| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00465/и |
| Дугаар | 153/ШШ2024/00424 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2024/00424
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн ******* сумын 12 дугаар (*******) багийн ******* ******* тоотод оршин суух, Б******* овогт Б******* Б*******гийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Б.Б*******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.Б******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие ******* оны 04 дүгээр сарын 28-нд төрсөн. Одоо 55 настай. Ам бүл 5. Бага насаа эцэг эхийн гар дээр өсөн хүмүүжсэн. 1979 оны 09 сарын 01-ний өдөр Ховд аймгийн 8 жилийн 1-р дунд сургуульд элсэн орж суралцан 1986 оны 06 сарын 21-ний өдөр 8-р анги төгссөн.
Би 1988 оны 08 сарын 20-ны өдөр Ховд аймгийн төвийн 2-р цэцэрлэгт туслах багшаар ажилд орж 2024 оны 08 сарын 01-ний өдрийг хүртэл 36 жил тасралтгүй ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарахаар ажлаасаа чөлөөлөгдсөн.
Би ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулийн дагуу 3 жил 3 сарыг нөхөн тооцон хамрагдсан. Одоо миний бие өндөр насны тэтгэвэрт гарах болоход тухайн үед ажиллаж байсан он жилүүдийг шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд Б******* овогтой Б******* намайг 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн төвийн 2-р цэцэрлэгт туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, улсын тэмдэгтийн хуулбар, Ховд аймгийн төвийн 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаал, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 810 дугаартай албан бичиг, дугаартай Б.Б*******гийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, дугаартай Б.Б*******гийн нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын Цаст-Алтай сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд, иргэн Г.Хийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэн Б.Гын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 1989 онд авахуулсан, 1994 онд авахуулсан гэх гэрэл зураг, өмгөөлөл хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс гэрч Г.Хийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Б.Б*******гийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Б.Б*******гийн ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.Ховд аймгийн төвийн 2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 36 дугаартай “Ажилд томилох тухай” тушаалд “ ...тушаах нь: 1.Б******* овогтой Б*******г тус 2 дугаар цэцэрлэгийн туслах багшаар 1988 оны 8 сарын 20-ны өдрийн 78 тоот тушаалаар авч ажлуулсугай...” гэж бичигджээ.
3.2. Б.Б*******гийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн Ажлын тухай мэдээ хэсгийн Тэмдэглэлийн № хэсэгт “01” гэж, Хугацаа “он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “08” гэж, “өдөр” хэсэгт “20” гэж, Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана) хэсэгт “Ховд аймгийн төвийн 2-р цэцэрлэгт туслах багшаар авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “2-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1988-8 сарын 20-ны өдрийн 18 тоот тушаалаар” гэж, бичигдсэн баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Г.Хийн шүүхэд гэрчээр өгсөн “...Б.Б******* 1988 оны 08 дугаар сард 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар томилогдсон. Миний туслах багшаар ажилладаг байсан. Түүнээс хойш тасралтгүй 2 дугаар цэцэрлэгт туслах багшаар ажилласан. Одоо хүртэл ажиллаж байгаа. 1988 онд Е.Ж гэдэг хүн ажиллаж байсан. 1990 оны үед Ж.Чимэдцэрэн гэдэг хүн томилогдсон. Түүнээс хойш н.Т, н.Т, н.Ою, н.У гээд эрхлэгч нар ажилладаг байсан” гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
4.Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд зааснаар Б.Б******* нь 1995 он, 1996 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар дуустал, 1997 оны 4 дүгээр сараас 12 дугаар сар дуустал, 1998 оны 01 дүгээр сараас 7 дугаар сар дуустал, 1999 оны 7 дугаар сар, 2000 оны 7 дугаар саруудад ажилласан жилээ нөхөн тооцуулж авсан байна.
5.Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн ******* сумын 2 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/04 дугаартай тушаал, Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын Цаст-Алтай сургуулийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 97 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаанууд нь хэрэгт ач холбогдолгүй тул, иргэн Г.Хийн иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, иргэн Б.Гын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт, түүний дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарууд, 1989 онд авахуулсан, 1994 онд авахуулсан гэрэл зураг нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болно.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Б.Б*******г Ховд аймгийн төвийн 2-р цэцэрлэгт 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б******* овогт Б******* Б*******гийн Ховд аймгийн төвийн 2-р цэцэрлэгт 1988 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал туслах багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН