны эрх бүхий албан тушаалтанд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 938 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Өгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/938 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Өгийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.АЛДАР                  

           

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ